Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2019/ДШМ/53

 

С.Пүрэвдашид холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

   Ерөнхий шүүгч                Б.Батзориг

Шүүгчид             Г.Давааренчин                                  

                        Д.Буянжаргал

Оролцогчид:

    Прокурор                          Г.Энхмаа

 Шүүгдэгч                           С.Пүрэвдаш

Шүүгдэгч, иргэний нэхэмлэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч            Б.Мөнхцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Эрдэнэсувд нар оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч С.Пүрэвдаш, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Мөнхцэцэг нарын гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Боржигон овогт Сүрэнгийн Пүрэвдашид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1932000000088 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт: Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1962 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 12-р хороо Жанжины 26-р гудамжны №633 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Сүрэнгийн Пүрэвдаш РД: МТ62122715

          Холбогдсон хэргийн талаар: С.Пүрэвдаш нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 163-164 дэх км-т 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн өглөөний 05 цагийн орчим “ЗИЛ-131” маркийн “39-74” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад эвдэрэхэд нь ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүй, замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүйн улмаас жолооч Г.Галсанжамц нь “Тоёота приус 20” маркийн “03-61” ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчин жолоодож яваад араас нь мөргөсний улмаас жолооч Г.Галсанжамцын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор:

          - Шүүгдэгч Боржигон овогт Сүрэнгийн Пүрэвдашийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          - Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пүрэвдашийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пүрэвдашийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд тав хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шуүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

          - Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Пүрэвдашаас 270458 төгрөг, иргэний хариуцагч “Толгойтын гол” ХХК-иас 270458 төгрөг бүгд 540916 төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 18 дугаар баг Баянбулаг 1-1А тоотод оршин суух, /ИЦ85110195/, Хулууд овогт Галбадрахын Галсанжамцад олгож, шүүгдэгч С.Пүрэвдашаас 137500 төгрөг, зөрчилд холбогдогч Г.Галсанжамцаас 137500 төгрөг бүгд 275000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд үйл ажиллагаа явуулж буй “Толгойтын гол” ХХК-д олгож, шүүгдэгч С.Пүрэвдашаас 1686334 төгрөг, иргэний хариуцагч “Толгойтын гол" ХХК-аас 1686334 төгрөг, зөрчилд холбогдогч Г.Галсанжамцаас 1686334 төгрөг бүгд 5059000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг Оюут 2-р хороолол 22-31 тоотод оршин суух, ЮЛ90020674/, Ончууд овогт Мэндбилэгийн Отгонболдод олгохоор шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч С.Пүрэвдаш давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ... Иргэн С.Пүрэвдаш би өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна. Учир нь: Би 2019 оны 4-р сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос 18 цагт тос,масло ачаад механик ажилтай Д.Баасанжавын хамт “ 3ил-130” машинтай явж байсан юм. Бид хоёр Баруунхараа орж ирээд Баянуул хоолны газар ирж машинаа үзчихээд цааш хөдлөөд 164 километр дээр явж байтал машины мотор гэнэт зуураад машин явах боломжгүй болсон юм. Иймд өөрийн бололцоогоор машинаа замын баруун талаар шахаж зогсоогоод машин зогссон гэдгээ анхааруулахын тулд зам дээр ундааны сав, 3 чулуу тавьсан юм. Би шөнөжингөө сууж байсан. Өглөө үүрээр 5 цагт гэгээ орчихсон байхад машины араас хүчтэй юм мөргөсөн. Машинаасаа буугаад хартал “Тоёота  приус 20” маркын машин жалганд орчихсон байсан. Очтол нэг залуу манай найзыг машинаас гаргаж туслаач гэсэн. Бид машины жолооч Г.Галсанжамцыг машины жолоочийн суудлаас нь авах гэж нилээд оролдсон. Тэр хамгаалах бүсээ бүслээгүй байсан тул хэцүү байсан. Тэгээд түүнийг татаж гаргаад 05 цаг 10 минутын үед эхний машин ирэхээр хохирогчтой цуг явуулсан. Тэр үед өөдөөс ямар ч машин байгаагүй, зам чөлөөтэй байсан. Машинд нь архи үнэртэж байсан. Нөгөө залуугаас нь бас архи үнэртэж байсан. Тус осол болох үед өөдөөс машины гэрэл байхгүй байсан. Үүрээр харьцангуй тайван хөдөлгөөнгүй байсан. Хэрэв машины гэрэл гялбасан бол эсрэг талын машиныг мөргөж осол гарах байсан юм. Эмнэлэг явсан хүмүүсээс үлдсэнийг нь Дархан хот руу авч яваад тэндээсээ тэр хүмүүс нь орон нутаг руугаа явсан. Би Дархан хотоос крантай машин дуудаж машинаа чирүүлж авч явсан. Ийм явдал болсон юм. Осол гарч хүний биед гэмтэл учирсан явдалд миний сэтгэл эмзэглэж байна. Би хууль шүүхийн байгууллагыг үнэн зөвийг олж шийдвэрлэнэ гэж бодож байсан билээ. Гэтэл үнэн шударга шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж гомдолтой байна. Миний машин гэнэт эвдрээд зогссон бөгөөд зам дээр анхааруулах тэмдэг болгож ундааны сав, чулуу зэргийг тавьсан би гэмт хэрэгтэн болж шийтгүүлж их хэмжээний төлбөрт орж харин согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, зогсож байсан машины араас ирж мөргөсөн Г.Галсанжамц зөрчил гаргасанд тооцогдож энэ хэрэг шийдвэрлэгдэж байгаад гомдолтой байна. Иргэн би Г.Галсанжамцыг шүүхээр шийтгүүлэх гэж энэ гомдлыг гаргаагүй, харин иргэддээ адил тэгш хандах ёстой шүүх надад ялгавартай хандаж шударга үнэн шийдвэр гаргаагүйд их гомдолтой байгаа билээ. Ямар ч байдлаар бодсон миний хувьд гэмт хэрэгтэн болж шийтгүүлэх буруутай зүйл хийгээгүй гэдэг нь хэргийн баримтуудаас илэрхий харагдана гэж үзэж байна. Хэрвээ Г.Галсанжамц гэмт хэрэгтэн биш болж байгаа бол би ч гэсэн гэмт хэрэгтэн болох ёсгүй шүү дээ. Яагаад гэвэл хэрвээ намайг анхааруулах тэмдэгийг орлуулж ундааны сав, чулуу зэргийг тавьсан гэж буруутгахгүй бол надад өөр буруутай зүйл байхгүй гэж үзэж байна. Хэрвээ хоёр машин урд урдаасаа ирээд мөргөлдсөн бол аль алины нь буруу гэж үзэж магадгүй юм. Гэтэл зогсож байгаа миний машины араас өөр машин ирж мөргөж байхад миний буруу байхгүй билээ. Жолооч Г.Галсанжамц нь урд талын замаа харж анхаарал болгоомжтой явах ёстой билээ. Энэ хэргийг хянан шалгасан прокурор , хэргийг шийдвэрлэсэн шүүгч нь иргэддээ адил тэгш хандаж чадаагүй юм. Тухайлбал: Миний ажилладаг “Толгойтын гол”-ХХК-ийг болохоор “Зил -130” машины эзэмшигч тул иргэний нэхэмжлэгч М.Отгонболдод 1.686.334 төгрөг төлөх ёстой гэж шийдвэрлэсэн. Гэтэл иргэний нэхэмжлэгч М.Отгонболд нь болохоор нагац ах М.Ариунболддоо “Тоёота Приус 20” машинаа шилжүүлж өгсөн, М.Ариунболд нь болохоор тус машины жолоог Г.Галсанжамцад шилжүүлсэн, Г.Галсанжамц нь болохоор машиныг нь жолоодож яваад зогсож байсан машины араас нь очиж мөргөж осол гаргасан үйлдлүүд байхад машины эзэмшигч М.Отгонболд хариуцлага хүлээгээгүй, төлбөр төлөөгүй юм. Хэрвээ хууль адил тэгш үйлчилсэн бол Зил-130 машины эзэмшигч гэж “Толгойтын гол”-ХХК-д төлбөр оногдуулсантай адилхан “Тоёота Приус 20” машины эзэмшигч М.Отгонболдод бас хариуцлага, төлбөр хүлээлгэх ёстой байсан билээ. Гэтэл М.Отгонболд хариуцлага хүлээлгүй үлдэж харин бид бүгдээс 5.059.000 төгрөгийг гаргуулж М.Отгонболдод олгохоор хэргийг шийдвэрлэж байгаа нь шударга биш зүйл гэж үзэж гомдолтой байна. Энэ мэтчилэн энэ хэргийг хууль зүйн үндэслэлгүй, шударга биш шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иргэн С.Пүрэвдаш би өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байгаа тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож оногдуулсан төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

         Иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 5-р сарын16-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4-р зүйлд заасан: иргэний хариуцагч “Толгойтын гол”-ХХК-аас 1.686.334 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Отгонболдод олгосугай гэсэн заалтыг иргэний хариуцагч “Толгойтын гол”-ХХК-ний төлөөлөгч Б.Мөнхцэцэг би зөвшөөрөхгүй гомдолтой байна. Гомдол гаргаж байгаа учир нь Манай компаний зүгээс буруутай үйлдэл гаргаагүй тул иргэний нэхэмжлэгч М.Отгонболдод 1.686.334 төгрөгийн төлбөр төлөх тухай заасан шийтгэх тогтоолын заалтыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний нэхэмжлэгч М.Отгонболд нь өөрийн эзэмшлийн “Тоёота Приус 20” машинаа М.Ариунболдод өгч явуулсан, М.Ариунболд нь Г.Галсанжамцад машины жолоогоо шилжүүлсэн, Г.Галсанжамц машин жолоодож яваад осол гаргасан байна. Гэтэл шүүх манай компанийг “3ил-130” машины эзэмшигч гэж үзэж М.Отгонболдод төлбөр төлөхөөр шийдвэрлэсэн атлаа М.Отгонболдыг “Тоёота Приус 20” машины эзэмшигч байхад, тус машиныг жолоодож явсан Г.Галсанжамцыг буруутай үйлдэл хийсэн гэдгийг хуулийн байгууллага тогтоосон байхад М.Отгонболдоос төлбөр гаргуулалгүй харин түүнд мөнгө олгуулахаар хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн өмнө хүн бүр адил тэгш эрхтэй байна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн явдал болсон гэж үзэж байна. Манай компани нь М.Отгонболдод төлбөр төлөх үндэслэлгүй учир шүүхийн 82 дугаартай шийтгэх тогтоолын 4-р зүйлд заасан: “Толгойтын гол” ХХК-аас 1.686.334 төгрөгийг гаргуулж М.Отгонболдод олгосугай гэсэн заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч С.Пүрэвдашийн араас мөргөсөн машины жолооч нь архи уусан мөн бүсээ зүүгээгүй, жолоогоо бусдад шилжүүлсэн гэх олон Замын Хөдөлгөөний дүрмүүдийг зөрчсөн байхад анхан шатны шүүх уг хүмүүсийг хохирогчоор тогтоон шийдвэр гаргасан байна. Энэ нь Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасан зарчмуудад нийцэхгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн хэргийн нөхцөл байдлаас харахад тухайн машиныг араас нь ирж мөргөсөн, гэгээ орсон байсан ба ослын тэмдэг байхгүй ч орлуулж чулуу ундааны сав тавьсан, тухайн жолооч архи уусан, хамгаалалтын бүсийг зүүгээгүй ийм нөхцөл байдлууд тогтоогдож байхад шүүх уг хүмүүсийг хохирогчоор татсан байна гэв.  

Прокурор шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг ослын шалтгаан нөхцөл нь ослын тэмдэг тавиагүйгээс гарсан гэж мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон. Шүүгдэгчийн өмгөөлөгч уг машины жолоочийг архи хэрэглэсэн гэж байна. Гэтэл тухайн машинд явж байсан залуучууд мэдүүлэхдээ Өмнөговь аймгаас Сэлэнгэ рүү гарсан байдаг. Гарахдаа бол архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Осол болсны дараа цуснаас авсан шинжилгээгээр спирт илэрдэггүй харин амьсгалаар илэрсэн нь тогтоогдсон. Тийм учраас архи хэрэглэсэнд тооцдоггүй. Хохирлын хэмжээг Монгол Улсын Иргэний хуулийг баримтлан хувь тэнцүүлж тооцон гаргасан. Ийм учир анхан шатны шүүхийн шийдвэр үндсэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

         С.Пүрэвдаш нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1-р багийн нутаг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 163-164 дэх км-т 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн өглөөний 05 цагийн орчим “ЗИЛ-131” маркийн “39-74” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад эвдрэхэд нь ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүй, замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсоогүйн улмаас жолооч Г.Галсанжамц нь “Тоёота приус 20” маркийн “03-61” ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчин жолоодож яваад араас нь мөргөсний улмаас жолооч Г.Галсанжамцын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгч С.Пүрэвдашийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пүрэвдашийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

         -Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Пүрэвдашаас 270458 төгрөг, иргэний хариуцагч “Толгойтын гол” ХХК-иас 270458 төгрөг бүгд 540916 төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 18 дугаар баг Баянбулаг 1-1А тоотод оршин суух, /ИЦ85110195/, Хулууд овогт Галбадрахын Галсанжамцад олгож, шүүгдэгч С.Пүрэвдашаас 137500 төгрөг, зөрчилд холбогдогч Г.Галсанжамцаас 137500 төгрөг бүгд 275000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд үйл ажиллагаа явуулж буй “Толгойтын гол” ХХК-д олгож, шүүгдэгч С.Пүрэвдашаас 1686334 төгрөг, иргэний хариуцагч “Толгойтын гол" ХХК-аас 1686334 төгрөг, зөрчилд холбогдогч Г.Галсанжамцаас 1686334 төгрөг бүгд 5059000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг Оюут 2-р хороолол 22-31 тоотод оршин суух, ЮЛ:90020674, Ончууд овогт Мэндбилэгийн Отгонболдод олгохоор... тус тус зааж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч С.Пүрэвдаш болон иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхцэцэг нарын давж заалдсан гомдлын дагуу С.Пүрэвдашид холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн,уг хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байхад анхан шатны шүүх уг байдлыг анхааралгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд дээрх үндэслэл нь ЭХХШТ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 болон мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3- заасан хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарч байна.

          Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч С.Пүрэвдашид холбогдох хэргийг прокурорт буцааж дараах мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгэх нь зүйтэй гэж үзлээ.

          Үүнд:Мөрдөн байцаагчийн 2019 оны 04 сарын 15-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолоор зам тээврийн ослын шалтгааныг тогтоох зорилгоор шинжээч томилж, шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2-д заасан ажиллагааг явуулалгүй дүгнэлт гаргасан хууль зөрчсөн байх тул уг хэрэгт зам тээврийн ослын шалтгааныг тогтоох шинжилгээг дахин явуулах,

          -хэрэг учрал болох үед жолооч Г.Галсанжамцын жолоодож  явсан 03-61 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон М.Отгонболд болон М.Отгонболдын зөвшөөрснөөр уг машиныг анх жолоодож яваад Г.Галсанжамцад тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн М.Ариунболд нарыг хэрэгт иргэний хариуцагчаар татах эсэх асуудлыг шийдвэрлэх,

          -шүүгдэгч С.Пүрэвдаш нь Толгойтын гол ХХК-д жолоочоор ажилладаг гэх бөгөөд түүний ажилд орсон тушаал, хөдөлмөрийн гэрээ болон хувийн байдалтай холбоотой шаардлагатай бусад баримтуудыг холбогдох газраас гаргуулж хэрэгт хавсаргах,

          -тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.Галсанжамцад холбогдох зөрчлийн хэрэг хэрэгт авагдаагүй байх тул түүнд холбогдох зөрчлийг хянан шийдвэрлэсэн зөрчлийн хэргийг хэрэгт хавсаргах болон шаардлагатай бусад мөрдөн шалгах ажиллагааг явуулсны  эцэст хэргийг хянан шийдвэрлэх зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

          Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж буй тул  шүүгдэг болон иргэний хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар  сарын 16-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол С.Пүрэвдашид авсан хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

              ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

          ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                                          Д.БУЯНЖАРГАЛ