Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 149

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч С.Оюунжаргал,

Шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Ж.Х,

Хохирогч Э.Д, түүний өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О. Д холбогдох ............ дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 17-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Бумбан овоо багийн 6-3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  О.Д /РД:0000000/,

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч О.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 22 цаг 00 минутын орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хишиг-Монгол зоогийн газрын зүүн замд Э.Ц-ны эзэмшлийн Истана маркийн 67-00 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заалтыг зөрчин, байшин мөргөсний улмаас зорчигч Б.Д-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлын талаар үйлдсэн ослын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Хохирогч Э.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумаас хувийн ажлаар 67-00 ӨМҮ улсын дугаартай Истана маркийн автомашинд суусан. Замд хүн их ачсан байсан. Айцын даваанд өвс ачсан машины араас тулаад яваад байхаар нь алдуулна яах юм гэж хэлж байсан. Улаанбаатар хот руу ороод Нарантуул зах дээр зогсох ёстой байсан. Тэгээд 10 дугаар хорооллын зам руу ороод чигээрээ явчих гэхэд би өөрөө мэдэж байна гээд 2 дугаар эгнээгээр явж байгаад 1-р эгнээнд явж байсан машиныг гүйцэж түрүүлээд үрүүлээ огцом баруун гар тийш дараад тэр чигтээ гулсаад туслах зам руу ороод эмийн сангийн өргөтгөлийн барилгыг хүчтэй мөргөөд зогссон. Миний зүүн хөлний шилний чөмөг яс хугарсан. Дашням эмчилгээний мөнгө өгье хагалгаандаа ор гэсэн. Би банкны зээл, хагалгааны мөнгө төлчих гэсэн. Тэгтэл маргааш нь Дашням ирээд шүүхээр шийдүүлье гэсэн. Хохиролд 1,600,000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл мөнгө 3,659,942 төгрөг нэхэмжилнэ гэв.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Д мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэцийн сумаас өдөр 13 цагийн үед би 67-00 ӨМҮ улсын дугаартай Истана маркийн автомашинд зорчин Улаанбаатар хот руу явсан. Тэгээд Улаанбаатар хот руу орой 22 цагийн орчим орж ирсэн. Тухайн үед автомашинд 17 хүн явж байсан ба Драгон төвөөс хархорин зах хүртэл хүмүүсээ 3,4-өөр нь буулгасан. Осол болох үед би машины хойд талаас 2 дахь 3 дахь эгнээнд сууж байсан миний хажууд нэг эмэгтэй, ард нэг эмэгтэй, урд талд жолооч болон туслах гэсэн хүмүүс сууж явсан. Тэгээд 10 дугаар хорооллын зам руу ороод 2 дугаар эгнээгээр явж байгаад 1-р эгнээнд явж байсан машиныг гүйцэж түрүүлээд явж байтал жолоочид туслах жолооч нь нөгөө уулзвар чинь энэ хүрчлээ шдээ гэж хэлэхэд жолооч үрүүлээ огцом баруун гар тийш дараад тэр чигтээ гулсаад туслах зам руу ороод эмийн сангийн өргөтгөлийн барилгыг хүчтэй мөргөөд зогссон. Машин байшин мөргөх үед би урд сандал руу үсэрч мөргөөд өөдөөс харсан суудлын дэрэнд мөрөөрөө цохиод буруу харсан сандал дээр унаад хөдөлж чадахгүй болсон. Тэгээд л түргэн, замын цагдаа дуудсан. Тэгээд эхлээд цагдаа ирээд дараа нь түргэн ирсэн. Үзлэг хийсний дараа би гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд миний зүүн хөлний өвдөгний доод хэсгээр хугарч гэмтсэн байсан. Миний хувьд гомдолтой байна. Эмчилгээний зардлыг баримтаар нэхэмжилнэ...” /хх 22-23/

 

Гэрч Б.Б мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас би өөрийн найз Дашнямын Итана маркийн 67-00 ӨМҮ улсын дугаартай автомашины урд сандал дээр суугаад Дашням машинаа жолоодоод Улаанбаатар хот руу ирсэн. Ингэхдээ Өмнөговь аймгаас Дашням 15 хүн ачиж авч ирсэн. Тэгээд хот руу ирсэн. Тэгээд хот руу орой 22 цаг өнгөрч байхад орж ирээд эхлээд 5-н шарын Драгон төв дээр хүмүүсээ буулгаад машины голын суудал дээр 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн үлдэж Нарантуул зах хүртэл дайгдаж явахаар болсон. Ингээд 10 дугаар хорооллын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байгаад 1-р эгнээнд явсан машиныг Дашням гүйцэж түрүүлсэн тэгээд урагшаа эргэдэг уулзвар хэтрэх гэж байхаар нь би Дашнямд уулзвар өнгөрчихлөө энэ дундуур эргэдэг зам байдаг юм аа гэж хэлсэн. Тэгээд би цаашаа цонхоор харж явтал машин гэнэт гулгаад баруун талын туслах зам руу орж тоосгон байшин мөргөсөн. Ослоос болж нэг эрэгтэй хүний хөл хугарч нэг эмэгтэй нь хөл бага зэрэг гэмтсэн. Тэгээд удалгүй цагдаа эмнэлэг ирсэн. Цагдаа түргэн хоёрыг хажуугаар явж байсан явуулын хүмүүс дуудсан. ” /хх 54-55/

 

Гэрч Г.М мэдүүлэхдээ: “...2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас хот руу Истана маркийн машинд суугаад Улаанбаатар хотруу 21 цаг өнгөрч байхад орж ирээд уг машинд сууж явсан зорчигч нар Драгон төв дээр буугаад би голын сандал дээр урагшаа харж суугаад миний хажууд хөлөө хугалдаг залуу суусан. Ард нэг эмэгтэй сууж явсан. Урд талд жолооч болон жолоочтой цуг явж байсан нэг залуу сууж явсан. Ингээд 10 дугаар хорооллын замаар зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байгаад туслах зам руу эргэхдээ гулгаад замын хажуугийн байшин мөргөж зогссон. Миний хажууд сууж явсан залуу бид хоёр өөдөөс харсан сандал руугаа шидэгдээд нөгөө залуугийн хөл нь гэмтсэн. Миний хувьд гэмтэл аваагүй. Тэгээд удалгүй цагдаа эмнэлэг ирээд эмнэлэг нөгөө залууг авч явсан...” /хх 57/

 

Иргэний хариуцагч Э.Ц мэдүүлэхдээ: “...Истана маркийн 64-00 ӨМҮ улсын дугаартай автомашин нь миний нэр дээр миний машин байгаа юм. Дашням нь манай ээжийн дүүгийн хүүхэд байгаа юм. Би ослын талаар мэдэх зүйл байхгүй...” /хх 74-75/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 14280 дугаартай дүгнэлтэнд: “...Дэмбэрэлсангийн биед зүүн хөлний шилбэ ясны дунд 1/3-н далд хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,3,1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн ерөнхий чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэжээ. /хав 61/

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 6-7, 8-9/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-12/

Энержи ресурс ХХК-н Ухаа Худаг салбарын албан хаагчийн тодорхойлолт /хх 25/

Хохирлын баримтууд нийт 245,890 төгрөг /хх29-35/

Шатахууны баримтууд нийт 673,373 төгрөг /хх36-44/

Хохирлын баримтууд 258,000 /хх45-47/

Хот хоорондын зорчих тасалбар нийт 85,200 төгрөг /хх 50,51/

Хохирлын баримт 181,500 төгрөг /хх 53/

Ломбардны хүү төлсөн баримт /хх 52/

Барьцаат зээлийн үйлчилгээний баримтууд /хх 27,28/

Шүүгдэгч О.Д-аас эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг төлсөн баримт /хх 72/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 77/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 79/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч О.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 22 цаг 00 минутын орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хишиг-Монгол зоогийн газрын зүүн замд Э.Ц эзэмшлийн Истана маркийн 67-00 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” заалтыг зөрчин, байшин мөргөсний улмаас зорчигч Б.Дэмбэрэлсангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Э.Д /хх 22-23/, гэрч Б.Б /хх 54-55/, Г.М /хх 74-75/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 14280 дугаартай дүгнэлт /хх 61/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 6-7, 8-9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 10-12/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Иймд шүүгдэгч О.Д автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам болон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл эрүүгийн хариуцлага байхгүй хэдий ч мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрх хасах ялыг шүүх хэрэглэж болохоор зохицуулсан тул шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч О.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Э.Д баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохирогч Э.Д 5,259,942 нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан 808.790 төгрөгийн нэхэмжлэлийг хангасан ба шүүгдэгч нь хохирогчид 1.600.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул шүүгдэгч нь баримтаар төлөх төлбөргүй байна.

 

Хохирогчийн нэхэмжлэлээс цалингийн зээл, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү зэргийг нотлох баримтгүй тул тооцох боломжгүй, автомашины шатахууны үнэ /нотлох баримтын шаардлага хангаагүй/ зэрэг нэхэмжлэлийг хангахгүй орхиж хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг дурдлаа.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  О. Д автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам болон Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, уг эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Д торгох ялыг 2018 оны 5 дугаар сарын 01-ны дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохирогч Э.Д 5,259,942 нэхэмжилснээс 808.790 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж үлдэх нэхэмжлэлийг хангахгүй орхих, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1,600,000 төгрөгийн хохирол төлсөн, баримтаар төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ