2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/00191

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 15

191/ШШ2025/00191

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  А******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б******* ******* ХХК /рд:*******/-д холбогдох,

567,435 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б******* ******* ХХК нь Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Саруул хороолол, 117-р байр, ******* дэлгүүр ажиллуулдаг бөгөөд манай байгууллагын харилцагч билээ. Б******* ******* ХХК-ийн ******* дэлгүүр манай байгууллагаас

-2024.02.03-ны өдөр 289,660 төгрөгийн үнийн дүнтэй кофе,

-2024.03.19-ний өдөр 88,630 төгрөгийн үнийн дүнтэй кофе буюу нийт 378,290 төгрөгийн үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн худалдан авсан боловч худалдан авсан барааны төлбөрийг өнөөдрийг хүртэл буюу 2024.09.16-ны өдрийг хүртэл төлөөгүй байна.

Худалдан авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байсан бөгөөд 2024.04.30-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулан төлөхөөр болсон. Гэвч гэрээгээр тохирсон хугацаа болоход төлөх ёстой төлбөрийг төлөөгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг үндэслэн шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр ийнхүү хандаж байна. Б******* ******* ХХК нь бараа бүтээгдэхүүний төлбөрийг гэрээний дагуу 2024.05.30-ны өдөр төлөх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл буюу 2024.09.16-ны өдрийг хүртэл нийт 106 хоног төлбөр төлөлт хийгээгүй байна.

106 хоног хугацаа хэтэрсний алданги хоногийн 0.5 хувиар бодоход 53 хувь болж байгаа ба 378,290 төгрөгийн 53 хоногийн алданги нь 200,493 төгрөг болж байгаа хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй заалтыг баримтлан 378,290 төгрөгийн 50 хувь буюу 189,145 төгрөгийг үндсэн төлбөр дээр нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд хариуцагчаас компанид төлөх шаардлагатай үндсэн төлбөр 378,200 төгрөг, алданги 189,145 төгрөг, нийт 567.435 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Төлбөр барагдуулах гэрээ, бараа материалын зарлагын баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа баримтыг бүрдүүлж өгсөн,

хариуцагч нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан худалдан авсан барааны үнэ, алдангийн хамт 567,435 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

3.Хариуцагч Б******* ******* ХХК-ийн захирал Д.Ц******* нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авч, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх журам, хэргийн материалтай тус тус танилцуулсан байна.

4. Хариуцагч Б******* ******* ХХК-ийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч хүрэлцэн ирээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

5. Хариуцагч Б******* ******* ХХК нь ******* дэлгүүртээ нэхэмжлэгч Агар интерпрайз ХХК-иас 378,290 төгрөгийн хүнсний бараа бүтээгдэхүүн худалдан авч төлбөр тооцоо үүссэн болох нь хэрэгт авагдсан 2024 оны 02 дугаар сарын 23, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн бараа материалын зарлагын баримт, Төлбөр барагдуулах тухай 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 24/30 дугаар гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар тогтоогдож байна.

6. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч тайлбар ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг нотлох дээрх баримтыг үгүйсгэсэн тайлбар, баримтыг шүүхэд ирүүлээгүй.

7. Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдан авсан барааны үнийг хариуцагч төлөх үүрэгтэй байна гэж үзлээ.

8.Талуудын хооронд байгуулсан Төлбөр барагдуулах гэрээний 3.2, 3.3-т Төлбөр төлөгч нь графикт заасан төлбөрөө гэрээ байгуулснаас хойш 2024 оны 05 сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгах, Төлбөр төлөгч нь төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алдангийг хоног тутамд төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д заасан хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4-т заасан анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д заасан хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж заасантай нийцэж байна.

2024 оны 05 сарын 30-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах 2024 оны 09 сарын 13-ны өдрийг хүртэл 107 хоногийн хугацаанд хариуцагч нь 378,290 төгрөгөөс хоног тутамд 0.5 хувиар тооцож 202,385 төгрөгийн алданги төлөхөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүйгээр тооцож 378,290:2=189,145 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Б******* ******* ХХК-иас барааны үнэ 378,290 төгрөг, алданги 189,145 төгрөг нийт 567,435 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Агар интерпрайз ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн төлсөн 17,673 төгрөгийг улсын орлогод үлдээж хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б******* ******* ХХК-иас барааны үнэ 378,290 төгрөг, алданги 189,145 төгрөг, нийт 567,435 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Агар Интерпрайз ХХК-д олгосугай.

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,673 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 17,673 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ