| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/00301/И |
| Дугаар | 307/ШШ2025/00559 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 307/ШШ2025/00559
2025 04 14 307/ШШ2025/00559
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг би,
Нэхэмжлэгч: М ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, .......... тоот хаягт оршин суух, Ц.Х /РД:/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 505,844 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Ц.Х нь М ББСБ ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ...........40276 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99.......96 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Ц.Х нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 290,000 төгрөгийг сарын 3.3 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй байна.
М ББСБ-ын зүгээс зээлийг төлж барагдуулах анхааруулах хуудас, шүүхэд шилжүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн ба төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулахаар хугацаа тохирсон боловч төлбөр төлөөгүй байна.
Ц.Х нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт нийт 505,844 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 290,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 549 хоногийн зээлийн хүү 181,806 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34,038 төгрөг байна.
Ц.Х нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул М ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 505,844 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
М ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н миний бие Ц.Хт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ц.Х нь нэхэмжлэлд заасан 505,844 төгрөгийг төлж барагдуулсан тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь Ц.Хт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 505,844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ц.Хт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нь хариуцагч Ц.Хт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 505,844 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ц.Хт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,825 төгрөгийн тал хувь буюу 7,912.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 7,912.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ