Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 208

 

 

 

 

 

 

  2018           03            05                                           208

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа би даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Ж.Э,

шүүгдэгч/хохирогч Т.О, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1269/,

шүүгдэгч/хохирогч Ц.Ц, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0204/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “ Г ” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О, Ц нарт холбогдох эрүүгийн 1708 0276 30066 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. О, Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “ABM” ХХК-нд дадлагажигч нягтлан бодогчоор ажилладаг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүү нарын хамт амьдардаг, иргэний бүртгэлийн лавлагаагаар _________________________________г, ял шийтгэлгүй (РД:).

2. Ц, Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 11-14 насны 2 хүүхдүүдийн хамт амьдрах, ________________________, ял шийтгэлгүй, (РД:).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Т.О нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ____ дүгээр хороо, Сүлжмэлийн автобусны буудлын орчимд зорчигч булаацалдсаны улмаас иргэн Ц.Цийг зодож хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн __ дүгээр хороо, Сүлжмэлийн автобусны буудлын орчимд зорчигч булаацалдсаны улмаас иргэн Т.Оыг зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.О мэдүүлэхдээ:

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Драгон дээр очсон. Энэ Ц.Ц гэдэг хүн бол хууль бусаар өдөр тутам Төв аймаг руу хүн тээвэрлэдэг. Тэр өдөр надад яаралтай Төв аймаг явах болоод Ц.Цээс “би эхлээд хоёр хүн аваад явчихъя” гэж гуйсан. Тэгээд хоёр хүн ирэхээр нь би өөрийнхөө машинд суулгах гэтэл Ц “чи яахаараа ирсэн хоёр хүнийг авдаг юм” гээд миний нүүр рүү цохисон. Би Ц.Цийн нүүрэнд нэг удаа алгадсан. Ц.Ц над руу нулимаж, хөлөөрөө миний хөл рүү өшиглөсөн. Би өөрөөсөө хоёр гарыг нь салгахаар түлхтэл цаанаас нь хүн ирж Цийг түшиж авсан. Ингээд би Ц.Цт та миний нүүрийг яаж байгаа юм бэ гэхэд Ц.Ц “би эмэгтэй хүн, чи яах юм, чи чаддаг юм бол араас Төв аймагт хүрээд ир” гэсэн.

Би хохирогч Ц.Цийн нүүр рүү нь алгадсан, иймээс тархи доргилт гэсэн гэмтлийг нь зөвшөөрөхгүй. Бид эхлээд барьцалдаад би түүнийг нэг удаа алгадсан. Дараа нь миний нүүрийг шалбалсан болохоор нэг удаа алгадсан гэв.

 

Т.О хохирогчоор мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Драгон дээр очиход ямар ч гэмтэл, сорви байгаагүй. Энэ хэргээс болоод 6-7 см сорвитой болж “Лонда” салонд нэг удаа сорви арилгах эмчилгээ хийлгэсэн. Цаашид сорви арилгах эмчилгээнд 5-6 удаа орох шаардлагатай гэсэн.  Иймд эмчилгээ хийлгэсэн 200,000 төгрөг, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ц мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймаг дахь гэрээсээ гарч, Сонгинохайрхан дүүргийн сүлжмэлийн автобусны буудал дээр 10.00 цагт ирсэн. Төв аймаг руу зорчигч тээвэрлэх зорилгоор оочерлоод зогссон. Тэгтэл 12.00 цагийн үед Т.О ирээд “би эхлээд ачъя” гэхээр нь “би үгүй” гэсэн. Тэгэхэд Т.О намайг түлхээд бид маргалдаж, толгой руу 2 удаа гараараа цохисон. Тэгээд сүлжмэлийн буудлын далан дээрээс намайг түлхэхэд араас хүн ирж намайг түшиж авсан. Би Т.Оыг цохих гэхэд гараараа хаасан. Тэгээд би машиндаа сууж байтал Т.О араас ирж машиныхаа хаалгыг онгойлго гэсэн. Хаалгаа онгойлгоход Т.О “муу авгай минь чамайг яалтай билээ” гээд нүүрэнд цохисон гэв.

 

Ц.Ц хохирогчоор мэдүүлэхдээ: Энэ хэргийн улмаас толгойны компьютер томографийн зураг авахуулсан. 70,000 төгрөгөөр хаван буулгах тариа хийлгэсэн. Эмчилгээ хийлгэсэн 204,000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн цаашид шүдний эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул шүдний эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1708 0276 30066 дугаартай хэргээс:

1.Хохирогч Ц.Ц мөрдөн байцалтад 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн үед би Драгон
дээр Төв аймаг явах гээд өөрийн 59-95 ТӨА улсын дугаартай Приус-20 маркийн машинтай зогсож байсан. Би өглөө тухайн газарт 10 цагийн үед ирсэн. Тэгээд машинууд дараалж байгаад явдаг юм. Тэгтэл О гэдэг таньдаг залуу ирээд мэнд ус мэдээд “Би таны урдуур хүн ачаад явчихъя” гэсэн. Би түүнд “Хүүхдийн урлагийн үзлэгтэй, эгч нь бас ажилтай яараад байна” гэж хэлсэн. Тэгээд Төв аймаг явах гээд хүн ирэхээр нь би тийшээ суу гээд өөрийнхөө машиныг заатал О урдуур ороод өөрийнхөө машиныг зааж өгөхөөр нь “би яаж байгаа юм бэ” гэтэл “Би ч гэсэн яараад байна” гэж хэлсэн. Тэгтэл О миний машины түлхүүрийг булааж авах гээд байсан. Тэрнээс болоод бид 2 маргалдаж эхэлсэн. Бид 2 маргалдаад зогсож байтал хажууд мөн жолооч Мөөгий гэх залуу “та 2 яагаад байгаа юм бэ” гэхэд би болсон зүйлийг хэлтэл Мөөгий цаашаа явсан. Тэгтэл О намайг “юм үзээгүй авгай минь” гэж хэлээд бид 2 буцаад маргалдсан. Тэгтэл О миний зүүн мөр лүү түлхсэн. Тэгээд бид 2 барилцалдаж авсан. Тэр үед О намайг арагш далан руу түлхсэн. Би арагш савж унаагүй хөл алдсан. Намайг араас 1 танихгүй жолооч түшиж авсан. Тэгээд бид 2 барилцаж аваад би Ог “яаж байгаа юм” гэхэд тэрээр толгой руу 2 удаа алгадсан. Тэгэхээр нь би Огийн хөл рүү нь өшиглөсөн. Тэрээр намайг хувцасны захаар заамдаад түц-ний хажуу руу шахсан. Тэр үед миний амьсгаа давчдаад би Огийн нүүр лүү нулимсан. Тэр үед жолооч нар ирээд бид хоёрыг салгаад машин машин руу нь суулгасан. Тэгээд би машиндаа хүмүүс суулгаж байтал О миний машин руу ирж байхаар нь би хаалгаа түгжтэл тэрээр намайг “Хаалгаа онгойлго пизда минь” гэж хэлэхээр нь би машинаас буугаад зогстол тэрээр миний зүүн шанаа руу гараараа 1 цохисон. Би цохилтонд нь газар унасан. Би босоод иртэл О миний хажуу талд зогсож байсан мөн хажууд 1 жолооч байсан. Тэр үед би шууд цагдаа руу утасдаж хэлсэн. Би завгүй байсан учраас шууд хөдөө гарч явсан. Тэгтэл замд явж байтал миний дотор муухай Од байсан. Тэр орой нь миний нүүр хавдаад улайгаад эхэлсэн. Би тэр тухай хамтран амьдрагч Эад болсон зүйлийн талаар хэлэхэд Э О руу утасдахад өөдөөс нь “чамайг ч гэсэн ална шүү, пизда минь” гээд байсан. Тэр оройноо 00 цагийн үед Э бид 2 түргэн дуудаж үзүүлэхэд Гэмтлийн эмнэлэгт үзүүл гэхээр нь тэр шөндөө Гэмтлийн эмнэлэгт үзүүлж зураг авахуулсан. Эмч намайг битүү доргилттой байна томографийн зураг авхуул гэж хэлсэн. Тэгээд би маргааш өдөр нь гэртээ хэвтэж өнжөөд нөгөөдөр нь цагдаа дээр ирсэн юм. ...” гэх мэдүүлэг [1],

 

2.Хохирогч Ц.Ц мөрдөн байцаалтад дахин 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14837 тоот шинжээчийн дүгнэлтийг нэг бүрчлэн уншиж танилцлаа. ...Дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би түүний биед гэмтэл учруулаагүй. ...” гэх мэдүүлэг [2],

 

3. Хохирогч Т.О мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би “Сүлжмэл”-ийн хойд автобусны буудал дээр Төв аймаг явах гээд өөрийн 77-60 ДАР улсын дугаартай “Соната-5” маркийн машинтай 11 цаг өнгөрч байхад очсон. Би тухайн үед ганцаараа очсон. Тухайн газарт Төв аймаг явах машин ар, араасаа оочерлоод зогсчихсон байсан. Намайг зогсоол дээр очиход 53-49 ТӨА улсын дугаартай “Соната-6” маркийн машинтай хүн 2 зорчигч суулгаад хөдлөх гэж байсан. Түүний араас 59-95 ТАӨ улсын дугаартай машин зогсож байсан. Би тэнд байсан 1 жолоочоос энэ машины дараа хэн явах юм бэ гэхэд Д явна гэж хэлсэн. Тухайн машины жолооч нь машиндаа сууж байсан болохоор би очоод уулзсан. Би тухайн Д гэх эмэгтэйтэй мэнд ус мэдэлцээд хэзээ явах юм бэ гэхэд “одоо явна” гэж хэлсэн. Би тухайн эмэгтэйд “дүү нь таниас түрүүлээд явчихъя, би Төв аймагт очиж дугуй солиулах юм, би таны өмнө 2-3 хүн аваад гаръя” гэхэд Д гэх эмэгтэй “Би цэцэрлэгийн хүүхдийн ажилтай” гэж хэлсэн. Бид 2 ямар нэгэн шийдвэрт хүрээгүй, би хүнээ авах гээд яваад автобусны буудлын ойрхон очсон. Тэгтэл Д гэх эмэгтэй араас ирээд “өглөөнөөс хойш оочер дайрлаа, би ажилтай байна” гээд нилээн уурласан. Тэгтэл тэр үед 2 зорчигч гарч ирэхэд нь би тэр хоёрыг миний машин руу суучих гэж хэлсэн. Тэгтэл Д гэх эмэгтэй уурлаж намайг загнаж эхэлсэн. Д гэх эмэгтэй намайг хэл амаар доромжлон над руу уурлаад байсан. Тэгснээ над руу нулимсан, дараа нь гараараа миний толгой руу 1 удаа цохисон. Тэгэхээр нь би яаж байнаа гээд 2 гарыг нь бариад автал өөдөөс хөлөөрөө миний баруун хөл рүү өшиглөсөн. Би үйлдлийг нь болиулах гээд 2 гарыг нь цааш түлхсэн. Тэгтэл Д гэх эмэгтэй арагшаа уруу газар байсан учраас гулгасан. Тэгтэл буцаж гарч ирээд “түлхэж унагаалаа” гэж уурласнаа, би миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохиж самардсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг зүүн гараараа 1 удаа алгадсан. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Тэгтэл хүмүүс нүүрнээс чинь цус гоожоод байна гэхээр нь би хамраас цус гарч байна гэж бодсон. Би машин дээр очин толинд нүүрээ хартал нүүр шалбарч, цус гарч байсан. Би буцаад нөгөө эмэгтэйгийн машин руу явж очиход машиныхаа хаалгыг онгойлгохгүй дотроо суугаад байсан. Би тэр Д гэх эмэгтэйд нүүр ийм болгосон байна гэж хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй машинаасаа бууж ирээд “чи тэглээ гээд эмэгтэй хүнийг яах юм” гээд ахиад над руу уурлаад дайраад байхаар нь би тэр эмэгтэйгийн шанаа руу 1 цохисон. Тэр эмэгтэй хойшоо алхаад газар хальтарч унасан. Тэгээд тэр эмэгтэй босч ирээд хөлөөрөө миний хөл рүү ахиад өшиглөсөн. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг  салгасан. Нөгөө эмэгтэй цагдаад дуудлага өгнө гэж байсан. Би машин руугаа буцаж суугаад нүүрнийхээ цусыг цэвэрлэсэн. Д гэх эмэгтэй машинаа бариад Төв аймаг руу хөдөлсөн. Тэр эмэгтэй хажуугаар өнгөрөхдөө “чаддаг юм бол араас олоод ирээрэй, уулзъя” гэж хэлээд яваад өгсөн. Би араас нь хүнээ аваад Төв аймаг руу очиж дугуйгаа солиулсан. Би хот руу буцаад 14-15 цагийн үед орж ирсэн. ...Тэгээд маргааш нь нөгөө эмэгтэй цагдаад өргөдөл өгсөн байсан гэх. ...” гэх мэдүүлэг [3]

 

4. Хохирогч Т.О мөрдөн байцаалтад дахин 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14837 тоот шинжээчийн дүгнэлттэй нэг бүрчлэн уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Ц.Ц бид хоёр харилцан нэг нэгнийхээ биед гэмтэл учруулсан... миний хувьд хувийн эмнэлгээр явж нүүрнийхээ сорвийг арилгасан. 1 см сорвийг 50.000 төгрөгөөр тооцож арилгуулсан. Мөн тос түрхэж хэрэглэсэн. Нийт 180.000 орчим төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Энэ гарсан зардлын баримт нотлох баримт байхгүй. Хоёулаа хэн хэнийхээ биед хөнгөн гэмтэл учруулсан болохоор хоорондоо уулзаад учираа олох санаатай байна. Баримт байхгүй болохоор мөнгөө нэхэмжлэхгүй. ...” гэх мэдүүлэг [4],

 

5.Гэрч С.Сын мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би 12 цагийн үед Сүлжмэлийн автобусны ард байрлах орон  нутаг явах машины зогсоол дээр хөдөө явах гээд байж байсан. Би Улаанбаатараас “Оюу толгой” хүртэл чиглэлд явдаг. Тэгээд зогсоол дээрээ байж байтал мөн Төв аймагт явдаг чиглэлийн жолооч нар болох Ц, О 2 түц-ний голд барьцалдаад Ц нь Оын нүүр лүү цохиод байсан. Тэгэхээр нь би тэр 2 дээр очиж салгатал Оын хамраас нь цус гарчихсан, нүүр нь маажуулсан байдалтай байсан. Цийн нүүрэнд нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. О машиндаа суусан, Ц мөн машиндаа суусан. Тэгтэл О гэнэт машинаасаа бууж ирээд Цийн машин дээр очин цонхыг нь тогшин “би эхнэртээ юу гэх юм бэ” гэж орилж байсан. Тэгтэл Ц бууж ирээд тэр хоёр дахиад зууралдаад авсан. Тэгэхээр нь би Н гэх жолооч залууг очоод салга гэж хэлж явуулаад эргээд хартал хажуу талаас нэг нь “өө Цийг алгадаад унгаачихлаа” гэж хэлэхээр нь би тэр хоёрын байгаа зүг рүү хартал Ц, О хоёр зууралдаад л байж байсан. Би тэгээд машиндаа суугаад явсан. ...” гэх мэдүүлэг [5]  

 

6. Гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтад 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн үед Төв аймагт байдаг гэр лүүгээ харих гээд Сүлжмэлийн автобусны буудлын ард байрлах орон нутаг явах машины зогсоол дээр ирж эмэгтэй жолоочтой машинд суусан. Намайг машинд суухад урд 1, ард 1 хүн сууж байсан. Ахиад 1 хүн авчихвал машин хөдлөх байсан. Удалгүй ахиад нэг Төв аймаг явах зорчигч нэмэгдээд машины жолооч эгч машиндаа ирж суун машинтайгаа хөдлөх гэтэл танихгүй залуу ирээд машиных нь хаалгыг татаад байсан. Нөгөө жолооч эгч би машинаас буугаатхая гээд буусан. Тэр хоёр машины гадаа хэрэлдээд байсан. Тухайн залуу “би эхнэртээ юу гэж хэлэх юм” гээд нөгөө эгчийг нүүрэн тус газар нь шууд цохиод авсан. Нөгөө жолооч эмэгтэй арагш савж унасан. Тэгээд босч ирээд тэр хоёр муудалцаж байгаад нөгөө жолооч эгч машиндаа суун Төв аймаг руу хөдөлсөн. ...” гэх мэдүүлэг  [6],

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 14830 тоот дүгнэлтэд:

“Хэсэг газрын үзлэгт: Зүүн хацар бага зэрэг хавдсан 1,5х2см бүдэг хөх ялгаан өнгийн цус хуралттай, хүзүүний ар хэсэгт тэмтэрхэд эмзэглэлтэй, зүүн дээд араа шүднүүд эмзэглэлтэй.

2017.11.29-ний Натур-н Толгойн томографид: Тархины бор цагаан эдийн ялгарал буурсан, бага зэргийн хавантай, ...хамрын таславч зүүн тийш /хуучин/ мурийлттай. 2 талын этмойд хөндийн салстууд хязгаарлагдмал зузаарсан гэжээ.

Дүгнэлт:

1.Ц.Цийн биед тархи доргилт, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна /шинжээч Т.Номинцэцэг/ гэсэн дүгнэлт [7],

 

8.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14837 тоот дүгнэлтэд:

“Хэсэг газрын үзлэгт: Зүүн хацарт ташуу 6,0х0,1 см тасархайтсан, хамрын зүүн хажуу хэсэгт 1,0х0,2см, 0,4х0,2см, зүүн нүдний доод зовхинд 0,4х0,1 см, хамрын зүүн угалзны хээгт 1,2х0,2см, баруун хацарт 0,3х0,2см, зүүн шанаанд 2,5х0,2см хүрэн улаан өнгийн тав бүхий зулгаралтуудтай. Зүүн шанаанд 2,5х2,0см хөхөлбөр өнгийн цус хуралттай.

Дүгнэлт:

1.Т.Оын биед зүүн нүдний доод зовхи, баруун, зүүн хацар, хамрын угалз, зүүн шанаанд зулгаралт, зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. /Шинжээч М.Золжаргал/ гэсэн дүгнэлт [8],

 

9.Шинжээч М.Золжаргалын мөрдөн байцаалтад мэдүүлсэн:

“...Т.Оын биед учирсан тухайн гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байсан. 2017 оны 11 дүгээр сарын 27-нд зодуулсан, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ирж үзүүлсэн байна. Дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энэ гэмтлүүд нь самардах, маажих үед үүссэн байх боломжтой. ...” гэх мэдүүлэг [9]

 

10.Т.Оын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн:

“...Ц.Цийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр тухайн үедээ хэн, хэнийгээ ойлголцоогүйн улмаас хоорондоо маргалдаж хөнгөн гэмтэл учруулсан юм. Биднийг тэр хавийн хүмүүс салгасан. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг нэг бүрчлэн уншиж танилцсан. Хүлээн зөвшөөрч байгаа. ...Би Ц.Цийн биед гэмтэл учирсны улмаас гаргасан зардал мөнгийг хариуцахгүй. Би өөрөө ч гэсэн биедээ гэмтэл авч эмчилгээ хийлгэсэн, баримт байгаа. ...” гэх мэдүүлэг [10],

 

11.Ц.Цийн мөрдөн байцаалтад яллагдагчаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр мэдүүлсэн:

“...Яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Төв аймаг руу оочерлож хувийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, хүмүүс хувиараа хүн тээвэрлэдэг юм. Тухайн үед О гэдэг залуу машинтайгаа ирээд би аймаг руу яаралтай ажилтай болчихлоо, таны урдуур ороод аччих уу гэхээр нь “Би ч гэсэн ажилтай” ...гээд цааш явсан. Түүний машинд хүн суусан байсан. Би болсон асуудлын талаар тодорхой мэдүүлсэн байгаа. Энэ маргааныг Н гэдэг залуу мэдэж байгаа. Би шүүх эмнэлгийн дүгнэлтүүдийг нэг бүрчлэн уншиж танилцсан. Би Т.Оын биед гэмтэл учруулаагүй. Тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй. Т.О надад гэмтэл учруулсан. Би иргэн Т.Оын биед гэмтэл учруулаагүй болохоор гарсан зардал мөнгийг хариуцахгүй. ...” гэх мэдүүлэг [11],

 

12.Шүүгдэгч Т.Оын иргэний үнэмлэхний лавлагаа [12], оршин суугаа хаягийн тодорхойлолт [13], ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [14], тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа [15], банкны лавлагаа [16], эд хөрөнгө бүртгэлгүй тухай улсын бүртгэлийн лавлагаа [17],

 

13.Шүүгдэгч Ц.Цийн иргэний үнэмлэхний лавлагаа [18], ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [19], оршин суугаа хаягийн тодорхойлолт [20], банкны лавлагаа [21] , эд хөрөнгө бүртгэлгүй тухай улсын бүртгэлийн лавлагаа [22] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

   Шүүхийн дүгнэлт.

   Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

1.Гэм буруугийн талаар.

1.Шүүгдэгч Т.О нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Сүлжмэл”-ийн автобусны буудлын орчимд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зорчигч булаацалдсаны улмаас иргэн Ц.Цийг гараараа цохиж, зодон биед нь тархи доргилт зүүн хацарт цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Хохирогч Ц.Цийн мөрдөн байцалтад өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн үед би Драгон дээр Төв аймаг явах гээд өөрийн 59-95 ТӨА улсын дугаартай Приус-20 маркийн машинтай зогсож байсан. ...Тэгтэл О ирээд мэнд ус мэдээд “Би таны урдуур хүн ачаад явчихъя” гэтэл би түүнд “хүүхдийн урлагийн үзлэгтэй эгч нь бас ажилтай яараад байна” гэж хэлсэн. Тэгээд Төв аймаг явах гээд хүн ирэхээр нь би тийшээ суу гээд өөрийнхөө машиныг заатал О урдуур ороод өөрийнхөө машиныг зааж өгөхөөр нь “би яаж байгаа юм бэ” гэтэл “Би ч гэсэн яараад байна” гэж хэлсэн. ...Тэрнээс болоод бид хоёр маргалдаж, ...О намайг “юм үзээгүй авгай минь” гэж хэлээд бид маргалдсан. ...бид хоёр барилцаж аваад би Ог яаж байгаа юм гэхэд толгой руу 2 удаа алгадсан. ...намайг хувцасны захаар заамдаад түц-ний хажуу руу шахсан. Тэр үед миний амьсгаа давчдаад би Огийн нүүр лүү нулимсан. Тэр үед жолооч нар ирээд бид хоёрыг салгасан. ...би машиндаа хүмүүс суулгаж байтал О миний машин руу ирж байхаар нь би хаалгаа түгжтэл тэрээр намайг “Хаалгаа онгойлго пизда минь” гэж хэлэхээр нь би машинаас буугаад зогстол тэрээр миний зүүн шанаа руу гараараа 1 цохисон. Би цохилтонд нь газар унасан. ...орой нь миний нүүр хавдаад улайгаад эхэлсэн. ...” гэх мэдүүлэг [23], шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Гэрч С.Сын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн үед Сүлжмэлийн автобусны буудлын ард байрлах орон нутаг явах машины зогсоол дээр хөдөө явах гээд байж байсан. Төв аймаг явдаг чиглэлийн жолооч нар болох Ц, О хоёр түц-ний голд барьцалдаад ...Цийг алгадаад унгаачихлаа гэж хэлэхээр нь би тэр хоёрын байгаа зүг рүү хартал Ц, О 2 зууралдаад байж байсан. ...” гэх мэдүүлэг [24] ,

-Гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 12 цагийн үед ...Сүлжмэлийн автобусны буудлын ард байрлах орон нутаг явах машины зогсоол дээр ирж эмэгтэй жолоочтой машинд суусан. ...жолооч эгч машиндаа ирж суун машинтайгаа хөдлөх гэтэл танихгүй залуу ирээд машиных нь хаалгыг татаад байсан. Нөгөө жолооч эгч би машинаас буугаатхая гээд буусан. Тэр 2 машины гадаа хэрэлдээд байсан. Тухайн залуу “Би эхнэртээ юу гэж хэлэх юм” гээд нөгөө эгчийг нүүрэн тус газар нь шууд цохиод авсан. Нөгөө жолооч эмэгтэй арагш савж унасан. ...” гэх мэдүүлэг  [25],

-Т.Оын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...бид хоёр тухайн үедээ хэн, хэнийгээ ойлголцоогүйн улмаас хоорондоо маргалдаж хөнгөн гэмтэл учруулсан юм. Би шүүх эмнэлгийн дүгнэлтийг нэг бүрчлэн уншиж танилцсан. Хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэх мэдүүлэг [26],  мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14830 тоот дүгнэлт [27] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч Цнь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Сүлжмэл”-ийн автобусны буудлын орчимд 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зорчигч булаацалдсаны улмаас иргэн Т.Оын нүүр рүү нулимж, түүнийг гараараа цохих зэргээр зодож биед нь зүүн нүдний доод зовхи, баруун, зүүн хацар, хамрын угалз, зүүн шанаанд зулгаралт, зүүн шанаанд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Хохирогч Т.Оын мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр би “Сүлжмэл”-ийн хойд автобусны буудал дээр Төв аймаг явах гээд өөрийн 77-60 ДАР улсын дугаартай “Соната-5” маркийн машинтай 11 цаг өнгөрч байхад очсон. ...Д гэх эмэгтэй араас ирээд өглөөнөөс хойш оочер дайрлаа, би ажилтай байна гээд нилээн уурласан. Тэр үед 2 зорчигч гарч ирэхэд нь би тэр хоёрыг миний машин руу суучих гэж хэлсэн. ...Д гэх эмэгтэй намайг хэл амаар доромжлон над руу уурлаад байсан. Тэгснээ над руу нулимсан, дараа нь гараараа миний толгой руу 1 удаа цохисон. Тэгэхээр нь би “яаж байнаа” гээд хоёр гарыг нь бариад автал өөдөөс хөлөөрөө миний баруун хөл рүү өшиглөсөн. Би үйлдлийг нь болиулах гээд 2 гарыг нь цааш түлхэхэд Д гэх эмэгтэй арагшаа уруу газар байсан учраас гулгасан. ...Түлхэж унагаалаа гэж уурласнаа миний нүүр лүү гараараа 2-3 удаа цохиж, самардсан. ...тэгтэл хүмүүс нүүрнээс чинь цус гоожоод байна гэхээр нь би хамраас цус гарч байна гэж бодсон. ...толинд нүүрээ хартал нүүр шалбарч, цус гарч байсан. Би буцаад нөгөө эмэгтэйгийн машин руу явж очиход ....хөлөөрөө миний хөл рүү ахиад өшиглөсөн гэх. ...” гэх мэдүүлэг [28], шүүхийн хэлэлцүүлэгт түүний хохирогчоор өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

-Гэрч С.Со [29], гэрч Б.Н нарын мэдүүлэг [30], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14837 тоот дүгнэлт [31],

-Шинжээч М.Золжаргал мөрдөн байцаалтад өгсөн “...Т.Оын биед учирсан тухайн гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байсан. 2017 оны 11 дүгээр сарын 27-нд зодуулсан,  2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үзүүлсэн байна. ...гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба, гэмтлүүд нь самардах, маажих үед үүссэн байх боломжтой. ...” гэсэн мэдүүлэг [32] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Ц.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч Ц.Цийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбатаас Ц.Цийг хохирогч Т.Оод олон тооны гэмтэл учруулсан гэж шинжээчийн дүгнэлтээр гарсан байгаа ч Ц.Ц нэг удаа л самардах гэж байгаад бөгжинд зурагдаад цус гарч байхыг харсан, түүнээс өөр гэмтэл учруулаагүй гэдэг. Тухайн хэрэг үйл явдал болсны дараа Т.О нь Өмнөговь аймаг явсан байдаг, мөн зам тээврийн осолд орсон гэж өөрөө ярьж байгаа учраас шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон Т.Оын биед учирсан гэх хөнгөн гэмтлийг Ц.Ц бүгдийг нь учруулсан гэдэг нь  эргэлзээтэй байна, гэхдээ Ц.Цийг гэм буруутай гэж үзэж байгаа гэж мэтгэлцэж дүгнэлт гаргасан.  Мөн Ц.Цийн хохирогчийн хувьд шинжээч түүний биед үзлэг хийж, дүгнэлтдээ “зүүн талын шүд эмзэглэлтэй байсан” гэсэн байдаг ба Ц.Ц нь өөрөө шинжээч эмчид эргэж үзүүлээгүйн улмаас түүний шүдний гэмтэл нь шинжээчийн дүгнэлт хэсэгт байхгүй байна гэж өмгөөллийн дүгнэлтдээ дурдсан.

Шүүгдэгч Т.Оын өмгөөлөгч Н.Энхбаяраас өмгөөлөлдөө хохирогч Ц.Цт тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл гарсан байх боломжтой гэж үзэж байна гэсэн санал, дүгнэлтийг гаргасан.

Харин шүүгдэгч Т.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугийн талаар маргаагүй боловч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж, энэ талаараа Ц.Ц миний нүүрийг шалбалсан байхаар нь нэг удаа алгадсан, мөн намайг цохих гэж оролдохоор нь шанаа хэсэгт нь цохисон, түүний нүүрэнд алгадсан учраас тархи доргилт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэснийг  зөвшөөрөхгүй гэж мэдүүлсэн.

Шүүгдэгч Ц.Ц нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаж, хохирогч Т.Оод гэмтэл учруулаагүй, түүнийг маажих санаа байгаагүй, цохих гэж байсан үед гарт байсан бөгжинд Т.О нүүрээ урсан байх гэж мэдүүлсэн.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тухайн өдөр шүүгдэгч, хохирогч Т.О, Ц.Ц нар нь зорчигч булаацалдан маргалдсан, барьцалдаж, бие биенийгээ цохих, түлхэх зэргээр харилцан зодолдсон үйл баримт тухайн хэргийн газар байсан гэрч С.Со, Б.Н нарын мэдүүлгээр тогтоогдсон, нөгөө талаас шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэргээр хохирогч Т.Оод учирсан гэмтэл нь шинэ гэмтлүүд ба,  самардах маажих үед үүссэн байх боломжтой гэсэн мэдүүлэг зэргийг үгүйсгэсэн, няцаасан баримтгүй, хохирогч Т.Оод учирсан гэмтэл нь Ц.Цийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Мөн хэрэгт авагдсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14837 тоот дүгнэлтэд “Т.О нь 2017 оны 11 дүгээр сарын 27-нд бусдад зодуулсан” гэж тэмдэглэсэн ба, Т.Оын биед үзлэг хийж, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 14837 дугаартай дүгнэлтийг гаргажээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Ооос “шинжээчийн дүгнэлт гарсны дараа 2018 оны 1 дүгээр сард зам тээврийн осолд орсон, гэхдээ миний биед ямар ч гэмтэл учраагүй, биенээс цус гараагүй, нүүрэнд ямар ч сорви үүсээгүй, автомашины эд зүйл л эвдэрсэн, зам тээврийн осол болсон талаар холбогдох байгууллагад мэдэгдээгүй” гэж мэдүүлсэн.

Дээрх нотлох баримт, мэдүүлгээс үзвэл Т.О нь 2018 оны 1 дүгээр сараас өмнө буюу 2017 оны 11 дүгээр сард шинжээч эмчид үзүүлж, шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд шинжээчийн 14837 тоот дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийг Т.О 2018 оны 1 дүгээр сард болсон зам тээврийн ослын улмаас авсан гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар гаргасан өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын дүгнэлт үндэслэлгүй байна.

Түүнчлэн хохирогчийн хувьд Т.Ооос “тэр өдөр Ц.Цийн гарт бөгж байгаагүй” гэж мэдүүлсэн. Нөгөө талаас шинжээч эмч М.Золжаргал нь  “Т.Оын биед учирсан зүүн нүдний доод зовхи, баруун, зүүн хацар, хамрын угалз, зүүн шанаанд зулгаралт, зүүн шанаанд цус хуралт бүхий гэмтэл учирсан, эдгээр гэмтэл нь шинэ гэмтэл бөгөөд гэмтлүүд нь самардах, маажих үед үүссэн байх боломжтой” гэж мэдүүлсэн мэдүүлгээр өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын “Ц.Цийн гарт зүүсэн байсан бөгж зурагдсанаас Т.Оод гэмтэл үүссэн байх боломжтой, олон тооны гэмтлийг Ц.Ц бүгдийг учруулаагүй гэсэн санал, дүгнэлт нь үгүйсгэгдэж байна.

Мөн хохирогчийн хувьд Ц.Цт шинжээч түүний биед үзлэг хийж гаргасан дүгнэлтдээ “ зүүн дээд араа шүднүүд эмзэглэлтэй, шүдний эмчид явсан боловч ирээгүй” гэж тэмдэглэсэн байх ба хохирогч Ц.Ц нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр яваад эргэж хариу эмнэлгийн бичиг баримтыг шинжээч эмчид ирүүлээгүй, дараа нь  мөрдөн шалгах ажиллагаанд хавтаст хэргийн 33 дугаар талд шинжээчийн дүгнэлттэй танилцаж гарын үсэг зурсан, оролцогчоос гаргасан хүсэлт гэсэн хэсэгт бичсэн санал, хүсэлтгүй, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх санал, хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно.

Нөгөө талаар хэрэг үйл явдал болсон хугацаанаас хойш 3 сар өнгөрсөн байх тул Т.О нь Ц.Цийн зүүн дээд араа шүдийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэмтээсэн эсэх асуудлыг тогтоох ач холбогдол бүхий нөхцөл байдал алдагдсан гэж үзнэ.

Мөн Т.Ооос хохирогч Ц.Цийн нүүрэнд алгадсан учраас тархи доргилт гэмтэл учруулаагүй гэх мэдүүлэг нь эмнэл зүйн хувьд үндэслэлгүй юм.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Т.О, Ц.Ц нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Шүүгдэгч Т.О, Ц.Ц нарын үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.О, Ц.Ц нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах тухай гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.О, Ц.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Ц нь эмчилгээний зардлаа нэхэмжилж, хэргийн 132-136 дугаар талд баримтыг ирүүлсэн байх ба уг баримтуудыг үзэхэд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 7000, 1000  төгрөгийн, эм авсан тухай “Түвшинсайхан энэрэл” ХХК-ний 70,400 төгрөгийн, “Сорт чоно” ХХК-д толгойн компьютер томографикийн 120,000 төгрөгийг төлсөн зэрэг шаардлага хангасан 198,400 төгрөгийн баримтыг ирүүлжээ.

Хохирогч Т.О нь мөрдөн шалгах ажиллагаанд нүүрний сорвийг 1 см-г нь 50,000 төгрөгөөр арилгуулсан. Мөн тос түрхэж хэрэглэсэн тул 180,000 төгрөгний эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байх ба гэм буруугийн шүүх хуралдаанд “Лонда” лазер эмчилгээний гоо заслын газарт 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр эмчлүүлсэн эмчилгээний карт, 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 220,000 төгрөг төлсөн тухай бэлэн мөнгөний зарлагын баримт зэргийг нотлох баримтаар гаргасан.

Иймд шүүгдэгч Т.Ооос 198,400 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Цт, шүүгдэгч Ц.Цээс 220,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Оод тус тус олгох үндэстэй байна.

Мөн шүүх хуралдаанд хохирогч Т.О нь цаашид лазер эмчилгээнд 5-6 удаа орох шаардлагатай байгаа тул энэ зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлсэн тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14837 тоот дүгнэлтээр тогтоогдсон биед зүүн нүдний доод зовхи, баруун, зүүн хацар, хамрын угалз, зүүн шанаанд зулгаралт, зүүн шанаанд цус хуралт гэмтэлтэй холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Ц.Ц, түүний өмгөөлөгч нараас зүүн дээд араа шүдийг эмчлүүлэх эмчилгээний зардлыг нэхэмжилсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр зүүн дээд араа шүд гэмтсэн гэх гэмтэл тогтоогдоогүй тул энэ талаарх зардлыг хохирогч Ц.Ц нь нэхэмжлэх эрхгүй байна.

Харин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 14830 тоот дүгнэлтээр тогтоогдсон биед тархи доргилт, зүүн хацарт цус хуралт гэмтлийн талаар цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас Т.О нь ажил эрхэлдэг, 500,000 төгрөгийн цалинтай гэсэн баримтыг авчирсныг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх,

шүүгдэгч Ц.Ц нь хувиараа Төв аймаг руу зорчигч тээвэрлэдэг гэх баримтаа гаргаагүй, эрхэлсэн ажилгүй, хамтран амьдрагчийнхаа орлогоор амьдарч байгаа гэж мэдүүлсэн, өөрийн орлогогүй байх тул эдгээр байдлыг харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, бүрэн дунд боловсролтойг нь харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн үйлчилгээний газар эдлүүлэх тухай дүгнэлтийг,

Өмгөөлөгч Н.Энхбаяраас шүүгдэгч Т.О нь ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн баримт гаргасныг үндэслэн түүнд торгох ялыг хамгийн доод хэмжээгээр тогтоож өгнө үү гэсэн дүгнэлтийг,

 Өмгөөлөгч Х.Сэргэлэнбатаас шүүгдэгч Ц.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Ц.Ц нь ажил хийх чадвартай, тогооч мэргэжилтэй, хоёр хүүхдийн эх тул түүнийг 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.    

Шүүхээс шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүх торгуулын ялыг хэрэглэхдээ хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзах   ба шүүгдэгч Т.О нь компанид дадлагжигч нягтлан бодогчоор 2018 оны 1 дүгээр сард ажилд орсон гэж мэдүүлсэн боловч ажилд томилогдсон тушаал, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг холбогдох баримтыг ирүүлээгүй, нэг цэгийн үйлчилгээнээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт гэсэн баримтыг шүүхэд ирүүлсэн боловч тус баримтад шимтгэл төлөгдөөгүй тухай тэмдэглэгдсэн, мөн Т.Оын нэр дээрх хөрөнгийн лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулахад үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа хэрэгт авагдсан [33], түүний Хаан банкинд эзэмшдэг дансны хуулганд орлогод бүртгэгдсэн мөнгөн дүн нь цалин хөлс, эсхүл юуны орлого болох мэдээлэлгүй зэргээр шүүгдэгч Т.Оын хөрөнгө, цалин хөлс, бусад орлоготой эсэх нь тодорхой бус байна.

Шүүгдэгч Ц.Ц нь эрхэлсэн ажилгүй байх ба, түүний Хаан банкинд эзэмшдэг дансны хуулга дээр орлогод бүртгэгдсэн мөнгөн дүн нь юуны орлого эсэх мэдээлэлгүй байгаа нь шүүгдэгч Ц.Цийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлогтой эсэх нь тодорхой бус байна.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Т.О, Ц.Ц нарт тус бүрт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Т.О, Ц.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

 Ц ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оыг 240 (хоёр зуун дөч) цагийн, шүүгдэгч Ц.Цийг 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О, Ц.Ц нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, Т.О, Ц.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Ооос 198,400 (нэг зуун ерэн найман мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Цт,

-шүүгдэгч Ц.Цээс 220.000 (хоёр зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Т.Оод олгож, хохирогч Т.О нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтлийн улмаас цаашид гарах хохирол, хор уршигийн зардлаа, хохирогч Ц.Ц нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтлийн улмаас цаашид гарах хохирол, хор уршигийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Т.О, Ц.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8   . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.О, Ц.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 

 


[1] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.

[2] Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 26-27 дугаар тал.

[5] хавтаст хэргийн 28 дугаар тал.

[6] хавтаст хэргийн 30 дугаар тал.

[7] хавтаст хэргийн 32 дугаар тал.

[8] хавтаст хэргийн 35 дугаар тал.

[9] хавтаст хэргийн 37-38 дугаар тал.

[10] хавтаст хэргийн 47 дугаар тал.

[11] хавтаст хэргийн 54-56 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 62 дугаар тал.

[13] Хавтаст  хэргийн 65 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 125 дугаар тал.

[15] Хавтаст хэргийн 120 дугаар тал.

[16] Хавтаст хэргийн 69-93, 95, 112-113 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 60 дугаар тал.

[18] Хавтаст хэргийн 122 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 118 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 114 дүгээр тал.

[21] Хавтаст хэргийн 95-113 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 60 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 18-19 дүгээр тал.

[24] хавтаст хэргийн 28 дугаар тал.

[25] хавтаст хэргийн 30 дугаар тал.

[26] хавтаст хэргийн 47 дугаар тал.

[27] хавтаст хэргийн 32 дугаар тал.

[28] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал.

[29] хавтаст хэргийн 28 дугаар тал.

[30] хавтаст хэргийн 30 дугаар тал.

[31] хавтаст хэргийн 35 дугаар тал.

[32] хавтаст хэргийн 37-38 дугаар тал.

[33] Хавтаст хэргийн 60 дугаар тал.