| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2024/02285/И |
| Дугаар | 191/ШШ2025/01670 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/01670
| 2025 02 24 | 191/ШШ2025/01670 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А******* овогт М*******ын Г******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х******* овогт Т*******ийн Б******* /рд:*******/,
Хариуцагч: Боржигон овогт Г*******ийн Т /рд:/,
Хариуцагч: Боржигон овогт Г*******ийн М /рд:/,
Хариуцагч: Боржигон овогт Г*******ийн Э /рд:/ нарт холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэг биелүүлж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр газар өмчлүүлэх шийдвэрийн дагуу өмчлүүлсэн Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 20-р гудамж, тоот хаягт байрлах 145 м.кв газрыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.Г*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э,
Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч М.Г******* миний бие 2005 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Л.Г******* болон Т.Б*******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, Тоосгоны 20-р гудамж, тоот хаягт байрлах 145.0 м.кв газрыг 2,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тус гэрээний дагуу 2,500,000 төгрөгийг Л.Г******* болон Т.Б*******т бэлнээр тухайн өдөр өгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Мөн өдөр Т.Б*******ын нөхөр болох Л.Г*******той тухайн газрын дээр байрлах 36 м.кв Ү-2201015551 улсын бүртгэлийн дугаартай амины орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан. Өөрөөр хэлбэл газар түүний дээрх хашаа байшинг Л.Г*******оос бэлэглэлийн гэрээний дагуу, харин газрыг Л.Г******* болон Т.Б*******аас худалдах, худалдан авах гэрээний дагуу тус тус тохиролцсон юм. Тохиролцооны дагуу Л.Г*******оос 36 м.кв улсын бүртгэлийн дугаартай амины орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авч амьдарч байна. Харин худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед тухайн газрыг хариуцагч Л.Г******* болон Т.Б*******т өмчлүүлэх шийдвэр бүрэн гараагүй байсан учраас нотариатчийн зөвлөсний дагуу бичгээр гэрээг байгуулаагүй. Харин Л.Г******* болон Т.Б******* газрыг өмчлүүлэх шийдвэр гарсны дараа нэхэмжлэгч миний нэр дээр шилжүүлэн өгөхөөр амаар тохиролцсон. Гэрээ байгуулах үед хариуцагч нарын хүүхдүүд болох Г.Э, Г.М, Г.Т нар нь насанд хүрээгүй, хэлцэл хийх иргэний эрх зүйн чадамжгүй байсан юм. Дээрх гэрээнүүд хийгдсэнээс хойш удаа дараа худалдагч талтай холбогдож худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч миний нэр дээр газрын өмчлөх эрхийг шилжүүлэлгүй явсаар байсан. Би тухайн үеэс хойш буюу 2005 оноос хойш Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, Тоосгоны 20-р гудамж, тоот хаягт байрлах газар, хашаа байшиндаа өнөөдрийг хүртэл 19 жил тасралтгүй амьдарч байна. Улмаар Л.Г*******т холбогдуулж үүргээ биелүүлэхийг даалгаж нэхэмжлэл гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2021/00513 дугаар шийдвэрээр Лгийн Г*******ийг сураггүй алга болсонд тооцсон. Үүнээс хойш удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзан миний эрх ашиг зөрчигдсөөр өдий хүрсэн. Дээрх худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлэхийг Т.Б*******аас удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрэхгүй байгаа учир эрх ашиг маань зөрчигдөж байгаа иргэний хувьд өөрийн зөрчигдөөд байгаа эрхээ сэргээлгэхээр ийнхүү шүүхэд хандаад байна. Шүүхээс иргэний хэрэг үүсгэн миний зөрчигдсөн эрхийг сэргээхийг хүсч байна. Иймд хариуцагч Л.Г******* болон Т.Б*******тай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу буюу Монгол улсын Иргэний хуулийн 243.1-т зааснаар хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүргийг биелүүлж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр газар өмчлүүлэх шийдвэрийн дагуу өмчлүүлсэн Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, Тоосгоны 20-р гудамж, хаягт байрлах 145 м.кв газрыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах шаардлагыг гаргаж байна гэжээ.
2. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч 2005 оны 02 сарын 28-ны өдөр хариуцагчтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж тоот хаягт байрлах 145 м.кв талбай бүхий газрыг 2,500,000 төгрөгт худалдан авахаар тохирч бэлэглэлийн гэрээ байгуулж газрыг авсан. Хашаанд байшин байсныг засаж янзлан өөрийн өмчлөлийн хувийн сууцаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Хашааны газрын хувьд газрыг өмчлүүлэх Засаг даргын шийдвэр гарсан боловч гэрчилгээ нь тухайн үед гараагүй байсан тул нэр шилжүүлж чадаагүй. Үүнээс хойш хариуцагч газрын нэрийг шилжүүлж өгнө гэсэн боловч өгөөгүй өөрөө хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Маргаан бүхий газарт нэхэмжлэгч М.Г******* нь гэр бүлийн хамтаар 2005 оноос хойш 20 жилийн хугацаанд тасралтгүй амьдарч ирсэн. Тэрээр шүүхэд хандаж Л.Г*******ийг сураггүй алга болсонд тооцуулах хүсэлт гаргасныг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны шийдвэрээр Л.Г*******ийг сураггүй алга болсонд тооцож, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 20-р гудамж, тоот хаягт байрлах 145 м.кв талбай бүхий газрыг эрхлэн хамгаалагчаар А******* овогт М*******ын Г*******ыг тогтоосон. Л.Г*******ийн эхнэр нь газрын өмчлөх эрхийг шилжүүлэхийг зөвшөөрдөг боловч улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй, уг газар нь гэрчилгээ гараагүй, гэр бүлийн хэрэгцээний газрыг хамтран өмчлөх гэр бүлийг гишүүд бүртгэлтэй байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай болсон. Иймээс хариуцагч Т.Б*******ад холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүүхдүүд болох Г.Э, Г.М, Г.Т нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасан. Маргаан бүхий газарт нэхэмжлэгч нь сүүлийн 20 жил гаруй хугацаанд гэр бүлийн хамт амьдарч байна. Иймд Худалдах, худалдан авах гэрээний үүрэг биелүүлж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар өмчлүүлсэн Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 20-р гудамж, тоот хаягт байрлах 145 м.кв газрын өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхийг холбогдох байгууллагад даалгаж өгнө үү гэв.
3.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Т.Б******* би гэр бүлийн газар өмчлөлийн газрын шийдвэрээс хүүхдүүд болох Г.Э, Г.М, Г.Т нарын нэрийг хасуулах хүсэлтэй. Гэвч хүүхдүүд бүгд гадаадад амьдардаг тул итгэмжлэх хийж өгөхөд цаг хугацаа хүлээгдэж байгаа тул харгалзан үзнэ үү. Манай зүгээс газар булаацалдсан зүйлгүй. Шаардагдах бүх бичиг баримтыг гаргаж өгч байсан. Өмнө нь мөн цуг явж энэ талаар хөөцөлдөж байсан болно. Энэ газрыг нэр шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэв.
4.Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тухайн үед хашаа байшинг Г*******ад 2,500,000 төгрөгөөр миний нөхөр Г******* худалдсан, тухайн үед нөхөр, бид хүүхдүүдийн хамт гадаад яваад 3 жил амьдраад ирсэн, би хүүхдүүдтэй Монголд ирээд, нөхөр ирээгүй, Г*******ын нэхэмжлэлийн дагуу хэд хэдэн удаа газрын албанд очсон боловч бичиг баримт дутуу бүртгэж болоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Газрын талаар маргаан байхгүй, удаа дараа би хүлээн зөвшөөрч байсан, хамт явж хөөцөлдөж байсан, хүүхдүүдийн итгэмжлэл дутуу гээд дахин дахин буцсаар байгаад өдийг хүрсэн. Энэ газрыг өмчлөх эрхийг нэхэмжлэгч М.Г*******ад өмчлүүлэхэд маргаан байхгүй тул шийдвэрлэж өгнө үү. Хүүхдүүд маань бүгд гадаадад амьдардаг маргаангүй тул итгэмжлэлээ надад өгсөн гэв.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.Г*******ын оршин суугаа хаягийн талаар хорооны Засаг даргын тодорхойлолт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, бэлэглэлийн гэрээ /хуулбар/, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 20 дугаар гудамж, тоот хаягт байршилтай хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, Л.Г*******ийг сураггүй алга болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэр, нэхэмжлэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлж өгсөн,
Хариуцагч Т.Б******* нь хариуцагч Г.Э, Г.М, Г.Т нараас олгосон итгэмжлэл шүүхэд гаргаж өгсөн, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
1.Нэхэмжлэгч М.Г******* нь хариуцагч Т.Б*******ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг биелүүлж, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар өмчлүүлсэн Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, Тоосгоны 20-р гудамж, тоот хаягт байрлах 145 м.кв газрыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа газрын өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахыг холбогдох байгууллагад даалгах байдлаар тодруулж, хамтран хариуцагчаар хариуцагч Т.Б*******ын хүүхдүүд болох Г.Э, Г.М, Г.Т нарыг хамтран хариуцагчаар татсан байна.
2.Хамтран хариуцагчаар татагдсан Г.Э, Г.М, Г.Т нар нь Монгол улсад амьдардаггүй тул хариуцагч Т.Б*******ад итгэмжлэл олгож, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.Б******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
Мөн талууд газар өмчлөх асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхгүй бол газрын алба шийдвэрлэх боломжгүй гэсэн тул шүүхэд хандсан гэсэн тайлбар тус тус гаргаж байна.
3.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.
3.1. 2005 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр, Л овогтой Г*******оос М******* овогтой Г*******ад Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, Тоосгоны 20- хаягт орших, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 36 м.кв талбайтай хувийн сууцыг 1,500,000 төгрөгөөр, хашааны газар өмчлөх эрхийг 1,000,000 төгрөгөөр, нийт 2,500,000 төгрөгөөр худалдсан байна. Уг гэрээг нэхэмжлэгч хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч эх хувь биш, нотариатчаар гэрчлүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасантай нийцээгүй тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Харин талууд энэ үйл баримтын талаар маргаагүй ба бодит байдалд талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар тайлбарлаж байна.
3.2. Бэлэглэлийн гэрээг үндэслэн хувийн сууц нэхэмжлэгч М.Г*******ын өмчлөлд шилжиж, хувийн сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн 000143048 дугаартай гэрчилгээ нэхэмжлэгч М.Г*******ад 2005 оны 03 дугаар сарын 02-ны өдөр олгогджээ. /хх-7/
3.3. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 74 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 6-р хорооны нутаг дэвсгэрт 145 м.кв газрыг Лгийн Г*******т өмчлүүлж, хамтран өмчлөх гэр бүлийн гишүүдийн бүртгэл хэсэгт Т*******ийн Б*******, Г*******ийн Э, Г*******ийн М, Г*******ийн Т нар бүртгэлтэй болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрээр тогтоогдож байна. /хх-8/
Дээрх газрыг иргэн Л.Г*******т өмчлүүлэх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан боловч уг захирамжийн дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй талаар нэхэмжлэгч, хариуцагч нар тайлбарлаж байна.
Улмаар нэхэмжлэгч М.Г******* нь Л.Г*******ийг сураггүй алга болсонд тооцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, дээрх газрын эрхлэн хамгаалагчаар М.Г******* тогтоогдсон болох нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2021/00513 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. /хх-9-10/
Нэхэмжлэгч нь 2005 онд худалдан авсан газар, байшиндаа тасралтгүй 20 жил амьдарсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан хорооны Засаг даргын тодорхойлолт, өрхийн бүртгэлийн баримтуудаар тогтоогдох ба түүний газар өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй, харин хувийн сууц өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгэгдэж өмчлөгч болсон байна.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох зохицуулалттай.
Л.Г******* нь газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй байхдаа нэхэмжлэгч М.Г*******тай хэлцэл хийж улмаар уг газрыг түүний эзэмшилд шилжүүлсэн байгаа тул нэхэмжлэгч нь газрыг 20 жилийн хугацаанд хууль ёсоор эзэмшиж байна гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр эсхүл хуулийн дагуу өмчлөл үүссэн эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт өгөх нь маргааны хувьд өмчлөх эрхийг тогтоох эсэхэд ач холбогдолтой юм.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий газар түүн дээр байгаа хувийн сууцыг нийт 2,500,000 төгрөгөөр худалдан авсан тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгчийг маргаан бүхий газрын өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгах нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Иймд Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, Тоосгоны 20-р гудамж, хаягт байрлах 145 м.кв газрын өмчлөгчөөр А******* овогт М*******ын Г*******ыг тогтоож, өмчлөгчөөр тогтоосон шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэхийг Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт даалгах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар М.Г*******ын нэхэмжлэлтэй, Т.Б*******, Г.Э, Г.М, Г.Т нарт холбогдох иргэний хэрэгт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, Тоосгоны 20-р гудамж, хаягт байрлах 145 м.кв газрын өмчлөгчөөр А******* овогт М*******ын Г*******ыг тогтоож, өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэхийг Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 125,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ