2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/01316

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 12

191/ШШ2025/01316

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У  хаягт оршин байрлах, Б ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У  байрлах, УП ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:*/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд оруулаагүйгээс шалтгаалан торгууль болох 8,342,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Агиймаа.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь Э ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 04/2020091005 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах ** Апартмент хотхоны барилгын 1-17 давхрын гадна фасадын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон юм. Манай компани нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгээд төлбөрийн зарим хэсэг болох 172,500,000 төгрөгт тус хотхоны В блокийн 14 дүгээр давхрын 206 тоот хаягт байрлах 75 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг нь 2,300,000 төгрөгөөр нийт 172,500,000 төгрөгт тооцон авахаар Э ХХК-ын хүсэлтээр УП ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Орон сууц захиалан худалдах, худалдан авах тухай Р-2021/0116 дугаартай гэрээг байгуулсан. Б ХХК нь УП ХХК-тай байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц захиалан худалдах, худалдан авах тухай Р- 2021/0116 дугаартай гэрээний нөхцөлөөр ** Апартмент хотхоны В блокийн 14 дүгээр давхрын 206 тоот хаягт байрлах 75 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг нь 2,300,000 төгрөгөөр В.Бд худалдахаар орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. ** Апартмент хотхоны В блокийн 14 дүгээр давхрын 206 тоот хаягт байрлах 75 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг 2022 оны 08 дугаар сарын 17-нд ашиглалтанд бүрэн оруулж В.Бд УП ХХК-иас хүлээлгэн өгсөн. УП ХХК-тай байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц захиалан худалдах, худалдан авах тухай Р-2021/0116 дугаартай гэрээнд заасан 75 м.кв талбайтай орон сууц нь ашиглалтанд орохдоо талбайн хэмжээ нь 72.54 м.кв болж гэрээний үнэ 166,842,000 төгрөг болж энэхүү төлбөрийг В.Б нь манай компанитай байгуулсан орон сууц зээлээр худалдах худалдах авах гэрээний дагуу бүрэн төлсөн. Б ХХК болон УП ХХК-ийн хооронд байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц захиалан худалдах, худалдан авах тухай Р-2021/0116 дугаартай гэрээний 4-р зүйлийн 4.2.3 дахь хэсэгт Худалдагч тал буюу УП ХХК нь гэрээний дагуу орон сууцыг 2021 оны 3-р улиралд багтаан худалдан авагч тал буюу Б ХХК-д хүлээлгэн өгөхөөр, мөн гэрээний 4-р зүйлийн 4.2.4 дэх хэсэгт Худалдагч тал орон сууцны ашиглалтанд орох хугацааг хойшлуулсан тохиолдолд эхний 30 хоногоос хэтэрсэн сар тутамд төлсөн төлбөрөөс 0,5 хувийн торгууль төлнө гэж тохирсон байдаг. УП ХХК нь дээр дурдсан орон сууцыг 2022 оны 8-р сарын 17-ны өдөр ашиглалтанд оруулсан нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц захиалан худалдах, худалдан авах тухай Р-2021/0116 дугаартай гэрээний 4-р зүйлийн 4.2.3 дахь хэсэгт заасан хугацааг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул мөн гэрээний 4-р зүйлийн 4.2.4 дэх хэсэгт зааснаар торгууль төлөх үүрэгтэй юм. 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц захиалан худалдах, худалдан авах тухай Р-2021/0116 дугаартай гэрээний 4-р зүйлийн 4.2.4 дэх хэсэгт зааснаар 2021 оны 11-р сараас 2022 оны 8 дугаар сар хүртэл нийт 10 сарын хугацааны торгууль болох 8,342,100 төгрөгийг /166.842.000х0.5%=834210х10сар=8,342,100/ худалдагч тал нь худалдан авагч талд төлөх үүрэгтэй байна. Иймд хариуцагчаас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц захиалан худалдах, худалдан авах тухай Р-2021/0116 дугаартай гэрээнд зааснаар Орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд оруулаагүйгээс шалтгаалан торгууль болох 8,342,100 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч УП ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн хариуцагчаас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц захиалан худалдах-худалдан авах тухай Р-2021/0116 дугаартай гэрээнд зааснаар Орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд оруулаагүйгээс шалтгаалан торгууль болох 8,342,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч УП ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК нь Э ХХК-тай 2020 оны 09-р сарын 10-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрийн зарим хэсэгт ***** апартментын орон сууцнаас бартерын гэрээгээр авах буюу зарим хэсгийг нь төлбөрт хүлээн авах талаар маргахгүй байгаа.

Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт маргааны зүйл болох ***** апартментын В блокийн 14 давхрын 206 тоот 2 өрөө орон сууцыг 2,300,000 төгрөгөөр тооцон 2021 оны 04 сарын 01-ний өдөр Орон сууц захиалан худалдах, худалдан авах тухай Р-2021/0116 тоот гэрээ байгуулсан. Тус гэрээний 4.2.3-т Худалдагч тал нь гэрээний дагуу орон сууцыг 2021 оны 3-р улиралд багтаан ашиглалтад оруулж, худалдан авагч талд хүлээлгэн өгнө. 4.2.5-д Орон сууцыг улсын комисс хүлээн авсан тохиолдолд Худалдагч тал Худалдан авагч талд хүлээлгэн өгөх хугацааг мэдэгдэх үүрэгтэй, мөн гэрээний 4.3.1-д Худалдан авагч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд худалдан авч буй орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах эрхтэй. гэж тохиролцсон.

Маргааны зүйл болж буй барилгыг хугацаандаа ашиглалтад орсон буюу 2021/0116 дугаартай гэрээний 4.2.3-т заасан үүргээ биелүүлж, улсын комисст хүлээлгэн өгснийг 2021 оны 10-р сарын 01-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт-ийн 1-д Монгол Улсын Нийслэл Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт баригдсан өндөр төвөгшилтэй барилгын 52 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээ, 36 агуулахтай 16 давхар 2 блок хүчин чадал бүхий үйлчилгээтэй 475 айлын орон сууцны зориулалттай барилга, байгууламжид Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1022 дугаар захирамжийн шийдвэрээр байгуулагдсан 40 хүний бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 2021 оны 08-р сарын 27-ны өдрөөс эхлэн 1 хоногийн хугацаанд ажиллан тухайн барилга байгууламж, түүний холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийж. мөн дүгнэлтийн Энэ барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэв гэж байгаагаас нотлогдоно. Мөн энэхүү дүгнэлтэд ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчид байлцан оролцдог бөгөөд нэхэмжлэгч Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Зулцэцэг нь гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Б ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гүйцэтгэх захирал нь тухайн улсын комиссын актад гарын үсэг зурсан нь барилга ашиглалтад орж, хүн амьдрах боломжтойг мэдсэн гэсэн үг бөгөөд гэрээний 4.2.5-д зааснаар мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ УП ХХК нь дээр дурдсан орон сууцыг 2022 оны 08-р сарын 17-ны өдөр ашиглалтад оруулсан нь гэрээний 4.2.3-т заасан хугацааг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул мөн гэрээний 4.2.4-т заасан торгууль төлөх үүрэгтэй юм.... нийт 10 сарын торгууль 8,342,100 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч Б ХХК нь манай туслан гүйцэтгэгчдийн нэг бөгөөд тухайн барилгын ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгөхөд голлох үүрэгтэй байсан. Энэ тохиолдолд нэхэмжлэгч Б ХХК нь Э ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тухайн барилгаас хэд хэдэн орон сууцыг хүлээн авахаар тохиролцсон нь хуульд нийцэх бөгөөд тухайн барилга нь гэрээнд заасан хугацаанд 2021 оны 3-р улиралд бүр тодруулбал 2021 оны 08-р сард ашиглалтад орсон, хариуцагч компани үүргээ бүрэн зохих ёсоор биелүүлсэн, аливаа үүргийн зөрчил гаргаагүй болохыг дээрх улсын комиссын дүгнэлтээс харж болохоор байна. Гэтэл нэхэмжлэгч Б ХХК нь тухайн барилга 2022 оны 08-р сарын 17-ны өдөр ашиглалтад орсон, энэ нь 10 сар хугацаа хэтрүүлсэн гэж нэхэмжлэл гаргасан байгааг гайхаж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3.1-т зааснаар худалдан авагч орон сууцны төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд хэдийд ч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах эрхтэй бөгөөд Б ХХК нь улсын комиссын актад гарын үсэг зурж, маргаан бүхий барилга хүн амьдрах боломжтой байдлаар ашиглалтад орсныг мэдэж байсан ч Б ХХК-иас УП ХХК-д хандан 2022 оны 08-р сарын 16-ны өдөр 22/18 дугаартай ГэрчилгээгВ.Б нэр дээр гаргаж өгнө үү гэж хүсэлт ирүүлсэн. Хэрэгт авагдсан зээлийн гэрээнээс 2021 онд гэрээ байгуулагдаад, 2022 оны 9 сар хүртэл төлбөр төлж барагдуулахаар тохирсон. Энэ хүсэлтийн дагуу манай компаниас гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргуулахаар 2022 оны 08-р сарын 31-ний өдөр улсын бүртгэлд хүсэлт өгсөн. Тодруулбал, нэхэмжлэгч компани нь бартераар хүлээн авсан орон сууцаа гуравдагч этгээдэд худалдан борлуулах эрхтэйн хувьд В.Бд 2021 оны 05-р сарын 21-ний өдөр Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдсан байгааг нэхэмжлэлд хавсаргасан баримтаас харж болно. Тус гэрээний 1-д маргааны зүйл болсон орон сууцыг 172,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан мөн гэрээний 2-т Худалдагч тал нь гэрээнд заасан төлбөр бүрэн төлөгдсөнөөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагчид шилжүүлнэ гэж мөн гэрээний 3-т ... үлдэгдэл төлбөрийг 2022 оны 09-р сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 27-ны өдөр 3,350,000 төгрөгөөр тооцон төлнө гэж заасан. Энэхүү гэрээнээс харахад нэхэмжлэгч компани нь хариуцагч компаниас хүлээн авсан байраа өөрөө ашиглах, өмчлөх хүсэл зориггүй байсан бөгөөд гуравдагч этгээд В.Бд худалдан борлуулж мөнгөө гарган авах зорилготой байсан тул В.Быг төлбөрөө төлж дуусах хүртэл тухайн орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй, хүлээн аваагүй нь хариуцагч УП ХХК-ийн буруутай үйлдэл, гэрээ зөрчсөн үйлдэл гэж үзэх боломжгүй. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч Б ХХК-ийн хүсэлтийн дагууВ.Б нэр дээр 2021 оны 04-р сарын 01-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалан худалдах, худалдан авах тухай гэрээг шинэчлэн байгуулж өгсөн. Энэхүү гэрээ нь улсын бүртгэлд бүртгэлтэй байдаг бөгөөд одоо нэхэмжлэлд гаргаж өгсөн гэрээ нь хүчин төгөлдөр бус бөгөөд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Нотлох баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б ХХК-ийн дүрэм, БУ11-535/22 дугаартай тусгай зөвшөөрөл, итгэмжлэл, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууц Барилга захиалан, худалдах худалдан авах гэрээ, 2022.08.31-ний өдрийн 191 дугаартай албан бичиг, **** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.05.21-ний өдрийн Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2024.09.23-ны өдрийн 01/24 дугаартай итгэмжлэл зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

 

4.Хариуцагчаас Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2024.04.17-ны өдрийн 02/062 дугаартай итгэмжлэл, Байр хүлээлцсэн акт, гэрээний хавсралт, Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гаргаж өгсөн байна.

 

5. Шүүхийн журмаар УП ХХК-ийн 2024.08.13-ны өдрийн 029 дугаартай албан бичиг, гэрээний хавсралт, Байр хүлээлцсэн акт, зэрэг баримтыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч УП ХХК-д холбогдуулан Орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд оруулаагүйгээс шалтгаалан торгууль болох 8,342,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрийн зарим хэсэг болох 172,500,000 төгрөгт 206 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг тооцон авахаар УП ХХК-тай Орон сууц захиалан худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан. Б ХХК нь 206 тоот хаягт байрлах орон сууцыг В.Бд худалдахаар орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Орон сууцыг 2022 оны 08 дугаар сарын 17-нд ашиглалтанд бүрэн оруулж В.Бд УП ХХК-иас хүлээлгэн өгсөн.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь хэсэгт УП ХХК нь гэрээний дагуу орон сууцыг 2021 оны 3-р улиралд багтаан Б ХХК-д хүлээлгэн өгөхөөр, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх хэсэгт Худалдагч тал орон сууцны ашиглалтанд орох хугацааг хойшлуулсан тохиолдолд эхний 30 хоногоос хэтэрсэн сар тутамд төлсөн төлбөрөөс 0,5 хувийн торгууль төлнө гэж тохирсон байдаг.

Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх хэсэгт зааснаар 2021 оны 11-р сараас 2022 оны 8 дугаар сар хүртэл нийт 10 сарын хугацааны торгууль болох 8,342,100 төгрөгийг төлөх үүрэгтэй... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлд дараах үндэслэлээр тайлбар гаргасан байна. Үүнд: Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрийн зарим хэсэгт орон сууцнаас бартерын гэрээгээр авах буюу зарим хэсгийг нь төлбөрт хүлээн авах талаар маргахгүй байгаа.

Маргааны зүйл болж буй барилгыг хугацаандаа ашиглалтад орсон буюу гэрээний 4.2.3-т заасан үүргээ биелүүлж, улсын комисст хүлээлгэн өгснийг 2021 оны 10-р сарын 01-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр нотлогдоно.

Дүгнэлтэд Б ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гүйцэтгэх захирал нь тухайн улсын комиссын актад гарын үсэг зурсан нь барилга ашиглалтад орж, хүн амьдрах боломжтойг мэдсэн бөгөөд гэрээний 4.2.5-д зааснаар мэдэгдэх үүргээ биелүүлсэн.

Б ХХК нь Э ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тухайн барилгаас хэд хэдэн орон сууцыг хүлээн авахаар тохиролцсон нь хуульд нийцэх бөгөөд тухайн барилга нь гэрээнд заасан хугацаанд 2021 оны 3-р улиралд ашиглалтад орсон, хариуцагч компани үүргээ бүрэн зохих ёсоор биелүүлсэн, аливаа үүргийн зөрчил гаргаагүй болохыг дээрх улсын комиссын дүгнэлтээс харж болохоор байна.

Б ХХК нь улсын комиссын актад гарын үсэг зурж, маргаан бүхий барилга хүн амьдрах боломжтой байдлаар ашиглалтад орсныг мэдэж байсан ч Б ХХК-иас УП ХХК-д хандан 2022 оны 08-р сарын 16-ны өдөр 22/18 дугаартай ГэрчилгээгВ.Б нэр дээр гаргаж өгнө үү гэж хүсэлт ирүүлсэн. Хэрэгт авагдсан зээлийн гэрээнээс 2021 онд гэрээ байгуулагдаад, 2022 оны 9 сар хүртэл төлбөр төлж барагдуулахаар тохирсон. Энэ хүсэлтийн дагуу манай компаниас гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргуулахаар 2022 оны 08-р сарын 31-ний өдөр улсын бүртгэлд хүсэлт өгсөн.

Нэхэмжлэгч компани нь хариуцагч компаниас хүлээн авсан байраа өөрөө ашиглах, өмчлөх хүсэл зориггүй байсан бөгөөд гуравдагч этгээд В.Бд худалдан борлуулж мөнгөө гарган авах зорилготой байсан тул В.Быг төлбөрөө төлж дуусах хүртэл тухайн орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүй, хүлээн аваагүй нь хариуцагч УП ХХК-ийн буруутай үйлдэл, гэрээ зөрчсөн үйлдэл гэж үзэх боломжгүй... гэж тайлбарлажээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба нэхэмжлэгч өөрийн шаардлага болон үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэгч Б ХХК болон хариуцагч УП ХХК-ийн хооронд Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээнд зааснаар УП ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах ** апартмент хотхоны орон сууцны барилгын В блок 14 давхар 206 тоот 2 өрөө, 75 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг 2,300,000 төгрөгөөр, нийт 172,500,000 төгрөгийг бартераар гадна фасадын ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулагдсан 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Мөн Б ХХК нь В.Бтай 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр УП ХХК болон Б ХХК-ийн хооронд байгуулагдсан Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээний дагуу 2 өрөө орон сууцыг зээлээр худалдах, худалдан авагч нь орон сууцны төлбөр 172,500,000 төгрөгийг хэсэгчлэн төлөх, гэрээнд заасан төлбөр бүрэн төлөгдсөнөөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагчид шилжүүлэхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдож байна.

 

Талууд гэрээ байгуулагдсан болон гэрээний дагуу төлбөр төлөгдсөн буюу гэрээний ажил гүйцэтгэсэн талаар маргаагүй, мөн тухайн орон сууцыг Б ХХК нь В.Бд худалдсан талаар маргаагүй.

 

Хэрэгт авагдсан баримтаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн БА-188/2021 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан өндөр төвөгшилтэй ангиллын 52 /автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээ, 36 агуулахтай, 16 давхар 2 блок хүчин чадал бүхий үйлчилгээтэй 475 айлын орон сууцны зориулалттай барилга, байгууламжийг ашиглалтанд оруулах дүгнэлт гаргасан байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан Орон сууцны барилга захиалан худалдах, худалдан авах гэрээний агуулга, мөн гэрээний зүйл болох объектын ашиглалтад орсон хугацааны байдлыг харгалзан дээрх гэрээ нь Иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлагад нийцсэн гэрээ байгуулжээ. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй харин гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй буюу худалдсан эд хөрөнгийг гэрээний хугацаанд хүлээлгэж өгөөгүй талаар маргаж байгаа болно.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг тус тус хүлээнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2.3-т худалдагч тал нь гэрээний дагуу орон сууцыг 2021 оны 3 дугаар улиралд багтаан худалдан авагч талд хүлээлгэн өгнө гэж заажээ.

 

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн БА-188/2021 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтээр ашиглалтанд оруулах комисс 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 1 хоногийн хугацаанд ажиллан барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтанд оруулах нь зүйтэй гэж дүгнэсэн байх бөгөөд УП ХХК нь гэрээний дагуу орон сууцыг 2021 оны 3 дугаар улиралд ашиглалтанд оруулсан гэж үзэхээр байна.

 

Гэрээний 4.2.5-д Орон сууцыг улсын комисс хүлээн авсан тохиолдолд худалдагч та худалдан авагч талд хүлээлгэн өгөх хугацааг мэдэгдэх үүрэгтэй гэж заасан ба нэхэмжлэгч Б ХХК нь дээрх орон сууцыг хүлээж авсан улсын комиссын гишүүнээр оролцож гарын үсэг зурсан байх бөгөөд дээрх орон сууцыг улсын комисс хүлээж авсныг мэдсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно., мөн зүйлийн 248.2-т Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж тус тус заажээ.

 

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагавар болон нэмэгдэл үүргийг шаардах эрхтэй. 

 

Хариуцагч УП ХХК Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо ***** хотхоны 8/2 байр 206 тоот 75 м.кв 2 өрөө орон сууцыг байр хүлээлцэх акт үйлдэн В.Бд хүлээлгэн өгсөн байх бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 197 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж гүйцэтгэн ашиглалтад оруулсан ***** үйлчилгээтэй орон сууцны 8/2 дугаар байрны 14 давхарт 206 тоотын 72.54 м.кв-т талбайтай 166,842,000 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууцны төлбөр тооцоо дууссан тул, уг орон сууцыг жагсаалтаар хүргүүлэхдээ 75 м.кв 3 өрөө хэмээн ташаа бичсэн тул 72,54 м.кв 2 өрөө болгон залруулж Ванчингийн Батжаргалын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө үү гэсэн баримт хэрэгт авагдсан байх бөгөөд уг баримтын хувьд В.Б нь УП ХХК-иас орон сууцыг хүлээж авсныг тодорхойлохоос Б ХХК-д уг хугацаанд хүлээлгэж өгсөн гэж үзэхгүй юм.

 

Гэрээний 4.2.4-т Худалдагч тал орон сууцыг ашиглалтанд орох хугацааг хойшлуулсан тохиолдолд эхний 30 хоногоос хэтэрсэн сар тутамд төлсөн төлбөрөөс 0.5 хувийн торгууль төлнө гэж заасан ба хариуцагч УП ХХК гэрээний үүргийг зөрчсөн байдал баримтаар тогтоодохгүй, харин гэрээний үүргийг хугацаандаа бүрэн биелүүлсэн гэж шүүх үзсэн болно.

 

Иймд нэхэмжлэгч Б ХХК-ийн хариуцагч УП ХХК-д холбогдуулан гаргасан Орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд оруулаагүйгээс шалтгаалан торгууль болох 8,342,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан хариуцагч УП ХХК-д холбогдуулан Орон сууцыг гэрээгээр тохирсон хугацаанд оруулаагүйгээс шалтгаалан торгууль болох 8,342,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148,424 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС