Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/42

 

                       П.*******эд холбогдох

                                       эрүүгийн хэргийн тухай               

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сүрмандах

Шүүгдэгч П.*******

нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж шийдвэрлэн 2022 оны 05 дугаар сарын 04-ний  өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн авж заалдсан гомдлоор П.*******эд холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дашнаа овогт Пунцагцэрэнгийн *******, **** оны *** дугаар сарын ***-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, **** настай, ***эгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл **** хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сумын **** дугаар баг, **** оршин суух, /РД:*****/;

Шүүгдэгч П.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, Дэлгэрхаан гэх газарт байрлах талбайгаас Ю.*******гийн эзэмшлийн хадуурнаас хадуурын аппаратыг хулгайлан авч, 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас:  П.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Дашнаа овогт Пунцагцэрэнгийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дашнаа овогт Пунцагцэрэнгийн *******эд 6 /зургаа/-н сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Шүүгдэгч П.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдан,

Шүүгдэгч П.*******ээс хадуурын аппаратыг комоор нь гаргуулан хохирогч Ю.*******д олгож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...1.Уг хэргийг шалгаж тогтоон ажиллагаа явуулахдаа мөрдөгч хэт нэг талыг барьж нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлж өөрийн эд хөрөнгөө авсан иргэн миний биеийг бусдын эд хөрөнгийг далд аргаар авсан гэх үндэслэл гаргаж ирж ял оногдуулах хэмжээнд хүргэж ирсэнд гомдолтой байна.

2.Шүүгдэгч миний бие 2020 онд гэж хэлж байгаа хохирогч болоод байгаа Ю.******* гэх хохирогчийн мэдүүлэг туйлын үнэн нотлох баримтаар давхар нотлогдож чадаагүй баримтаар ял оногдууллаа.

3.Хохирогч болоод байгаа Ю.******* нь миний сэлбэж босгосон хадуурыг бүрэн комоор нь түр авч 1990 оноос хойш эдүүгээ хүртэл хэрэглэж байгаа юм. Энэ хооронд хэрэглээгээрээ хэрэгсэл эд анги нь муудаж сольсон байхыг би үгүйсгээгүй. Хамгийн гол нь өөрийн өмч хөрөнгөө авсан хүнийг хадуурын аппаратыг авсан гэж үзэж ял оногдуулсан хуулийг буруу хэрэглэж ял оногдуулсан гэж үзэж гомдол гаргаж байна.

Иймд дахин хянан үзэж шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон нотлох баримтын зөрүүг гаргаж, үнэн бодит байдлыг тогтоож өгнө үү” гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Шүүгдэгч 63 настай тул нийтэд тусдаа ажил хийх ялаас чөлөөлөөд, хорих ялаас эрүүл мэндийн байдлаас нь шалтгаалан чөлөөлж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гомдлоор П.*******эд холбогдох дугаартай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Прокурорын газраас яллагдагч П.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчийн дээрх зүйл ангид зааснаар “Хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч П.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг, Дэлгэрхаан гэх газарт байрлах талбайгаас Ю.*******гийн эзэмшлийн хадуурнаас хадуурын аппаратыг хулгайлан авч, 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

хохирогч Ю.*******гийн өгсөн “...”Манай төрсөн эгчийн нөхөр П.******* бид хоёр хамтарч нэг хадуур босгож олон жил хамтран ажилласан. ...Ингээд хуучин ашиглаж байсан хадуураа бүгдийг нь ах П.*******эд өгч байсан. Гэвч П.******* “чи надад хуучин юмаа өглөө гээд миний шинэ хадуурыг авна гэх болсон. Миний хадуурын мотор алга болсон талаар надад хэлж би Цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,

гэрч А.******* “...2021 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө 09 цагийн орчимд очиход Ю.*******гийн хадуурын аппарат алга болсон байсан. Ингээд би өөрийн утаснаас Ю.*******д утасдаж хадуурын аппарат нь алга болсон байгаа талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

гэрч Л.*******ын өгсөн “...Маргааш нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө 10 цагийн орчимд *******ийн хамтаар хадлангийн талбай дээр очиход Ю.*******гийн тракторын хадуурын аппарат алга болсон байсан. Ю.*******д хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан. Тэгтэл 13 цагийн орчимд П.******* Ю.*******гийн тракторын ойролцоо боодолтой хэрээ хошуу, төмөр шугам, даруулга зэргийг авчирч хаячихаад явсан. ...Энэ хадуур миний танил Ю.*******гийн эзэмшлийн юм байгаа юм аа, 2020 онд хүнээс худалдаж авч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

гэрч П.*******ийн “...2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр бид хадлан хийж байгаад орхиод явсан. Өглөө ирэхэд Ю.******* ахын хадуурын аппарат алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

гэрч Б.*******гийн “....би өөрийн тракторт байсан хадуурыг комоор нь буюу аппараттай хамт өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

гэрч У.*******ы “...Ямар ч байсан намайг Ю.******* ахын гэрч очих үед хадуурын эд ангийг үүрч тэргэн дээр тавиад А.******* хамт П.******* ахын гэт аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

гэрч Ю.*******гийн “...ямарч байсан садан төрлийн хүмүүс хэрүүл шуугианаар яахав гэж бодоод өөрийн төрсөн дүү Ю.*******д хандаж П.*******ийн нэхсэн зүйлийг бүгдийг нь өг. Болохгүй бол бид нар ч гэсэн мөнгийг нь нийлүүлээд наад хадлангийн эд зүйлүүдийг чинь аваад өгье гэж хэлсэн. Тэгээд хэзээ билээ он сар өдрийг нь сайн санахгүй байна ямарч байсан би өөрийн нөхөр *******тай хадлангийн эд ангиудыг нь П.*******ийн гэрт аваачиж буулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

гэрч Ш.*******ын “...Ямар ч байсан хадуурны эд ангийг эхнэр Ю.*******гийн хамт Ю.*******гийн гэрээс П.*******ийн гэрт хүргэж өгч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/, Ашид билгүүн ХХК-ий ТХҮ-82/1925 дугаар бүхий хадаарын аппарат 700.000 төгрөгний үнэтэй талаарх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгчийн зүгээс үлэмж маргаантай байгаа бөгөөд “...би өөрийн эзэмшлийн эд зүйлээ авсан. 1990 оноос хойш хамтран ашиглаж байсан миний хадуурны аппарат байгаа юм” гэж маргаж, давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь: Шүүгдэгч П.******* нь өөрийн эхнэрийн төрсөн дүү Ю.*******тэй хамтран хадлангийн техник хэрэгсэл хийж 1990 оноос хойш дундаа ашиглаж байгаа гэж мэдүүлж байгаа боловч уг техник нь нийлж холилдсон үүнээс хойш 30 гаруй жил өнгөрсөн, хохирогч Ю.******* уг техник хэрэгслээ шинэчилж, хуучин техник хэрэгслээ П.*******эд аваачиж өгсөн болох нь гэрч Б.*******, У.*******, Ю.*******, Ш.******* нарын мэдүүлгээр нотлогдсон байхад дахин өөрийн эд зүйл гэж Ю.*******гийн хадлангийн техник хэрэгслээс аппаратыг сэм аргаар салган авсныг хулгайлах гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй, шүүгдэгчийн үйл баримтыг үгүйсгэж буй мэдүүлэг нотлогдохгүй, дээрх мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

Анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, гэмт хэргийн нотлогдсон байдал, гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж прокуророос 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал болгосны дагуу шүүхээс хөнгөрүүлэн 06 сарын хугацаагаар Шаамар сумын нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулжээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасны дагуу хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна.

Харин шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж, хулгайн гэмт хэрэг үйлдээгүй гэж няцааж байхад анхан шатны шүүхээс дээрх байдалд эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

Иймд  анхан шатны шүүх цаашид хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн хэрэг хэрхэн нотлогдож байгаа болон үгүйсгэгдэж байгаа талаар дүгнэлт хийж байх нь  зүйтэй болохыг анхаарч ажиллавал зохино.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хяналт тавих үүрэгтэй бөгөөд шүүхийн шийдвэр ойлгомжтой биелүүлэхэд саадгүй байх хуулийн шаардлагатай тул шүүгдэгч П.*******эд оногдуулсан 06 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавих байгууллагыг шийтгэх тогтоолын 2 дахь заалтад зааж өөрчлөлт оруулахаар тогтов.  

Шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  2 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

2 дахь заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Дашнаа овогт Пунцагцэрэнгийн *******эд 06 /зургаа/ сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөлт оруулсугай.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ