Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 94

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Ганзоригт холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Дэнсмаа, А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Намуунзул,

Прокурор Б.Ичинхорол нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, шүүгч Ж.Долгормаа, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 06 сарын 28-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Ганзоригийн давж заалдсан гомдлоор Т.Ганзоригт холбогдох эрүүгийн 201611000079 дугаартай хэргийг 2016 оны 07 сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Энхбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 07 сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг Хар байрны 1-19 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Баацагаан овогт Төмөрсүхийн Ганзориг /РД: ЖЮ 86071934/

Төмөрсүхийн Ганзориг нь  2016 оны 02 сарын 09-ний орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг, Ялалтын 14-08 тоотод иргэн Э.Бадралтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хэвлийн тус газарт  нь  хутгалж   бие  махбодид  нь  хүнд  зэргийн  гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор: Төмөрсүхийн Ганзоригийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Төмөрсүхийн Ганзоригийг 5 /тав/ жил, 10 /арав/ хоногийн хорих ялаар  шийтгэн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан  Т.Ганзоригт оногдуулсан 5 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлж, ялтан Т.Ганзориг нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар ялтан Т.Ганзоригоос бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрт 155600 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Бадралд олгож, нэхэмжлэлээс 661690 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид хийлгэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар алаг иштэй хутга 1 ширхэгийг устгаж, хохирогч Э.Бадралын өмсөж явсан цамц 4 ширхэг, майк 1 ширхэг, футболка 1 ширхэг зэргийг буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Т.Ганзоригт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 06 сарын 28-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Ганзориг давж заалдах гомдолдоо: Бадамсүрэн, Алтантуул, Шинэбаяр, Мөнхөөлэй бид хэд Батсүхийнд сууж байтал Бадрал гаднаас орж ирээд миний эхнэр Алтантуул руу “Чи яагаад гэр бүл үймүүлээд байгаа юм бэ” гээд элдвээр харааж загнахаар нь бид хэд гарсан. Гэтэл араас гарч ирээд Алтантуулаас 2000 төгрөг нэхэж дарамталсан. Тэгэхээр нь Алтантуул байхгүй гэж хэлсэн чинь дэгээдэж унагаагаад өшиглөсөн. Би очиж салгасан. Ингээд Бадрал Батсүхийнх рүү явсан. Бид юу болсноо Бадамсүрэнд хэлэхээр Батсүхийнх рүү явсан. Шинэбаяр, Мөнхөөлэй 2 гадаа үлдэж Алтантуул бид 2 дотогш орсон. Хаалга онгорхой үлдсэн. Ороход Бадрал хутга бариад Алтантуул руу ална гээд дайрахад би түүний гарын шуунаас барьж хутгыг унагаасан. Ингээд биднийг хашааны хаалгаар гарах гэж байхад тэд хоорондоо хэрэлдээд байсан. Бид дөрөв Шинэбаярынд хоноод өглөө гэртээ ирсэн. Гэртээ байж байтал Бадамсүрэн Бадрал ах өөрийгөө хутгалаад эмнэлэгт байгаа гэж хэлсэн. Би Бадралыг хутгалаагүй, ямар ч гэм буруугүй. Гэтэл намайг буруутгаад байгаа учир энэ хэргийн үнэн зөвийг тогтоож өгнө үү гэжээ.    

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Шүүгдэгч Төмөрсүхийн Ганзориг нь согтуугаар 2016 оны 02 сарын 09-ний орой Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р баг, Ялалтын 14-08 тоотод иргэн Э.Батсүхийн гэрт хохирогч Э.Бадралтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хэвлийн тус газарт нь хутгалж бие махбодид нь хэвлийн хөндий, нарийн бүдүүн гэдэсний нэвтэрсэн шарх, хэвлийн гялтангийн үрэвсэл бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Э.Бадралын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "…Би Алтантуулыг айлгах гээд хөргөгчин дотор байсан никель оруулгатай хар иштэй хутгыг аваад Алтантуул руу далайсан чинь урдуур Ганзориг орж ирээд надтай зууралдахаар нь би хутгыг хөргөгчин дээр буцаагаад тавьсан. Тэгэхэд гэрийн гэрэл хальт унтрах шиг болоход Ганзориг намайг хутгалчихаад гараад явсан" гэх мэдүүлэг, гэрч Б.Шинэтулгын мөрдөн байцаалтад өгсөн  "... Бадрал ах хутга барьчихсан Алтантуулыг ална гээд дайраад байхаар нь Ганзориг Алтантуулыг өмөөрөөд Бадрал ахын хутгыг булааж авах гээд зууралдаад байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,  гэрч  Б.Алтантуулын мөрдөн байцаалтад өгсөн "... гэрт байхад Бадрал ах хөргөгчин дотроос хутга аваад намайг ална гээд дайрахаар нь манай нөхөр Ганзориг миний урдуур ороод Бадрал ахтай гэрийн баруун хэсэгт нь зууралдаад хутгыг нь авах гээд байсан. Тэгэхэд хаалгаар намайг Шинэтулга хойшоо татаж гаргасан" гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/, гэрч Э.Бадамсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн "... Бадрал ах гэрийн баруун хэсэгт тонгойгоод доошоо хараад суугаад байхаар нь би гудас дэлгээд дээш нь харуулаад хэвтүүлсэн. Тэгэхэд Бадрал ах “би хутгалуулчихлаа” гэж надад хэлсэн. Бадрал ах надад гэдсээ харуулахад хэвлийн хэсэгтээ 1 сантиметр орчим хатгагдсан байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 45/, гэрч Э.Батсүхийн мөрдөн байцаалтад өгсөн "... 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр манай гэрт Бадрал ах Ганзориг, Алтантуул хоёртой маргалдаад байсан. Тэгээд Бадрал ах гэнэт хөргөгчнөөс хар бариултай никель оруулгатай хутга аваад Алтантуулыг ална гээд далайхаар нь Ганзориг урдуур нь ороод болио гээд байсан...Бадрал ах намайг дуудаад “ах нь хүнд хутгалуулсан юм шиг байна” түргэн дуудаад өгчих гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 48/ болон Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2016 оны 02 сарын 17-ны өдрийн 117 тоот дүгнэлт, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-19/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-20/, хураан авах тогтоол /хх-ийн 21/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25/, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-27/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн 31, 32/, шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 84-85/, 2016 оны 03 сарын 22-ны өдрийн 1727 тоот шинжээчийн дүгнэлт, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 65-69/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэгт нотлогдвол зохих байдлыг тал бүрээс нь бүрэн зөв тогтоосон, хэргийн зүйлчлэл зөв, ялтанд оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Иймд ялтан Т.Ганзоригийн “Би хохирогчийг хутгалаагүй учир хэргийн үнэн зөвийг тогтоох” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 28-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Т.Ганзоригийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.НАРАНБАЯР                        

                      ШҮҮГЧИД                                      Б.ДЭНСМАА

                                                                                    А.ЭНХБААТАР