Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/41

 

                                   Б.*******од холбогдох

                                      эрүүгийн хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Ундрах /цахим/

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж, шийдвэрлэн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/4******* дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Б.*******од  холбогдох 2233000280031 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* овогт ******* *******, 1985 оны 12 сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, эхнэр, хүүхдүүдийн хамт, Орхон аймгийн Баян-өндөр сум******* баг ******* ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай /РД:МВ8512271*******/.

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Ц.тэй маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний толгойн тус газарт гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Шүүгдэгч Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч ******* овгийн ******* *******од холбогдох эрүүгийн 2233000280031 дугаартай хэргийг прокурорт буцааж, Прокурорт хэргийг очтол шүүгдэгч Б.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ундрах 2022 оны 05 сарын 04-ний өдрийн 04 дугаартай эсэргүүцэлдээ: ...Шүүгчийн захирамжийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.*******од холбогдох 2233000280031 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин тавдугаар бүлэгт заасан Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улсын яллагч яллах дүгнэлтийг уншиж сонсгосноор шүүхийн хэлэлцүүлэг эхэлнэ” гэж заасныг зөрчиж, улсын яллагчаас шүүгдэгч Б.*******од холбогдох хэргийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1******* дугаартай прокурорын яллах дүгнэлтийг уншиж сонсгохгүйгээр шүүхийн хэлэлцүүлгийг эхлүүлж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/4******* дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Б.*******од холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ыг 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Ц.тэй маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний толгойн тус газарт гараараа олон удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчид  холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улсын яллагч яллах дүгнэлтийг уншиж сонсгосноор шүүхийн хэлэлцүүлэг эхэлнэ” гэж заасныг зөрчиж хэрэг хэлэлцэх дарааллаа тогтоосон атлаа улсын яллагчийн  яллах дүгнэлтийг уншиж сонсгохгүйгээр шүүхийн хэлэлцүүлгийг эхлүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/4******* дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2022/ШЗ/4******* дугаартай шүүгчийн “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                               ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

                                   ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН