Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 171

 

 

 

 

 

    

   2018            02            15                                     171

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг, 

Улсын яллагч С.Оюунжаргал,

Арван зургаан насанд хүрээгүй хохирогч Б.М,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б,

Шүүгдэгч Р.П,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогийн Р.Пд холбогдох 1803 0000 10019 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Р.П, Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ________ ам бүл 3, нөхөр, 8 настай хүүхдийн хамт амьдардаг, ______________________ урьд ял шийтгэлгүй. /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Р.П нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 08 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны  нутаг дэвсгэр, 1 дүгээр хорооллын “Номин” худалдааны төвийн хойд талын замд “Тоёота спасио” маркийн 3484 УНМ улсын дугаартай автомашиныг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэснийг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй жолоодон явахдаа мөн дүрмийн 12.7-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчиж явган зорчигч 14 настай Б.М гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Р.П мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Арван зургаан насанд хүрээгүй хохирогч С.М мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 07 цаг 40 минутын үед сургуульдаа явахаар гэрээсээ гарч автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны “Номин” худалдааны төвийн тэнд буугаад урд талын замаар гарцаар гарч явахад цэнхэр өнгийн машин их хурдтай давхиж ирээд мөргөж унагаад хөлөн дээгүүр гараад явсан. Тэгээд босох гэтэл хөл дээрээ тогтож чадахгүй, хөл хойшоогоо эргэсэн. Р.Пын машин нь мөргөсөн хэсгээрээ хонхойсон байсан. Зам тээврийн ослын дараа Р.П “чи машины толь хагалчихлаа” гээд байсан. Р.П намайг ногоон гэрлээр гараад явж байхад яагаад машинаараа дайрч хохироож байгаа юм бэ. 2 хоногийн дараа хагалгаанд орсон. Миний бие ээжийнхээ хамт хоёулаа амьдардаг. Гэмтлийн улмаас цай ундаа уух, бие засах газар орох зэрэг бүхэнд хүний тусламж хэрэгтэй болсон. Хичээлдээ явж чадахгүй хичээл, сургалтаасаа маш их хоцорсон. Энэ оны 2 дугаар сараас эхлэн сургуульдаа явж байгаа бөгөөд өглөө бүр хичээлдээ таксигаар явах шаардлагатай болж мөнгө их зарж байна. Энэ бүх мөнгийг эмээ, өвөөгөөсөө авч байна. Р.П нь зам тээврийн ослын дараа хэлэхдээ хичээлд чинь өглөө бүр хүргэж өгнө, мөнгө өгнө гэсэн ч хэлсэн зүйлээ хийгээгүй. Р.Птай утсаар ярихаар ярьдаггүй, уулзъя гэхээр ч уулздаггүй. Надад хичээл дээрээ хоол авч идэх ч мөнгө алга. Гэтэл машинаараа дайрсан Р.П гэх хүн өөрөө болохоор чинээлэг, ганган хүн байсан. Миний ээж намайг асрах гэж ажлаасаа гарсан. Энэ хүн адилхан эх хүн байж эх хүний сэтгэлийг ойлгох байлгүй. Р.П “ганц хөлний төлөө маш их мөнгө авах гээд байгаа юм уу, ганц хөлний төлөө 4,000,000 төгрөг нэхээд байхдаа яахав дээ” гэж хэлсэн. Миний амь насыг яагаад ингэж хэлж байгаа юм. Энэ хүн нэг ч удаа эмнэлгээс гэр хүртэл зөөж хүргэж өгөөгүй. Р.П яагаад хохирлын мөнгийг төлөхгүй байгааг мэдэхгүй байна. Хөлөндөө 9 шруп төмөр тавиулсан. Дахин хагалгаанд орж төмрөө авахуулах ёстой. Мөн зам тээврийн ослын улмаас цаашид санаа зовж байгаа учир MRI шинжилгээ хийлгэх шаардлагатай байна. Иймд хохирлын төлбөр, шинжилгээний төлбөр  болон цаашид гарах зардлыг гаргуулж өгнө үү гэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б мэдүүлэхдээ: Зам тээврийн осол болсон өдөр Р.П урьд өдөр нь нойргүй хоносон гэж ярьж байсан. Р.П “та санаа зоволтгүй хүүхдээ асар, цалин хөлсийг чинь өгнө” гэж хэлж байсан. Энэ хүн охиныг эмнэлэгт хэвтэхэд зарим хэрэгцээтэй зүйлийг авч өгсөн. Дараа нь хохирлын мөнгө төлөөгүй. Хохирлын мөнгөө гаргуулмаар байна. Үүнд:

Эм тарианы зардалд 73,550 төгрөг

Хуурай хүнсний зардалд 52,319 төгрөг,

Хоолны зардалд 87650 төгрөг нэхэмжилж байна. Мөн миний бие нь охины хамт хоёулаа амьдардаг бөгөөд цайны газарт туслах тогооч хийдэг байсан. Ингээд ажлаасаа гарсан тул цаашид хүүхдээ эрүүл саруул болох хүртэл асаргаа сувилгааны зардалд бодож нэг сарын цалин хөлсийг 616,000 төгрөгөөр тооцож, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацааны нийт цалин 3,696,000 төгрөг, бүгд 4,349,519 төгрөг нэхэмжилж байна. 2018 оны 2 дугаар сараас охиноо сургуульд нь явуулж, 2018 оны 2 дугаар сараас 5 дугаар сарын хугацаанд өглөө сургуульд нь хүргэж өгөх, өдөр хичээлээс нь авч гэрт нь хүргэж өгч байхаар хувиараа таксинд явдаг хүнтэй нэг өдрийн 3500 төгрөгөөр тохирч, нийт 350,000 төгрөг төлсөн. Үүнийг нэмж нэхэмжилнэ гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1803 0000 10019 дугаартай хэргээс:

 

1. Арван зургаан насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн:

“...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 8 цаг 00 минутын үед би 1 дүгээр хорооллын “Номин” худалдааны төвийн хойд талын замынхаа урд талаас хойд тал руу зам хөндлөн гарч байтал замын баруун талаас зүүн тал руу явж байсан машин намайг мөргөсөн. Дараад нь би мөргүүлсэн машинтайгаа гэмтлийн эмнэлэг явсан. Би явган зорчигчийн талд ногоон гэрэл асах үед зам руу орсон. Намайг зам руу орох үед машинууд явган хүний гарцны цаад талд гэрэл хүлээгээд зогсож байсан. Би зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гарч байсан. Би тэр үед ганцаараа явж байсан, гэхдээ зам хөндлөн гарах гээд олон хүн явж байсан. Миний зүүн хөл гэмтсэн. Миний зам хөндлөн гарч байсан замын машины хөдөлгөөн их, зам түгжрэлтэй, үзэгдэх орчин чөлөөтэй сайн харагдаж байсан.  Зам дээр халтиргаа, гулгаа байгаагүй. Гадаа цаг агаар тогтуун сайхан байсан. Би эрүүл мэндээрээ хохирсон болохоор гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг[1],

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бы 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн:

“...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 08 цагийн үед би гэртээ байж байтал манай дүү Энхтуяа надад утсаар Мг машинд дайруулчихлаа, та хурдан гэмтлийн эмнэлэг дээр ирээч гэхээр нь би шууд гэмтлийн эмнэлэг дээр очтол манай охин 1 дүгээр хороололд зам хөндлөн гарч байгаад зүүн хөлөө машинд дайруулаад хугалсан гэсэн оноштой байж байсан. Манай охиныг мөргөсөн жолооч нь гэх нэг эмэгтэй манай охины хажууд зогсож байсан...” гэх мэдүүлэг [2],

 

3. Гэрч Р.Ц 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтад  өгсөн:

“...Би тэр үед, би бас тэр замаар зам хөндлөн гарч байгаад тэр хүүхдийг машинд мөргүүлэхийг нь хараад цагдаагийн 102 дугаартай утсанд дуудлага өгсөн нь үнэн. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн өглөөний 08 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Номин худалдааны төвийн хойд талын зам замынхаа хойд талаас урагшаа чигтэй зам хөндлөн гарах гээд замын хашлага иртэл явган хүний талд улаан гэрэл асаад машинууд замаар яваад хөдөлгөөнтэй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа гэрэл солигдож явган хүний талд ногоон гэрэл асах үед машинууд явган хүний гарцны наад талд зогссон. Тэгэнгүүт замын урд болон хойд талд зогсож байсан явган зорчигч нар зам руу орсон, би ч бас зам руу орсон. Тэгтэл гэнэт замын 2 дугаар эгнээнд зогсож байсан суудлын автомашин гэнэт хөдлөнгүүтээ замын урд талаас хойд тал руу явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан охиныг мөргөж газар унагаж байгаа харагдсан. Би цагдаад дуудлага өгсөн. Харин тэр машины жолооч эмэгтэй хүүхдийг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг явлаа гээд явсан...” гэх мэдүүлэг [3],

 

4.Шүүгдэгч Р.Пын 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар  мөрдөн байцаалтанд өгсөн:

“...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өглөөний 08 цаг 00 минутын үед өөрийнхөө эзэмшлийн “Тоёота-Спиасо" маркийн 3484 УНМ улсын дугаартай автомашинаа бариад “Москва” хорооллоос Улсын их дэлгүүр лүү ажилдаа очих гээд явж байсан. Тэгээд 1 дүгээр хорооллын “Номин” худалдааны төвийн хойд талын замаар баруунаасаа зүүн чигтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 20-30 км/цагийн хурдтай явж байгаад явган хүний гарцан дээр ирэхэд ногоон гэрэл унтраад шар гэрэл асангуут би гарц руу орсон. Энэ замын урд талд гэрэл хүлээгээд зогсож байсан хүмүүс зам руу орох үед тэр хүмүүс хамгийн түрүүнд буюу хүмүүсийн баруун захад явж байсан охин миний машины баруун талын толинд шүргэгдэж газар унангуут нь би зогссон. Тэгээд машинаасаа гарч ирээд охиныг машиндаа суулгаад шууд гэмтлийн эмнэлэг явсан... би 2012 онд “Жон-Бээс” авто сургуульд сурч жолооч болсон. 2017 оны 3 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж эрхээ 1 жил 3 сараар хасуулсан... Тэр үед манай хүүхэд ханиад хүрээд хүндэрсэн байсан болохоор би өглөө эрт яаралтай ажил дээрээ  очиж даргаасаа чөлөө авах гэж машин барьж явсан... Би охины эмчилгээний зардалд 561.400 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг [4],

 

5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14761 дугаар дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Баруун зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцралттай.

2017 оны 11 дүгээр сарын 21-ний зүүн шагайн рентген зурагт зүүн шагайн гадна, дотор хавчаар яс зөрүү бүхий хугаралттай харагдана. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн рентгенд зүүн шагайн гадна, дотор хавчаар бэхэлгээтэй байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгийн 13747 тоот өвчний түүхээс:

2017 оны 11 дүгээр сарын 21-нд эмнэлэгт хэвтсэн. Хэвтэх үеийн зовиур: Зүүн хөлийн шагайн үеэр өвдөнө. Хэсэг газрын үзлэгт: зүүн хөлийн шагайн үеэр өвчин эмзэглэл ихтэй, хаван хавдартай, хөдөлгөөн хязгаарлагдмал, шагайн үений хэлбэр дүрс алдагдсан, аравч гипс тавиад хэвтүүлэв гэжээ. Урьдчилсан онош: Зүүн шилбэний гадна болон дотор хавчаар ясны далд хугарал гэжээ.

...үндсэн онош: Зүүн шагайн гадна дотор хавчаар ясны далд хугарал, мултрал. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн мэс заслын тэмдэглэлээс: зүүн шагайн үений дотор хажуу хэсэгт хугарлын түвшинд 2-3 см дагуу зүслэг цус тогтоолттой хийж мохоо аргаар үечлэн нээсээр дотор хавчаарын хугаралд хүрч зөрөөг эвлүүлээд рентген харалттай мултралыг засч 1 ширхэг шургаар өрөмдөж, шурагдан хугарлыг бэхлэв. Цээжний рентген болон хэвлийн эход гэмтлийн гаралтай өөрчлөлтгүй.

Дүгнэлт:

1.Б.Мгийн биед зүүн шагайн гадна, дотор хавчаар ясны далд хугарал, зүүн шагайн үений мултрал, хугарал засах мэс заслын дараах байдал /2017.11.23/, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн  дүгнэлт /шинжээч Г.Ханхүү/ [5]

 

6. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 17/60914 дугаар дүгнэлтийн:

“...3484 УНМ улсын дугаартай Тоёота маркийн Спиасо загварын автомашиныг тоног төхөөрөмжөөр үзэж, шалган шинжээчийн дүгнэлт гаргав.

Рэнчинсамбуу овогтой Р.Пын эзэмшлийн “Тоёота-Спиасо” маркийн, хөх өнгөтэй, Япон улсад үйлдвэрлэсэн, 3484 УНМ улсын, NZE1213093209 арлын дугаартай суудлын автомашиныг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14.00 цагаас 14.40 цаг хүртэл MNS4598:2011 Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага стандартыг шалгуур болгон MNS5011:2003 Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар стандартыг мөрдлөг болгон тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд:

Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 2мм/м, урд тэнхлэгийн зүүн дугуйн тоормосны хүч 1,6 кH, баруун урд дугуйн тоормосны хүч 1,9 кH, тоормосны хүчний зөрүү 15,79 % /стандартаар 20%/ , хойд тэнхлэгийн дугуйн зүүн дугуйн тоормосны хүч 0,5 кH, баруун дугуйн тоормосны хүч 0,5 кH, тоормосны хүчний зөрүү 0% /стандартаар 30%/ буюу тоормосны систем бүрэн ажиллагаатай.

Дугуйн хээний гүн 2,14-3,80 мм байна. Уг тээврийн хэрэгслийг техникийн үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгасан үзүүлэлтүүд нь “Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011, MNS5011:2003 стандартуудыг шаардлагыг бүрэн хангаж байна. “Тоёота-Спиасо” загварын автомашины арыг харах толь, холын гэрлийн тусгалын хүч зэрэг нь тухайн осол хэрэг гарахад нөлөөлөхгүй гэж үзэж байна. ...” гэсэн дүгнэлт, 

 

7. Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 49 дугаар дүгнэлтийн:

1.Тоёота-Спиасо маркийн 34-84 УНМ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Р.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.7-д “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2.1-д “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна:

а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч Б.М нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна” гэсэн дүгнэлт [6] ;

 

8. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, бэхжүүлсэн гэрэл зураг [7], Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас [8] ;

 

9. Арван зургаан насанд хүрээгүй хохирогч Б.Мд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршигийн зардлыг нэхэмжилсэн баримтууд [9], мөн хууль ёсны төлөөлөгчийн цалин хөлсний талаарх тодорхойлолт [10], арван зургаан насанд хүрээгүй хохирогчийн төрсний гэрчилгээний хуулбар[11], Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт арван зургаан насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн хэвтэн эмчлүүлсэн талаарх 13747 дугаар өвчний түүх[12], шүүгдэгч Р.Паас насанд хүрээгүй хохирогч Б.Мд эмнэлэгт хэвтэхэд  эмчилгээнд нь төлсөн зардлын жагсаалт, баримтууд [13] ;

 

10. Шүүгдэгч Р.Пын иргэний үнэмлэхийн лавлагаа [14], ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [15], тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа [16], хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа[17], Цагдаагийн Ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 21, 22-ны өдөр гаргасан жолоочийн лавлагаа, мэдээлэл [18], 3484 УНМ улсын дугаартай “Тоёота Спиасо”

 загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч Р.П болох тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар [19], Р.Пын оршин суугаа хаягийн тодорхойлолт [20], түүний талаарх Асап сангийн лавлагаа [21] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Ц нь эрүүгийн хариуцлагийн шүүх хуралдаанд шүүгдэгч Р.Пын хүүхдийн тухай тодорхойлолтыг шинэ нотлох баримтаар шүүхэд өгөх хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй бөгөөд шүүх хуралдаанд тогтоосон дарааллын дагуу нотлох баримтыг шинжлэн судалсан, хуульд зааснаар нотлох баримт судлах үе шат дууссан, нөгөө талаар тогтоосон дарааллын үед хүсэлт, баримтаа гаргаагүй, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд нотлох баримт гаргах тухай хүсэлт нь хуульд нийцээгүй болно.

Харин шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийг яллагдагчаар, насанд хүрээгүй хохирогч, хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

   Шүүхийн хууль зүйн дүгнэлт.

   Гурав. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шудрага ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.П нь Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр хорооллын “Номин” худалдааны төвийн хойд талын замд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 08 цаг 00 минутын орчимд “Тоёота спасио” маркийн 3484 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна:

а) тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” гэснийг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ  жолоодон явахдаа мөн дүрмийн 12.7-д заасан “Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа /аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа/ явган зорчигчид зам тавьж өгнө” гэснийг зөрчиж явган зорчигч арван зургаан насанд  хүрээгүй буюу 14 настай Б.Мгийн эрүүл мэндэд зүүн шагайн гадна, дотор хавчаар ясны далд хугарал, зүүн шагайн үений мултрал, хугарал засах мэс заслын дараах байдал /2017.11.23/ зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Арван зургаан насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 8 цаг 00 минутын үед би 1 дүгээр хорооллын “Номин” худалдааны төвийн хойд талын замын замынхаа урд талаас хойд тал руу зам хөндлөн гарч байтал замын баруун талаас зүүн тал руу явж байсан машин намайг мөргөсөн. ...Би явган зорчигчийн талд ногоон гэрэл асах үед зам руу орсон. Намайг зам руу орох үед машинууд явган хүний гарцны цаад талд гэрэл хүлээгээд зогсож байсан. Би зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар гарч байсан. Би тэр үед ганцаараа явж байсан, гэхдээ зам хөндлөн гарах гээд олон хүн явж байсан. Миний зүүн хөл гэмтсэн. ...Би эрүүл мэндээрээ хохирсон, гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг [22],

-мөн арван зургаан насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө сургуульдаа явахаар гэрээсээ гарч автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны “Номин” худалдааны төвийн тэнд буугаад урд талын замаар гарцаар гарч явахад цэнхэр өнгийн машин их хурдтай давхиж ирээд мөргөж унагаад, хөлөн дээгүүр гараад явсан. Тэгээд босох гэтэл хөл дээрээ тогтож чадахгүй, хөл хойшоогоо эргэсэн. Р.Пын машин нь мөргөсөн хэсгээрээ хонхойсон байсан. Р.П намайг ногоон гэрлээр гараад явж байхад яагаад машинаараа дайрч хохироож байгаа юм бэ. 2 хоногийн дараа хагалгаанд орсон.  ...” гэх мэдүүлэг [23],

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бы мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн өглөө 08 цагийн үед би гэртээ байж байтал дүү Энхтуяа утсаар Мг машинд дайруулчихлаа, та хурдан гэмтлийн эмнэлэг дээр ирээч гэхээр нь гэмтлийн эмнэлэг дээр очсон. Манай охин 1 дүгээр хороололд зам хөндлөн гарч байгаад зүүн хөлөө машинд дайруулаад хугалсан гэсэн оноштой байж байсан. ...” гэх мэдүүлэг [24],

-Гэрч Р.Ц мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний  өглөөний 08 цагийн үед би Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Номин” худалдааны төвийн хойд талын зам, замынхаа хойд талаас урагшаа чигтэй зам хөндлөн гарах гээд замын хашлага иртэл... гэрэл солигдож явган хүний талд ногоон гэрэл асах үед.... явган зорчигч нар зам руу орсон. Би ч бас зам руу орсон. Тэгтэл гэнэт замын 2 дугаар эгнээнд зогсож байсан суудлын автомашин гэнэт хөдлөнгүүтээ замын урд талаас хойд тал руу явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан охиныг мөргөж газар унагаж байгаа харагдсан... би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг [25],

-Шүүгдэгч Р.Пын яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өглөөний 08 цаг 00 минутын үед би өөрийнхөө эзэмшлийн “Тоёота-Спиасо” маркийн 3484 УНМ улсын дугаартай автомашинаа бариад ...1 дүгээр хорооллын “Номин” худалдааны төвийн хойд талын замаар баруунаасаа зүүн чигтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 20-30 км/цагийн хурдтай явж байгаад явган хүний гарцан дээр ирэхэд ногоон гэрэл унтраад шар гэрэл асангуут би гарц руу орсон. Энэ замын урд талд гэрэл хүлээгээд зогсож байсан хүмүүс зам руу орох үед тэр хүмүүс хамгийн түрүүнд буюу хүмүүсийн баруун захад явж байсан охин миний машины баруун талын толинд шүргэгдэж газар унангуут нь зогссон... 2017 оны 3 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж эрхээ 1 жил 3 сараар хасуулсан...” гэх мэдүүлэг [26],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн 14761 дугаар дүгнэлт,

-Шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 49 тоот дүгнэлт [27],

-2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, бэхжүүлсэн гэрэл зураг [28], Цагдаагийн Ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас [29] , Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт арван зургаан насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн хэвтэн эмчлүүлсэн талаарх 13747 дугаар өвчний түүх[30], Цагдаагийн Ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 21, 22-ны өдөр гаргасан жолоочийн лавлагаа, мэдээлэл [31] зэрэг бичгийн нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Р.П нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Р.П нь 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 1 жил 3 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл, Асап сангийн лавлагаа зэргээр тогтоогдсон бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа арван зургаан насанд хүрээгүй хохирогчийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт хангалттай тогтоогдсон .

Р.П нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан ба, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх шинжийг хангасан буюу дээрх зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдэн гэж үзэх хууль зүйн үндэслэл болжээ.

Иймд Тээврийн прокурорын газраас Р.Пд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дах заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Р.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар Р.Пыг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пд холбогдох хэргийн зүйлчлэлд маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцох ба хохирол учруулсны улмаас  үүссэн үр дагаварыг хор уршигт тооцно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б мөрдөн байцаалтад хохирогчийн эмчилгээний зардалд 81,550 төгрөг, хүнс, хоолны зардалд 131,368 төгрөг, нийт 212,918 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 20 хоног хүүхдээ асарч ажлаа хийгээгүй үндэслэлээр 20 хоногийн цалин хөлс 440,000 төгрөг, хүүхдээ асрах шаардлагаар ажлаасаа гарсан үндэслэлээр 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх 6 сарын хугацааны цалин хөлс 3,696,000 төгрөг, 2018 оны 2 дугаар сараас арван зургаан насанд хүрээгүй хохирогч Б.Мг сургуульд нь таксигаар хүргэх, авах зэрэгт үйлчлүүлэхээр 350,000 төгрөгөөр хувь иргэнтэй тохиролцож төлсөн үндэслэлээр тээврийн зардал 350,000 төгрөг, бүгд 4,698,918 төгрөгийг нэхэмжилсэн ба хэрэгт 212,918 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б нь хувийн цайны газарт туслах тогоочоор ажилладаг байсан бөгөөд унааны зардал 2000 төгрөг, өдрийн цалин хөлс 20,000 төгрөг, сард нийт 616,000 төгрөгийг авдаг байсан гэж тайлбарлаж, энэ талаараа хэргийн 30 дугаар талд Л.Уламбаяр гэх хүний тодорхойлолтыг ирүүлсэн байх боловч уг баримт нь шаардлага хангахгүй байна.

Шүүгдэгч Р.П нь гэмт хэрэг гарсны дараа арван зургаан насанд хүрээгүй хохирогчийн эмнэлэгт хэвтэхэд шаардагдсан ахуйн хэрэглэл хөнжлийн даавуу, гэрийн халад, өмд, алчуур, саван, нойлын цаасны төлбөр 57,400 төгрөг, хадаасны үнэ 350,000 төгрөг  болон хагалгааны дараах шаардагдах бинтны 7000 төгрөг, памперсны 2600 төгрөг, гипсний үнэ 8400 төгрөг, такси үйлчилгээний хөлсний 50,000 төгрөг, суга таягны 35,000 төгрөг, витамины 51,000 төгрөг зэрэг, бүгд 561,400 төгрөгийг хохирогчид төлсөн тухай жагсаалтыг хэргийн 71-72 дугаар талд ирүүлж, хадаасны үнэ 350,000 төгрөгийн, витамины үнэ 51,000 төгрөгийн, гипс, бинтны үнэ 15,400 төгрөгийн, суга таягны үнэ 35,000 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б нь шүүгдэгч Р.Паас хохирогчид 561,400 төгрөгийн эд зүйл авч өгсөн талаар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

Харин шүүгдэгч Р.П нь шүүх хуралдаанд хохирогчийн дээр дурдсан 4,698,918 төгрөгийн нэхэмжлэлээс тээврийн зардал 350,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад зардлыг төлөхгүй гэж маргасан.

Шүүх хохирогчийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангасан 212,918 төгрөгийн зардлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв. Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчээс нөхөн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тээврийн зардал 350,000 төгрөгийг гаргуулахаар, нийт шүүгдэгчээс 562,918 төгрөгийг гаргуулж хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид олгохоор гэм буруугийн хурлаас шийдвэрлэсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчид нөхөн төлүүлэхээр шүүхээс тогтоосон хохирлын төлбөрийг төлөх тухай хүсэлт гаргаж, тус үндэслэлээр шүүх хуралдааныг завсарлуулсан бөгөөд шүүх хуралдаан завсарласан хугацаанд шүүгдэгч Р.П нь арван зургаан насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Бд 600,000 төгрөг нөхөн төлсөн байна.

Иймд шүүгдэгч Р.П нь арван зургаан насанд хүрээгүй хохирогчид учруулсан гэм хорын хохиролд 1,161,400 төгрөгийг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б нь хохирогчийг асрах шаардлагаар ажлаасаа гарсан гэсэн үндэслэлээр цалин хөлс нэхэмжилсэн боловч тодорхой байгууллагад харьяалагдан ажил үүрэг гүйцэтгэж байсан талаар хууль ёсны шаардлага хангасан баримтгүй тул түүний цалин хөлсөнд нэхэмжилсэн 4,136,000 төгрөгийг тус тогтоолоор шийдвэрлэх боломжгүй, шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн,  мөн арван зургаан насанд хүрээгүй хохирогч дахин хагалаанд орох тухай шүүхэд мэдүүлсэн тул цаашид гарах хохирол, хор уршигийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Р.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгч тухайн үед хэрэг гарах болсон шалтгаан нь Р.П нь хүүхдээ эмнэлэгт үзүүлэх шаардлага гарч тээврийн хэрэгсэл жолоодсон, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хөндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Р.П нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгэлгүй байх ба [32] гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн.

Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийг харгалзан өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэж, шүүгдэгч Р.Пын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, арван зургаан насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлж мэдүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан шийдвэрлэв.

Арван зургаан насанд хүрээгүй хохирогч нь эхийн хамт амьдардаг, хөлний хагалгаанд орж суга таягтай, удаан хугацаагаар хичээлээсээ завсардсан, улмаар өвчтэй байх хугацаандаа эхийн асрамжид байсан байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Р.П нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаарх зардлыг нөхөн төлж барагдуулах талаар холбогдох арга хэмжээг бүрэн аваагүй байна.

Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хэд, хэдэн үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлыг арга хэмжээг тогтоох талаар заасан.

Иймд шүүхээс шүүгдэгч Р.Пд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Р.Пын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 3, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Р.Пыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Р.Пын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн  хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад шүүгдэгч Р.Пд гэмт хэргийн хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.П нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Р.Пын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Р.Пд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шүүхийн тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

7. Шүүгдэгч Р.П цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар арван зургаан насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн хууль ёсны төлөөлөгч С.Б нь цалин хөлс 4,136,000 төгрөгийг болон тус эрүүгийн хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршигийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Р.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, арван зургаан насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

 

 

 


[1] хавтаст хэргийн 14 дүгээр тал

[2] хавтаст хэргийн 15-16 дугаар тал

[3] хавтаст хэргийн 33 дугаар тал

[4] хавтаст хэргийн 68-69 дүгээр тал

[5] хавтаст хэргийн 39-40 дүгээр тал

[6] хавтаст хэргийн 59 дүгээр тал

[7] хавтаст хэргийн 2-6 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 84-86 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 21-23, 25-29, 38 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 30 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 31 дүгээр тал.

[12] Хавтаст хэргийн 43-51 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 71-76 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 98 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 91 дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 88 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 81 дүгээр тал.

[18] Хавтаст хэргийн 94, 95 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 96 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 99 дүгээр тал.

[21] Хавтаст хэргийн 100-101 дүгээр тал.

[22] хавтаст хэргийн 14 дүгээр тал

[23] Хавтаст хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэлээс

[24] хавтаст хэргийн 15-16 дугаар тал

[25] хавтаст хэргийн 33 дугаар тал

[26] хавтаст хэргийн 68-69 дүгээр тал

[27] хавтаст хэргийн 59 дүгээр тал

[28] хавтаст хэргийн 2-6 дугаар тал

[29] Хавтаст хэргийн 84-86 дугаар тал.

[30] Хавтаст хэргийн 43-51 дүгээр тал.

[31] Хавтаст хэргийн 94, 95 дугаар тал.

[32] хавтаст хэргийн 91 дүгээр тал