Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00683

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00683

 

д.ц-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00266 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч д.ц-ын хариуцагч Б.Б-, Э ХХК-д тус тус холбогдуулан гаргасан орон сууцны талбайн зөрүү 20 329 305 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж, хариуцагч Б.Б-, түүний өмгөөлөгч Н.Б, хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2175 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Б.Б-өөс Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил, Их Монгол улс гудамж, 127 байр 127 тоот 167 м.кв талбай бүхий орон сууцыг худалдаж авсан. Харин орон сууцаа Э ХХК-ийн борлуулалтын албанаас актаар 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан. Тухайн үед Э ХХК-ийн борлуулалтын албанаас орон сууцны талбайн зураг төсөлтэй танилцахыг хүссэн боловч манай барилга, орон сууцанд метр квадратын зөрүү гайгүй, мөн барилгын зураг төсөл энд байхгүй. Манайхаас орон сууцны талбайн зөрүүтэй эсэх талаар санал хүсэлт ирсэн тохиолдолд бид асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэдэг гэх хариу өгсөн. Энэ үед барилгын цонх сийгэх, зарим хэсэг нь дутуу хийгдсэн байсан тул Э ХХК-д хандан албан хүсэлтийг хүргүүлсэн боловч хариу өгөөгүй. Миний бие уг асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын албанд хандсан. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр орон сууцны талбайг Хатанбаатар ХХК-аар хэмжилт хийлгэхэд 167 м.кв орон сууц нь 159.06 м.кв болох нь дүгнэлтээр тодорхой болсон. Миний бие 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Э ХХК-д орон сууцны талбайн зөрүүг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг хүргүүлсэн боловч 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05/2020-20 дугаартай албан бичигт орон сууцыг Э ХХК-аас Л ХХК-д бартерын дагуу шилжүүлсэн тул манай компани уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй, Л ХХК-аас зөрүү төлбөрийн асуудлыг шаардана уу гэх хариу өгсөн. Иймд орон сууцны талбайн зөрүү болох 7.96 м.кв худалдан авсан үнэ болох 407 600 000 төгрөг /60 000 000 төгрөг тооцож RX350 маркийн 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд орж ирсэн автомашин шилжүүлсэн ба гэрээн дээрх үнийн дүнгээс метр квадратыг тооцсон болно/ ба 1 м.кв үнэ болох 2 440 718.5 төгрөг, талбайн зөрүүд 19 379 305 төгрөг, мөн өмгөөллийн урьдчилгаа төлбөр болох 950 000 төгрөг, нийт 20 329 305 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани д.ц-тай ямар нэгэн гэрээний харилцаанд ороогүй. Орон сууцыг Л ХХК-д бартераар худалдсан ба тэр компани иргэн Б.Б-өд гэрээний дагуу өмчлөлд шилжүүлсэн. д.ц-д манай компани уг байрыг хүлээлгэж өгөөгүй учраас байр хүлээлцсэн гэсэн акт байхгүй. Иймд манайх хариуцагчаар татагдах үндэслэлгүй. Мөн орон сууцны талбайн зөрүүг үнэн зөв гэж үзэхэд учир дутагдалтай гэжээ.

 

Хариуцагч Б.Б- болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Л ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд Э ХХК-д арматур нийлүүлж, түүний үнэд бартераар орон сууцыг авч, өмчлөх эрхийн гэрчилгээ 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гарсан. Уг орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний дагуу 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр д.ц-ын нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн. Орон сууцны гэрчилгээнд 167 м.кв гэж бичсэнээр бартераар авсан. Худалдах, худалдан авах гэрээнд орон сууцны метр квадратын үнийн талаар тохиролцоогүй бөгөөд үнийг 407 600 000 төгрөгөөр тохиролцож худалдсан. Э ХХК-аас орон сууцыг 446 000 000 төгрөгөөр авсан бөгөөд д.ц-д авсан үнээсээ 49 000 000 төгрөгөөр хямд худалдсан. Нэхэмжлэгч нь уг орон сууцыг хүлээн авснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсний дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь шаардах эрхгүй гэж үзэж байна. Мөн орон сууцны талбайг Хатанбаатар ХХК-аар хэмжилт хийлгэж, зөрүүг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус компани нь ямар үйл ажиллагаа явуулдаг, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гэх баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү, би хэрэгт хамааралгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2, 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч д.ц-ын хариуцагч Э ХХК, Б.Б- нараас орон сууцны талбайн зөрүү 20 329 305 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч д.ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж давж заалдах гомдолдоо:

... Шийдвэрийн үндэслэх хэсэгт Худалдан авагч нь гэрээ байгуулсан өдөр болон орон сууцны үнэ болох 407 600 000 төгрөгийг бэлэн мөнгө автомашин оролцуулж, худалдагч талд төлөх, худалдагч тал гэрээ байгуулсан өдрөө орон сууцыг хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгасан байх ба талууд мөнгө өгч авалцсан болон байр хүлээлцсэн асуудлаар маргаангүй байна хэмээн тайлбарласан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг гуйвуулсан байх тул гомдолтой байна. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд Э ХХК-аас орон сууц хүлээлцсэн актыг гаргуулахыг хүссэн боловч хариуцагчийн төлөөлөгч нь актын талаар ямар нэгэн мэдээлэлгүй, шүүх хуралдаанд байхгүй гэх мэдүүлгийг өгснөөр шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурласан байх шаардлагыг хангаагүй. Хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгч 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр буюу байрыг 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш гомдлын шаардлага гаргах хугацаандаа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь тухайн хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр тус шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 181/11132020/03549 дугаар захирамж гарсан. Тус захирамжтай холбогдуулан хариуцагчийг эрэн сурвалжлуулах захирамжийг гаргуулан, хариуцагчийн олсон даруй буюу шүүхийн үндэслэл болгоод буй 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг судлан үзэлгүй нэхэмжлэгчийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр буюу гомдлын шаардлага гаргах хугацаагаа хэтрүүлсэн хэмээн дүгнэж хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэг хариуцагч Э ХХК-ийн гаргасан тайлбар, нэхэмжлэгчид хүргүүлсэн албан бичигтэй холбоотой (Л ХХК-тай холбогдох) ямар нэгэн нотлох баримт байхгүй атал хариуцагч Э ХХК-ийн тайлбарыг шууд үндэслэлтэй мэт хүлээн авч шүүхийн үндэслэх хэсэгт дурдсанд гомдолтой байна. Учир нь хариуцагч Э ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Л ХХК-д шилжүүлсэн гэх нотлох баримт байхгүй байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдаж буй нөхцөл байдлыг үгүйсгэхгүй. Хариуцагч Б.Б- нь уг компанийн талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд гаргасан тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн баримтгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч д.ц- нь хариуцагч Э ХХК, Б.Б- нарт холбогдуулан орон сууцны талбайн зөрүүгийн үнэ 19 379 305 төгрөг, мөн өмгөөллийн үйлчилгээний хөлс 950 000 төгрөг, нийт 20 329 305 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

д.ц- нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-гээр Б.Б-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их Монгол улс гудамж, 127 дугаар байр, 127 тоот хаягт байрлах 167 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 407 600 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэртэй байгуулжээ. /хх-5/

 

Б.Б- нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Б.Б-т өөрийн өмчлөлийн 4 өрөө орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, арилжих, гэрээ байгуулах, төлбөр тооцоог хийх, холбогдох баримтад төлөөлж гарын үсэг зурах эрхийг, 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгосон. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь зааснаар Б.Батдэлгэр нь Б.Б-ийг төлөөлөн хэлцэл хийх бүрэн эрхтэй байжээ.

 

Гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу орон сууцны үнийг бүрэн төлж, үл хөдлөх эд хөрөнгийг д.ц-д шилжүүлэн өгсөн, өмчлөх эрх худалдан авагч талд шилжин бүртгэгдсэн үйл баримтын талаар талууд маргаангүй.

 

Иймд Б.Б-, д.ц- нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдагч тал нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй үл хөдлөх эд хөрөнгийг түүнтэй холбоотой баримт бичгийн хамт худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тал нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Нэхэмжлэгч д.ц- нь орон сууцыг өмчлөлдөө авснаас хойш орон сууцны талбайн хэмжилтийг Хатанбаатар ХХК-аар хийлгэж, 159.06 м.кв талбайтай байгаа нь гэрээнд заасан хэмжээнээс 7.94 м.кв-аар дутуу болох талаарх 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн орон сууцны талбайн зөрүү гэж метр квадрат талбай тутмын үнийг 2 440 718.5 төгрөгөөр тооцон 19 379 305 төгрөгийг хариуцагчаас шаардсан.

 

Орон сууцны талбайн хэмжээ гэрээнд зааснаас өөр байгааг биет байдлын доголдол гэж үзэж болох боловч энэхүү доголдолтой холбоотой шаардах эрхийг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлээр тухайн нөхцөл байдлаас хамааран ялгавартай тодорхойлсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн байгаа тохиолдолд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх агуулгатай гэж үзэх боломжтой байна. Энэ тохиолдолд метр квадратын хэмжээ дутуу байгаагаас өөрт зардал гарсныг тодорхойлох шаардлагатай. Тодруулбал, эд хөрөнгийн доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөн дүнгийн хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардлага гаргасан гэж үзвэл тухайн нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд зүйл нь метр квадрат буюу талбайн хэмжээ, байрлал зэрэг олон шинж чанараас бүрдэх бөгөөд талбайн дутуу зөрүүг арилгахын тулд харилцан тохиролцож тогтоосон үнэ гэрээнд тусгагдсан, уг дүнгээр тооцож нэхэмжлэлийн үнэ тодорхойлогдсон байх шаардлагатай.

 

Гэвч орон сууцны метр квадрат талбай тутмын үнийг 2 440 718.5 төгрөгөөр харилцан тохиролцож тогтоосноо нэхэмжлэгч баримтаар нотлоогүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл болох гэрээний зүйл, үнийн талаарх тохиролцооны агуулгаас үзвэл орон сууцны үнийг метр квадрат тутмаар үнэлж, нийт талбайн үнийг тодорхойлоогүй, харин гэрээний зүйл болох орон сууцны шинж байдлыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил Их Монгол улс гудамж, 127 дугаар байр, 127 тоот хаягт байрлах 167 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц гэж тодорхойлон заажээ. Гэрээнд орон сууцыг ямар байрлалд орших, хэдэн тоот, нийт хэдэн метр квадрат талбайтай гэдгээр буюу үл хөдлөх эд хөрөнгийг нэг бүрийн шинжээр тодорхойлж, гэрээний үнийг 407 600 000 төгрөг гэж харилцан тохиролцсон байна.

 

Иймд нэг метр квадрат тутмын үнэлгээнд үндэслэн гэрээний үнийг тогтоогоогүй тул нэг бүрийн шинжээр тодорхойлогдсон гэрээний зүйл болох орон сууцыг худалдан авагч хүлээн авсан байна. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан тоо хэмжээнээс дутуу эд хөрөнгийг хүлээн авсан гэх үндэслэлээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар метр квадрат тутмыг үнэлэх замаар дутуу шилжүүлсэн тоо хэмжээгээр үнийг буцаан шаардах эрх үүсэхгүй.

 

Дээрхээс үзвэл хариуцагч Б.Б-ийн ...орон сууцыг метр квадратаар нь биш нийт үнийн дүнгээр тохирч худалдсан, түүнчлэн хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр гаргасан татгалзал үндэслэлтэй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгахгүй.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь Э ХХК-аас орон сууцыг худалдан аваагүй, тус компанитай гэрээ байгуулаагүй байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн өмнө хууль болон гэрээгээр үүрэг хүлээгээгүй этгээдэд холбогдуулан шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Мөн хууль зүйн туслалцааны гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу өмгөөлөгчид төлсөн 950 000 төгрөгийг Б.Б-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс д.ц-д хохирол учирсан гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2021/00266 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ