| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0340/З |
| Дугаар | 128/ШШ2025/0160 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2025/0160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХХК
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба
Гуравдагч этгээд: А ХХК, Х******* ******* групп ХХК
Маргааны төрөлБайгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай А/634 дүгээр тушаалын ХХК-д холбогдох хэсгийг болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/922 дугаар захирамжийн хавсралтын 3 дахь хэсэг /А ХХК-д 7000 м.кв газар олгосон хэсэг/-ийг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/110 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 7 дахь хэсэг /Х******* ******* групп ХХК-д холбогдох хэсэг/-ийг тус тус хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., хариуцагчийн итгэмжлэгдсэн Б.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчээс шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/297 дугаар захирамжаар дүүргийн Богдхан уулын Дархан цаазат газрын аманд Аялал жуулчлалын зориулалттай 4.0 га талбайг 2011 ны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 5 жилийн хугацаатай, ашиглахаар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 тоот тушаалаар 0.63 га газар ашиглах эрхийг цуцалж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй байсан. Манай компанийн зүгээс хуульд заасны дагуу газар ашиглаж байсан ба Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054 дүгээр, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулын дархан цаат газрын ын ам болон аманд хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар эрх олгогдсон хавсралтад дурдсан 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр "Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай" захирамж гарснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаагийн сацуу маргаан бүхий захиргааны актад дурдсан Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054 дүгээр, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаартай албан бичгүүдийн тухайд газар ашиглагчийн хувьд мэдэх боломжгүй байгаа, энэ талаар захиргааны байгууллагаас аливаа байдлаар танилцуулаагүй, мэдээлэл өгөөгүй, маргаан бүхий газрын байршил нь Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамааралтай бол нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндөхгүйгээр газар ашиглах эрхийг шилжүүлэх боломжтой байсан гэж үзэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/141 дүгээр "Газар ашиглах гэрээ, гэрчилгээ хураалгах" тухай албан бичгээр тус компанийн газар ашиглах эрхийг цуцалсан тухай захирамжийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өөрийн биеэр очиж авсан шүүхэд хуульд заасан хугацааны дотор хандаж байгаа тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр "Газар ашиглах эрх хүчингүй болгох" захирамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д "захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох" заасны дагуу хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШЗ2024/2859 дүгээр "Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай" захирамжаар маргаан бүхий актыг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өөрийн биеэр очиж авсан гэж тайлбарласан боловч энэ талаарх баримт байхгүй байна гэж дүгнэсэн байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/141 дүгээр албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр "Газар ашиглах эрх хүчингүй болгох" захирамжийн хамтаар хүлээлгэн өгөхдөө бичиг хэргийн ажилтны өөрийн биеэр хүлээлгэж өгч тэмдэглэл хийж өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хавсаргаж өгсөн баримтуудын 12 дахь талын ар нүүрэнд энэ талаар тэмдэглэсэн байгаа, эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн тул захиргааны хэрэг үүсгэж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2023 оны 01 дүгээр сарын 31- ний өдрийн 01/141 дүгээр Газар ашиглах гэрээ, гэрчилгээ хураалгах" тухай албан бичгээр тус компанийн газар ашиглах эрхийг цуцалсан тухай захирамжийг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өөрийн биеэр очиж авсан шүүхэд хуульд заасан хугацааны дотор хандаж байгаа тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр "Газар ашиглах эрх хүчингүй болгох" захирамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д "захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох" заасны дагуу хүчингүй болгуулах захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газрыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01-05/6911 дүгээр албан бичигтэй хамт ирүүлсэн нотлох баримттай 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр танилцахад "А " ХХК, "Х******* ******* " ХХК-д олгосон байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 03 дугаар сарын 20-нд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр "Газар ашиглах эрх хүчингүй болгох" захирамж гараагүй байхад Нийслэлийн Засаг даргын зүгээс эрх мэдлээ хэтрүүлсэн, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна", мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д "Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй" гэж заасныг зөрчиж бусдад газар олгосон байх тул Нийслэлийн дүүргийн 8 дугаар хоройн нэгж талбарын ******* дугаар бүхий 7000 м2 газрын 5 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууц зориулалттай 15 жилийн хугацаатай "А " ХХК-д олгосон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаар захирамжийг Нийслэлийн дүүргийн 8 дугаар хороо, нэгж талбарын ******* дугаар бүхий 7000 м2 газрын 9 ба түүнэс дээш давхар нийтийн орон сууц зориулалттай 15 жилийн хугацааны "Х******* ******* групп" ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн А/110 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т "захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох" гэж заасны дагуу хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/297 дугаар тушаалаар нэхэмжлэгч "" ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн аманд 76023 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгосон. Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг шинэчлэн тогтоосноор нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газар нь тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагт хамаарахгүй болсон тул сайдын тушаалаар газар ашиглах эрх олгогдсон нэхэмжлэгчийн эрхийг хүчингүй болгосон нь хууль тогтоомж, холбогдох журмыг зөрчөөгүй болно. Тодруулбал, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/65 дугаар тушаалаар улсын тусгай хамгаалалттай "Богдхан уулын Дархан цаазат газар"-ын хил заагийг нарийвчлан тогтоох, эргэлтийн цэгүүдийг солбицолжуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын албадын төлөөллийг оролцуулан байгуулж, нэгдсэн үр дүнд хүрч, ажлын хэсгээс тодруулж зурагласан хил заагийг Газрын Шинэтгэлийн Үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэсэн. Дээрх ажлын хэсгийн тодруулж зурагласан хил заагийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулсны дагуу байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолоор дээрх тодруулж зурагласан хил заагийг мөрдөж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргад даалгасан. Үүний дагуу 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нар хамтарсан уулзалт хийж, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолд заасан Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг шинээр тогтоож, мөрдөж ажиллахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэр, тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон 80 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг холбогдох хууль тогтоомжид нийцүү дүүлэн хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Иймд маргаан бүхий сайдын А/634 дугаар тушаал нь эрхийн зөрчилгүй захиргааны акт тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/131 дүгээр тушаалыг хүчингүй болгохтой холбогдуулаад дараах тайлбараа гаргаж байна. Нэхэмжлэгч компани нь 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр анх газар ашиглах эрхээ авсан байдаг. Ингээд газар ашиглаж байх явцад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны А/65 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь юуг олж тогтоох вэ гэхээр анх энэ тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн асуудлыг нэг мөр болгон шийдвэрлэх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хүрээнд болбол 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Барилга хот, байгуулалтын яам, Нийслэлийн Засаг дарга гэсэн 3 төлөөлөл уулзалт хийж Улсын Их Хурлын Байгаль орчны байнгын хорооны 2022 оны 8 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолоор эцэслэж шийдвэрлэсэн байдаг. Энд ямар шийдвэрийг гаргадаг вэ гэхээр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас яг тусгай хамгаалалттай газар нутагтай холбогдсон энэ газрыг нэг мөр болгон шийдвэрлэж, тусгай хамгаалалттай газар нутагт нийслэл, дүүрэг, сумын засаг даргын захирамжаар газар эзэмших ашиглах эрх олгосон болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох гэрээ байгуулах ажлыг зохион байгуулахыг даалгаж шийдвэрлэсэн байдаг. Энэ ажлын хүрээнд тухайн нэхэмжлэгч ХХК-ийн ашиглаж байсан газар нь Нийслэлийн нутаг дэвсгэрт харьяалагдаж байгаа учраас хуульд нийцүүлээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд холбогдох тушаалыг гаргаж шийдвэрлэсэн. Энэ нь холбогдох хууль тогтоомжид нийцэж гарсан тушаал учраас хүчингүй болгох үндэслэл болохгүй байна. Сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны А/634 дүгээр тушаал нь ерөнхийдөө анх 2011 онд газар ашиглах эрх, эрх олгосон шийдвэрээ дуусгавар болгож байгаа гэж ойлгож болно. Нэхэмжлэгч юун дээр маргаж байгаа юм гэхээр энэ газар нь Нийслэлд очсонтой бол маргаагүй гэж ойлголоо. Гол нь газраа ашиглах боломжгүй болчихсон байгаад гомдолтой байгаад, нэхэмжлэл гаргаад энэ эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаад явж байна гэж ойлгож байна. Тэгэхээр эндээс нийслэл, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн алиных нь эрх ашгийг нь хөндөхгүйгээр дахин одоо шинээр шийдвэр гаргаад явах боломжтой гэж ерөнхийдөө энэ шүүх хуралдааны явцаас дүгнэж байна. Өөрөөр хэлэхэд сайд өөрийнхөө алдаатай шийдвэрийг засах маягаар гаргаагүй. Анхнаасаа энэ хилийн цэс манай мэдээллийн санд тусгай хамгаалалттай газар нутгийн нутаг дэвсгэр гэж явж байсан учраас энэ шийдвэрээ дуусгавар болгож шийдвэрлэсэн. Тэгэхээр нэхэмжлэгчийн гол асуудал нь газар ашиглах эрх дуусгавар болчихсон байгаад маргаж байгаа, газраа бодитойгоор ашиглах боломжгүй болчихсон байгаад маргаж байгаа учраас энэ дээр яг энэ газар нь харьяалагдаад оччихсон байгаа Нийслэлээс энэ гуравдагч болон нэхэмжлэгчийн хэн алиных эрх ашгийг нь хөндөхгүйгээр дахин шийдвэр гаргах бүрэн боломжтой гэж үзэж байна. гэв.
Хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******эс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны А/922 дугаар захирамжид А ******* ХХК-д дүүргийн 8 дугаар хороонд 7000 метр квадрат газрыг үйлчилгээний орон сууцын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн. Х******* ******* групп ХХК-д Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/110 тоот тушаалаар бол шилжүүлсэн. Эдгээр захирамж, тушаалууд нь Нийслэлийн Засаг даргын бүрэн эрх хэмжээний хүрээнд гарсан ийм захирамж, тушаалууд байна. Эндээс харахад Янкгарконстракшн ХХК-д ямар нэгэн байдлаар Нийслэлийн Засаг даргын захирамж байхгүй. Ерөөсөө газрын харилцаа үүсээгүй учраас энэ захирамж хамааралгүй гэж үзэж байна. Энд дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан захирамжууд нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн засаг даргын эрх хэмжээний хүрээнд гарсан захирамжууд гэж үзэж байна. ХХК нь Нийслэлийн засаг даргатай ямар нэгэн байдлаар газрын эрхтэй холбоотой харилцаа үүсээгүй. Энэ тэгээд хэргийн материалаас харахад 13 жилийн турш газар эзэмшихдээ газар дээрээ ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй. Мөн Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.6 дахь хэсэгт заасны дагуу 2 жил дараалан газраа ашиглаагүй гэдгээр бүүр хэдий нь эрхгүй болчихсон. Газар эзэмших, ашиглах ямар ч эрхгүй болчихсон байна. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасан дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Гуравдагч этгээд А ХХК-иас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч " ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан Нийслэлийн дүүргийн 8 дугаар хороо, нэгж талбарын ******* дугаар бүхий 7000м2 газрын манай компани нь 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн тогтоол /өмнөх хувьцаа эзэмшигч иргэн Д.*******, Б.******* нарын гаргасан шийдвэр/-оор "Х******* ******* групп" ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх талаар шийдвэрлэж, мөн өдрөөр 1938 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ"-г байгуулан тус газрыг "Х******* ******* групп" ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн болно. Иймд "" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд манай компанийн хувьд хөндөгдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй байх тул дээрх захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох үндэслэлгүй байгаа болно. гэжээ.
Гуравдагч этгээд Х******* ******* групп ХХК-иас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/110 тоот тушаалаар нэгж талбарын ******* дугаартай дүүргийн 8 дугаар хороонд байрлах 7000 м.кв газрыг 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болж, 2024 оны 10 дугаар сарын 10 өдрийн ******* дугаар "Иргэн хуулийн этгээдэл газар эзэмшүүлэх гэрээ" байгуулсан. Уг газрыг А ХХК-иас Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч, холбогдох хууль журмын дагуу газар эзэмших эрхтэй болсон. А ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаар захирамжаар нэгж талбарын ******* дугаартай газрыг эзэмших эрхтэй болсон. А ХХК-д газар эзэмшүүлсэн 2023 оны А/922 дугаар захирамжийг батлан гаргах үед тухайн газар нь Нийслэлийн нутаг дэвсгэрийн харьяа газарт хамаарч байсан бөгөөд нэхэмжлэгч уг газрыг эзэмших хүсэлтээ Нийслэлийн Засаг даргад гаргаагүй байсан. Мөн манай компанид газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны А/110 тоот тушаалыг гаргах үед нэхэмжлэгч ХХК-ийн газар ашиглах эрх дуусгавар болсон байсан. Маргаан бүхий актууд нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэсэн хуулийн шаардлагыг хангасан. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаар захирамж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/110 тоот тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн зарчимд нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.\
Гуравдагч этгээд Х******* ******* групп ХХК-ийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн захиргааны байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж ажиллаагүйгээс манай эрх ашиг хөндөгдсөн. Өмнө нь 2011 оноос хойш эзэмшиж байсан ч гэсэн, энд үргэлжлүүлээд эзэмшүүлэх байдлаар төрийн захиргааны байгууллагууд хоорондоо зөвшилцөх ёстой байсан гэсэн агуулгаар тайлбар өгч байна. Энд захиргааны шүүх, төрийн захиргааны байгууллага аль нь ч, хэзээ ч сайн дураараа өөрсдөө аль нэг үйл баримтыг эхлүүлж эрх зүйн харилцааг үүсгэдэггүй. Хандсан этгээдийн дагуу хэрэг үүсгэх эсвэл ажиллагаа хийх гэдэг байдлаар үүснэ. Тэрнээс танайх хилийн цэсэд орохоо больсон бол хүмүүсээ над руу өгчих гэдэг байдлаар төрийн захиргааны байгууллага сайн дураараа үйл ажиллагаа явуулах ёстой байсан юм шиг тайлбар хэлж байна. Энэ нөхцөл байдал нь Газрын тухай хууль тогтоомжид заасан өөрсдийнх нь чиг үүрэгт байхгүй үйлдлийг хийх ёстой байсан мэтээр ингэж хариу тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй. Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжуудад төрийн захиргааны байгууллагад иргэн хүн гомдол хүсэлт гаргаснаараа тухайн этгээдтэй харилцах одоо харилцаанд орох харилцаа нь үүсдэг. Тэрнээс төрийн захиргааны байгууллага хэзээ ч сайн дураараа өөрсдөө аливаа нэг үйлдлийг хийхгүй. Хоёрт энэ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны энэ хүчингүй болгосон тушаал нь яах аргагүй нэгэнт тэр байгууллага тэр эрх хэмжээ байхгүй болохоор тэр тушаал нь өөрөө ямар ч эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Мөн энэ тушаалыг хүчингүй болгоод сэргээсэн ч гэсэн нэхэмжлэгчид үүсгэх субьектив эрх байхгүй учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдсэнээр ямар нэгэн эрх зүйн үр дагаваргүй байдал үүсэх нөхцөл байдал харагдаж байна. Хоёрт нь хэрэв танайх үргэлжлүүлээд тэр газрыг эзэмших эрхтэй, яг 2011 оноос хойш манайх энд үйл ажиллагаа явуулж байсан гэвэл тэр үйл баримт, тэр нөхцөл байдлаа өөрсдөө тодорхой тусгаад Нийслэлийн Засаг даргад энэ харилцааг үргэлжлүүлэх тухай буюу иргэний итгэл хамгаалах зарчмын дагуу манайд газар олгох эрх өгнө үү гэсэн байдлаар хандсаны хүрээнд танайд шүүхээр хамгаалуулах гэж байгаа субьектив эрх үүсэх боломжтой байсан. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан хавтаст хэргийн 9 дүгээр хуудсанд байгаа албан тоотын хааас үзэхэд Нийслэлийн Засаг дарга руу энэ эрхээ шилжүүлж явъя гэдэг байдлаар 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 22 тоот албан тоотоор хандсан. 22 албан тоотоор хандсаных нь дагуу Нийслэлийн Засаг даргаас манайх танд газар олгохгүй буюу субьектив эрх ямар нэгэн байдлаар үүсэхгүй гэдгээр хариу өгсөн нь энэ албан тоотоос ингээд тодорхой байдлаар харагдаж байна. Гэтэл энэ шийдвэрт буюу энэ захиргааны акттай нэхэмжлэгч талаас маргаагүй. Урьдчилан шийдвэрлүүлэх, манай газар эзэмшүүлэх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь буруу байна, хууль бусаар татгалзаад ийм акт гаргаж байна гэдэгтэй маргаагүй. Энэ нь Нийслэлийн Засаг даргын үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн үйл баримт буюу энэ нь өөрөө эрх зүйн хүчин чадалтай 12 дугаар сарын хариуг хүлээж авснаас хойшоо Нийслэлийн Засаг даргын үйлдлийг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн үйл баримт болоод явж байна. Тэгэхээр энэ албан тоотын хариуг авснаараа тухайн газартай Нийслэлийн Засаг даргатай нэхэмжлэгч тал ямар нэгэн байдлаар субьектив эрхийн холбоогүй болчихсон гэдгээ 12 дугаар сарын 05-ны өдрөөр буюу тэрний хариу өгсөн 01 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш энэ мэдээд эхэлчихсэн байна. Нийслэлийн Засаг дарга нь манайд ямар нэгэн байдлаар газар олгосон шийдвэр байхгүй, газар олгохгүй гэж шийдвэр гаргаад албан тоотоор хариугаа өгчихлөө гэдэг байдлыг сайн дураараа мэдээд, энэнээс хойш энэ акттай маргаагүй хүлээн зөвшөөрсөн үйл баримт байна. Тэгэхээр ийм нөхцөл байдлаас би юуг дүгнэж хэлэх гээд байна гэхээр энэ талаар буюу субьектив эрх үүсгэхгүй гэж татгалзаж буй үйл явдалтай маргаагүй буюу субьектив эрх үүсээгүй байж тэр газар дээр гуравдагч этгээд газар эзэмших эрх олдсон захирамжтай шууд маргаж байгаа нь танд субьектив эрх үүсээгүй байхад та ямар эрхээ хамгаалуулахаар манай захирамжийг хүчингүй болгох гэж буй нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө хамаарал буюу шалтгаант холбоо байхгүй болж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар манай газрыг хүчингүй болсон ч гэсэн танд сэргээгдэж байгаа субьектив эрх байхгүй болчхож байгаа байхгүй юу нөгөө хамгаалагдсан субьектив эрх буюу шүүхийн шийдвэрээр сэргээгдэх газар эзэмших эрх байхгүй байна. Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна. Манайхтай ямар нэгэн субьектив эрхийн харилцаанд ороод үүссэн эрх үүрэг нь энэ компанид байхгүй. Тэгэхээр эцэст нь ингээд дүгнээд хэлэхэд нэхэмжлэгч манай захирамжтай маргах субьектив эрх хөндөгдсөн асуудал байхгүй гэж хэлж байна. Эцэст нь гэж хэлэхэд 2011 оноос хойш эзэмшиж байгаа гэсэн, 2024 он хүртэл 13 жилийн хугацаанд энэ газар дээр нэг ч хашаа хатгаагүй. Манайх энэ газрыг бусдаас дамжуулж худалдаж авсан. Худалдаж авахдаа газар дээр очиход тал газар байсан. Ядахдаа хашаа хатгаад байшин барьчихсан байгаа тохиолдолд бид нарт мэдэх буюу өөр хүн байгаа юм байна. Энэ хүний асуудлыг шийдсэн эсэх талаар бид нарт сэрэмжлэх боломж байсан. Тэгэхээр тухайн аль ч этгээд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулаад үр шимийг нь хүртэх үүрэгтэй байдаг. Тэгэхэд 13 жил 1 ч шон хатгаад хашаа хатгаагүй энэ үйл баримт нь өөрөө нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж буйг зөвтгөх үндэслэл болохгүй. Тэгэхээр эрхээ хамгаалуулахыг зөвтгөх үндэслэл болохгүй нь 13 жилийн хугацаанд ч газартаа 1 ч хашаа хатгаагүй байгаа үйл баримт нь нотолж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Гуравдагч этгээд Х******* ******* групп ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс бол тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхтэй байсан. Тэр эрхийнхээ талаар хууль зүйн агуулга, өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлоо зөв тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна гэж үзэж байна. Газар ашиглах эрхийг бол зөвхөн Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолоор тусгай хамгаалалтад авсан газар нутагт иргэн хуулийн этгээдэд аялал жуулчлалын зориулалтаар түр хугацаагаар ашиглуулах зорилгоор 5, 10 жилийн хугацаагаар олгодог. Хэрвээ энэ ашиглалтын хугацаа дууссан бол газар ашиглах эрх олгосон субъектээс тухайн ашиглах эрхийг дуусгавар болгосон тохиолдолд газрыг анхны төрөхөд нь оруулдаг. Тэгэхээр нэхэмжлэгч тусгай хамгаалалтаар газар нутагт газар ашиглах эрхээ Нийслэлийн газрын газар эзэмших эрхээр солиулах шаардлага тавьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болсон байсан. Тэрнээс гадна анх газар олгохдоо аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх боломжгүй газарт энэ Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор энэ газар анхнаасаа Нийслэлийн газар байсан. Тэгэхээр нэхэмжлэгчийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх нь хуулиар хамгаалагдах эрх ашиг сонирхол биш юм. Тийм учраас захиргааны байгууллагаас ашиглах эрхгүй газарт газар олгосон зэрэг асуудал байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХК нь эцсийн байдлаар дараах 3 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд:
1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай А/634 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
2. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/922 дугаар захирамжийн А ХХК-д дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт 7000 м.кв газар олгосон хэсгийг хүчингүй болгуулах,
3. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/110 дугаар тушаалын Х******* ******* групп ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай А/634 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч ХХК-д маргаан бүхий газрыг анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай А/297 дугаар тушаалаар[1] олгосон болох нь уг А/297 дугаар тушаал болон газар ашиглах эрхийн гэрчилгээ, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай А/634 дүгээр тушаалаар Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2011 оны 1/406 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/2054, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5353 дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Богдхан уулсын дархан цаазат газрын ын ам болон аманд хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан... гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолын 4-д Тусгай хамгаалалттай газар нутагт Нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгосон болон Нийслэлийн нутаг дэвсгэрт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгосон асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, газрын эрхийн гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах гэж заасан байна.
Дээрх тогтоолын 4-д ...гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах гэж зааснаас үзэхэд, одоо ашиглаж байгаа этгээдэд маргаан бүхий газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлж, ашиглуулах агуулгаар чиглэл болгосон байна.
Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №1/2054 тоот албан бичигт ...Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын тушаалаар газар ашиглаж байгаа болон Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хохироолгүйгээр тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн, газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар ашиглуулах гэрээ байгуулах ажлыг зохион байгуулж, шийдвэрлэж хамтран ажиллахыг хүсье... гэсэн байх ба үүнээс үзэхэд Барилга, хот байгуулалтын сайдын №1/2054 тоот албан бичиг нь мөн одоо ашиглаж байгаа этгээдэд маргаан бүхий газрыг үргэлжлүүлэн эзэмшүүлж, ашиглуулахыг дэмжсэн агуулгатай байна.
Дээрх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоол болон Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №1/2054 тоот албан бичиг нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай А/634 дүгээр тушаалын үндэслэл болсон байна.
Ийм байтал, Сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь уг А/634 дүгээр тушаалын үндэслэл болсон баримтуудаасаа зөрүүтэй, логикийн алдаатай, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж шүүх үзлээ.
Дархан цаазат газрын хилийн зааг, цэс өөрчлөгдсөнөөр маргаан бүхий газрыг ашиглуулах, эзэмшүүлэх эрх хэмжээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас Нийслэлийн Засаг даргад шилжсэн байх ба хилийн цэс өөрчлөгдсөнтэй захиргааны байгууллагууд хоорондоо маргаагүй байна.
Тодруулбал, Дархан цаазат газрын хилийн зааг, цэс өөрчлөгдсөнөөр маргаан бүхий газарт захиргааны акт гаргах эрх хэмжээ нутаг дэвсгэрийн харьяаллын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас Нийслэлийн Засаг даргад шилжсэн байх ба Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь маргаан бүхий газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулах эрхгүй болсон байна.
Нэгэнт маргаан бүхий газрыг ашиглуулахтай холбоотой шийдвэр гаргах эрх хэмжээ нутаг дэвсгэрийн харьяаллын хувьд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хамааралгүй болсон учир нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох эрх хэмжээ мөн Сайдад байхгүй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/634 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь онолын хувьд захиргааны актад тавигдах формаль эрх зүйн шаардлагыг хангаагүй байна.
Үүнээс үзэхэд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2023 оны А/634 дүгээр тушаалыг гаргахдаа өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар тушаал гаргасан гэж үзэхээр байна.
Мөн шүүх шийдвэр гаргах эрх бүхий захиргааны байгууллага өөрчлөгдөх нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.
Учир нь дархан цаазат газрын хилийн зааг, цэс өөрчлөгдсөн нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй, нэхэмжлэгчид хамааралгүй байх ба маргаан бүхий газарт захиргааны акт гаргах эрх хэмжээ нутаг дэвсгэрийн харьяаллын хувьд Сайдаас Нийслэлийн Засаг даргад шилжсэн асуудалд нэхэмжлэгч буруугүй юм.
Зүй нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болголгүйгээр, харин нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хэрхэх асуудлыг Нийслэлийн Засаг даргад шилжүүлсүгэй гэсэн байдлаар захиргааны акт гаргах нь захиргааны актад тавигдах шаардлагад нийцэхээр байжээ.
Нэхэмжлэгч нь газрын төлбөрт 177,048,200 төгрөг төлсөн болох нь Газрын төлбөр тооцоо нийлсэн акт[2]-аар тогтоогдож байх ба үүнээс үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцэхгүй байна.
Дээр тайлбарласан үндэслэл, үйл баримтуудад үндэслэн шүүх дүгнэвэл, Сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй болон нэхэмжлэгчийн газар ашиглах гэрээний хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь маргах эрхгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь маргаан бүхий 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 тушаал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 болон газар ашиглах гэрээний хугацаа дууссан үндэслэлээр гараагүй байх тул хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч маргаж байгаа энэ үндэслэл нь маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамааралгүй буюу нэхэмжлэлийн үндэслэлд хамааралгүй, хэрэгт хамааралгүй байна.
Иймд 1 дэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн 2 болон 3 дахь шаардлага буюу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/922 дугаар захирамжийн А ХХК-д дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт 7000 м.кв газар олгосон хэсгийг хүчингүй болгуулах болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/110 дугаар тушаалын Х******* ******* групп ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагуудын тухайд:
Шүүх нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул уг нэхэмжлэлийн шаардлагатай шууд уялдаа холбоотой Нийслэлийн Засаг даргын 2023 оны 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаар захирамжийн холбогдох хэсэг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/110 дугаар тушаалын холбогдох хэсгийг мөн шүүх хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шийдвэр гаргах эрх бүхий захиргааны байгууллага өөрчлөгдөх нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй талаар дээр тодорхой дүгнэж нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн 2 болон 3 дахь шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг захиргааны байгууллагууд хоорондоо эрх хэмжээгээ шилжүүлэхдээ алдаатай үйлдэл гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн агуулгаар дээр тодорхой дүгнэсэн ба уг захиргааны байгууллагуудын алдаатай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна гэж шүүх үзлээ.
Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна. гэж заасан ба уг зохицуулалт нь цаг хугацааны хувьд эхэнд түрүүлж газар эзэмших, ашиглах эрх үүссэн, цаг хугацааны хувьд түрүүлж газар эзэмших, ашиглах хүсэлт гаргасан этгээд давуу эрхтэй гэсэн агуулгыг илэрхийлнэ.
Нэхэмжлэгчийн газар ашиглах эрх цаг хугацааны хувьд гуравдагч этгээдээс түрүүлж /эхэнд/ 10 гаруй жилийн өмнө нь үүссэн болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А/297 дугаар тушаалаар тогтоогдож байх ба маргаан бүхий газрыг аль захиргааны байгууллага олгох эрх хэмжээтэйгээс үл хамааран нэхэмжлэгчийн газар ашиглах эрх цаг хугацааны хувьд эхэнд үүссэн байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/922 дугаар захирамжийн холбогдох хэсэг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/110 дугаар тушаалын холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасантай нийцэхгүй гэж шүүх үзлээ.
Иймд дээр тайлбарласан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн 2 болон 3 дахь шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай А/634 дүгээр тушаалын ХХК-д холбогдох хэсгийг болон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/922 дугаар захирамжийн хавсралтын 3 дахь хэсэг /А ХХК-д 7000 м.кв газар олгосон хэсэг/-ийг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/110 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 7 дахь хэсэг /Х******* ******* групп ХХК-д холбогдох хэсэг/-ийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас 35,100 төгрөгийг, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 35.100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ