| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 302/2025/00099/И |
| Дугаар | 302/ШШ2025/00124 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 302/ШШ2025/00124
Хариуцагч нэхэмжлэлийн
шаардлагыг хүлээн зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: *****************-т үйл ажиллагаа явуулдаг М ХХК /РД:********, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, утас:***********/,
Хариуцагч: ************-т оршин суудаг, утас **********, Н.А,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 1,634,462 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М ХХК хариуцагч Н.Ааас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 1,634,462 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Н.А нь М-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 03 сарын 21-ний өдөр ******** тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Н.А нь уг гэрээний үндсэн дээр 2023.08.27-ны өдрөөс 2023.09.14-ний өдөр нийт 5 удаагийн хүсэлтээр 1,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар зээлээр авсан боловч хугацаанд нь төлж барагдуулаагүй.
1.2.Н.А нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд Н.Агаас зээлийн гэрээний үүрэгт 1,634,462 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна
2.Хариуцагч Н.А нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:
2.1.Миний бие тус шүүхэд М ХХК-ийн надад холбогдуулан гаргасан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү буюу нийт 1,634,462 /нэг сая зургаан зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг 1,634,462 /нэг сая зургаан зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг М ХХК-нд төлж өгөх болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 1,634,462 төгрөгийг нэхэмжлэгч М ХХК-д төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,101 төгрөгийн тал нь болох 20,550.50 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 20,550.50 төгрөг, мөн хариуцагч Н.Агаас 20,550.50 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Н.А нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 1,634,462 /нэг сая зургаан зуун гучин дөрвөн мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг нэхэмжлэгч М ХХК-д төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,101 төгрөгийн тал нь болох 11,792 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 20,550.50 /хорин мянга таван зуун тавин таван төгрөг тавин мөнгө/ төгрөг, мөн хариуцагч Н.Агаас 20,550.50 /хорин мянга таван зуун тавин таван төгрөг тавин мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.А сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК