2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 193/ШШ2025/00161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******т оршин суух, ******* овогт *******ын *******ын /РД:*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******од оршин суух, ******* овогт *******ийн /РД:/,

Хариуцагч: Улаанбаатар хот, , од оршин суух, овогт гийн нарт холбогдох 14,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч М., Ш., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.д 2023 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 66 адуу тоолж өгөх ёстой байсан боловч 67 адуу өгсөн. Нэг адууг тар муутай гээд үнэгүй өгсөн. Бүдүүн морийг 1,000,000 төгрөгөөр, гүүг 800,000 төгрөгөөр, үрээг 700,000 төгрөгөөр, даагыг 500,000 төгрөгөөр худалдсан. Эцэнхий даагыг 400,000 төгрөгт авна гэж бид амаар тохирсон. Адуугаа би хоёр хоног бөөгнүүлээд ялгаж өгсөн. Тухайн үед гарын үсэг зураагүй, адууг минь аваад явсан Ш. машиндаа сууж байсан. Адуугаа хүргэж өгөөд тооцоогоо хийе гэсэн чинь шууд миний адууг ачаад эхэлсэн. Тооцоогоо хийе гэхэд санаа зоволтгүй машинд байгаа энэ хүн дор нь тооцоо хийчихнэ гэсэн. Шатахуун түгээх орж бензин хийгээд ирэхэд өглөө мөнгө өгнө гэсэн. Санаа зоволгүй гэхээр нь би яваад өгсөн. Маргааш өглөө 10 цаг өнгөрөөд залгахад одоо мөнгийг чинь хийе гээд тал мөнгийг хийсэн. Үлдсэн мөнгө яасан бэ гэхэд би урдаас адуу ачиж байгаа очоод мөнгийг чинь хийе гэсэн. Би бас л адилхан зараад мөнгө олох гэж байгаа юм байна гээд зөвшөөрсөн. Ургацын баяр болсон адууг чинь хужаа нар авахгүй байна, би одоо адууг чинь хариулж байна гээд бичлэг явуулсан. Фейсбүүкийн гэдэг хуудас дээр Ш. лайв хийж адуу зарж байсан. Төд удалгүй надад мөнгийг өгөхдөө дутуу өгсөн. Миний адуу дандаа бүдүүн адуу байсан. Би 40,000,000 төгрөгийн өртэй болсон учраас адуугаа зарсан. Хариуцагч аймгийн гэдэг газар адуу аваад явж байна гэхээр нь би залгаад адуугаа зарахаар болсон. Ердөө 8 даага, 8 бүдүүн гүү, 10 үрээ, 40 морь байсан. 40 морины дотор арав нь азарга байсан. Азаргыг би моринд бодож өгсөн. Үлдэгдэл мөнгө нь 14,900,000 төгрөг болсон байна. Сүүлд нь хариуцагч 1,000,000 төгрөг, 500,000 төгрөг шилжүүлээд байсан.. Сүүлдээ хужаа мөнгөө өгвөл чиний мөнгийг өгөхөд бэлэн байна гэсэн. 2025 оны 1 дүгээр сард М. руу утасдахад 3,000,000 өгнө гэсэн би ядаж 5,000,000 төгрөг өгөөч гэхэд утсаа тасалсан. Ш. бол тооцоо л хийсэн. Адуугаа би М.д өгсөн. Адууны бичгийг Ш. өөрийн нэр дээр гаргаж авсан байсан. Үлдсэн 14,900,000 төгрөгийг би М.аас нэхэмжилж байна. Ш.тай бол тохироогүй, тул Ш.гаас татгалзаж байна гэв.

2.Хариуцагч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Алтан ширээ гэдэг газар байхад над руу Ц.******* утсаар ярьсан. Тухайн үед ганцхан Ц.*******аас адуу аваагүй. Нийтдээ 200 гаруй адуу авсан. Айл болгоны адууг жигд авсан. Ц.*******ын яриад байгаа 67 адуу бүдүүн морьд байгаагүй. 1 адууг үнэгүй өгсөн. Хязаалан соёолон гэх морийг бүдүүн морь гээд байна. Яг 15,16 ширхэг бүдүүн морь ачсан. Хоёр жолоочийг дуудаж авчраад нэг адууг 150,000 төгрөгөөр ачуулж байсан. Анх очиход адууны ханш 600,000 төгрөг адууны ханш унаж байна гэж хэлж байсан. 14,15 том морь ачсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хязаалан соёолон үрээ орно. Эцэнхий 14,15 тооны гүү байсан. Эхлээд 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Хэд хоногийн дараа зарсан адууны мөнгө орж ирэхэд үлдэгдэл 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Бүх адууны үнэд 35,000,000 төгрөгийг бүгдийг төлсөн. Сүүлд цаг хэцүү байна гэхээр нь 7,000,000 төгрөг өгсөн. 35,000,000 төгрөгөөс гадна нийт 7,000,000 төгрөг шилжүүлсэн. Нэхэмжлэгч үндэслэлгүй зүйл ярьж байна гэв.

3.Хэрэгт нэхэмжлэгчээс *******ийн засаг даргын тодорхойлолт, аймгийн Цагдаагийн газрын албан бичиг, аймгийн Хөвсгөл сумын засаг даргын тамгын газрын тодорхойлолт, мал эмнэлэгийн гэрчилгээ, Ц.*******ын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг шүүхэд бичгээр гаргаж өгсөн.

4. Хариуцагч М.аас Ш.гийн ХААН банкны дансны хуулга шүүхэд гаргаж өгсөн болно.

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

5.Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч М., Ш. нарт холбогдуулан 14,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

6.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

7.Нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ М. надаас 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 40 морь, 8 гүү, үрээ 10, даага 8-ыг нийт 67 тооны адууг тэр үеийн ханшаар худалдаж авсан. Үүнд: Морийг 1000,000 төгрөгөөр, гүүг 800,000 төгрөгөөр, үрээг 700,000 төгрөгөөр, 5 даагыг 400000 төгрөгөөр, 3 даагыг 500,000 төгрөгөөр нэг бүрийн үнээр буюу 40 морийг 40,000,000 төгрөгөөр, 8 гүүг 6,400,000 төгрөгөөр, 10 үрээг 7000,000 төгрөгөөр, 5 даагыг 2,000,000 төгрөгөөр, 3 даагыг 1,500,000 төгрөгөөр нийт 56,900,000 төгрөгөөр тохирч худалдан авсан. М. миний данс руу 2-3 удаагийн гүйлгээгээр 35,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгөө өгөхгүй нэхүүлж байж 2023 оны 11 сарын 23-нд 1,000,000 төгрөг, 2023 оны 12 сарын 07-нд 1,000,000 төгрөг, 2023 оны 12 сарын 31-нд 1,000,000 төгрөг, 2024 оны 1 сарын 29-нд 1,000,000 төгрөг, 2024 оны2 сарын 06-нд 500,000 төгрөг, 2024 оны 2 сарын 22-нд 1,000,000 төгрөг, 2024 оны 5 сарын 11-нд 1,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 14,900,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

8.Хариуцагч М. нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Ц.*******аас 66 тооны адууг бөөнд нь 35,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. 1 тооны адууг үнэгүй өгсөн. 35,000,000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн. Төлбөр тооцоо дуусан гэтэл араас хэл ам хийгээд байхаар нь хэд хэдэн удаа 1,000,000 төгрөгөөр 7,000,000 төгрөг шилжүүлсэн гэж маргаж байна.

9. Хариуцагч М. нь нэхэмжлэгч Ц.*******аас 66 тооны адууг худалдан авсан үйл баримтын хувьд маргаагүй, харин худалдан авсан адууны үнийн хувьд, бүдүүн морины хувьд маргасан.

10.Нэхэмжлэгч Ц.******* хариуцагч М. нарын хооронд 2023 он 9 сарын 23-ны өдөр 66 тооны адууг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь зохигчийн тайлбар, мал эмнэлэгийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

11.Хариуцагч М.аас худалдан авсан адууны төлбөрт 2023 оны 09 сарын 24-нд 20,000,000 төгрөг, 2023 оны 10 сарын 03-нд 15,000,000 төгрөг, 2023 оны 11 сарын 23-нд 1,000,000 төгрөг, 2023 оны 12 сарын 07-нд 1,000,000 төгрөг, 2023 оны 12 сарын 31-нд 1,000,000 төгрөг, 2024 оны 1 сарын 29-нд 1,000,000 төгрөг, 2024 оны 2 сарын 06-нд 500,000 төгрөг, 2024 оны 2 сарын 22-нд 1,000,000 төгрөг, 2024 оны 05 сарын 11-нд 1,000,000 төгрөг нийт 41,500,000 төгрөгийг Ц.*******ад дансаар шилжүүлсэн нь Ц.*******ын ХААН банкны дансны хуулгаар тогтоогдож байна.

12.Нэхэмжлэгч Ц.*******аас 66 тооны адуу буюу морь 40, гүү 8, үрээ 10, даага 8 худалдан авсан талаар хариуцагч маргаагүй бөгөөд эдгээр 66 тооны адууг бөөнд нь 35,000,000 төгрөгөөр тохирч худалдан авсан, ийм өндөр ханшаар өгсөн бол би худалдаж авахгүй байх байсан гэх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг няцаасан баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

13. Иймд хариуцагч М.аас 14,900,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******ад олгож шийдвэрлэв.

14. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.******* хариуцагч Ш.гаас 14,900,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

15. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч М.аас 14,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******ад олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.аас 232,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* хариуцагч Ш.гаас 14,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА