Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 609

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Долгорсүрэн би “А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад холбогдох “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжийн иргэн Т.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А*******” ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/209 дүгээр захирамжаар хангагдсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А*******” ХХК нь Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжийн иргэн Т.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/209 дүгээр захирамжаар маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул нэхэмжлэгч “А*******” ХХК Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн захирал Б.Э*******т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан тохиолдолд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлаж, баримтад гарын үсэг зуруулсан болно.

Гуравдагч этгээд Т.Б*******гийн “Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 450 тоот гэрчилгээний хугацаа сунгах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагын тухайд, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 5629 дүгээр шүүгчийн захирамжаар Хан-Уул дүүргийн 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар газар эзэмших эрхтэй иргэн Т.Б*******г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гуравдагч этгээд Т.Б******* нь өөрийнх нь Хан-Уул дүүргийн 2008 оны 224 дүгээр захирамжаар эзэмшиж буй газарт давхцуулан ашиглалтын гэрчилгээ гаргасан гэх үндэслэлээр “Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2012 оны 450 тоот гэрчилгээний хугацаа сунгах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлага гаргасан. Ийнхүү бие даасан шаардлага гаргахдаа маргаан бүхий 450 тоот гэрчилгээ нь өөрийнх нь газар эзэмших, ашиглах эрхийг зөрчиж байна хэмээн үзжээ. Харин Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/209 дүгээр захирамжаар 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар олгосон газар эзэмших эрхийг бүгдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хүчингүй болсон байна.  

Бие даасан шаардлагыг өөрийн зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах, сэргээлгэхээр гаргадаг бөгөөд энэхүү маргааны гуравдагч этгээд Т.Б*******гийн хувьд бие даасан шаардлага гаргах үндэслэл болсон газар эзэмших эрх хүчингүй болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар Т.Б*******г бие даасан шаардлага гаргах эрхгүй этгээд болжээ гэж шүүх дүгнэлээ. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “А*******” ХХК нь “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжийн иргэн Т.Б*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд Т.Б*******гийн Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргад холбогдуулан гаргасан “Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 450 тоот гэрчилгээний хугацаа сунгах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд Т.Б*******гаас 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс гаргуулан Т.Б*******д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжийн Захирамжлах нь хэсгийн 1-д заасан асуудлаар давж заалдах гомдол гаргах эрхгүй болохгүйг дурдсугай. 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжийн Захирамжлах нь хэсгийн 2-т заасан асуудлаар шүүгчийн захирамж бичгээр гарсан өдрөөс хойш долоо хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                 Н.ДОЛГОРСҮРЭН