Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2016/01253

 

Д.Нямдаваагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/04934 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1454 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Нямдаваагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Твайлайт констракшн” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие “Твайлайт констракшн” ХХК-д заслын инженер албан тушаалд 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан болно. “Твайлайт констракшн” ХХК-ийн зүгээс 2015 оны 10 дугаар сарын 05-нд захирал бүх ажилтнуудтай хурал хийж сул зогсолт зарласан. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж, нийгмийн даатгалд бичилт хийсэн байсан. 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр захирал Эрдэнэмөнхтэй очиж уулзахад 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн гэж мэдэгдсэн.Миний бие тушаалаа нэхсэн боловч тушаал гаргаж өгөхгүй байсаар улмаар 2016 оны 03 дугаар сарын 25-нд очиж уулзахад цалингүй чөлөө олгосон 2015/08 тоот тушаалыг танилцуулсан. Миний бие ажиллах хугацаандаа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй, өнөөг хүртэл ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй ажлаас чөлөөлсөн талаар мэдэгдсэн боловч ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй, Нийгмийн даатгалын дэвтэрт ажлаас чөлөөлсөн бичилт хийсэн байгаа тул хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэж байна. Иймд ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2015 оны 9 дүгээр сарын сүүлээр компанийн хувьд хийх ажилгүй болсон тул бид ажилтнуудаа 2015 оны 10 дугаар сарын 01-нд цалингүй чөлөө олгох тушаал гаргасан байсан бөгөөд 10 дугаар сарын сүүлээр ажил гарч, Д.Нямдавааг удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа буцаж ороогүй тул бид нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн. Д.Нямдаваа нь 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ирж тушаалтайгаа танилцсан. “Твайлайт констракшн” ХХК-ийн хувьд барилгын тогтмол ажил байдаггүй, зарим тохиолдолд хагас жилээр ч ажилгүй зогсдог бөгөөд бид 2015 оны намраас өнөөг хүртэл тодорхой гэрээлсэн ажилгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Д.Нямдаваа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн тушаалыг гардан авснаас хойш нэг сарын дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/04934 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Нямдавааг “Твайлайт констракшн” ХХК-ийн барилгын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Твайлайт констракшн” ХХК-иас 10 443 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Нямдаваад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нямдаваагийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Твайлайт констракшн” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “Твайлайт констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 182 038 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1454 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/04934 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Д.Нямдаваагийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн гэж бид үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж тодорхой заасан. Гэтэл Д.Нямдаваа нь тушаалаа 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гардаж авсан, ажлаас үндэслэлгүй халагдсан талаархи гомдлоо 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан байх бөгөөд энэ нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болох нь тодорхой байна. Гэтэл шүүхээс Д.Нямдаваагийн өмнө нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдсанаас өөр агуулгаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хугацаанаас эхлэн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхэлсэн мэтээр тайлбарлаж хэргийг шийдвэрлэснийг үндэслэлгүй хэмээн үзэж байна. Д.Нямдаваа нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажлаас үндэслэлгүй халагдсан талаархи нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, цалин нөхөн гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхээс хүлээн авахаас татгалзсан захирамжийг анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа гаргасан бөгөөд энэхүү захирамжийн үйлчлэл өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Нэхэмжлэгчийн зүгээс ажлаас үндэслэлгүй халагдсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэлд тодорхой дурдаж, нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнээс өмнөх гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ажлаас үндэслэлгүй халагдсан асуудлаар гаргаагүй нэхэмжлэл гэж ойлгогдохоор байна. Гэтэл шүүхээс “ажил олгогчийн шийдвэр утга агуулгын хувьд илэрхий алдаатай, ойлгомжгүй байсан учраас нэхэмжлэгч төөрөгдсөн нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь хөөн хэлэлцэх хугацаа болон түүнийг тоолохтой холбоотой хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зохигчдын хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Нямдаваа хариуцагч “Твайлайт констракшн” ХХК-д холбогдуулан заслын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч  “Твайлайт констракшн” ХХК нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж, шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Нямдаваа ажил олгогчийн тушаалыг гардан авсан, шүүхэд нэхэмжлэл гаргасан зэрэг маргааны үйл баримтын талаар шүүх бүрэн эрхийнхээ хэмжээнд нотлох баримтад үндэслэгдсэн дүгнэлт хийж, улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэснийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хөдөлмөрийн гэрээг цуцласан ажил олгогчийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаарх шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн шаардлагад нийцжээ.  

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/04934 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1454 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 183 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН