Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2019/ДШМ/50

 

Л.Нямхүүд холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 Даргалагч,

    Ерөнхий шүүгч                   Б.Батзориг

Шүүгчид           Г.Давааренчин                                  

                       Д.Буянжаргал

Оролцогчид:

  Прокурор                             Т.Дэлгэрсайхан

Хохирогч                              Б.Оюунгэрэл

 Шүүгдэгчийн өмгөөлөгч      Л.Цуурай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд нар оролцож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Л.Нямхүү болон түүний өмгөөлөгч Л.Цуурай нарын гаргасан давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Боржигин овогт Лувсандамбын Нямхүүд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1933000260029 дугаартай, 150/2019/0026/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1963 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, 3-р баг, Цагаан овоо Өндөр хороолол 6-4 тоотод оршин суух хаягтай, Боржигин овогт Лувсандамбын Нямхүү РД/МВ63031816/.

          Холбогдсон хэргийн талаар: Л.Нямхүү нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 95-96 дугаартай тэмдэгт бүхий газарт 69-96 СЭА улсын дугаартай Хюундай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.Оюунгэрэлийн эрүүл мэндэд бүслэхийн 1 дүгээр нугалмын шахагдаж бяцарсан хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум Дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор: ...Шүүгдэгч Боржигин овогт Лувсандамбын Нямхүүг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Нямхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй /дөрвөн зуун тавь/ тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасны дагуу хохирогч Б.Оюунгэрэл 3.802.164 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Л.Нямхүүгээс гэм хорын хохиролд 3.415.416 төгрөг гаргуулж хохирогч Б.Оюунгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 386.745 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

          Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ... Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Нямхүүг гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан. Харин анхан шатны шүүх шүүгдэгч Л.Нямхүүгийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал. шүүгдэгчийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шүүх тогтоож болохоор заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар сунгаж тогтоох эрх хэмжээг шүүхэд олгосон зохицуулалт юм. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхгүй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоног байхаар хуульчилснаар авч үзнэ. Торгох ял биелүүлэх хугацааг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тоолохоор хуульчилсан байхад тодорхой огноо заасан нь биелэгдэх боломжийн талаар зөрчилтэй нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Мөн шийтгэх тогтоолын гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаарх дүгнэлтэндээ эмчилгээний төлбөрийг Л.Нямхүүгээс гаргуулахдаа /4.715.419-1.300.000=3.415.416/ гэж буруу бичин бичиг техникийн алдаа гаргасныг мөн залруулах нь зүйтэй байна.

          Иймд Л.Нямхүүд холбогдох Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгох, бичиг техникийн алдаа гаргасныг залруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

         Шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Л.Нямхүүг эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 1-д заасан гэм буруутайд тооцон ял оногдуулан хуулийн үндэслэл бүхий боловч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр гэм, хорын асуудалд шүүх дүгнэлт хийхдээ, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5-р зүйлийн 1-д заасан <<…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө... ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно>> гэсэн заалт, мөн хуулийн 2.5-р зүйлийн 5-д заасан << Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх... гэсэн заалтыг тус тус зөрчин шийдвэрлэсэнд гомдолтой байна.Хохирогч Б.Оюунгэрэл нь шүүхэд гаргаж өгсөн эмийн болон эмчилгээний баримт нь бүгд гэмт хэргийн улмаас нуруу гэмтсэн гэмтлийг эмчилсэн гэхэд эргэлзээтэй. Хуучин” сахарын” архаг хууч өвчнөө эмчлүүлсэн, эм тарианы зардлыг хамруулан нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тухайлбал: Шүүх хуралдаан дээр 782.290 төгрөгийн баримтаас үзэхэд 531.500 төгрөгийн эмийн баримт, эмчилгээнд зориулсан 224.690 төгрөг нь амбулаторийн картанд тусгагдаагүй, эмчийн бичиггүй, өөрөөр хэлбэл бодит хохиролд гарсан зардал мөн эсэх нь тодорхойгүй байхад гаргаж шийдвэрлэсэн. Үүнийг шүүх дүгнэхдээ << осолд орсон үеэс хойш 3 сарын дараа 2019.05.11 нд нийтийн тээврээр гэртээ харьсан, 2019.04.09ны өдөр эмнэлэгт байсан, өөрөө босч явж чадахгүй тул хүүхдүүд нь, эм тариаг нь дөхүүлж өгч байсан, эмчийн бичиж өгсөн эмчилгээ нь эмнэлэгтээ үлдсэн “<<Бүжинлхам ХХК”-аас авсан 531500 төгрөгийн үнэ бүхий эм тариаг нэг өдөр авсан ч гэсэн одоог хүртэл хэрэглэж байгаа гэх байдал нь хэрэгт цугларсан нийтийн тээврээр зорчих тасалбар, хохирогчид үнэн зөв тайлбар мэдүүлэг гаргах учир холбогдлыг тайлбарлан авсан мэдүүлэг тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр нотлогдож байгаа тул хасч тооцоогүй болно>>  гэж хууль ёсны бус дүгнэлт хийсэн. Хийсвэрээр дүгнэж, хохирогчид учирсан хохирол баримтанд бодит дүгнэлт хийж чадаагүй нь дээрх хуулийн заалттай нийцээгүй байна. Б.Одгэрэлийн гаргаж өгсөн эм, эмчилгээний баримтуудаас үзэхэд ,эмчилгээний /амбулаторын картанд/ бичигдээгүй, бичигдсэн ч сахарын өвчинд бичиж өгсөн эм тариа дийлэнх нь байгаа юм. Иймд хохирлын баримтуудын хууль зүйн үндэслэл бий эсэхийг хянаж шүүгдэгч Л.Нямхүүгээс гэм хорын хохиролд 3 сая 415.416, төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохиролд 1сая 300.000 төгрөгийг хэрэг шалгах явцад төлсөн байгаа болно гэжээ.

           Хохирогч давж заалдах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 2 дугаар сараас эхлэн эмнэлэгт хэвтэж одоог хүртэл эмчлүүлж байна. Надад “сахарын” өвчин байхгүй нь шинжилгээгээр батлагдсан. “Сахар”-ын эмчилгээний зардлыг нэхэмжлээгүй. Миний нуруу маш ихээр өвдөж нурууны өвчинтэй холбоотой эм уусан. “Сахар”-ын эм авч уусан гэхдээ би нэхэмжлэлийн дүнд оруулаагүй. Намайг эмнэлэгт хэвтэж байхад Л.Нямхүүгийн ар гэрээс нэг ч удаа эргээгүй. Тухайн үед хайран машин гэж байна байна машинаа эргж тойрч халаглаж байсан. Миний биеийг яаж байна, та зүгээрүү гэж нэг удаа асуугаагүй.Би ядарсан хүн надад өмгөөлөгч авах мөнгө байхгүй. Надад яагаад ингэж хатуу хандаад байгааг ойлгохгүй байна. Илүү юм нэхэмжлээгүй. Гомдолтой байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:       

          Л.Нямхүү нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэр Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын 95-96 дугаартай тэмдэгт бүхий газарт 69-96 СЭА улсын дугаартай Хюундай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.4 “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.Оюунгэрэлийн эрүүл мэндэд бүслэхийн 1 дүгээр нугалмын шахагдаж бяцарсан хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум Дундын Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх  хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Нямхүүг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй /дөрвөн зуун тавь/ тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасны дагуу хохирогч Б.Оюунгэрэл 3.802.164 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Л.Нямхүүгээс гэм хорын хохиролд 3.415.416 төгрөг гаргуулж хохирогч Б.Оюунгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 386.745 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум Дундын Прокурорын газрын ерөнхий прокурорын 2019 оны 06 дугаар сарын 04 ний өдрийн 5/05 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Л.Нямхүү болон түүний өмгөөлөгч Л.Цуурай нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу Л.Нямхүүд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал: Л.Нямхүү нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Оюунгэрэлийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 20-22,31-56-р ху/, гэрч Б.Уянга /хх-ийн 29-р ху/, Д.Энхболд /хх-ийн 30-32-р ху/, М.Отгонсүрэн /хх-ийн34-35-р ху/, Б.Төртогтох /хх-ийн 41-р ху/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 27 ны өдрийн №300 дугаартай дүгнэлт /хх-ийн 45-46-р ху/, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум Дундын Цагдаагийн Хэлтсийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 25 ны өдрийн №04 дугаартай дүгнэлт /хх-ийн 61-р ху/,Дархан-Уул аймгийн авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 11 ний өдрийн №017 дугаартай дүгнэлт /хх-ийн 65-66-р ху/, Б.Оюунгэрэлийн өвчний түүх /хх-ийн 49-58-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр хуульд заасан ял шийтгэл оногдуулсан байх тул гэм буруугийн асуудал, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна.

          Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дугаар заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.Нямхүүд оногдуулсан торгох ялыг 03 сарын хугацаанд биелүүлэхийг үүрэг болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “...Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй...” гэсэн заалттай зөрчилдсөн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолын уг заалтанд өөрчлөлт оруулах байдлаар зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

          Түүнчлэн анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасны дагуу хохирогч Б.Оюунгэрэл 3.802.164 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Л.Нямхүүгээс гэм хорын хохиролд 3.415.416 төгрөг гаргуулж хохирогч Б.Оюунгэрэлд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 386.745 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д ...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...,

2-д Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэж заасан бөгөөд  анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хохирогч Б.Оюунгэрэлд уг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болох эмчилгээний болон эм, тариа, шатахуун, замын зардалд  3.415.416 төгрөг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 386.745 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй   шийдвэрлэсэн нь  хууль зүйн үндэслэлтэй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч Л.Нямхүү болон түүний өмгөөлөгч Л.Цуурай нарын  давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын асуудлыг шийдвэрлэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж тооцоо хийхдээ /4.715.419-1.300.000=3.415.419 байхыг 3.415.416 гэж бичсэн/  сүүлчийн цифрийг буруу бичсэний улмаас нэхэмжлэлийн үнийн дүнд 03 /гурав/ төгрөгийн зөрүү гарсныг магадлалд дурдаж, цаашид энэ төрлийн алдаа гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дугаар заалтыг өөрчлөн найруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Нямхүү болон түүний өмгөөлөгч Л.Цуурай нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.5, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум  Дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3 дугаар заалтыг:

          “3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялын шүүхээс тогтоосон хугацаа буюу 06 /зургаа/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Нямхүүд мэдэгдсүгэй” гэж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг үлдээж, шүүгдэгч Л.Нямхүү болон түүний өмгөөлөгч Л.Цуурай нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

   2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

     ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                                                                   Д.БУЯНЖАРГАЛ