Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2025/0171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ******* ХХК /РД:/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны А дүгээр тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А дүгээр тушаалаар Х аймгийн сум, Х нуурын байгалийн цогцолборт газрын Б амны хязгаарлалтын бүсэд байршилтай 4.0 га газрыг ашиглагч ******* ХХК нь тухайн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй тул Хийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр албан бичгээр ирүүлсэн саналын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А дүгээр тушаалаар маргаан бүхий ******* ХХК-ийн 4.0 га газрын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

1.2. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны А дүгээр тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тус шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захирал Н.Эээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн тус компаниас гаргасан хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А тоот тушаалаар манай компанид Х аймгийн сумын Байгалийн цогцолборт газрын Б ам нэртэй газарт Аялал жуулчлалын зориулалтаар 4.0 га газар ашиглах зөвшөөрөл олгож ******* тоот гэрчилгээ олгосон.

Улмаар манай компани Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Хийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Х аймгийн сумын Засаг даргатай гуравласан гэрээ байгуулж газрын төлбөрийг жил бүр хуулийн хугацаанд нь төлж ирсэн.

Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн “Газар ашиглах эрхийн гэрчилгээ”-ний хугацаа сунгуулах тухай манай компаниас гаргасан хүсэлтийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/ дугаар тушаал, Хийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тоот саналыг үндэслэн тус компанид олгосон ******* дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сунгасан.

Тус компани Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн заалтыг үндэслэн Хийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Х.*******тэй Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн № ******* дугаартай гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэр дээр “Хүсэлт уламжлах тухай” Х аймгийн Ренчинлхүмбэ сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар албан бичгээр тус компанийн газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын гаргасан тушаалын үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх бөгөөд манай байгууллага болон Аялал жуулчлалын салбар нь бүхэлдээ цар тахлын хүнд нөхцөл байдлыг даван туулж, үйл ажиллагааг эхлүүлэх талаар хөрөнгө оруулагчтай харилцан тохиролцож хамтран ажиллаж байсан боловч Хийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа хуульд заасан хугацаанд хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэхгүй, газар ашиглах гэрээг байгуулж өгөхгүй байснаар бидэнд үйл ажиллагаагаа явуулах ямар ч боломж олгохгүй саад учруулсаар байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн Газар ашиглах тухай гэрээ гэсэн 37 дугаар зүйлийн 37.1-д “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож Улсын бүртгэлд бүртгэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ гэж тус тус заасан.

Манай компанийн зүгээс дээрх нөхцөл байдлыг таслан зогсоох, үндэслэлгүйгээр гэрээ байгуулахаас татгалзаж буй захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох зорилгоор Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хандаж нэхэмжлэл гаргасан байгаа болно.

Монгол Улсын хуулийн этгээд болох тус компани нь өнгөрсөн хугацаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн олгосон уг газарт маш их хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд Компанийн тухай хуулиар хамгаалагдсан, Тусгай хамгаалалттай газар нутаг хуулийн дагуу газар ашиглан үйл ажиллагаагаа явуулж байхад хэн нэгний хүсэлтээр үндэслэлгүйгээр хууль зөрчиж энэ их хийсэн, бүтээсэн ажлыг ямар ч үнэгүйгээр таслан зогсоож цуцалж байгаа үйлдлийг хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.           

Иймд захиргааны байгууллага тэр дундаа төрийн захиргааны төв байгууллага аливаа шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангасан эсэхийг тодруулаагүй Монгол Улсын Захиргаан ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааг ноцтой зөрчсөн байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А дугаар тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийн заалтыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

2.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хамгаалалтын захиргаанаас манай компанийг сүүлийн 2 жил ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэж хэлдэг. Гэтэл бодит байдал дээр захиргааны байгууллагатай 2018 онд гуравласан гэрээ байгуулсан. 2019, 2020 онд байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэж үйл ажиллагаа явуулсан байдаг. 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр анх манай төсөл хэрэгжүүлэх ажиллагаа явагдаж байсан. Төсөл хэрэгжүүлэх ажиллагаа явагдаж байх үед газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Дараагийн асуудал нь 2022 оны 04 дүгээр сард Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Х аймгийн хамгаалалтын үндсэн чуулган дээр ирж аж ахуй нэгжүүдийн газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгохгүй гэж амласан. Харин Х нуурын орчим нэмж шинээр газар олгохгүй, Х нуурын нөлөөллийн бүс дэх 5 газрын хур хогийн цэгийг цэгцэлнэ,  дахин нүхэн жорлон нэмэхгүй гэж мэдэгдэж байсан. Мөн тухайн бүс нутаг дахь аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад аттестатчилал явуулна. Бид харин аттестатчилал явуулахыг хүлээж бүх зүйлээ бэлдээд байсан. Аттестатчилал нь ямар нэгэн байгууллагын эрх ашгийг хөндөж, газар эзэмших эрхийг хүчингүй болгохгүй гэж өөрөө хэлсэн хэр нь 2 жилийн дараа манай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Газар ашиглах эрхтэй холбоотой өргөдөл гомдлыг хариуцсан мэргэжилтэн шалгаж аттестатчилал явуулсан байдаг. Бид аттестатчилалд хамрагдаад 2023 оны 04 дүгээр сард мэдээллийн сайтаар орсон байдаг. 2024 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс шинэчлэгдсэн хуулийн дагуу аж ахуй нэгжүүдийг гэрээг шинэчлэн байгуулах болсон тухай мэдэгдсэн. Үүний дагуу хүсэлтээ явуулсан. Газрын төлбөрөө төлөөгүй байж байгаад 2023 онд нөхөж төлсөн байдаг. Газрын төлбөрөө төлсөн байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Сонсох ажиллагаанд оролцох боломжгүй болсон шалтгаанаа бид утсаар мэдэгдсэн. Утсаар мэдэгдэхэд санал, хүсэлтээ бичгээр өгч болно гэж хэлсэн. Үүний дагуу бид бичгээр саналаа өгөх гэтэл газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон байсан. Газар эзэмших эрх хүчингүй болгохдоо ямар ч үйл баримтыг тодруулаагүй. Уг газар дээрээ бэлтгэл ажлаа хийж байсан боловч гэрээ огт хийгдэхгүй байсан. Гэрээ хийгдэхгүй байгаа шалтгаан нь Х аймгийн Ренчинлхүмбэ сумын Засаг дарга зөвшөөрдөггүй байсан. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш аж ахуй нэгжүүдийг зөвхөн хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулахаар болсон. Тухайн үед нутгийн захиргааны ажилчид сонгуульд хамрагдсан байсан. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Х аймгаас нэр дэвшсэн. Маш их хөрөнгө зарцуулсан. Газар дээрээ үйл ажиллагаа явуулах гэж байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн. Газар дээрээ бүтээн байгуулалт хийх гэж материал тавихад эвдээд хаячдаг. Тийм учраас заавал гэрээ хийсний дараа газраа ашиглахгүй бол болохгүй юм байна гэдэг нөхцөл байдалд хүрсэн.

 2.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Манай компани нь 2015 оноос хойш Х аймгийн суманд Х аймгийн Тусгай хамгаалалтын газрын захиргаатай гэрээ байгуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Үүнээс хойш хугацаанд коронавирус цар тахлын улмаас тодорхой хугацаанд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. 2021 оноос эхлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа болон сумын Засаг дарга нартай гуравласан гэрээ байгуулах ажиллагааг хийх санал явуулсаар байхад гэрээ хийгдэхгүй 2024 онд сонсох ажиллагааны мэдэгдэл явуулсан. Сонсох ажиллагаанд оролцох боломжгүй байсан шалтгаан нь өвөлжилтийн цаг байдалтай холбоотойгоор орон нутгийн замыг түр хаасан. Зам хаасан шалтгаанаар анхны мэдэгдэх хуудасны дагуу сонсох ажиллагаанд оролцох боломжгүй болсон. Гэтэл энэ хугацаанд Х аймгийн тусгай хамгаалалтай газар нутгийн захиргаанаас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам руу 02 дугаар сарын 02-ны өдөр албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй, Газрын тухай хуульд заасан нөхцөл шаардлагыг биелүүлэхгүй байна гэдэг санал явуулсны улмаас 2024 оны 04 дүгээр сард Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын тушаалаар газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгосон. Үүнээс өмнө нэхэмжлэгч компани нь захиргааны байгууллагын эс үйлдэхүйгээс болж газраа эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болоод байна гэдэг агуулгаар Х аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захиргааны байгууллагын эс үйлдэхүйг тогтоолгож, гэрээ байгуулахын даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээд явж байх үед газар ашиглах эрх хүчингүй болгосон шийдвэр гарсан нь үндэслэлгүй гэдэг агуулгаар маргаж байна. Захиргааны байгууллага газар эзэмшигчид газар эзэмших, ашиглах эрхийг олгоогүй байж энэ талаар тодруулсан үйл баримт байхгүй байхад газар ашиглах, эзэмших эрхийг цуцалсан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй учраас тус шийдвэрийн ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгч 2015 оноос газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг агуулгаар тооцож байгаа гэж тайлбар хэллээ. Захиргааны акт нь өөрөө хуульд заасан хуулийг үндэслэсэн байх ёстой гэдэг шаардлагаа үгүйсгэгдэж байна гэж миний зүгээс харж байна. 2015 оноос хойш 2 жил ашиглаагүй гэж хугацаа тооцож байгаа бол 2020 онд газрын хугацааг сунгасан захиргааны актыг хүчингүй болгоод, зөрчлийг нь тогтоож энэ захиргааны акт гарах ёстой байсан гэдэг хууль зүйн үндэслэл гарч ирж байна. Захиргааны байгууллагад өөрт нь захиргааны үйл ажиллагаа буруутай бол засах эрх байгаа. 2020 онд 5 жилийн хугацаагаар дахин газар олгосон хэр нь 2015 оны зөрчил илрүүлээд 2 жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр захиргааны байгууллага газар ашиглах эрх цуцалж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл.

Хоёрдугаарт захиргааны байгууллагууд хоорондын уялдаагүй үйл ажиллагаанаас болоод газар эзэмшигч, ашиглагч нар хохирч болохгүй. 2019-2021 он хүртэлх хугацаанд ковид цар тахлын үед аялал жуулчлалын салбар 0 зогссон. Энэ хугацаанд хил нээгдэх эсэх нь тодорхойгүй. Орон нутагт эзгүй барилгын материал тавих юм бол хүн хөрөнгөөрөө л хохирно. Ажил эхэлж байгаа, харуул, хамгаалалтай байна. Орон нутгийн хүмүүстэй харьцахад их төвөгтэй. Зарим нь ангийн буугаа бариад л орж ирдэг асуудлууд байдаг. Тухайн газар дээрх нөхцөл байдал өөр байдаг шүү гэдгийг хэлье. Ажил эхлүүлнэ гэдэг нь тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдаж байдаг. 2 торх, 3 хашаа тойруулаад тавьсан гэдэг нь аялал жуулчлалын үйл ажиллагаа биш юм. Аялал жуулчлалын үйл ажиллагаа нь цогцоороо бохир, цэвэр, дулаан, худгийн усаа хаанаас гаргах вэ гэх мэт бүгдийг шийдэж хийдэг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна.Тухайн газар дээр барилга байгууламж барих нь хамаагүй шүү дээ. Гэрээгээ байгуулсан бол барилга, байшингаа барь гэдэг юм ярьж байна. Хуулийн зохицуулалт нь өөр. Тусгай хамгаалалттай газар, нутгийн захиргаатай гэрээ байгуулсны дараа тухайн техникийн нөхцөл тодорхойлолт гарч байж цахилгаанаа хаанаас татах уу, усаа хаанаас гаргах уу гэдэг асуудлууд шийдвэрлэгддэг. Гэрээ байгуулагдаагүй байсан учраас бид дараа дараагийн үе шатны үйл ажиллагааг хийж чадаагүй. Эцэс сүүлд нь Х аймаг дахь захиргааны хэргийг анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж энэ асуудлаа тодорхойлуулах зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдээд явж байх хооронд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд сонгуультай уялдуулан эзэмших, ашиглах эрхийг цуцалж байгаа нь хууль зөрчсөн үйл ажиллагаа байна. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актад тавигдах шаардлага хангаагүй хууль бус байгаа учраас хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэдэг байр суурьтай байна.” гэв.

Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1.Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 06-нь өдрийн А дүгээр тушаалаар ******* ХХК-д Хийн байгалийн цогцолборт газарт Б аманд 4.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрх олгосон.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А дүгээр тушаалаар ******* ХХК-д олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

Тус хүчингүй болгосон тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг удирдлага болгосон.

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй болох нь Хийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр албан бичигт ирүүлсэн саналаар нотлогдож байна.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй. тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.

Мөн Хийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захирга нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Хийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А дүгээр тушаалаар ******* ХХК нь Х аймгийн байгалийн цогцолбор газарт 4 га газар аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай А дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг удирдлага болгон газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасан ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдгийг Х аймгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас холбогдох ажиллагаа хийгээд тухайн газар дээр хийсэн үзлэг болон бусад баримт бичгийг харгалзаж үзээд үйл ажиллагаагаа явуулаагүй гэж цуцлуулах саналыг тус яаманд ирүүлсэн. Үүний үндсэн дээр газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Холбогдох хуулийн 40.1.6-д заасан урьдчилсан нөхцөлийг хангасан шийдвэр гэж үзэж байгаа.

Учир нь Монгол улсын дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолоор Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг тухайн газар дээрээ гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмших гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жил газар эзэмшигч тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болзол зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно гэж тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгч компани 2015 онд газар ашиглах эрх авч гэрээ байгуулсан байдаг. 2020 онд газар ашиглах эрхийг сунгаж шийдвэрлэсэн. Анх газар ашиглах эрх нээгдсэнээс хойш нэхэмжлэгч компани ямар ч үйл ажиллагаа огт явуулаагүй байдаг. Өөрөөр хэлбэл аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулна гэж холбогдох төслийг боловсруулсан. Энэ төслийн дагуу хийгдсэн яг ямар үйл ажиллагаа байгаа гэхээр ямар ч ажиллагаа байгаагүй гэдэг нь байгаль хамгаалагчийн шалгалтаар тогтоогдсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн гэж байна. Үнэлгээ нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.2-т заасны дагуу тухайн төслийг хэрэгжүүлэхээс өмнө хэрэгжүүлдэг ажил буюу тухайн газар ашиглах эрх авахад бүрдүүлэх анхан шатны баримт юм. Үүнийг хийлгэснээр үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэх боломжгүй. Мөн их хэмжээний зардал гаргасан гэж байна. Гэтэл нэхэмжлэгч энэ тайлбараа нотолсон ямар нэгэн баримтыг хэрэгт өгөөгүй. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаа их хэмжээний зардал гаргаж ажил хийсэн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй, нотлогдохгүй зүйл гэж үзэж байна. Сонсох ажиллагааны хувьд Х аймгийн хамгаалалтын захиргаа 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч компанид мэдэгдээд, шийдвэр 05 дугаар сард гарсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч баримтуудаа бүрдүүлээд тайлбар мэдээлэл өгөх бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ үүргээ бол хэрэгжүүлээгүй. Тийм учраас захиргааны шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т заасан зарчимд нийцсэн шийдвэр байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч компани үндсэндээ 2015 онд анх газар ашиглах эрх авснаас хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар  тогтоогдож байна. 2020-2021 онд ковидын нөхцөл байдал үүссэн. Энэ хугацааг алгасаад 2022, 2023, 2024 онуудад нэхэмжлэгч компанид үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой байсан. Гэтэл манайх гуравласан гэрээ байгуулаагүй учраас үйл ажиллагаа огт явуулаагүй гэж тайлбарладаг. Гэрээ байгуулаагүй нь үнэхээр захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоод байгуулаагүй юм уу, эсвэл нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байсан юм уу гэдгийг бид мэдэхгүй. Үүнийг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн. Нэхэмжлэгчийг зөвтгөх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани 2015-2020 оны хооронд ямар ч үйл ажиллагаа хийгээгүй. 2020-2022 оны хооронд ковидын нөхцөл байдалтай байсан гэж тогтоосон ч 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хилийн боомт нээгдэж Ковидын нөхцөл байдал арилсан. Үүнээс хойш маргаан бүхий акт гарах хүртэл ямар ч үйл ажиллагаа огт явуулаагүй гэдэг нь тогтоогдож байна. Ийм учраас захиргааны байгууллагын шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т заасан зарчмуудад нийцэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны А дүгээр тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргасан:

2.1.Манай компани Хийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Х аймгийн сумын Засаг даргатай гуравласан гэрээ байгуулж газрын төлбөрийг жил бүр хуулийн хугацаанд нь төлж ирсэн.

2.2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/ дугаар тушаал, Хийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тоот саналыг үндэслэн тус компанид олгосон ******* дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сунгасан.

2.3.Гэтэл Х аймгийн Ренчинлхүмбэ сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар албан бичгээр тус компанийн газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй юм.

2.4. Хийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа хуульд заасан хугацаанд хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэхгүй, газар ашиглах гэрээг байгуулж өгөхгүй байснаар бидэнд үйл ажиллагаагаа явуулах ямар ч боломж олгохгүй саад учруулсаар байна.

2.5.Захиргааны байгууллага тэр дундаа төрийн захиргааны төв байгууллага аливаа шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангасан эсэхийг тодруулаагүй Монгол Улсын Захиргаан ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааг ноцтой зөрчсөн.

3.******* ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А дүгээр тушаалаар Х аймгийн сумын Байгалийн цогцолборт газрын Б ам нэртэй газарт Аялал жуулчлалын зориулалтаар 4.0 га газрыг ашиглах эрхтэй болж, /х.х 36/, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ******* тоот гэрчилгээ авч, /х.х 43-45/, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ******* дугаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг Х аймгийн Ренчинлхүмбэ сумын Засаг дарга болон Хийн Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргатай байгуулсан. /х.х 70-73/

4.Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/ дугаар тушаал, Хийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тоот саналыг үндэслэн тус компанид олгосон ******* дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сунгасан.

5.Хийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ******* ХХК-ийн гүйцэтгэх захиралд Х аймгийн Хатгал тосгоны нисэх хороонд байрлах Хийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын хамгаалалтын захиргааны байранд 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр товлогдсон сонсох ажиллагааны мэдэгдлийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ******* утсаар болон ******* цахим хаягаар “...Х аймгийн сумын иргэдээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гаргасан хүсэлт, тус сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар албан бичгээр газар ашиглах эрхийг цуцлах хүсэлт ирүүлсэн...”-ийг хүргүүлсэн байна. /х.х 56/

5.1. Сонсох ажиллагааны тэмдэглэлд “... ******* ХХК-иас цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан сонсох ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй талаар ******* ХХК-ийн төлөөлөгч утсаар мэдэгдсэн. Сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан арга хэлбэрүүдээс сонгон гаргах боломжтой мэдэгдлээр болон утсаар холбогдоход сануулсан. Сонсох ажиллагаанд санал ирүүлээгүй.

... ******* ХХК-иас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сонсох ажиллагаанд санал ирүүлээгүй тул газар ашиглах эрхийг хүчингүй болгох саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлэх” гэжээ. /х.х 60/

6.Улмаар Хийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дүгээр  албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт “...******* ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгохоор санал хүргүүлсэн. /х.х 41/

7.Үүний дагуу Байгаль Орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 5 дугаар сарын 08-ны А дүгээр тушаалаар ******* ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу тухайн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. /х.х 49/

8.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:

8.1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйл “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах”, 33 дугаар зүйлийн 1-т “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно.” гэж,

Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах гэрээг төрийн захиргааны төв байгууллага хамгаалалтын захиргаатай хамтран байгуулснаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрчилгээг олгож, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заасан.

8.2.Нэхэмжлэгчээс Аялал жуулчлалын бааз байгуулах төслийн 2012-2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө, ******* ХХК-ийн аялал жуулчлалын бааз байгуулах төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан зэргийг холбогдох байгууллагаар хийлгэжээ.

8.3.Хийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ******* ХХК-ийн гүйцэтгэх захиралд 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр товлогдсон сонсох ажиллагааны мэдэгдлийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ******* утсаар Г.Нт мэдэгдэхэд “...цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан сонсох ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй” болохоо мэдэгдсэнийг сонсох ажиллагаанд тайлбар ирүүлээгүй гэж үзэх боломжгүй.

8.4.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/ дугаар тушаалаар тус компанид олгосон газар ашиглах эрхийн хугацааг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сунгасан.

8.5.Мөн нэхэмжлэгч нь Хийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга, Х аймгийн сумын Засаг даргатай Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах 2021//05 дугаар гэрээг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан бөгөөд уг гэрээний 2.4-т газар ашиглах хугацааг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл байхаар заажээ.

Хэрэгт авагдсан гэрээнд Х аймгийн сумын Засаг дарга гарын үсэг зураагүй байгаа боловч, үүнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

8.6.Түүнчлэн нэхэмжлэгчээс ирүүлсэн ******* ХХК-ийн газрын төлбөр төлсөн жагсаалтаас үзэхэд тус компани нь 2024 оны байдлаар 2,399,880 төгрөгийг газрын төлбөрт төлж цаашид газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй болохоо илэрхийлсэн гэж үзэхээр байна.

9.Монгол улсын Дээд шүүхийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10. “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно, Мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.” гэж тайлбарлажээ.

10.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүл.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.

11.******* ХХК-д газар ашиглах эрхийн хугацааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/ дугаар тушаалаар 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сунгасан хугацаанаас хойш тооцвол 2 жил дараалан газраа зориулалтын дагуу эзэмшээгүй нөхцөл байдал үүсэхээргүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд энэ талаар тодруулахад “...2015 оноос хойш зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзсэн...” гэх тайлбарыг гаргасан нь өмнө газар ашиглах эрхийг сунгасан шийдвэрээ үгүйсгэсэн шинжтэй байна.

12.Ийнхүү хариуцагчаас газар ашиглах эрхийг сунгаснаас хойш тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулсан эсэх, сонсох ажиллагаанд оролцоогүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх, газрын төлбөр төлсөн эсэх зэрэг нөхцөл байдлыг судлах үүргээ биелүүлээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

13.Хариуцагч нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан үндэслэл үүсээгүй байхад нэхэмжлэгч ******* ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй болжээ.

14.Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны А дүгээр тушаалын ******* ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  33 дугаар зүйлийн 33.1, 37 дугаар зүйлийн 37.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны А дүгээр тушаалын ******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.АДЪЯАСҮРЭН