| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0204/З |
| Дугаар | 128/ШШ2025/0167 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2025/0167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: СӨХ
Хариуцагч: дүүргийн Засаг дарга
Маргааны төрөл: дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 дугаар Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №******* тоот хотхон СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г., Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., Я., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Улаанбаатар хот дүүргийн 5-р хороо 15 дугаар хороолол Г. гийн гудамж 77а, 776 байруудыг "" ХХК 2020 оны 7-р сард ашиглалтад оруулсан. Уг барилга нь хууль зүйн яамны захиалгат 390 айлын орон сууц. Дээрх хугацаанд миний бие Б.******* барилгын газар шорооны ажлаас эхлээд дуусах хүртэл харуул хамгаалалт хариуцан ажиллаж байсан. Би энэ байранд оршин суудаг ба хуулиараа оршин суугч хэн ч бай СӨХ байгуулах эрхтэй. 2020 оны 7 дугаар сард ашиглалтад ороход харуулаар ажиллаж байгаад 2021 оноос СӨХ байгуулахаар шийдээд холбогдох материалаа бүрдүүлж дүүргийн "Хөгжлийн төв"-д 2021 оны 5-р сард өгч 377 тоот гэрчилгээ аваад мөн 2021 оны 12-р сарын 21-нд дахин шинэчлэгдэж 0065 тоот гэрчилгээтэйгээр одоо хүртэл СӨХ-н даргаар ажиллаж байна. Дээрх хугацаанд СӨХ-г байгуулахад Ковид гарч хүнд нөхцөл байдал тулгарч байсан юм. Энэ үед оршин суугчдыг олноор нь цуглуулах боломжгүй айл тус бүрээр уулзаж холбогдох бичиг баримт мэдээлэл тарааж оршин суугчдын 51-с дээш хувийн санал авснаар СӨХ-г байгуулсан. СӨХ-н даргаар ажиллаж байх явцад хэсэг бүлэг оршин суугчид, "" ХХК-н захирлын хамаатан нийлж юм идэх гэж байна гэсэн үг яриа гаргаж оршин суугчдын дунд янз бүрийн мэдээлэл тарааж СӨХ-ны ажлыг аль болох явуулахгүй байх, СӨХ-ны төлбөрөө битгий өгөөрэй гэх мэт хүнд байдалд ажлаа явуулсаар өөрөөсөө болон хувь хүмүүсээс мөнгө төгрөг зээлж явсаар өнөөг хүрлээ. Одоо СӨХ нь 150 гаруй сая төгрөгийн авлагатай байна. Бид ийм хүнд байдалд байгаа ч гэсэн ажлаа хэвийн явуулж байгаа болно. 2022 оны 9-р сард тодорхой оршин суугч бүлэг хүмүүс хуралдаж давхардуулан СӨХ-ыг байгуулсан гэдэг. Энэ хүмүүс өнөө хүртэл явсаар дүүргийн Засаг даргаас гэрчилгээ гаргуулан авсан байна. (2023.11.28-ны өдөр) дүүргийн засаг дарга нь захиргааны ерөнхий хуулийн 24 нөхцөл байдлыг тогтоох, 25 нотлох баримт цуглуулах, 26 оролцогчийг сонсох, 27 сонсох ажиллагааг явуулах зэрэг ажиллагааг явуулахгүйгээр 2023.11.20-ны өдөр №А/910 тоот захирамж хууль бусаар гаргаад байна. Захирамжийн эх хувь, АТГ-н зөвлөмжийн эх хувийг өгөхгүй хуулбарлан өгсөн болно. Захирамжийн үндэслэх хэсэгт: ".. Авлигатай тэмцэх газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/16345 дугаар зөвлөмжийг үндэслэн ".. захирамжлах хэсэгт "..сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй байгаа талаар эрх бүхий байгууллагаас зөвлөмж ирүүлсэн байх тул 2021.05.31-ний өдөр олгогдсон, 377, 2021.12.21-ний өдөр олгогдсон 0065 дугаар гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож бүртгэлээс хассугай." Гэжээ. Гэтэл АТГ-н зөвлөмж нь: ..сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй байгаа талаар гаргаагүй... хуульд нийцсэн эсэхийг дахин нягтлан үзэж, шийдвэрлэх тухай зөвлөмж гаргасан байхад зөвлөмжийг буруугаар буюу хууль бусаар ашиглаж дахин шалгаж нягтлан үзсэн зүйлгүйгээр хууль бус захирамжийг гаргаад байна. Иймд: дүүргийн засаг даргын 2023 оны 11 сарын 20-ны өдрийн А/910 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчээс 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын үндэслэлдээ: Манай "" СӨХ нь 2021 оны 12 сарын 21-ний өдөр №65 тоот Гэрчилгээг хуулийн дагуу гаргуулан авч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж Зайна. Сууц өмчлөгчдийн холбоог байгуулсанаас хойш хэсэг бүлэг хүмүүс ажил кийлгэхгүй хууль бусаар байгуулагдсан холбоо, өөр холбоо байгуулна гэх зэргээр эршин суугчдад нөлөөлж СӨХ-ийн төлбөр төлөх хэрэггүй гэх зэргээр мэдээ Мэдээлэл тарааснаас ихэнх оршин суугчид төлбөрөө төлөөгүй өдийг хүрсэн. 2023 оны 11 сарын 20-ны №A/910 тоот дүүргийн засаг даргын "Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ хүчингүй болгох тухай" захирамжаар "" СӨХ-н гэрчилгээг хүчингүй болгосон ба захирамжийн 2-дахь хэсэгт 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэсний дагуу шүүхэд гомдлоо гаргаад явж байна. Гэтэл гомдлын хугацаа дуусаагүй байхад буюу 2023.11.28-ны өдөр дүүргийн засаг дарга Н. №******* тоот " хотхон" СӨХ-ны гэрчилгээ гаргасан байгаа нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5.2-т заасан Орон сууцны нэг байшинд нэг холбоо байна гэснийг зөрчиж гэрчилгээ гаргаад байна. Өөрөөр хэлбэл "" СӨХ-ы гэрчилгээ хүчинтэй шүүхэд хандаад явж байхад дахин нэмж гэрчилгээ гарган нэг орон сууц дээр хоёр СӨХ-той болоод байгаа юм. Иймд хууль бусаар гаргасан 2023 оны 11 сарын 28-ны өдрийн №******* тоот " хотхон" СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хот, дүүрэг, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 77, 77а, 77б байруудыг ХХК нь 2020 оны 07 дугаар сард ашиглалтад оруулсан байдаг. Тухайн байрны анх байгуулагдсан цагаас эхлэн СӨХ-ны дарга болох сонирхолтой Б.******* нь холбогдох бичиг баримтыг бүрдүүлж 2021 оны 05 дугаар сард дүүргийн хөгжлийн төв болон дүүргийн Засаг даргад хүсэлтээ гаргадаг. Үүний дагуу 2021 оны 05 дугаар сард 370 тоот гэрчилгээг хууль ёсны дагуу авч эзэмшсэн. Энэ гэрчилгээ гарснаас хойш маргаан үүссэн. Учир нь оршин суугчдын зарим нь хүчин төгөлдөр бус байгуулагдсан гэж хоёр хуваагдсан. Тэгээд хөгжлийн төвд, дүүргийн засаг даргад зэрэг бүх л газраар гомдол гаргаж явсан. Үүний дагуу Хөгжлийн төвөөс 2021 оны 09 дүгээр сарын 21-нд Н. гэх ажилтандаа сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Сууц Өмчлөлийн Холбооны гэрчилгээг олгохдоо хяналт дутуу хийсэн, мөн иргэдийн гомдол байнга гарч байх зэрэг хэд хэдэн зөрчил илэрсэн гэх үндэслэлээр сануулах сахилгын шийтгэлийг оногдуулсан байдаг. Түүнээс хойш 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Н.******* сахилгын шийтгэл оногдуулж ажлаас халсан. 2021 оны 12 дугаар сарын 21-нд СӨХ нь хууль ёсны дагуу гэрчилгээгээ авсан гэж үзэж дүүргийн засаг дарга гэрчилгээг шинэчилж олгосон. 2022 оны 02 дугаар сарын 18-ны Н. Хөгжлийн төвийн даргын тушаалаар Н. ажлаас халсан үндэслэл нь хууль бус гэж өөрсдөө хүлээн зөвшөөрч Н. ажлаас ажлаас чөлөөлсөн тухай тушаал гаргасан байдаг. Манай СӨХ яг хууль ёсны дагуу ажлаа хийгээд явсан. Ажлаа хийгээд явж байхад хэсэг хүмүүс байнга та хэдийг ажил хийлгэхгүй, анхнаасаа хууль бусаар байгуулагдсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад өгсөн. Дүүргийн засаг дарга нь шалгаж үзээд хууль ёсны дагуу байна гэж үзээд гэрчилгээг дахиж 2021 оны 12 дугаар сарын 21-нд олгосон. Хөгжлийн төв өөрсдөө хүлээн зөвшөөрч 2022 оны 02 дугаар сарын 18-нд Н. ажлаас чөлөөлөх тушаалд өмнөх ажлаас чөлөөлсөн тушаал нь өөрөө хүчингүй, бид буруу мэдээллээр хүнийг ажлаас халчихсан байна гэж хүлээн зөвшөөрч тушаалаа гаргасан. Үүний дагуу манайхан хууль ёсны дагуу ажлаа хийгээд явж байсан. Гэтэл нөгөө гомдол гаргадаг хүмүүс гомдлыг бүх л шатад цагдаа, шүүх, Авлигатай тэмцэх газарт хүртэл өгсөн байсан. Авлигатай тэмцэх газраас эрх хэмжээнийхээ хүрээнд биш, хууль зөрчин иргэдийн өргөдөл, мэдээллээр гэх үндэслэлээр Сууц Өмчлөгчдийн Холбооны талаар Авлигатай тэмцэх газраас дүүргийн засаг даргад зөвлөмж хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Авлигатай тэмцэх тухай хуулийг зөрчиж зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжийнх нь дагуу арга хэмжээ авч байна гэдэг үндэслэлээр 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 тоот дүүргийн засаг даргын Сууц Өмчлөлийн Холбооны гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гаргаж, манай олгогдсон 2 гэрчилгээг хууль ёсны дагуу биш байна. Авлигатай тэмцэх газраас энийг тогтоогоод хууль зөрчиж анхнаасаа ингээд авчихсан байна гэж үзэж манай 2 гэрчилгээг хүчингүй болгодог. Хүчингүй болонгуут манайх гомдол гаргах гэж байтал энэ захирамждаа 2 дахь заалтад байдаг. 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болохыг дурдсан байдаг. Гэтэл энэ захирамж болон гэрчилгээг захирамж гараад хүчингүй болгохгүй. Шүүхээр эцэслэн шийдвэрлэж байж гэрчилгээ хүчингүй болох ёстой. Гэтэл шүүхэд хандаад явж байх хооронд 11 дүгээр сарын 28-ны өдөр хотхон СӨХ-нд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлд нэг орон сууцанд 2 СӨХ байхгүй гэх хуулийн ойлголтыг зөрчиж өөрсдөө захирамжаа үгүйсгээд 2 дахь СӨХ-ны гэрчилгээг олгосон байдаг. Тэгэхээр анхнаасаа олгосон, хүчингүй болгосон энэ захирамж нь өөрөө хууль бус юм. Тийм учраас энэ энэ захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Хоёрдугаарт хууль зөрчиж өнөөдрийн байдлаар 1 орон сууцанд 2 одоо СӨХ-тэй болж буй асуудал нь өөрөө Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хуулиудыг зөрчиж байгаа учраас 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хотхон СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргаж байна. Манайх ерөнхийдөө шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. дүүргийн Засаг дарга болон Хөгжлийн төвийн төлөөлөгчид Авлигатай тэмцэх газар тогтоочихсон гэдэг байдлаар хариу тайлбараа гаргасан. Шүүх хуралдааны явцад болохоор анхнаасаа хууль бус гэдэг тайлбарыг гаргаж байна. Ингээд үнэхээр хууль бус эсэхийг шалгахаар 2021 оны 05 дугаар сарын 31-нд анхны 377 тоот гэрчилгээг олгосон байдаг. Энэ хооронд 10 дугаар сарын үед ажилчд нь СӨХ-ны гэрчилгээг олгохдоо хууль бус гэх тушаалууд гаргасан. Өөрөө хэлбэл хэрэв үнэхээр тушаал гаргаж ямар нэгэн байдлаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль зөрчсөн байвал 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хотхон СӨХ-ны гэрчилгээг шинээр гаргаж өгөх боломж байхгүй. Тэгэхээр ингэж гаргаж өгч байгаагаас харахад СӨХ ямар нэгэн хууль зөрчиж анхнаасаа бүртгэл хийлгэсэн зүйл байхгүй гэдгийг Засаг дарга тодорхой захирамж гаргаж хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож болно. Дүүргийн хөгжлийн төв нь албан хаагчдаа сахилгын шийтгэл оногдуулсан болон 2022 оны 03 дугаар сарын тушаалаас харахад Хөгжлийн төв өөрсдөө тушаалаар хүлээн зөвшөөрдөг. Эхлээд гэрчилгээг олгохдоо хууль бус гэсэн, дараа нь тэр тушаал буруу мэдээлэл олгогдсоноос болоод гаргасан гэдгээ бол хүлээн зөвшөөрсөн нь албан тоотуудаас харагдаж байна. Ийм учраас энэ анхнаасаа хууль бусаар манай СӨХ байгуулагдсан эсэхэд хууль ёсны дагуу байна гэдэг нь баримтуудын хүрээнд хэлж болохоор байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэгдүгээрт Иргэний хэргийн маргаантай холбоотой эвлэрлийн гэрээгээр гарсан тушаал нь өмнө нь Н.*******ай холбогдон гарсан захирамжийн актыг утгагүй, хүчингүй гэдэгт тооцохгүй гэдэг үндэслэлтэй байна. Хожим үүссэн процесс нь 2 иргэн хоорондын харилцаанаас болж шүүхэд хандаж явсан. Тэгээд эвлэрлийн гэрээ байгуулж буюу тохиролцсоны үндсэн дээр уг тушаалыг хүчингүй болгочих, би ажил амьдралаа бодъё гэж салсан процесс юм. Хоёрдугаарт гэрчилгээнд Засаг дарга гарын үсэг зурж тамга дарснаар хүчин төгөлдөр болдог. Тэрнээс өмнө зүгээр л үнэт цаасан дээр хэвлэмэл бичиг юм. Тэгэхээр Засаг дарга доод, дунд шатны байгууллагынх нь эрх, үүргийг нь хэрэгжүүлж байгаа албан тушаалтнууд алдаа гаргасны үндсэнд анхнаасаа албан бус гэрчилгээ олгочихсон гэж үзэж өөрийнхөө гарын үсэг зурж тамга дарсан гэрчилгээг хүчингүй болгох нь ямар нэгэн хуулийн зүйл заалт зөрчиж байна гэж үзэхгүй байна. Гуравдугаарт шүүх бүрэлдэхүүн нотлох баримт судлах ажиллагаа явуулж байхад нэхэмжлэгч СӨХ анхнаасаа албан ёсоор байгуулагдсан гэдгийг баримт бичгийн бүрдлээ хангаж, нотолж чадахгүй байна. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: дүүргийн засаг дарга өөрөөр хэлбэл 30 хоногийн дотор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэхгүйгээр 8 хоногийн дотор дараагийн эрх бүхий байгууллага СӨХ-нд гэрчилгээ олгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэхгүйгээр шууд бусдад давуу байдал олгож гэрчилгээ олгосон асуудал байна. Мөн Н. гэх хүнтэй холбоотой асуудлаар нэгэнт сахилгын шийтгэл оногдуулаад ажлаас чөлөөлсөн асуудлын дараагаар 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлж гэрчилгээ олгохдоо 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн Хөгжлийн төвийн даргын СӨХ-той 00065 дугаартай гэрчилгээг олгож байгаа асуудал нь энэ Н. тухайн ажилд холбогдуулж шийтгэл оногдуулсан эсэх нь эргэлзээтэй байна Тэр нь энүүгээр нотлогдож байна гэсэн үндэслэлийг тайлбарлаж байна. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дүүргийн Засаг дарга Н. гэдэг хүний гэрчилгээгээр СӨХ гэсэн гэрчилгээ бүртгэгдэж, үйл ажиллагаа нь хүчин төгөлдөр явж байсан. 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүчингүй болгох захирамж гаргаж, 28-ны өдөр 2 дахь эрхийг олгосон. Өөрөөр хэлбэл Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заагдсанаар 1 байранд 2 СӨХ байгуулаад явсан байна. Ингэснээрээ өмнө нь байгуулагдаж байсан СӨХ-ны үйл ажиллагаа хүчингүй болоод дуусгавар болж байгаа асуудал хөгжлийн төвийн ажилтны буруутай үйл ажиллагаа гэдэг байдлаар тайлбарлаад байна. Гэтэл энэ өөрөө буруутай үйл ажиллагаа биш байна гэдгийг хавтаст хэрэгт авагдсан баримт болох 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/63 тоот сахилгын шийтгэлээр сануулах шийтгэл оногдуулсан боловч 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/20 тоот тушаалаар 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/63 тоот сахилгын шийтгэлийг хүчингүйд тооцсон. Ингэснээр Н. СӨХ-той үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хариуцлага хүлээсэн гэдэг үйл баримт нь үгүйсгэгдэж байна. Тэгэхээр Н. нь СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой баримтад сахилгын шийтгэл авагдаагүй, Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийг дүүргийн Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлж, Захиргааны ерөнхий хуульд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэхгүйгээр тус захирамжийг гаргаж бусдад давуу байдал бий болгосон. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт Иргэний хуулийн 144 дүгээр зүйлийн 144.1 дэх хэсэгт зааснаар буюу СӨХ-г татан буулгах, хүчингүй болгох асуудал нь Засаг даргын эрх хэмжээний асуудал биш учраас Засаг дарга энэ асуудлаар шийдвэр гаргаж байгаа нь өөрөө буруу юм. Яагаад гэвэл Авлигатай тэмцэх газрын зөвлөмжийг үндэслэж гаргаж байгаа боловч Авлигатай тэмцэх газарт өгсөн хариу тайлбараар Н. нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд зааснаар өөрийн санаачилгаар ажлаас халагдаж, тухайн хөдөлмөрийн хөлсний 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний төгрөгийг авч байгаа асуудал байна. Ингэснээр Н.*******ай холбоотойгоор СӨХ-ны асуудлыг шийдвэрлэж байгаа асуудал нь өөрөө буруу байна гэж дүгнэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.гээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэргийн шүүхээс эвлэрлийн гэрээ байгуулсан ажиллагаа болохоор ажлаас халагдсан этгээд мэргэжилтэн Н. нь тухайн үеийн манай хөгжлийн төвийн даргатай хувь хүн хоорондын маргаанаас үүдэж шүүхэд хандсан ажиллагаа болохоос, эвлэрлийн гэрээ байгуулсан гэдэг нь Н. ажлын хариуцлага алдсан гэдгийг зөвтгөх үндэслэл болохгүй гэсэн санаа юм. 2 тусдаа процесс байна. Засаг даргын А/910 дугаартай захирамжийн хувьд өмнө нь манайх дотоод хяналт, шалгалт хийж тайлан мэдээгээ явуулчихсан байсан. Засаг даргын Тамгын газарт тэр асуудлаар үндэслэж гаргасан Засаг даргын захирамж гэж харж байна. Авлигатай тэмцэх газрын зөвлөмж сүүлд нь ирсэн. Уг захирамжийн гол агуулга нь хуульд заагдсаны дагуу энэ Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан эсэх талаар дотоод, хяналт шалгалт явуулж холбогдох зөрчлийг тэрийг арилгуулах тухай юм. А/910 дугаартай захирамжийн гол агуулга нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн. Анх Б.******* тэргүүтэй хүний байгуулсан СӨХ-нд хуульд заасан шаардлага хангаад нийт оршин суугчдын 50-аас дээш буюу 20 хувь нь цахимаар, бичгээр саналаа өгнө гэдэг шаардлагыг огт хангаагүй гэдгийг манайх дотооддоо хяналт, шалгалт хийгээд тогтоочихсон. Тийм учраас ажлын хариуцлага алдсан, албан тушаалаа урвуулан ашигласан байна гэдгийг тогтоосон. Засаг даргын захирамж болохоор нь Авлигатай тэмцэх газраас зөвлөмж хүргүүлсэнтэй холбогдуулж гарсан захиргааны акт биш. Өмнө нь Засаг даргын тамгын газрын бүтэц нэгж болох манай байгууллагаас дотоод хяналт, шалгалт хийсэн тайлан нэгтгэлээ явуулсны үр дүнд энэ албан тушаалтанд хариуцлага тооцсон байна. Энэ бол хуулийн шаардлага хангахгүй баримт бичгийн бүрдэл байсан байна гэдэгт гаргасан Засаг даргын захирамж гэж харж байна. Энэ хоорондоо ялгаатай процесс юм. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хотхон СӨХ-ны анхны хуралдаан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу явагдаагүй. Яагаад гэхээр дандаа айлуудаар саналын хуудас явуулчихсан. Дээрх хуулийн 9 дүгээр дүгээр зүйл хангагдаагүй гэдэг нь 50-аас дээш байж тэр хурлаас гарсан шийдвэр хүчин төгөлдөр болно. 390 айлын орон сууцтайгаас 190 гаруй айл оролцох ёстой. Хуулийн дагуу бичгээр нийт оршин суугчдынхаа 20 хувьд нь саналыг авч, 30-аас дээш хувь нь биеэрээ оролцож болно. Хурал хийсэн процесс байхгүй. Яагаад гэвэл бүх гишүүдийн хурлынх нь тэмдэглэл байдаггүй. Тэгээд бүх гишүүдийн хурлын тогтоол гэж байна. Тэр тогтоол дээр нь хуулийнхаа дагуу хурлын тэргүүлэгчид гарын үсгээ зурснаар тухайн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох ёстой байсан. Энд тийм авагдсан материал байхгүй. Тэгээд дээрээс нь хурлын ирцийн бүртгэл гэж байхгүй. дүүргийн хөгжлийн төв, Засаг даргын тамгын газар юун дээр үндэслэж бүртгэдэг вэ гэхээр нийт оршин суугчдын хурлын ирцийн бүртгэлийг нь авч байж, журамд зааснаар нийт оролцсон гишүүдийнх нь 20 хувьд нь утсаар залгаж шалгадаг. Тухай хурал дээр байсан эсэх, үнэхээр тэгсэн эсэх, асуудлыг ярьсан ярьсан эсэх хурлын процессыг мэдэж байна уу гэж асуудаг. Мэдэхгүй байгаа хүмүүст нь мэдээллийг нь өгч явдаг юм. Бид нар тэгж тогтоохгүй бол худлаа гарын үсэг зураад ирж болно. Тэгж л энэ асуудлаар бид шалгаж тогтоож явдаг юм. Энэ асуудалд хуулийн 9 дүгээр зүйлийн шаардлагыг биелүүлээгүй, мөн хангаагүй. Хурлын зар ч байхгүй. 14 хоногийн өмнө хуулийнхаа дагуу хурлынхаа зарыг тавих ёстой. гэв.
Гуравдагч этгээдээс тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2017 онд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Архивын ерөнхий газрын эзэмшлийн газар дээр " хотхон" 177А, 775 байр/-ыг 2020 оны 8 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгснөөр захиалга өгсөн иргэд орон сууцаа хүлээж авсаар 2020 оныг дуусгасан ба уг орон сууцыг худалдан авсан оршин суугчид тус хотхоны сууц өмчлөгчдийн холбооны анхдугаар хуралдааныг 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулж, Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгосон боловч дүүргийн хөгжлийн төвийн ажилтан Б.ын уг хурлыг хүчингүй гэж үзэж, нийт оршин суугчдын 50-иас дээш хувийг заавал биеэр оролцуулах шаардлага тавьсан нь ковид-19 цар тахлын үед хэрэгжүүлэх боломжгүй байсаар тус оны 5 дугаар сарыг хүргэсэн. Гэтэл тус хотхоныг барьж ашиглалтад оруулсан "" ХХК-ий захирлын авга ах Б.******* гэх хүн огт хурал зохион байгуулаагүй, оршин суугчдыг хуурч мэхлэх замаар "СӨХ байгуулах асуудлыг дэмжиж байна уу" гэсэн агуулгаар гарын үсэг цуглуулж, 2021 оны 2 дугаар сарын 27/28/-ны өдөр бүх пишүүдийн хурал зохион байгуулж, Сууц өмчлөгчдийн холбооны Гүйцэтгэх захирлаар өөрийгөө сонгогдсон мэтээр хуурамч баримт бичиг үйлдэж, 3 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанд оролцсон оршин суугчдын зураг /тэрхүү зураг дотор миний бие болон одоо санаж байгаагаар оршин суугч Б., Ц.*******, Д. нар байсан/-ийг ашиглан дүүргийн хөгжлийн төвөөр уламжлуулан СӨХ-ны гэрчилгээ, тамга тэмдгийг авсныг оршин суугчид эсэргүүцэн тэмцэлдсээр өдийг хүрсэн билээ. дүүргийн 5 дугаар хорооны 77А, 77Б байрны сууц өмчлөгчдийн холбоог бүртгэсэн талаарх маргаантай асуудал шийдвэрлэгдэж, тус дүүргийн Засаг даргын 2023 оны А/910 дугаар захирамжаар өмнө ажиллаж байсан "" СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгон, уг хотхоны бүх гишүүдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор " хотхон" СӨХ-г байгуулсан шийдвэрийн дагуу дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр ******* дугаартай гэрчилгээ олгосны дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлэн, тамга тэмдгийг гаргуулан авч, харилцах дансыг нээж, үйл ажиллагааг жигдрүүлэн ажиллаж байна. Өмнө ажиллаж байсан "" СӨХ болон барилгыг барьж ашиглалтад оруулсан "" ХХК нь тус байрнуудын 17 дугаар давхрын техникийн өрөө, В1 давхрын явган шатны доод хэсэг зэрэг дундын өмчийн хөрөнгийг бусдад түрээслэн хувьдаа завшдаг, түүнчлэн ажиллах хугацаандаа нэг ч удаа оршин суугчдад тайлангаа тавьдаггүй, оршин суугчид хураамжаа тодорхой хэмжээнд төлсөн хэдий боловч одоо бидэнд мэдэгдэж байгаагаар 70 гаруй сая төгрөгийн өр төлбөртэй болсон зэргийг ийнхүү эсэргүүцэж, аргаа барахдаа цахилгаан, лифт болон хог хаягдлын хураамжийг хувь данснаасаа тухайн байгууллага руу шилжүүлж үйлчилгээ авах зэрэг хэцүү бэрхийг үзэж байгаа бөгөөд дээрх хугацаанд ямар ч засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийдэггүй байснаас муур нохой үүрлэх, орон гэргүй хүмүүс орж ирж хонох, орцонд бие засах зэрэг маш хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байсан билээ. "" СӨХ-г бүртгэсэн шийдвэрийг гаргуулахдаа дээр дурьдсан 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 11:00 цагт гадаа талбайд болсон оршин суугчдын хурлын зургийг ашиглан, цөөн хэдэн хүн конторт сууж хуралдаж байгаа зурагтай хамтатган, 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 19:00 цагт хурал зохион байгуулсан гэж тусгаснаас гадна дэмжсэн оршин суугчдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн /тухайлбал, 775 байрны 165 тоотод манай эхнэрийн нэрийг, 775 байрны 144 тоот манай баз хүргэний нэрийг тус тус зөв бичсэн боловч гарын үсгүүдийг нь дуурайлган зурсан байгаа/ зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжтэй байгаа талаар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн 210604238 дугаартай хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн дээрх асуудлаар 2021 оны 10 дугаар сард дүүргийн хөгжлийн төвд 200 гаруй хүний гарын үсэг бүхий шаардах хуудас хүргүүлэн шалгуулахад уг шаардах хуудаст дурьдагдсан асуудал үндэслэлтэй болох нь тогтоогдсон тул холбогдох албан тушаалтан буюу СӨХ хариуцсан зохион байгуулагч Б.******* "Ажлаас халах", СӨХ хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.******* "нэг сарын үндсэн цалинг 10 хувиар бууруулах" сахилгын шийтгэл оногдуулсан талаар тус төвийн 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 320 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн атал уг хууль бус ажиллагааны үр дагавар болох "" СӨХ-г бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгохгүй байсаар байгааг мөн эсэргүүцэж, Авлигатай тэмцэх газарт хандсанаар тус газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/16345 дугаар албан бичгээр зөвлөмж өгч, дүүргийн Засаг даргаас аргагүйн эрхэнд "" СӨХ-г бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт "Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно." гэж заасан ба Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт "Орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно", 5.3 дахь хэсэгт "Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна", 5.4 дэх хэсэгт "Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно", 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт "Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно", 9.4 дэх хэсэгт "Энэ хуулийн 9.2, 9.3-т заасан хувьд хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, дахин хуралдуулах хугацааг товлоно." гэж заасныг уг хуулийн зохицуулалтыг зөрчсөн, өөрөөр хэлбэл бүх гишүүдийн хурал зохион байгуулалгүйгээр, хуурамчаар үйлдсэн баримт бичгийг үндэслэн гаргасан, "" СӨХ-г бүртгэсэн шийдвэр нь өөрөө хууль бус захиргааны актад тооцогдохоор байна. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт "Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно" гээд 48.2.2 дахь заалтад "бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн", 48.2.4 дахь заалтад "захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн" гэж заасан ба хуулийн мөн зүйлийн 48.3 дахь хэсэгт "Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно" гэж заасныг үндэслэн, маргаан бүхий захиргааны актыг гаргасан гэж үзэж байна. Миний бие оршин суугчдын бүх гишүүдийн хурлаар албан ёсоор байгуулагдаж, дүүргийн Засаг даргын шийдвэрээр бүртгэгдсэн " хотхон" СӨХ-ны Гүйцэтгэх захирлаар томилогдож, өөрийн амьдардаг орон сууцыг сэргээн засварлах, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор ямар нэгэн цалин хөлсгүй ажиллаж байгаа бөгөөд өмнөх буюу "" СӨХ ажиллаж байх үедээ оршин суугч болон бусдад учруулсан хохирлын асуудлыг шийдвэрлэх, хотхоны засвар, үйлчилгээг хэвийн явуулж, үйл ажиллагааг жигдрүүлж байгааг оршин суугчид дэмжиж, тус СӨХ-ны зүгээс гаргасан шийдвэрийг биелүүлж, хамтран ажиллаж байгаа болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь дүүргийн Засаг даргын 2023 оны 910 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа бөгөөд уг шаардлагыг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан тохиолдолд дээрх хууль бус үйл ажиллагаа дахин үргэлжилж, оршин суугчид бидний амьдрах орчин нөхцөл доройтох, эрсдэлтэй байдал улам хүндрэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтын дагуу нэхэмжлэгчийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өмнөх шүүх хурлуудад ч гэсэн мэдээлэл өгч байсан. Өмнөх шүүх хуралдаанд хүсэлт гаргаж гэрч асуулгасан. Болсон процессыг эхнээс нь яривал 2020 оны 08 дугаар сард манай байр ашиглалтад орсон. Тэр үед ковидын үе байсан. 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр оршин суугчид гадаа талбайдаа уулзаад СӨХ-ны талаар ярихад Б.******* гуай ирж яваа харагдсан. Б.******* гуайг тухайн хурал зохион байгуулж байсан залуучууд энэ хүн өөрөө компанийн хамааралгүй хүн юм. Шинэ орсон байрыг компани нь өөрөө СӨХ байгуулаад 4 жилдээ засвар үйлчилгээгээ хийхгүйгээр компанийн өөрийнх нь хамаарал бүхий СӨХ учраас 4 жилд ямар нэгэн алдаа дутагдалгүй байсан гэдэг тодорхойлолт гаргуулж, баталгааны тодорхой хэмжээнийхээ мөнгийг аваад алга болдог гэсэн яриа тэр үед гарсан. Б.******* гуай хүлээж авахгүй, Бид өөрсдөө СӨХ-оо байгуулна гэсэн. Тэгээд тодорхой хэмжээнд цөөхөн ирц бүрдсэн, ирц нь хүрээгүй. Тэр зохион байгуулж байгаа 100 гаруй хүмүүс талбай дээрээ Б.******* гуай өөрийн зохион байгуулсан хурлын зураг гэж хавтаст хэрэгт оруулчихсан. Өдрийн 11 цагийн үед гадаа талбайд хуралдсан. Тэгээд энэ талаар би тухайн хуралд оролцсон. Би эрх зүйч мэргэжилтэй төрийн захиргааны менежер хүн учраас тодорхой процесс болдог юм байна гэж өөрийн мэддэг хэмжээнд ярьсан. Тэгсэн тэр хүмүүс намайг энэ талаар үргэлжлүүлэн судлаад хөөцөлдөнө үү гэсэн. Н. гэж хүн рүү утсаар залгаад хурал хийсэн талаар хэлж яах учиртай вэ гэхэд нэгдүгээрт ковидын үед 50-аас дээш хүн цуглуулж болохгүй. Хоёрдугаарт уг хуралд бид нар байх ёстой, хяналт тавих ёстой. 14 хоногийн дотор мэдэгдэнэ гэж хууль ярьсан. Тэгээд уг хурал нь хүчин төгөлдөр биш гэж хэлсэн. Тэгээд 05 дугаар сарын үед Б.******* гуай гэнэт СӨХ-ны тамга гаргаад хүрээд ирсэн. Юу болов гэхэд би хуралдчихсан. Чи мэдээгүй юу гэхэд би байнга оршин сууж амьдардаг. Өмнөх хурлаар орсон хоёр гэрч ч гэсэн хэлсэн. Гарын үсгээ нэг нь зураагүй гэдгээ олсон. Нөгөө 2 байртай. Хоёуланг нь хуурамчаар байна гэдгийг харсан. Тэр байранд манай баз хүргэн н.Төрмөнх мөн байр авсан. Тэрний гарын үсэг хуурамч байсан. Манай ордер дээр манай эхнэрийн утасны дугаар байгаа боловч, гарын үсэг нь биш байсан. Ийм байдалтай нотлох баримтыг зарим нь босоо загвартай, зарим нь хөндлөн загвартай байсан. Тэр хөндлөн загвартайг нь хэл ам гаргаад 10 дугаар сарын үед намаас сонгуулийн судалгаа авч өгнө гэх нэрийдлээр хүмүүсийн гарын үсэг цуглуулах гэж байгаад баригдаж, хөөгдөөд явсан. Нэг иймэрхүү процесс болсон. Тэгээд энэ асуудалд хамгийн төвөгтэй байгаа зүйл нь эднийх өөрийнхөө СӨХ-доо хамаг бичиг, баримтаа хүлээлгэн өгчихсөн. Одоо үндсэн СӨХ-д байр, орон сууц байхгүй. Маш хүндрэлтэй байна. Хоёр талд шүүхээр явахаар зарим хүмүүс нь маргаан эцэслэгдсэний дараа мөнгийг нь өгье гэсэн байр суурьтай байна. Гэхдээ ямар ч байсан оршин суугчид шударга ёсыг мэдэж байгаа учраас эдний СӨХ 3 жил ажиллахад 70 сая төгрөгийг хаалгыг нь хааж, тогийг нь тасалж, лифтийг нь зогсоох гэх мэт аргаар цуглуулж авсан. Манайх эдний үүсгэсэн 20 гаруй сая төгрөгийн өрийг дарсан. Одоо ямар ч байсан бололцоогоор нь өөд нь татаж, би өөрөө ямар нэгэн цалин хөлс авахгүйгээр ажиллаж байна. Иргэд оршин суугч нар бол 2 дугаар сараас одоо энэ лавлагаа авах хүртэл хугацаанд 100 гаруй сая төгрөгийг бол энэ СӨХ-нд төлөөд явж байна. Ямар нэгэн хэрүүл маргаан байхгүй. Энийг бол энэ хяналт тавьж байгаа төрийн байгууллага өөрсдөө мэднэ. Тэгэхээр иргэд өөрсдөө шударга ёсыг тогтоож байхад миний судалсан хуулиар энэ нь өөрөө хуурч, мэхлэх замаар бусдын өмчийн зарцуулах эрхийг шилжүүлэн авчихсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл прокурор дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээчихсэн шалгаж байна. Шалгаж байгаа эцсийн байр суурь нь юу гэдэг гэхээр захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа эрүүгийн хариуцлагын асуудал яригдана. Иймд дээрх шүүхээр шийдвэр гарна гэж түдгэлзүүлээд шийдчихсэн 3 жил дараад байж байна. Хэрэг иймэрхүү байдалтай А/910 дугаар захирамжийн хувьд зүгээр том агуулгаар нь харвал ер нь төрийн олон хууль хяналтын байгууллагууд, Монгол Улсын Дээд шүүх хүртэл яваад буцаад нэг ийм ил тодорхой юмыг шийдэж болохгүй байгааг гайхаж байна. Бусад нь тухайн үед улс төрийн нөлөө бүхий хүний, өөрөөр хэлбэл энэ байр ямар нэгэн тендергүйгээр байр барьж үзээгүй, Өндөр байшин байшингийн тусгай зөвшөөрөлгүй. Эхлээд 5 давхар байшин барьж байж, дараа нь өндөр байшин барьдаг тусгай зөвшөөрөл өгдөг. Байшин барилгын засвар гэсэн зөвшөөрөлтэй ХХК авчихсан. Тэгээд энэ нөгөө намынхаа шугамаар дүүрэгт нам дарчих юм. Энэ залуу 7 хоног шалгаад асуудал байна. 3 хоногийн дотор л бид нарт шууд хариуг нь өгсөн. Уг хүнд сахилгын арга хэмжээ авчихсан гэсэн хариу албан бичгээр бид нарт өгсөн. Манай оршин суугч нар ковид болоод жагсаал цуглаан хийж чадахгүй, 20 гаруй хүн очоод ингэсэн. 390 орчим айлын тал нь 195-аас доошгүй байна. 14 хоногийн өмнө хурлаа зарлаж тэнд хүмүүсийн тал нь оролцох ёстой байдаг. Тэгээд 12 дугаар сарын 03-ны өдөр буюу энэ Инээмсэглэх хотхон СӨХ-г байгуулсан үед би хурал зохион байгуулаагүй, удирдах зөвлөл энэ тэрд нь огт ороогүй нэлээн хоцорч ирсэн. Миний ойлгосноор тэнд хурлын тэмдэглэлд нь Б.******* гуай өөрөө би ажиллаж байх хугацаанд их авлага үүссэн. Тэгээд баахан хүмүүст өртэй болчихсон. Энэ мөнгөө надад өгвөл энэ тамга тэмдгийг нь өгч болно гэсэн. Тэгвэл тайлангаа тавьчих, ямар учиртай өр төлбөр өгсөн гэхээр тайлан байхгүй. Тэгээд татвараас тайланг нь авхуулахад татварт тайлан байхгүй. Ихэнх мөнгийг нь хувь дансаараа авдаг иймэрхүү байдалтай байсан. Хүмүүс болохоор СӨХ-ны хүнд, хувь дансанд өгсөн мэдэхгүй гэх зэрэг байр суурьтай байдаг. Хавтаст хэрэгт ямар нэгэн хурлын ирцэд энэ хурал дээр одоо энэ шийдвэр дээр гарын үсэг зуруулж байна гэсэн агуулга байхгүй, бүртгэл компаниас нь 180-аас дээш хүний гарын үсгийн дуурайлгаад зурчихсан. Хурал хийгээгүй. Тэгээд хурлаа 1 шөнийн цагаар хэдэн хүний удирдах зөвлөлд буй хэсэгхэн хүмүүсийг оролцуулаад авчихсан зураг, дээрээс нь 03 сарын 06-ны өдөр оршин суугчдын зураг нарыг эвлүүлээд худлаа баримтууд бүрдүүлээд өгчихсөн байна. Тэгэхээр хариуцагчийн зүгээс тайлбарлаж байгаа энэ СӨХ анхнаасаа байгуулагдаагүй. Харин жинхэнэ хууль ёсны дагуу ирц нь ирээд Б.******* гуайг өөрийг нь оролцуулаад сонсгож өөрт нь хэлэхэд Б.******* бүр шүүхэд хандана гэж гарч зугтаагаад, хурал дээрээс ийм болгож байгаад ямар ч байсан хууль ёсны дагуу ирц нь гүйцээд 69 дүгээр сургуулийн зааланд төрийн байгууллага, Хорооны Засаг дарга бүгд байж энэ хурлыг хийсэн. Тэгээд гүйцэтгэх захирлаар нь н.Нямсайхан гэж өөр хүн сонгогдоод явж байсан. Шинэ СӨХ үүсгэх талаараа эрх зүйн мэдлэг дутмаг, одоо чадахгүй байна. Тэгээд ч цаанаас нь хавчаад байгаа болохоор ажиллах нөхцөл алга гэж оршин суугч нар дахиж надад хүсэлт гаргаж, энэ асуудлаар өөрөө хуулийн хүн байна ард нь гараач гэдгээр би гүйцэтгэх захирлыг нь одоо хүртэл хийж ажиллаж байна. Тэгэхээр жинхэнэ ийм мэргэжилтэн хүн, хуулийн хүн 3 хоногийн дотор шалгаад алдаа дутагдлыг нь илрүүлчихсэн ийм нөгөө илэрхий нөхцөл байгаа учраас эдний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хууль бус гэдгээ өөрөө залруулах ёстой. Үүргээ хэрэгжүүлсэн засаг даргыг бол буруутгах боломжгүй. Зарим асуудлууд байна гэсэн тэр агуулгыг ерөнхийд нь дэмжиж байна. Тэр санаа нь угаасаа хууль бус хийчихсэн гэдгийг нь эднийхээс саналаа тэр үедээ өгсөн байдаг. Дүүрэгт намын шугамаараа дарчхаад цагдаа, хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлсэн төсөл учраас яам нь бүгдийг нь базчих юм. Иймэрхүү байдалтай л бид нар амьдарч байна. Тэгээд та бүгдэд эдний нэхэмжлэлийг хангавал 12 дугаар сарын 03-ны өдрийн бүх гишүүд ирцтэй хурал шударгаар байгуулагдсан СӨХ-г яах вэ гэдэг асуудлыг бол нэг мөр харж үзэх ёстой гэж бодож байна. Энэ олон төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдлаас болж шүүхэд олон жил энэ маргаан өрнөж байна. Хууль, эрх зүйн дүгнэлтийн хувьд миний харж буйгаар эхлээд бид өөрсдийн хүсэл зоригоороо оны 12 дугаар сарын 03-ны өдөр шинээр СӨХ байгуулсан. Энд төрөөс чиглүүлэх ямар ч эрхгүй. Тэрийг дарсаар байгаад дотоод хяналт нь 2, 3 жилийн өмнө дотоод хяналтаар Н.******* 1 удаа сахилгын шийтгэл буюу сануулсан. Тэгээд дахиад ажлаас нь халсан. Тэгээд ажилтантайгаа муухай харилцаад хэрэлдээд нөгөө актаа хүчингүй болгосон. Нэг акт нь хүчингүй болсон. Б/51 буюу сануулах арга хэмжээ авсан нь хэвээрээ хүчинтэй байсан. Тэнд буруутай нь тогтоогдчихсон. Тэрнийхээ эрх зүйн үр дагаврыг арилгаж чаддаггүй. Ингээд сунаж, сунжирч явсаар цагдаагийн байгууллагаас миний хэрэг биш гэж ингэж л яваад байдаг. Тэгээд миний эцсийн дүгнэлт гэвэл шүүхэд найдаж байсан. Анхан шатны шүүх сонин шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүх нь яг шударга хууль ёсны дагуу шийдэж өгөхөд л ингээд буцаад ирсэн. Одоо тэгээд юу болохыг мэдэхгүй, шүүх хуралдаанаас сүүлдээ би залхаж байна. Эдний үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт заасан Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно гэж заасны дагуу хууль бус гэдгийг нь өөрөө нь хүлээн зөвшөөрч тогтоочхоод 48.2.2 дахь хэсэгт бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхол, эсвэл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, эсвэл 48.2.4 дэх хэсэгт заасан Захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх айлган сүрдүүлэх авлига бүхий бусад хууль бус хэргийг хэрэглэсэн байвал эерэг нөлөөлөлтэй захиргааны актыг хүчингүй болгоно гэдэг агуулгаараа гаргаж байна. Тэрийг гаргах гэж хугацаа алдаад гаргахгүй дарж байсан. Гэтэл нөгөө хүмүүс Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан. Авлигатай тэмцэх газраас бичиг ирэхэд дарга нартаа л Авлигатай тэмцэхээс бичиг ирсэн болохоор хариу өгөхгүй бол болохгүй байна гэж хуулийн шинэ ажилтнууд нэг иймэрхүү акт гаргасан. Яг том зургаар харахад эдний СӨХ, манай СӨХ гэх асуудал байхгүй. 390 айл байна. Тамга хоорондын хэрүүл юм. Тэр нь захиргааны байгууллагуудын ажлаа мэдэхгүй хүмүүсийн дунд л ингэж явсаар байсан. Миний дүгнэлт эерэг нөлөөлөлтэй захиргааны актыг хүчингүй болгох ёстой. Тэрийг хугацаа алдаж хийж Авлигатай тэмцэх газраар заавал шаардуулах шаардлагагүй. Тэрийг үндэслэл болгож бичиж шаардлагагүй байсан. Бид нарын хүсэл зориг нь одоо шүүхээс хэрэв нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаад гаргахад 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ирц нь хүрч, заал дүүрэн хуралдсан Б.******* өөрсдийг нь, төрийн байгууллагыг байлцуулж шинэ СӨХ-г шинээр байгуулсан, мөн эдний өр, авлага, гэмт хэрэг, иргэний журмаар шийдэгдэнэ гэсэн хүсэл зоригийг та бүхэн яаж шийдэх, ямар дүгнэлт гаргахыг шүүх шийдэх л асуудал болж үлдэж байна. Тэгэхээр миний хэлэх үг, хууль зүйн одоо гаргалгаа нь бол энэ байна. Тэгэхээр хууль зүйн одоо хамгийн үндэслэлтэй дүгнэлт нь хуульд хууль бус шийдвэр байсан гэдгийг хүлээн зөвшөөрч А/910-т өөрчлөлт оруулж, хууль бус захиргааны акт байсан гэдгийг шүүхээс тогтоож энэ асуудлаар шинээр захиргааны акт гаргахыг дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь эцсийн байдлаар дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг хүчингүй болгох тухай А/910 дугаар захирамжийг хүчингүй болгуулах болон 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №******* тоот хотхон СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгуулах гэсэн 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 дугаар Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч СӨХ-д анх дүүргийн Засаг даргаас 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 377 тоот гэрчилгээ олгож, сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн байх ба улмаар 2021 оны 12 сарын 21-ний өдөр 0065 тоот гэрчилгээг дахин шинэчлэн олгосон байна.
Харин гуравдагч этгээд хотхон СӨХ-д дүүргийн Засаг даргаас 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №******* тоот гэрчилгээ олгож, сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн байна.
дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээ хүчингүй болгох тухай А/910 дугаар захирамжаар дүүргийн 5 дугаар хороо, 15-р хороолол, Г.******* гудамж, 77а, 77б байруудыг хариуцан үйл ажиллагаа явуулж буй сууц өмчлөгчдийн холбоо нь сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй байгаа талаар эрх бүхий байгууллагаас зөвлөмж ирүүлсэн байх тул гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид олгосон 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 377, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0065 дугаарын гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож, бүртгэлээс хасаж шийдвэрлэсэн байна.
Дээрх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 дугаар захирамжийг гаргахдаа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх; 18.1.2-т холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах, биелэлтэд хяналт тавих; гэсэн заалт болон Авлигатай тэмцэх газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Зөвлөмж хүргүүлэх тухай 05/16345 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэсэн байна.
Авлигатай тэмцэх газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Зөвлөмж хүргүүлэх тухай 05/16345 дугаар зөвлөмжид Тухайлбал ХХК-ийн барьсан хотхоны сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулах үйл явц Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хүрээнд зохион байгуулагдаагүй, зөвшөөрөл хүссэн бичиг баримтын бүрдэл зохих ёсоор хангагдаагүй байсан байж болзошгүй байна. Иймд төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг таслан зогсоох чиглэлээр дараах ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна, ... хотхоны сууц өмчлөгчдийн холбооны зөвшөөрөл хүсэхдээ бүрдүүлсэн баримт бичгийг хуульд нийцсэн эсэхийг дахин нягтлан үзэж, шийдвэрлэх, зөрчил тогтоогдсон тохиолдолд буруутай албан тушаалтанд зохих хариуцлагыг тооцож, олгосон зөвшөөрлийг хүчингүй болгох, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасан арга хэмжээг авах, Хөгжлийн төвийн удирдлага, ажилтан албан хаагч нарт аливаа зөвшөөрөл хүссэн баримт бичгийн бүрдүүлэлтийн хууль зүйн үндэслэл, бүрэн гүйцэт эсэхийг сайтар нягтлах, түүнд тавих нэгжийн удирдлагын хяналтыг сайжруулах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангаж ажиллах. Дээрх ажил, арга хэмжээг зохион байгуулан Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу хариуг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны дотор ирүүлнэ үү. гэсэн байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд Бүх гишүүдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох талаар зохицуулсан ба тус зүйлийн 9.1-д Хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр хүчин төгөлдөр болох бөгөөд хурлаас гарсан шийдвэрийг хуралд оролцоогүй буюу эсрэг санал өгсөн гишүүд биелүүлэх үүрэгтэй. 9.2-т Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно. 9.3-д Хэрэв сууц өмчлөгчид ногдох хэсгийн хориос дээш хувь нь нэг өмчлөгчтэй бол бүх гишүүдийн 75-аас дээш хувь оролцсоноор хүчин төгөлдөр болно., 9.4-д Энэ хуулийн 9.2, 9.3-т заасан хувьд хүрээгүй бол бүх гишүүдийн хурлыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, дахин хуралдуулах хугацааг товлоно. гэж тус тус заасан байна.
Хэрэгт авагдсан СӨХ-г бүртгүүлэх үндэслэл болсон 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 77 байрны бүх гишүүдийн хурлын тэмдэглэлээс үзэхэд, тус хуралд нийт оршин суугчдын хэдэн хувь нь оролцсон нь тодорхойгүй, энэ талаар тэмдэглэл тусгагдаагүй байна.
Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч СӨХ-г бүртгүүлэхээр дүүргийн Засаг даргад хандан гаргасан хүсэлтэд хавсаргасан баримтууд нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан болох нь тогтоогдохгүй байна.
Тодруулбал, СӨХ-г бүртгүүлэх үндэслэл болсон 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд тус хуралд нийт оршин суугчдын хэдэн хувь нь оролцсон нь тусгагдаагүй, тодорхойгүй байх тул тус өдрийн хурал нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно. гэж заасан шаардлагыг хангаж зохион байгуулагдсан болох нь нотлогдохгүй байна.
Мөн хэрэгт цугларсан СӨХ-г бүртгүүлэхтэй холбоотой үйлдэгдсэн оршин суугч иргэдийн гарын үсгийн жагсаалтад иргэдийн регистрийн дугаар бичигдээгүй, эцгийн нэр, нэр зэрэг нь тодорхойгүй байх тул үүнийг шаардлага хангасан баримт гэж үзэхээргүй байна.
Дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч СӨХ-г бүртгүүлэх хүсэлтэд хавсаргасан баримтууд нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байх тул дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 дугаар захирамж хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №******* тоот хотхон СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
дүүргийн 5 дугаар хороо, 15-р хороолол, Г.******* гудамж, 77а, 77б байрны бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэл, хүсэлт холбогдох материалыг хянан үзсэний үндсэн дээр гуравдагч этгээд хотхон СӨХ-д дүүргийн Засаг даргаас 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №******* тоот гэрчилгээ олгож, сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн байна.
Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа хотхон СӨХ-г байгуулах бүх гишүүдийн хурал 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэлийн 69 дүгээр бүрэн дунд сургуулийн урлаг танхимд эхэлсэн. Нийт 398 өрхөөс 142 оршин суугч хуралд танхимаар, 80 оршин суугч цахимаар оролцож 52 хувийн ирцтэй хуралдсан гэсэн агуулгаар тайлбарлаж байна.
Мөн гуравдагч этгээд хотхон СӨХ-г байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд Хуралд нийт 398 өрхөөс ... биеэр 142 өрх, онлайн байдлаар 80 өрхийн төлөөлөл оролцсон бөгөөд 52 хувийн ирцтэй байсан гэж тусгагдсан байна.
Дээрх үйл баримтуудаас үзэхэд, хотхон СӨХ-г байгуулахтай холбоотойгоор зохион байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн бүх гишүүдийн хурлын ирц нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан 50-иас дээш хувийн ирцийг босгыг хангасан болох нь тогтоогдож байна.
Мөн хотхон СӨХ-г бүртгүүлэх хүсэлтэд хавсаргасан нийт оршин суугчдын гарын үсгийн жагсаалтад овог, нэр, регистрийн дугаар бичигдсэн байх тул уг баримтыг хуулийн шаардлага хангасан баримт гэж үзэхээр байна.
Дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд, хотхон СӨХ-г бүртгүүлэх хүсэлтэд хавсаргасан баримтууд нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан болох нь тогтоогдож байх тул 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр №******* тоот гэрчилгээг хотхон СӨХ-д олгосон хариуцагчийн үйлдэл нь хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №******* тоот хотхон СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан Засаг даргын бүрэн эрхээс үзэхэд, Засаг дарга холбоог бүртгэхдээ тусгайлан захиргааны акт буюу захирамж гаргахаар хуульчлаагүй байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь шүүх хуралдаанд сууц өмчлөгчдийн холбоог бүртгэхдээ Засаг дарга нь тусгайлан захиргааны акт гаргадаггүй, харин зөвхөн бүртгэн авч бүртгэлийн дугаар, гэрчилгээ олгодог гэсэн агуулгаар тайлбарлаж байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иргэдийн төлөөлөгчийн тухайд:
Иргэдийн төлөөлөгч Ч.******* шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдсэн боловч иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хэргийн оролцогчид нь иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... гэж заасны дагуу тус хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасныг баримтлан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан дүүргийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/910 дугаар Сууц өмчлөгчдийн холбооны гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгуулж, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №******* тоот хотхон СӨХ-ны гэрчилгээг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэгч СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ