Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/00675

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н ДХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/00300 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н ДХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч И С А ХХК-д холбогдох, түрээсийн гэрээний үүрэг 37 500 000 төгрөг, гэрээний улмаас учирсан хохирол 465 000 төгрөг, нийт 37 965 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2019 оны 11 сарын 01-ний өдөр 019/01 тоот SM-505 (Герман) өрөм, ED-13 компрессор, Kia Rhino маяти, Камаз зэрэг техник, хэрэгслийг дагалдах хэрэгсэлтэй нь түрээслүүлэх гэрээ байгуулсан ба энэхүү гэрээгээр дээрх машин механизм, тоног төхөөрөмжийг 2019 оны 11 сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл 90 хоногийн хугацаагаар хоногт 167 000 төгрөг, 30 хоногийн хугацаанд 5 000 000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон. Хариуцагч нь энэхүү гэрээг байгуулсан өдөр дээрх эд хөрөнгийг актаар хүлээн авсан ба гэрээний хугацааг хэтрүүлж 2020 оны 08 сарын 31-ний өдөр албан ёсоор актаар хүлээлгэн өгөхгүйгээр Улаанбаатар хотод байсан хашаанд нь авч ирж орхисон гэж мэдэгдсэн. Түрээсийн хөрөнгийг хүлээн авсан 2019 оны 11 сарын 01-ний өдрөөс 2020 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл нийт 10 сарын хугацаанд И С А ХХК ашигласан тул нийт 10 сарын хугацааны түрээсийн төлбөрт 50 000 000 төгрөг нэхэмжлэх тооцоо гарч байна. Үүнээс 12 500 000 төгрөг төлөгдсөн. Үлдэгдэл 37 500 000 төгрөг төлөгдөөгүй байна. Иймд хариуцагч И С А ХХК-аас түрээсийн төлбөр 37 500 000 төгрөг, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгууль 465 000 төгрөг буюу нийт 37 965 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ДХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: 2019 оны 11 сарын 01-ний гэрээг хүлээн зөвшөөрөхгүй. Тэр өдөр бид нар гэрээ байгуулаагүй. Харин 2020 оны 05 сарын 09-ний өдрийн гэрээг бол хүлээн зөвшөөрнө. Энэ хоёр гэрээг 2020 оны 05 сарын 09-ний өдөр хийсэн байж он сар нь өөр байна. Төмөрбаатар нь гурван гэрээнд гарын үсэг зуруулсан, он сарыг нь хараагүй зурсан. Хариуцагчийн зүгээс техникийг түрээслэн авч 2020 оны 08 сарын 31-ний өдөр буцаан хүлээлгэн өгсөн эсэхтэй маргахгүй. Хариуцагчийн зүгээс нийт 23 000 000 төгрөгийн төлбөрийг төлсөн байтал 12 500 000 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан. Тэгэхээр 10 500 000 төгрөгийн зөрүү гарч байна. Уг төлбөрийг төлсөн гэх баримт нь хэргийн материалд Д.Бөхбаатарын нэхэмжлэгч компанийн захирал П.Төмөрбаатарын данс руу шилжүүлсэн дансны хуулгаар нотлогдоно. Мөн хариуцагчийн зүгээс торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн техник нь анхнаасаа замын хөдөлгөөнд оролцох боломжгүй байсан юм билээ. Энэ асуудлыг П.Төмөрбаатар захиралд хэлж байсан боловч аргалаад аваад явчих гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэлийн дүнгээс дансаар шилжүүлсэн 23 000 000 төгрөг болон торгуулийн мөнгөн дүн 465 000 төгрөгийг тус тус хасаад үлдэх 27 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч И С А ХХК-аас 27 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ДХХК-д олгож, үлдэх 10 965 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347 775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И С А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 292 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ДХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 11 сарын 01-ний өдөр байгуулсан 019/01 дугаартай гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Харин хариуцагч тал 2020 оны 05 сарын 09-ний өдөр байгуулсан 2020/5/09 дугаартай гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн болно. Анхан шатны шүүх 2020 оны 05 сарын 09-ний өдрийг гэрээг нотлох баримтаас хасаагүй боловч гэрээг үнэлээгүй байна. Хэрэв хариуцагчийн зүгээс гаргаж өгсөн гэрээг нотлох баримтын хувьд үнэлж үзвэл 2019 оны 11 сарын 01-ний өдрийн гэрээ 90 хоног үргэлжлээд 2020 оны 02 сарын 01-ний өдөр дуусаад, хэсэг завсарлаад 2020 оны 05 сарын 09-ний өдрөөс 2020 оны 08 сарын 09-ний өдөр хүртэл үргэлжлэх ёстой байсан. 2020/5/09 дугаартай гэрээг үнэлээгүйгээс болоод 019/01 дугаартай гэрээний хугацаа 2020 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилсэн байдлаар дүгнэгдсэн байна. Хоёр гэрээ дундаа 2 сар гаран завсарласан бөгөөд үүнд дүйцэх төлбөр нь 10 000 000 төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн төлөх ёстой төлбөрөөс 10 000 000 төгрөг хасагдаж, шүүхийн шийдвэрт 17 000 000 төгрөг төлөхөөр тусах ёстой байсан байна. Дээрх нөхцөл байдлаас харахад шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Н ДХХК нь хариуцагч И С А ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 37 500 000 төгрөг, хохирол 465 000 төгрөг, нийт 37 965 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг нь зөвшөөрч, үлдэх хэсгийг нь эс зөвшөөрч маргажээ./хх1-2, 24-29/

 

Хэргийн оролцогчид өрмийн тоног төхөөрөмж түрээслэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан, түрээсийн төлбөрийн хэмжээг нэг сарын 5 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон үйл баримтын талаар маргаагүй, харин түрээсийн гэрээний үргэлжилсэн хугацаа, түрээсийн төлбөрт төлөгдсөн мөнгөн дүнгийн хэмжээ талуудын маргааны зүйл болсон байна.

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 019/01 тоот /хх 10-12/ гэрээг үнэлсэн атлаа хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн 2020 оны 05 сарын 09-ний өдрийн 2020/05/09 тоот /хх 30-32/ гэрээг үнэлээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг болон холбогдох хуулийн этгээдийн тамгаар баталгаажуулсан учир 019/01 тоот гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл юм. /хх 10-11/ Харин 2020/05/09 тоот гэрээний хувьд тус гэрээнд Н ДХХК-ийн эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дарсан, И С А ХХК-ийн эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурагдаагүй боловч тамга дарагдсан байна. /хх 30-31/ Хариуцагч тал уг гэрээг байгуулсан гэж тайлбарлан, нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн учир хариуцагч талын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурагдаагүй нөхцөл байдал нь 2020/05/09 тоот гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

 

019/01 тоот болон 2020/05/09 тоот түрээсийн гэрээг нэг цаг хугацаанд байгуулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байхаас гадна эдгээр гэрээ хоорондын цаг хугацаа буюу гэрээгүй цаг хугацааны түрээсийн төлбөрийг хариуцахгүй гэсэн хариуцагч талын тайлбар нь түрээсийн зүйлийг эзэмшилдээ байлгасан үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй. Энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна. Учир нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч И С А ХХК нь 019/01 тоот түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй, харин мөн зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар түрээслүүлэгч Н ДХХК нь хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардах эрхтэй юм.

 

Түрээслэгч И С А ХХК нь 2019 оны 11 сарын 01-ний өдөр актаар хүлээн авсан /хх 12/ өрмийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг 2020 оны 08 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд ашигласан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон тул уг хугацаанд 5 000 000 төгрөг х 10 сар = 50 000 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөх үүргийг хүлээнэ. Үүнээс хэргийн баримтаар тогтоогдсон И С А ХХК-аас төлсөн 23 000 000 төгрөгийг /хх 89-93, 100/ хасч тооцоход нийт 27 000 000 төгрөгийн төлбөрийн үүрэг үлдэж байна.

 

Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас ирүүлсэн лавлагаанаас /хх 65-67/ үзэхэд нийт 465 000 төгрөгийн торгуулийг нэхэмжлэгчид ногдуулаагүй, харин нэр бүхий иргэдэд ногдуулсан болох нь тогтоогдож байх тул Н ДХХК-ийн хохирол гэж нэхэмжилсэн 465 000 төгрөгийг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагч И С А ХХК-аас 27 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ДХХК-д олгож, үлдэх 10 950 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зохигчийн төлөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарахаар заасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл нь анхан шатны шүүх хуралдааны явцад ...Манай талаас 27 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй... гэх агуулгаар тайлбар гаргасан нь холбогдох шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгагдсан байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв. /хх 103-арын нүүр, 106/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/00300 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч И С А ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР