Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 311/ШШ2025/00156

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, шүүгч Т.Балжинням, шүүгч З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй

Хариуцагч: УБ хот, Баянзүрх дүүргийн 34-р хороо, ээж хайрхны ........ задгай ......... тоотод оршин суух, ........... овогт .........ын Д..........т /РД:............/ холбогдох

Байгаль экологид учруулсан гэм хорын хохирол 10.763.943 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 2024 оны 10 дугаар сарын 23-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С.........., хариуцагч Б.Д....... /цахимаар/, түүний өмгөөлөгч Б.Э......., иргэдийн төлөөлөгч Б.А........., нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн прокурорын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар "Ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож тогтооно гэж заасан байх тул хэрэг бүртгэлтийн 222300145 дугаартай хэрэгт Завхан аймгийн Түдэвтэй сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан 2022 оны 09 дугаар сарын 30-ны өдрийн 06 дугаартай дүгнэлтээр гаргасан 50 ширхэг нойтон, шинэс төрлийн хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээ 3.587.981 төгрөгийн хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож Б.Д.....ээс 10.763.943 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С........ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Прокурорын тухай хуулийн 17, 20, 21 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар Завхан аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй Б.Д........т холбогдох 10.763.943 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож тайлбар гаргаж байна. Тухайн хэргийн тухайд Б.Д....... нь хууль бусаар мод бэлтгэж хашаа барьсан байна гэдэг гомдол мэдээллийн дагуу хэрэг бүртгэл нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааг явуулсны эцэст прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дугаартай тогтоолоор Б.Д....... нь мод хууль бусаар бэлтгэсэн буюу Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг дэвсгэр Ямаан ус гэх газраас ойгоос эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж ойн захад гаргасан байсан 50 ширхэг модыг тээвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Гэвч тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Миний бие өөрийн хариуцсан ажил чиг үүргийн хүрээнд Б.Д........ийн хэргийг хаасан тогтоолуудтай танилцах явцдаа төр нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан зүйл байна уу гэж үзэж байхад төрд хохирол учруулсан байдаг. Хууль бусаар модыг тээвэрлээд хашаа барьсан байгаа учраас уг нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэл гаргах үндэслэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 510 дугаар зүйлд заасны дагуу төр гэм хор учруулсан учраас уг хохирлыг гэм буруутай этгээдээр төлүүлэх үндэслэл бий болсон гэж үзсэн. Хохирол учирсан гэдэг нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.4 дэх хэсэгт зааснаар ойн санд учирсан хохирлыг 3 нугалж төлүүлнэ гэж заасан байдаг. Ийм учраас 3.587.981 төгрөгийг 3 нугалж 10.763.943 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Тухайн хэрэгт хяналт тавьсан прокурорын зүгээс энэ бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж тодорхойлсон. Эрүүгийн хуульд хууль бусаар зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдан авсан үйлдлийг гэмт хэрэгт тооцно гэж заасан байдаг. Мод тээвэрлэсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцох уу, үгүй юу гэдэг маргаантай асуудал яригдаж байсан боловч Улсын Дээд Шүүхээс 2020 онд жишиг тогтоол гарсан. Зөвшөөрөлтэй модыг тээвэрлэсэн байх юм бол гэмт хэрэгт тооцохгүй гэдэг асуудал яригдана. Түүнээс зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцогдоно гэдэг чиглэл өгсөн байдаг. Б.Д......ийн зүгээс би тухайн модыг бэлтгээгүй гэж хариу тайлбар гаргаж байгаа боловч Б.Д..... бэлтгээгүй боловч цаана нь нойтон хэрэглээний модыг хэн бэлтгэсэн юм бэ, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа үндэслэлтэй тайлбар гаргах ёстой. Гэтэд Б.Д......ийн тээвэрлээд, хашаа барьсан модыг хэн бэлтгэсэн юм бэ, үнэхээр хууль ёсны зөвшөөрөлтэй байсан гэдгийг Б.Д........ тайлбарлаж чадахгүй байгаа. Иргэний хэрэгт гэрч нарын мэдүүлгийг ирүүлсэн байгаа. Гэрч нар мэдүүлэхдээ очоод үзэхэд давирхай нь гоожсон нойтон мод байсан гэдэг, мөн шинжээчийн дүгнэлтээр хашаа барьсан мод нойтон мод байна гэж гарсан. Ойгоос ямар ч зөвшөөрөлгүйгээр хэрэглээний нойтон мод битгий хэл мод аваад явах эрх байхгүй. Нэг талаас иргэн би үүнийг мэдээгүй гэж тайлбарлах боломжгүй, хууль мэдэхгүй байна гэдэг нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн зарчимтай. Модыг бэлтгээд орхисон байсан гэж тайлбарлаж байгаа боловч их хэмжээний нойтон хэрэглээний модыг хэний ч зөвшөөрөлгүйгээр хэрэглээд хашаа барьж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэсэн прокурорын хэргийг хаасан прокурорын дүгнэлт бол үндэслэлтэй гэж үзэж байна. Нэгэнт Б.Д....... ийм гэмт хэрэг үйлдсэн учраас ойн санд учирсан хохирлыг барагдуулах ёстой. Ойн санд хохирол учирна гэдэг нь нэгдүгээрт төрийн эрх ашиг сонирхолд хохирол учирч байгаа, хоёрдугаарт нийтийн эзэмшлийн ой учраас нийтийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үзсэн учраас миний бие дээрх нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна. ийм учраас Б.Д........ээс нэхэмжлэлд дурдагдсан төгрөгийг гаргуулахыг хүсэж байна гэв.

Хариуцагч Б.Д...... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...би тухайн үед өөрөө нойтон мод бэлтгээгүй хүний бэлдсэн байсан модыг авч малын хашаа барьсан. Иймд учраас гэм хорын хохиролд 10 сая төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжилж байгаа мөнгийг төлж чадахгүй гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э.......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал хариуцагчийг тухайн модыг бэлтгэсэн гэдгийг нотлоогүй байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд мод бэлтгэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материалаас харахад гэрч М........ийн мэдүүлэгт тухайн ойн захад байсан модыг ачиж ирсэн хашаа барьсан үйл баримт тогтоогдож байна. Гэтэл тухайн модыг Б.Д....... л бэлтгэхгүй бол өөр хэн бэлтгэдэг юм бэ гэдэг байр сууринаас хандаж болохгүй. Яагаад гэвэл бид хэрэгт авагдсан баримтын хүрээнд ярихаас биш таамгаар ярих боломжгүй. Ж....... болон зарим гэрч нарын мэдүүлгээс харахад багийн хурал дээр маргалдаж, түүний улмаас өс санаж энэ асуудал үүссэн байдаг. Өнөөдөр Ж........ гэдэг хүн гэрчийн мэдүүлэг өгөхгүй, ирэхгүй байгаа нөхцөл байдал байгаа учраас тухайн хүний мэдүүлгийг эх сурвалжаа зааж мэдүүлсэн мэдүүлэг гэж үзэх боломжгүй. Тухайн модоор хашаа барьсан гэдэг дээр маргах зүйлгүй. Харин модыг бэлтгэсэн гэх үйл баримт иргэний хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Мөн тухайн хашааг 2020 онд, 2021 онд барьсан уу, эсхүл 2018 онд барьсан уу гэдэг асуудал байгаа. Хашааг барилцсан М........ мэдүүлэгтээ тухайн хашааг 2018 онд барьсан гэдэг. Хэрэв 2018 онд хашаа баригдсан юм бол тухайн онд ойн санд хохирол учирсан бол Байгаль орчны хамгаалах тухай хуульд зааснаар байгаль хамгаалагч улсын байцаагч хяналт тогтоож хохирол нөхөн төлбөр тооцох асуудал яригдах ёстой. Үүн дээр Б.Д..........ийн буруутай үйлдэл гэхээсээ илүү байгаль орчны байцаагчийн ажлаа хийгээгүй нөхцөл байдал байна. Тухайн модоор барьсан хашааг 2018 онд баригдсан гэж үзэх юм бол хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэдгийг харгалзан үзнэ үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: ...Б.Д.......ийн нойтон мод тээвэрлэсэн үйлдэл нь буруу боловч хохирлыг гурав дахин нэмэгдүүлж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэв.

Нэхэмжлэгч байгууллагаас: Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн дүгнэлт, иргэн С.Т............оос аймгийн прокурорын газарт хандаж гаргасан өргөдөл, эрүүгийн хэргийн материалаас тухайн нөхцөл байдлыг тогтоож байсан тухай баримт ирүүлсэн.

Хариуцагчаас: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаараа тайлбарласан тайлбар ирүүлсэн

Шүүхээс: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу гэрчүүдээс мэдүүлэг авах ажиллагааг хийж нотлох баримтаар авагдсан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Прокурорын газраас хариуцагч Б.Д.......т холбогдуулан байгаль экологид учруулсан хохиролд 10.763.943 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Прокурорын газраас нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа Б.Д...... нь 2018 онд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг дэвсгэр Ямаан ус гэх газрын ойгоос эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 50 ширхэг нойтон шинэс мод бэлтгэж, тээвэрлэн байгаль экологид 3.587.981 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 10.763.943 төгрөгийг хариуцагчаас гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж өгнө уу гэжээ.

Хариуцагч Б.Д..... ...миний бие хүний бэлдсэн модыг авч малын хашаа барьсан уг модыг би бэлдээгүй учир нэхэмжилж байгаа 10 гаран сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас байгаль экологид учирсан бодит хохирол болох 3.587.981 төгрөгийг гаргуулж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь: Хариуцагч Б.Д..... нь 2018 онд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг дэвсгэр Ямаан ус гэх газарт ойн захад бэлтгэж гаргаж тавьсан 50 ширхэг нойтон шинэс модыг тээвэрлэж ашигласан болох нь хэрэгт авагдсан Завхан аймгийн прокурорын газрын прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дугаартай Хэрэгт бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын Иргэн Б.Д......... нь 2018 онд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг дэвсгэр Ямаан ус гэх газарт байх ойгоос эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бэлтгэж ойн захад гаргасан байсан 50 ширхэг нойтон шинэс модыг зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн эзэмшлийн улсын дугааргүй пронтер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж Гөөжөвын өвөлжөө гэх газарт малын хашаа барьж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна... гэсэн хэсгээр болон хариуцагч Б.*******ийн ойн захад бэлтгэсэн нойтон мод тээвэрлэж өвөлжөө барьсан тухайгаа хүлээн зөвшөөрсөн тайлбараар нотлогдон тогтоогджээ.

Түүний тээвэрлэсэн нойтон шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь нийт 3 587 981 төгрөг байсан нь хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан материалаас хэрэгт авагдсан Завхан аймгийн Түдэвтэй сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16 дугаартай ...шинэс төрлийн нойтон модонд шууд ба шууд бус үр ашгийн үнэлгээний нийлбэр 369 436 төгрөг хэрэглээний нойтон бөөрөнхий модны итгэлцүүр-1.8 нойтон модны итгэлцүүр-1.4 хэрэглээ-5.1х1.8х3694366=3391442 төгрөг галын түлээ-0.38х1.4х369436=169539 төгрөг, нийт 3 587 981 төгрөгийн хохирол учруулсан гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Хариуцагч Б.Д........ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойн мод тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдсон боловч түүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Завхан аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 29 дугаартай Хэрэгт бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор тогтоогдсон бөгөөд Б.Д....... нь зөвшөөрөлгүйгээр шинэс модыг тээвэрлэж өөртөө ашигласнаар байгаль экологид хохирол учруулсан гэж үзэв.

Хэдийгээр түүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хэдий ч түүнийг байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С.......... хариуцагч Б.Д..........ийг нойтон мод бэлтгэж тээвэрлэсэн учир түүнээс хохирлыг модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулах шаардлага гаргаж гэм хорын хохирол барагдуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тодорхой этгээд буюу хэний ямар үйлдэл эс үйлдэхүйн улмаас хэнд ямар хэмжээний хохирол учруулсан болохыг шаардаж байгаа этгээд буюу нэхэмжлэгч нотлох үүрэгтэй. Гэм хор учруулсан хохирол шаардахад хариуцагч этгээдийн гэм буруутай үйлдэл, түүнээс бусдад учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоо тогтоогдсон байх учиртай.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Б.Д........ийн нойтон модыг бэлтгэсэн гэх үйлдэл хангалттай нотлогдоогүй.

Харин түүний зохих байгууллагаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр нойтон шинэс төрлийн модыг тээвэрлэсэн, ашигласан үйлдэл тогтоогдож байна.

Хариуцагчийн дээрх үйлдлийн улмаас ойн санд нийт 3 587 981 төгрөгийн хохирол учирсан байгаа нь хоорондоо шууд шалтгаант холбоотой гэж үзлээ.

Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ойд хууль бусаар мод бэлтгэсэнтэй адилтган үзэх тухай зохицуулалтад хууль бусаар мод тээвэрлэсэн этгээдийг хууль бусаар мод бэлтгэсэнтэй адилтгахаар заагаагүй учир ойн санд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлэх үндэслэлгүй гэж үзэн хариуцагчаас 3 587 981 төгрөгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3-т зааснаар Байгаль орчин уур амьсгалын санд оруулж нэхэмжлэлийн шаардлагаас 7 175 962 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э......... шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа Б.Д........ нь уг модыг 2018 онд тээвэрлэсэн учир Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхэлж тоолохоор хуульчилсан байна.

Хариуцагч Б.Д........ийн нойтон мод хууль бусаар тээвэрлэсэн гэх үйлдлийг төрийн эрх ашгийг хамгаалах эрх бүхий этгээд тухайн үед мэдээгүй, мэдэх боломжгүй байж байгаад 2022 онд иргэн Ж.........ын мэдээллээр мэдсэн учир 2022 онд шаардах эрх үүссэн гэж үзнэ.

Иймд гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Д........ээс байгаль экологид учруулсан гэм хорын хохиролд 3 587 981 төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 175 962 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлага 3 587 981 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 72 367 төгрөгийг хариуцагч Б.Д.......ээс гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ

ШҮҮГЧИД Т.БАЛЖИННЯМ

З.НАНДИНЦЭЦЭГ