Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2021/00641

 

 

 

 

 

 

 

 

 

Т.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 182/ШШ2021/00504 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.О-ын хариуцагч Г.З-д холбогдуулан гаргасан түрээсийн төлбөр 3,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батболд, хариуцагч Г.З-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Нэхэмжлэгч Т.О- нь Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Хайлааст 20 гудамж, 450 тоотод байрлалтай 410 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд Г.З-д комиссын буюу хуучин хувцас худалдан борлуулах зориулалтаар 2015 оны 06 сараас талбай түрээсэлж байсан. 2019 оны 06 сарын 13-ны өдөр тус байшинд гал гарсны дараа Г.З- нь зарж борлуулж байсан бараануудаа аваад түрээсээ төлөлгүй явсан учраас түрээсийн мөнгөө шаардахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно. Г.З- нь хоёр лангууг 1 сарын 180,000 төгрөгөөр түрээсэлж байсан. Үүнээс дэлгүүрийн шал, гадна байдаг модон жорлон цэвэрлүүлсний 30,000 төгрөг хасч тооцохоор тохиролцсон. Иймд 21 сарын түрээсийн төлбөр болох 3,150,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Миний бие 2015 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн Т.О-ын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөд комиссын буюу хуучин хувцас худалдан борлуулахаар талбай түрээслэн ажиллуулдаг байсан. Хоёр лангууг нэг сарын 180,000 төгрөгөөр түрээслэх болсон. Энэ үед дэлгүүрийн үйлчлэгч ажлаас гарсан тул Т.О- намайг дэлгүүрийн цэвэрлэгээний ажлыг хариуцан ажиллахыг санал болгосон. Өдрийн 1,000 төгрөгөөр буюу нэг сард 30,000 төгрөгөөр цэвэрлэхээр тохирсон. Иймд цэвэрлэгээний ажлын хөлсийг суутган тооцож Т.О-т сар бүр 150,000 төгрөг бэлнээр төлдөг байсан. Миний бие 2015 оноос хойш сар бүрийн 2-ны өдрөөс 3-ны өдрийн хооронд Т.О-т түрээсийн төлбөрөө бүрэн төлдөг байсан бөгөөд нэг ч удаа хоцроож байгаагүй. Гэтэл Т.О- нь сар бүр түрээсийн төлбөрөө авдаг байсан хэрхиээ намайг 1 жил 9 сар түрээсийн төлбөр төлөөгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Т.О- нь 1-2 сар түрээсийн төлбөрөө өгөөгүй түрээслүүлэгчдээс лангуун дээрх барааг нь барьцаанд аваад хөөгөөд явуулдаг байсан хэрхээ надаас 2 жил орчим түрээсийн төлбөрөө аваагүй гэдэг нь бодит байдалтай ер нийцэхгүй байна. Намайг тус лангууг түрээслэн ажиллуулах хугацаанд буюу 2019 оны 06 сарын 13-ны өдөр түрээсийн байранд гал гарч, миний худалдан борлуулж байсан лангуун дээрх бараа бүтээгдэхүүн шатаж надад эд хөрөнгийн хохирол учирсан. Тухайн гал гарах үед би 2019 оны 06 сарын 01-ний өдрөөс сувилалд явахаар болж, түрээсийн төлбөрөө Т.О-т төлөөд 07 сарын 01-ний өдөр хүртэл сувилалд явах болсноо хэлээд лангуугаа хаагаад явсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т зааснаар хариуцагч Г.З-гаас 3,150,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.О-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.З-гаас улсын тэмдэгтийн хураамж 65,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.О-т буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн нотолж байгааг анхаараагүй. Г.З- миний хувьд бүхэл бүтэн 2 жилийн түрээсийн төлбөр битгий 2 сарын түрээсийн төлбөрийг ч хоцроож үзээгүй төлдөг байсан. Энэ талаар шүүхэд тайлбарлаж хэлсээр байтал тайлбараа нотолж чадаагүй гэж байгаа нь шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Миний хувьд 2015 оны 06 сараас эхлэн 2017 оны 09 сар хүртэл түрээсийн төлбөрийг дансаар шилжүүлэн өгдөг байсан бөгөөд 2017 оны 10 сараас эхлэн Т.О- өөрөө лангуун дээрээ ирж түрээсийн төлбөрөө бэлнээр шаардан авдаг болсон. Түрээсийн төлбөрөө өгөлгүй хугацаа хожимдуулах юм бол түрээслэгчдийг шууд хөөж гаргадаг байсан учраас түрээсийн төлбөрийг аваагүй 21 сар болсон гэдэг нь ор үндэсгүй гүтгэлэг юм. Намайг Т.О-ын лангууг түрээслэн ажиллуулж байх хугацаанд буюу 2019 оны 06 сарын 13-ны өдөр түрээсийн байранд гал гарч, миний худалдан борлуулж байсан лангуун дээрх бараа бүтээгдэхүүн шатаж надад эд хөрөнгийн хохирол учирсан. Тухайн гал гарах үед би 2019 оны 06 сарын 01-ний өдрөөс сувилалд явахаар болж, түрээсийн төлбөрөө Т.О-т төлөөд лангуугаа хаагаад явсан. Би шатсан барааныхаа мөнгийг Т.О-аас нэхэж шүүхэд хандан шүүхийн журмаар хохирлын 1,771,500 төгрөг гаргуулахаар шийдвэрлүүлсэн юм. Т.О- нь миний хохирлыг өгөхгүй гэж заль мэх хэрэглэн бэлнээр түрээсийн мөнгөө авдаг байснаа далимдуулан надаас дахин түрээсийн мөнгө нэхэж, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хууль бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Т.О- нь хариуцагч Г.З-д холбогдуулан 2017 оны 09 сараас 2019 оны 06 сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөр 4,725,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,575,000 төгрөгөөр багасгаж, нийт 3,150,000 төгрөгийг нэхэмжилжээ. /хх 1, 15-16, 26/

 

Хэрэгт авагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” /хх 5/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 30-ны өдрийн 182/ШШ2020/01701 дугаар шийдвэр /хх 6-8/, зохигчдын тайлбараар хариуцагч Г.З- нь нэхэмжлэгч Т.О-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 14-р хороо, Хайлааст 20 гудамжны 450 тоот хаягт байршилтай 410 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд 2015 оны 06 сараас 2019 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд комиссын хувцас худалдах зориулалтаар 1 сарын 150,000 төгрөгөөр лангуу түрээсэлдэг байсан, улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгөд 2019 оны 06 сарын 13-ны өдөр гал түймэр гарсан, талууд 2017 оны 09 сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн маргаангүй тухай үйл баримт тогтоогдсон байна.  

 

Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй бөгөөд анхан шатны шүүхийн “талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн боловч уг гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэх дүгнэлт нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3, 318.4 дэх хэсэгт тус тус нийцжээ.

 

Харин хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд өмнө нь үүссэн гэм хорын маргаантай хэргийг шүүхээр хянан шийдвэрлэгдэж байх үед гаргасан зохигчдын тайлбарыг энэхүү түрээсийн төлбөртэй холбоотой маргаанд гаргасан талуудын тайлбартай харьцуулан зөв үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхийн байх шаардлагыг хангаагүй байна.

 

Талууд түрээсийн төлбөр төлсөн эсэх тухайд маргаж байх бөгөөд хэн аль нь өөрсдийн нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэл, тэдгээрийг нотлох баримтыг шүүхэд хангалттай гаргаж өгөөгүй тохиолдолд хэргийг хянан шийдвэрлэхэд зохигчдын өмнөх хэрэгт болон одоогийн хэрэгт гаргасан тайлбар ач холбогдолтой юм.

 

Хэргийн 6-7 дахь талд Г.З-гийн нэхэмжлэлтэй, Т.О- нарт холбогдох гэм хорын хохирол 1,771,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 30-ны өдрийн 182/ШШ2020/01701 дугаар шийдвэр авагджээ.

 

Уг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгагдсанаар Г.З- нь “Т.О-ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд 2015 оны 06 сарын 01-ний өдрөөс хойш лангуу түрээслэн комиссын хувцасны лангуу ажиллуулдаг, түрээсийн төлбөрийг тухай бүр төлж ирсэн, 2019 оны 06 сарын 01-ний өдрөөс сувилалд явахаар болж, түрээсийн төлбөрөө түрээслүүлэгчид төлөөд лангуугаа хаагаад явсан” гэсэн агуулгатай тайлбарыг гаргаж байсан бөгөөд уг тайлбарыг тухайн үед Т.О- үгүйсгэж, няцаагаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар Г.З-гийн тайлбарыг зөвшөөрсөнд тооцно. /хх 6-7/

 

Гэм хорын маргаанд гаргасан Г.З-гийн тайлбарын агуулга нь түрээсийн төлбөрийн маргаанд түүний гаргасан тайлбарын агуулгатай ижил байх ба энэ хэрэгт гаргасан хариу тайлбар болон давж заалдах гомдолд өөрчлөгдөөгүй, тогтвортой шинжтэй байгааг дурдах нь зүйтэй. /хх 6-7, 15-16, 32-33, 52-53, 65-66/

 

Түүнчлэн, нэхэмжлэгч Т.О- нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нэг сарын түрээсийн төлбөрийг 225,000 төгрөгөөр тооцон нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсон боловч хариуцагчийн хариу тайлбартай холбоотойгоор нэг сарын түрээсийн төлбөрийг 150,000 төгрөг болгон бууруулж, шаардлагаа багасгасан /хх 1, 26/, мөн хариуцагч Г.З- түрээсийн төлбөрөө төлөлгүй 21 сар болж байхад шаардах эрхээ хэрэгжүүлж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс дүгнэвэл хариуцагчийн тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ мөн зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байхаас гадна Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээр шаардах эрхтэй, эсхүл хариуцагч нэхэмжлэгчийн хөрөнгийг үнэ төлбөргүйгээр ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нөхцөл байдлыг нотолж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 30-ны өдрийн 182/ШШ2020/01701 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй /уг шийдвэр бүхий хэрэг Улсын дээд шүүхээр хянагдаж байгаа/ боловч гэм хорын маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос гаргаж байсан тайлбар нь өөрчлөгдөхгүй учир зохигчдын тайлбарыг үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 182/ШШ2021/00504 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Г.З-гаас 3,150,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.З-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 03 сарын 15-ны өдөр төлсөн 65,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.БАЙГАЛМАА

                                              

ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

 

Д.НЯМБАЗАР