2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/00467

 

 

 

 

 

 

 

2025 01 22

191/ШШ2025/00467

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Ц******* овогт Э*******ын Э******* /ИБД:*******/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А******* ХХК /рд:*******/,

Хариуцагч: Ц******* С******* овогт Д*******гийн М /ИБД:/-д холбогдох,

68,904,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Э.Э*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Э.Э******* 2021 оны 05 сарын 17-ны өдөр А******* ХХК-ны захирал Д.Мтай орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Ред Вилл Аппартмент цогцолбор хотхонд 46.4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1м.кв 990,000 төгрөгөөр нийт 45,936,000 төгрөгөөр авахаар тохирсон. Хаан банкин дахь А******* ХХК-ийн данс руу гэрээний төлбөр 45,936,000 төгрөгийг хийсэн. Гэрээний төлбөрийг бүтэн төлсөн. Гэрээний 3.1-т зааснаар 2022 оны 1, 2-р улиралд ашиглалтад орно гэж гэрээ хийсэн. Гэрээний 6.3-т зааснаар 0,02 хувийн алданги төлөхөөр заасан тул алданги нэхэмжилж байна. Би өөрөө цэргийн ангид ажилладаг зээл аваад бүх мөнгөө өгсөн, тэр үед мөнгөний ханш гайгүй байсан, одоо байр түрээслээд явж байна. Байр ашиглалтад ороогүй, хундам нь ч ухагдаагүй. Гэрээ хийхээр очиход 7 хоногийн дараа цутгалтаа авна гэж байсан. Тухайн үеийн мөнгөний ханш болон байрны м.кв-ийн үнэ хямд байсан бол одоо байрны үнэ тэнгэрт хадаж миний хувьд маш их хохирсон. Иймд гэрээний төлбөрт төлсөн 45,936,000 төгрөг, алданги 22,968,000 төгрөг, нийт 68,904,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа:

...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган А******* ХХК болон тус компанийн гүйцэтгэх захирал гэх иргэн Д.М нараас 68,904,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч А******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Э.Э*******гийн гаргасан 68,904,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Э.Э******* нь манай компанийн гүйцэтгэж буй барилгын ийн 7 дугаар давхрын В тоот орон сууцыг захиалсан бөгөөд тус барилгын ажил нь Дэлхий нийтийг хамарсан цар тахал, хил гааль хаагдсан, бараа материалын хомсдол, бараа материалын үнийн огцом өсөлт, эдийн засгийн хямрал зэргээс шалтгаалан барилга ашиглалтад орох хугацаа хойшилж түр зогссон байсан. Иймд нэхэмжлэлээс үндсэн төлбөр болох 45,936,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алдангийн төлбөр 22,968,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул эвлэрч, хугацаа тогтоон хуваарийн дагуу төлж байх саналтай байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Орон сууц захиалгын гэрээ, 45,936,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт, нэхэмжлэгч Э.Э*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, хууль зүйн туслалцааны гэрээ баримтыг бүрдүүлж өгсөн, хариуцагчаас А******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг гаргаж өгсөн, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь Орон сууц захиалгын гэрээний төлбөрт төлсөн 45,936,000 төгрөг, алданги 22,968,000 төгрөг, нийт 68,904,000 төгрөгийг хариуцагч А******* ХХК, иргэн Д.М нараас гаргуулахаар шаарджээ.

3. Хариуцагч А******* ХХК нь нэхэмжлэлээс үндсэн төлбөр 45,936,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги 22,968,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тайлбар гаргаж, хариуцагч Д.М бичгээр тайлбар гаргаагүй байна.

4. Нэхэмжлэгч Э.Э*******, хариуцагч А******* ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр №21440207 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 8-р хорооны нутаг дэвсгэр апартмент цогцолбор хотхоны , 1-р орц, 7 давхар, В тоот хаягт байрлах, 46.4 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг гүйцэтгэгч А******* ХХК нь барьж гүйцэтгэн ашиглалтанд оруулан захиалагч Э.Э*******д хүлээлгэн өгөх, захиалагч Э.Э******* орон сууцны үнийг төлөх үүрэг хүлээжээ.

Мөн уг гэрээнд орон сууцны 1 м.кв-ийн үнийг 990,000 төгрөгөөр тооцож, нийт 45,936,000 төгрөгийг захиалагч гэрээ байгуулах үед төлсөн, орон сууцыг 2022 оны I-II улиралд багтаан барьж дуусгах талаар тусгажээ.

5. Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан Ажил гүйцэтгэх гэрээ байна гэж үзлээ.

Уг гэрээний дагуу захиалагч буюу нэхэмжлэгчийн хөрөнгөөр гэрээний 1.2-т заасан орон сууцыг гүйцэтгэгч болох А******* ХХК барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ.

Хариуцагч А******* ХХК нь гэрээнд заасан хугацаа болох 2022 оны I-II улиралд орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, уг орон сууц ашиглалтад ороогүй байна.

Иймээс нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээний төлбөрт төлсөн мөнгөө шаардаж байна.

6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1. Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. Мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1. Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр заасан.

Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийг төлсөн ба хариуцагч А******* ХХК нь орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан 2022 оны I-II улирлын хугацаа өнгөрсөн, орон сууц одоо ашиглалтад ороогүй, хариуцагч А******* ХХК нь гэрээний төлбөрт авсан 45,936,000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

7. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1. Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1. Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Э.Э******* нь хариуцагч А******* ХХК-иас гэрээний төлбөрт өгсөн 45,936,000 төгрөгийг шаардах эрхтэй.

8. Орон сууц захиалгын гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т Гүйцэтгэгч нь ашиглалтанд оруулахаар гэрээнд заасан хугацаанаас 90 хоногоос дээш хугацаагаар хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлсөн нийт үнийн дүнгийн 0.02 хувьтай тэнцэх алдангийг захиалагчид төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байгаа тул 45,936,000 төгрөгөөр 0.02 хувийн алдангийг 2 жил буюу 730 хоногоор тооцож 6,706,656 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч А******* ХХК-иас 45,936,000 төгрөг, алданги 6,706,656 төгрөг, нийт 52,642,656 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Э*******д олгож, нэхэмжлэлээс 16,261,344 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

9. Харин хариуцагч Д.М нь А******* ХХК-ийн гүйцэтгэх захирал болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэлтэй байгаа боловч нэхэмжлэгч нь гэрээг хуулийн этгээдтэй байгуулсан тул гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлж байгаа этгээд хувь иргэний хувиар гэрээний хариуцлага хүлээхгүй тул Д.Мад холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч А******* ХХК нь гэрээний төлбөр, алдангийг төлөх үүрэгтэй гэж шүүх үзсэн болно.

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А******* ХХК-иас нэхэмжлэлийг хангасан дүн 52,642,656 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч А******* ХХК-иас 45,936,000 төгрөг, алданги 6,706,656 төгрөг, нийт 52,642,656 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Э*******д олгож, нэхэмжлэлээс 16,261,344 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч Д.Мад холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 504,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 421,163 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Э*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 12, 2024 оны 12 сарын 23-ны өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамжууд нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ