| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 156/2025/00003/и |
| Дугаар | 150/ШШ2025/00074 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 150/ШШ2025/00074
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * аймаг * сум *-р баг * цогцолборын зүүн талд * тоот хаягт байрлах *ын (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * хот * дүүрэг *-р хороо * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,
Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 252,000 төгрөг, нотариатын зардал 10,500 төгрөг, нийт 262,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн аваад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *ын Ерөнхий прокурор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...* нь 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр *ийн биед халдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдэж, * Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр *од холбогдох хэргийг хянан хэлэлцээд 2023/ШЦТ/* дугаартай шийтгэх тогтоолоор *од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн, зүйл хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Гэмтэл согог судлалын төв, * тосгоны эрүүл мэндийн төв нь 2023 оны 03 дугаар сарын 08, 10-ны өдрүүдэд *ийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг оношилгоо шинжилгээ, эмчилгээ зэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас 252.000 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг нэхэмжилж, гаргуулан авсан байна.
*аас "гэмт хэрэгт холбогдсон буруутай этгээдээс эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хуульд заасны дагуу нэхэмжилж, төрийг хохиролгүй болгож өгнө үү" гэсэн агуулга бүхий хүсэлт, итгэмжлэл ирүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6 дахь заалтад "эрүүл мэндийн даатгалын сан" гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг гэж хуульчилсан. Дээрх байдлаас *ын гэм буруутай үйлдлийн улмаас *ийн үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын санд хуримтлуулсан төр, иргэн, хуулийн этгээдээс эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөрөөр худалдан авч байгаа нь төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх",
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно",
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.",
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж зааснаар гэмт хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг гаргуулахаар төрийн байгууллагын хүсэлт, прокурор өөрийн санаачилгаар нэхэмжилж байна. *ын Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 252.000 төгрөгийг гаргуулан, *ын Төрийн сан банк дахь * тоот дансанд, нэхэмжлэлийг шүүхэд гаргахад холбогдох баримтыг нотариатаар батлуулсан төлбөр болох 10.500 / арван мянга таван зуун / төгрөгийг тус аймгийн прокурорын газрын нярав Э.Баяр-Одын хаан банкны 5951155560 тоот дансанд оруулж өгнө үү....” гэжээ.
Хариуцагч * нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие * нь *аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 262,500 төгрөгийг төлөхийг 2025 оны 05 сарын 15-ны өдөр төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ. /хавтаст хэргийн 48-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь хариуцагч *од холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 252,000 төгрөг, нотариатын зардал 10,500 төгрөг, нийт 262,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг * иргэний хэргийн анхан шүүхэд гаргасан байна.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх нь тус хэргийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн аваад нэхэмжлэлийг хувийг хариуцагчид гардуулж, хуульд заасан ажиллагааг хийсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие * нь *аас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 262,500 төгрөгийг төлөхийг 2025 оны 05 сарын 15-ны өдөр төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч *ын нэхэмжлэлтэй, хариуцагч *од холбогдох Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 252,000 төгрөг, нотариатын зардал 10,500 төгрөг, нийт 262,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч * нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар 4,262.5 төгрөгийг хариуцагч *оос гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *ын нэхэмжлэлтэй, хариуцагч *од холбогдох Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 252,000 төгрөг, нотариатын зардал 10,500 төгрөг, нийт 262,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч * нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар 4,262.5 төгрөгийг хариуцагч *оос гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН