| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0599/З |
| Дугаар | 128/ШШ2025/0126 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2025/0126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ХХК
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс
Маргааны төрөл: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хууль зөрчсөн үйлдлийн улмаас *******-******* аймгийн сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлүүлж чадаагүй эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 01-ний ******* тоот албан бичгээр татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, үлдэгдэл талбай болох 272.76 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгуулахыг даалгах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь *******-******* аймгийн сумын нутаг дэвсгэр "" нэртэй ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрлийн талбайд хамаарагдах худаг /*******/-ийн чулуун нүүрсний ордын 416,62 гектар бүхий талбайд 2010- 2012 онуудад өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн хайгуулын үр дүнгийн тайланг боловсруулан "Уул уурхайн яам"-ны "Ашигт малтмалын газар"-ын "Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл"- ийн хурлаар хэлэлцүүлж 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ХХ-12-08/01 дугаартай "Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт"-ээр баталгаажуулж, Ашигт малтмалын газрын 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн "Нөөц бүртгэх тухай" н/149 дугаартай тушаалаар нөөцөөр бүртгэсэн. Гэтэл манай компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 887 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь заалтыг тус тус хангаагүй гэх үндэслэлээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Үүнээс хойш манай компани нь тасралтгүй шүүхэд маргаж байгаа ба эцсийн байдлаар дараахь байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. 1. "Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хууль зөрчсөн үйлдлийн улмаас *******-******* аймгийн сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлүүлж чадаагүй эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх"-ийг хүссэн шаардлагын үндэслэлийн тухайд: Дээр дурдсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 887 дугаар шийдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно". 25 дугаар зүйлийн 25.1-д "Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:" 25.1.2-т "тухайн этгээд энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт" гэж тус тус заасныг үндэслэсэн байх ба манай компани нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бүртгүүлж гэрчилгээ авснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд татан буугдаагүй, дампуураагүй байтал ийнхүү шийдвэрлэж байгаа нь хууль бус байна. Тус шийдвэртэй холбогдуулан гаргасан гомдлын дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр сонсох ажиллагаа явуулсан бөгөөд тус байгууллагын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн дарга /хуучин нэрээр/-аас Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 887 дугаар шийдвэрийн үндэслэлийг хараад буруу шийдвэр гэж үзэж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 7.1-ийг бариад татан буугдсан гэж үндэслэн гарсан шийдвэр нь хууль зөрчсөн гэж харж байна" гэж үзсэн нь сонсох ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан байна. Хэдийгээр хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хууль зөрчсөн захиргааны үйл ажиллагааныхаа талаар хүлээн зөвшөөрсөн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 887 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон эрх зүйн актыг өнөөдрийг хүртэлх хугацаанд гаргаагүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д "Хайгуулын Тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй", 25 дугаар зүйлийн 25.1-д "Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана" гэж тус тус заасны дагуу манай компани нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын тоот тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрх нь нээлттэй байтал тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл шалтгаалах байдлаар, төрийн захиргааны байгууллагын буруутай шийдвэрээс шалтгаалан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө шийдвэрлэж чадаагүй нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Энэ ч утгаараа манай компаниас "Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 25.1.2-т заасныг зөрчсөн хууль бус захиргааны үйл ажиллагаанаас улмаас *******-******* аймгийн сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын XV- 015163 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлүүлж чадаагүй эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх"-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3, 106 дугаар зүйлийн 106.3.5 дахь заалтын дагуу шийдвэрлүүлэх ашиг сонирхол байгаа гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэх тогтоолгох нэхэмжлэлийг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолоор тайлбарласан ба тус тогтоолын Тайлбарлах хэсгийн 3-т "... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.3 дахь заалтын "нийтийн эрх зүй харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэл" гэдэгт нэхэмжлэгч болон бусад оролцогч (хариуцагч, гуравдагч этгээд гэх мэт)-ийн хооронд, эсхүл тодорхой эд юмсын хувьд нийтийн эрх зүйн хэм хэмжээний үндсэн дээр тодорхой эрх зүйн үр дагавар үүссэн эсэхийг буюу эрх, үүрэг байгаа, эсхүл байхгүйг тогтооход чиглэгдсэн нэхэмжлэлийн шаардлага гэж ойлгоно. Мөн заалтын "нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг" гэдэг нь нэхэмжлэлээр шаардаж буй нийтийн эрх зүйн харилцаа байгааг, эсхүл байхгүйг шүүхээс тогтоосноор нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхүйц, хамгаалагдахуйц байхыг ойлгоно. Нийтийн эрх зүйн харилцааг тогтоолгох нэхэмжлэлийг нэгдүгээрт, хүн, хуулийн этгээдийн зүгээс нэхэмжлэлийн бусад үндсэн төрлүүдийг (хүчингүй болгох, даалгах) гаргах боломжгүй, гаргасан ч ижил үр дүнд хүрэхээргүй байх тохиолдолд хоёрдугаарт, нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлээр шаардаж буй нийтийн эрх зүйн харилцааг зайлшгүй шүүхээр тогтоолгох хамгаалагдахуйц ашиг сонирхол байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авна" гэж, 7-д "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан "эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх" гэдгийг нэхэмжлэгчийн тогтоолгохыг шаардаж буй нийтийн эрх зүйн харилцаа байгаа нь, эсхүл байхгүй нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, эсхүл дуусгавар болох зэргээр эрх зүйн тодорхой үр дагавар үүсэх буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдах боломжтой эсхүл боломжгүй бол шүүхээс тухайн эрх зүйн харилцаа байгааг, эсхүл байхгүйг тогтоосон шийдвэр гаргах бөгөөд уг заалтын "... тогтоож, хүлээн зөвшөөрөх" гэсэн нь эрх зүйн өөр өөр үр дагаврыг үүсгэхгүй, ижил агуулгатай гэж ойлгоно" гэж тус тус тайлбарласан байна. Үүнээс үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 Дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан эрх олгосон зохицуулалтад нэхэмжлэгчийн явуулахдаа "... Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 887 дугаар шийдвэрийн үндэслэлийг хараад буруу шийдвэр гэж үзэж байгаа. 7.1-ийг бариад татан буугдсан гэж үндэслэн гарсан шийдвэр нь хууль зөрчсөн гэж харж байна" гэж хүлээн зөвшөөрсөн талаа үлдэгдэл талбай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шүүхээр шийдвэрлүүл гэж татгалзсаныг хууль бус гэж үзэж байна. Зүй нь Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 887 дугаар шийдвэрийн хууль бус үндэслэлийг хүлээн зөвшөөрч байгаатай холбоотойгоор манай компанийн эзэмшиж буй 416,62 гектар талбайгаас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон 143.86 гектар талбайг хасч 272,76 гектар талбайг нэмж олгох ёстой байсан гэж манай компаниас үзэж байна. Нөгөө талаараа "Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 25.1.2-т заасныг зөрчсөн хууль бус захиргааны үйл ажиллагаанаас улмаас *******-******* аймгийн Т******* сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлүүлж чадаагүй эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх"-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн тохиолдолд, өмнө нь эзэмшиж байсан 416,62 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгуулах бүрэн боломжтой буюу шүүхийн шийдвэр биелэгдэж, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой гэж үзэж байна. Манай компани нь урьд өмнө нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, өөрчлөх байдлаар олон нэхэмжлэлийг гаргаж байсан бөгөөд эцсийн байдлаар "Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 25.1.2-т заасныг зөрчсөн хууль бус захиргааны үйл ажиллагаанаас улмаас *******-******* аймгийн сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлүүлж чадаагүй эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх", "Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 01-ний ******* тоот албан бичгийн хууль бус болохыг тогтоолгож, үлдэгдэл талбай болох 272.76 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгуулахыг даалгах" гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.аас шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Анх 2004 онд энэ хайгуулын тусгай зөвшөөрөл нь олгогдсон байдаг. Тэгээд 2009 онд одоо *******-******* аймгийн сумын нутаг худаг /*******/ гэсэн хайгуулын тусгай зөвшөөрлийг бол хэсэгчилсэн байдлаар манай компанид шилжүүлж байсан. байдаг 2009 оноос хойш 2015 оныг хүртэл хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүссэн өргөдөл гаргах хүртэлх хугацаанд хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ зохих ёсоор хууль тогтоомжид заасны дагуу хийж, үүргээ биелүүлж нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллаж ирсэн. Ашигт малтмалын тухай хууль, тогтоомжийн дагуу холбогдох татвар хураамж, тусгай зөвшөөрлийн болон үйлчилгээний төлбөр зэргийг тогтоосон хугацаанд бүрэн төлж ирсэн. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Геологи хайгуулын ажлын зардлыг хийж гүйцэтгэн, зардлыг гаргаж бүртгүүлээд эрдэс баялгийг мэргэжлийн зөвлөлийн ордын нөөцийг батлуулсан байдаг. 2014 оны 07 дугаар сард Ашигт малтмалын газрын даргын тушаалаар ордын нөөцийг бүртгэсэн байдаг. Тусгай зөвшөөрлөөс гадна энэ үйл ажиллагаатай холбоотойгоор манай компанийн зүгээс хайгуулын ажлын зардалд гэхэд 165 сая төгрөг, бусад зардалд гэхэд 200 гаруй сая төгрөгийн зардлууд өнөөдрийг хүртэл гаргаад явж байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор Б. төлөөлөгч тайлбарлана. гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.гээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэх тогтоолгох нэхэмжлэлийг Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолоор тайлбарласан ба тус тогтоолын Тайлбарлах хэсгийн 3-т ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай тайлбарлах хэсгийн зүйлийн 52.5.3 дахь заалтын "нийтийн эрх зүй харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэл гэдэгт нэхэмжлэгч болон бусад оролцогч (хариуцагч, гуравдагч этгээд гэх мэт)-ийн хооронд, эсхүл тодорхой эд юмсын хувьд нийтийн эрх зүйн хэм хэмжээний үндсэн дээр тодорхой эрх зүйн үр дагавар үүссэн эсэхийг буюу эрх, үүрэг байгаа, эсхүл байхгүйг тогтооход чиглэгдсэн нэхэмжлэлийн шаардлага гэж ойлгоно. Мөн заалтын нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг гэдэг нь нэхэмжлэлээр шаардаж буй нийтийн эрх зүйн харилцаа байгааг, эсхүл байхгүйг шүүхээс тогтоосноор нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхүйц, хамгаалагдахуйц байхыг ойлгоно. Нийтийн эрх зүйн харилцааг тогтоолгох нэхэмжлэлийг нэгдүгээрт, хүн, хуулийн этгээдийн зүгээс нэхэмжлэлийн бусад үндсэн төрлүүдийг (хүчингүй болгох, даалгах) гаргах Боломжгүй, гаргасан ч ижил үр дүнд хүрэхээргүй байх тохиолдолд хоёрдугаарт, нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлээр шаардаж буй нийтийн эрх зүйн харилцааг зайлшгүй шүүхээр тогтоолгох хамгаалагдахуйц ашиг сонирхол байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авна" гэж, 7-д "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан "эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх" гэдгийг нэхэмжлэгчийн тогтоолгохыг шаардаж буй нийтийн эрх зүйн харилцаа байгаа нь, эсхүл байхгүй нь тогтоогдсон бөгөөд шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн хувьд ямар нэгэн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, эсхүл дуусгавар болох зэргээр эрх зүйн тодорхой үр дагавар үүсэх буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хамгаалагдах боломжтой эсхүл боломжгүй бол шүүхээс тухайн эрх зүйн харилцаа байгааг, эсхүл байхгүйг тогтоосон шийдвэр гаргах бөгөөд уг заалтын "... тогтоож, хүлээн зөвшөөрөх" гэсэн нь эрх зүйн өөр өөр үр дагаврыг үүсгэхгүй, ижил агуулгатай гэж ойлгоно" гэж тус тус тайлбарласан байна.
2015 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэр гарсан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь заалтыг үндэслэн татгалзсан байдаг. Уг татгалзсан хууль зүйн үндэслэлээ хариуцагч талаас Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно. гэсэн шаардлагыг хангаагүй гэх үндэслэл нь хууль бус байна гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан. Хариуцагчаас зохион байгуулсан сонсох ажиллагааны тэмдэглэлд маш тодорхой дурдсан байдаг. Хэдийгээр хариуцагч тал өөрсдийн буруутай үйл ажиллагаа болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээсэн тухай эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахгүй байна. Тэгэхээр нэхэмжлэлийн эхний шаардлагатай холбоотой гол агуулга нь бид нарт 2015 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан. Уг харилцааг хариуцагчаас хүлээн зөвшөөрч тогтоолгосноороо бид нарт ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах хууль ёсны ашиг сонирхол, хүсэл зориг бий учраас энэ агуулгаар нэхэмжлэл гаргаж байна. Дараагийн шаардлагын тухайд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10/1964 тоот албан бичгээр татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, үлдэгдэл талбай болох 272.76 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгуулахыг даалгах шаардлагын тухайд тус компани 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 02/24 тоот албан бичгээр ...*******-******* аймгийн сумын нутагт орших 15163Х дугаартай нэртэй 416,62 гектар талбайд 2010-2012 онуудад гүйцэтгэх хайгуулын ажлын үр дүнгийн тайланг боловсруулан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ХХ-12-08/01 дугаар дүгнэлтээр баталгаажсан. 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн Ашигт малтмалын газрын даргын нөөц бүртгэх тухай н/149 дугаартай тушаалаар нөөцөд бүртгэгдсэн байна. Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний едрийн 887 дугаартай шийдвэр гаргах ёсгүй байсан 416,62 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ёстой байтал 143,86 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн нь алдаатай гэсэн үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хандсан. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* тоот албан бичгээр "... Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр 143,86 гектар талбай бүхий бүхий дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд талбайг томсгон 416,62 гектар болгох асуудлаар шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү" гэсэн хариуг өгсөнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэдийгээр манай компанид Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр 143.86 гектар талбай бүхий дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх боловч 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсээс сонсох явуулахдаа Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 887 дугаар шийдвэрийн үндэслэлийг хараад буруу шийдвэр гэж үзэж байгаа 7.1-ийг бариад татан буугдсан гэж үндэслэн гарсан шийдвэр нь хууль зөрчсөн гэж харж байна" гэж хүлээн зөвшөөрсөн атлаа үлдэгдэл талбай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шүүхээр шийдвэрлүүл гэж татгалзсаныг хууль бус гэж үзэж байна. Зүй нь Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 887 дугаар дугаар шийдвэрийн хууль бус үндэслэлийг хүлээн зөвшөөрч байгаатай холбоотойгоор манай компанийн эзэмшиж буй 416.62 гектар талбайгаас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон 143.86 гектар талбайг хасч 272,76 гектар талбайг нэмж олгох ёстой байсан гэж манай компаниас үзэж байна. Нөгөө талаараа "Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 25.1.2-т заасныг зөрчсөн хууль бус захиргааны үйл ажиллагаанаас улмаас *******-******* аймгийн Төгрөr сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлүүлж чадаагүй эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх"-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн тохиолдолд, өмнө нь эзэмшиж байсан 416,62 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгуулах бүрэн боломжтой буюу шүүхийн шийдвэр биелэгдэж, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжтой гэж үзэж байна. .Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй" гэж заасны дагуу "******* " ХХК-иас 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн "Хүсэлт гаргах тухай" 1/50 дугаар албан бичгээр *******-******* аймгийн сумын нутаг орших 416.63 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрөлийн тодорхой хэсэг болох 268.6 га талбайг ашиглалтын лиценз болгох хүсэлт ирүүлсэн. Тус хүсэлтийн дагуу өргөдөлд танилцах хуудсаар нөөц тооцсон талбайгаас хэт бага учир талбайгаас хасах санал гаргасан байна. Тус саналын дагуу "******* " ХХК-иас 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн "Хүсэлт гаргах тухай" 1/54 дүгээр албан бичгээр *******-******* аймгийн сумын нутаг орших 416.63 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-XV- 015163 дугаар тусгай зөвшөөрлийн тодорхой хэсэг болох 143.0 га талбайг ашиглалтын лиценз болгох хүсэлт ирүүлсэн байна. Тус хүсэлтийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянан үзэж Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 887 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь заалтыг тус тус хангаагүй гэсэн шалтгаанаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна. Иймд "******* " ХХК-ийн 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/50 дугаар албан бичгээр гаргасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх талбайгаа ялгаж зарладаг. 463 дээр нь зарлах эсвэл бол 143 дээр зарлах гэж 143-ийг нь сонгон шалгаруулалт зарлаад тэгээд ХХК шалгараад явчихсан. ХХК-аас тусгай зөвшөөрлийг шилжүүлж кадастр хийлгэсний дараа 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 143 дугаар шийдвэр ******* ХХК-д болбол бүхэлд нь шилжүүлсэн. Гэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 онд сонгон шалгаруулалт зарласан. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл тухайн талбайд эзэмшихэд ашиглалтын тусгай зөвшөөрлийг авах өргөдөл гаргах эрхтэй гэх хуулийн дагуу ******* ХХК-аас ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргах өргөдлийг гаргасан. Үүний дагуу 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр 143 гектар талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож MV-22788 дугаартай ашиглалтын тухай зөвшөөрлийг анх олгосон. Хариуцагчийн зүгээс 2019 онд сонгон шалгаруулалт зарлаад, сонгон шалгаруулалтаар анх 2019 оны 440 дүгээр шийдвэрээр 143 гектар талбайг олгосон. ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Хайгуулын тусгай зөвшөөрлөө 2024 оны 03 дугаар сард ******* ХХК-д шилжүүлсэн. ******* ХХК-аас 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 95 дугаар шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. 143 гектар талбайн хайгуулын тусгай зөвшөөрлийг 2019 онд олгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу Хайгуулын тусгай зөвшөөрлийг уг талбай дээрээ Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл гаргах эрхтэй гэсэн асуудлаар 143 гектар талбайг олгож өгсөн. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Өмнө нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар нэхэмжлэгч компаниас 2022 онд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргаар 2015 оны 887 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулъя гэж гаргасан. Тэгээд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 196 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэрэгсэхгүй болгож, татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын гол татгалзах үндэслэл нь 2015 оны 887 шийдвэртэй одоо холбоотой асуудлаар нэмж талбайгаа авахаар болсон гэдэг асуудлаар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж шийдвэрлэсэн. Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс эвлэрлийн журмаар шийдвэрлэхээр тохиролцож хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг тохиролцоо гарсан бөгөөд уг асуудлыг шийдвэрлэх шатанд явагдаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн. 2013 онд дууссан байна. 3 жилээр олгож, 3 удаа сунгаж явдаг. Тэгэхээр нийт 12 жилээр байдаг. Хайгуулын лиценз дуусахаас өмнө хүсэлтээ гаргасан байдаг. Ашиглалтын тусгай зөвшөөрөл болон хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаандаа гаргадаг. 2015 оны 10 дугаар сарын 21-ний 887 дугаар шийдвэрээр Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай гэж *******-******* аймгийн сумын ашигт малтмал хайгуулын одоо 416 гектар дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хэсэгчлэн 143.79 гектар талбайгаас ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаж үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт заасныг хангаагүй тул ******* ХХК-д олгохоос татгалзах, эсхүл ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гарсан. Үүнтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч компаниас Ашигт малтмал, газрын тосны газарт өргөдөл, гомдол удаа дараа гаргасан. Энэ өргөдөл гомдлын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 11.1.26-д заасан асуудлыг эрхэлнэ гэж заасны дагуу ашигт малтмал олгох, цуцлах, тусгай зөвшөөрөл олгох асуудал нь зөвхөн кадастрын хэлтсийн нэгжийн асуудал юм. Кадастрын хэлтсийн нэгжээс сонсох ажиллагааг болбол 2022 онд 04 дүгээр сарын 19-ний өдөр сонсох ажиллагааг хийсэн байдаг. Кадастрын хэлтсийн дарга, кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн, кадастрын хэлтсийн мэргэжилтэн, нэхэмжлэгч компанийн төлөөллүүдийг оролцуулж сонсох ажиллагаа хийсэн. Сонсох ажиллагаанд нэхэмжлэгч компанийн албан тоотыг судлан үзлээ. 2015 оны 10 дугаар сарын 21-ний 887 дугаар шийдвэр нь гарах ёсгүй шийдвэр байсан. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо тус хэлтэс нь тус компанийн татварын өртэй өр өртэй эсэхийг шалгах чиг үүрэг байхгүй. Иймд дээрх шийдвэр нь хууль бус гэдэгт санал нэгдэж байна гэсэн ийм сонсох ажиллагааг кадастрын хэлтсийн мэргэжилтэн, дарга нар нь хийсэн байдаг. 2015 оны татгалзсан шийдвэр нь хууль бус, кадастрын хэлтэс үүнийгээ буцаагаад өг гэсэн үйл баримтууд хэрэгт авагдсан байдаг гэж үзэж байна. Тус татгалзаж шийдвэрлэсэнтэй холбоотой асуудлаар болбол Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.11, мөн хулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг, Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайг баталж өгсөн. Энэ тогтоолын дагуу сонгон шалгаруулалтыг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зарлаж ХХК сонгон шалгаруулалтад шалгарч Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 440 дүгээр шийдвэрээр тус талбай буюу *******-******* аймгийн сумын дурдагдаж буй 143.86 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай зөвшөөрлөөр олгосон. Нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Энэнтэй холбоотой асуудлаар хариуцагчийн хариу тайлбарыг гаргасан байна. Агуулгын хувьд нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөх тухай хариу тайлбараа хүргүүлсэн. Хариу тайлбараа бүхэлд нь дэмжин оролцож байна. *******-******* аймгийн сумын нутагт нэртэй талбайд 8170.38 гектар талбайг анх 2000 оны 547 шийдвэрээр ******* ******* ХХК-д анх олгосон байдаг. Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 762 дугаар шийдвэрээр ******* ******* групп ХХК-д зөвшөөрлөөс 416.63 гектар талбайг хэсэгчлэн шилжүүлж нэхэмжлэлийн шаардлагад дурдаад буй дугаартай тусгай зөвшөөрлийн дугаар анх үүссэн байна. Үүнтэй холбоотой асуудлаар ******* ******* групп ХХК-аас Ашигт малтмалын тухай хуулийн 49 зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг нь бүхэлд нь ******* ХХК-д 2011 оны 46 дугаар шийдвэрээр өргөдөл гаргаж тусгай зөвшөөрлийг нь шилжүүлсэн. Тус компаниас 2010-2012 онд хайгуулын ажлыг гүйцэтгэж 2014 онд Эрдэс баялгийн нэгжийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж 2014 оны 149 дүгээр тушаалаар нөөцийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн. Тэгээд өргөдлөө гаргаад өргөдлийг нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасны дагуу Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй гэж хуульд заасан. Үүний дагуу өргөдлөө хэсэгчлэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг авахаар гаргасан. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар:
1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хууль зөрчсөн үйлдлийн улмаас *******-******* аймгийн сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлүүлж чадаагүй буюу эрхээ хэрэгжүүлж чадаагүй эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож,
2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 01-ний ******* тоот албан бичгээр татгалзсан хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгож,
3. Үлдэгдэл 272.76 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчид олгохыг даалгах гэж өөрчилсөн байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хууль зөрчсөн үйлдлийн улмаас *******-******* аймгийн сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлүүлж чадаагүй буюу эрхээ хэрэгжүүлж чадаагүй эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай №887 дугаар шийдвэрээр[1] Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь заалтыг тус тус хангаагүй тул гэсэн үндэслэлээр ******* ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно. 25 дугаар зүйлийн 25.1.2-т тухайн этгээд энэ хуулийн 7.1-д заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт; гэж тус тус заасан байна.
Хариуцагчийн дээрх 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №887 дугаар шийдвэрийг гаргах үед Ашигт малтмалын тухай хуулийн дээрх 7 дугаар зүйлийн 7.1, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан зохицуулалтууд хэвээр буюу одоогийн зохицуулалттай адил байсан байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа болон хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзэхэд, ******* ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээд болох нь тодорхой тогтоогдож байх ба үүнтэй хэргийн оролцогчид маргаагүй.
Үүнээс үзэхэд, дээрх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №887 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь заалтыг тус тус хангаагүй гэж үзсэн нь илт үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байх бөгөөд уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
Хариуцагч нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан илт алдаатай шийдвэр гаргасан болохоо өөрөө хүлээн зөвшөөрсөн болох нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн сонсох ажиллагаанд[2] Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын хэлсэн тайлбараар тогтоогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй. 25 дугаар зүйлийн 25.1-д Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: гэж тус тус заасан байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай №143 дугаар шийдвэрээр *******-******* аймгийн сумын нутаг дахь нэртэй 143.86 гектар талбай бүхий ******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ХХК-иас ******* ХХК-д шилжүүлснийг бүртгэж шийдвэрлэсэн байна.
Дээрх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №887 дугаар хуульд нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр буюу үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасан эрхээ эдэлж чадаагүй байна гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор хайгуулын ажлын зардалд 300 гаруй сая төгрөг зарцуулсан болох нь Хайгуулын ажлын зардлын тооцоог харуулсан хүснэгт[3] болон тогтоогдож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Үүнээс үзэхэд, нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл бий болсон байна.
Эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж байгаа нийгмийн харилцааг эрх зүйн харилцаа гэж ойлгох ба энэ маргааны тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй холбоотой нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж байгаа эрх зүйн харилцаа үүссэн байна.
Шүүхээс ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө шийдвэрлүүлж чадаагүй буюу эрхээ хэрэгжүүлж чадаагүй эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх ач холбогдолтой, өөрөөр хэлбэл шүүхээс эрхээ хэрэгжүүлж чадаагүй эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоосноор нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд уг талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авах давуу эрхээ эдлэх боломж үүснэ.
Тодруулбал нэхэмжлэгчид ашигт малтмалын хайгуулын талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах гэсэн зайлшгүй хамгаалагдахуйц хууль ёсны ашиг сонирхол үүссэн байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасан шийдвэрийг шүүх гаргасан болно.
Дээр тайлбарласан үндэслэлүүдээр 1 дэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 01-ний ******* тоот албан бичгээр татгалзсан хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгох болон үлдэгдэл 272.76 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчид олгохыг даалгах шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:
Дээр тайлбарласан хариуцагчийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан илт алдаатай шийдвэр буюу үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, нэхэмжлэгч эрхээ хэрэгжүүлж чадаагүй өдийг хүрсэн болох нь тогтоогдож байх тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 01-ний ******* тоот албан бичгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хуульд нийцэхгүй юм.
Хариуцагч нь Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан илт алдаатай шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхээ эдэлж чадаагүй, эрх нь зөрчигдсөн болох нь тогтоогдож байна.
Нэгэнт хариуцагч нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан илт алдаатай шийдвэр гаргасны улмаас нэхэмжлэгч эрхээ эдэлж чадаагүй болох нь тогтоогдож байх тул үлдэгдэл 272.76 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн 2 болон 3 дахь шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.5, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хууль зөрчсөн үйлдлийн улмаас *******-******* аймгийн сумын нутагт орших ашигт малтмалын хайгуулын тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ******* ХХК Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө шийдвэрлүүлж чадаагүй буюу эрхээ хэрэгжүүлж чадаагүй эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоож, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 01-ний ******* тоот албан бичгээр татгалзсан хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн үлдэгдэл 272.76 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг ******* ХХК-д олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ