Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 307/ШШ2025/00554

 

 

 

 

 

 

 

2025 04 14 307Ш2025/00554

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Генерал Бавуугийн гудамж, өөрийн байранд оршин байх, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д........... хаягт оршин суух, ........... овогт Ж.Т /РД:............./-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Албаны дүрэмт хувцасны төлбөр 646,221 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар ТБАГУТҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.Т нь тус Цагдаагийн газарт ажиллаж байгаад 2024 оны 12 дугаар сард албанаас чөлөөлөгдсөн.

Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвөөс 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд хангалтаар олгосон албаны дүрэмт хувцасны эдэлгээний хугацаа дуусахаас өмнө албанаас чөлөөлөгдсөн тул дүрэмт хувцасны төлбөр болох 646,221 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ж.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Миний бие Ж овогтой Т нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас гаргасан хувцасны тооцооны нэхэмжлэл болох 646,221 төгрөгийг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй. Үнэн зөв хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар ТБАГУТҮГ нь хариуцагч Ж.Тэд холбогдуулан албаны дүрэмт хувцасны төлбөр 646,221 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Т нь нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар ТБАГУТҮГ-ын нэхэмжилсэн 646,221 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

 

Дээрх хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Ж.Тэд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Ж.Т нь нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар ТБАГУТҮГ-ын нэхэмжилсэн 646,221 төгрөгийг төлөхийг зөвшөөрснийг баталж, Ж.Тэд холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ