Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Н.Ц нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Б-т холбогдох .................. дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймаг мөрөн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, консулын 17 дугаар гудамж 419б тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй С.Б /РД:РЮ76100516/.

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны  нутаг дэвсгэрт Б.П-той маргалдан улмаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж ярих зүйлгүй” гэв.

 

Хохирогч Б.П мэдүүлэхдээ: “...би циркийн хажууханд баригдаж буй 25 давхар барилга дээр ажиллаж байгаад хамт өмнө нь ажиллаж байсан танил Б-тай тоглоод хөөе бандиа ажиллаа хий гэж хэлтэл Б тоглоом даахгүй миний зүүн талын гар луу төмрөөр цохисон, тэгтэл дарга нар ажил дээр маргалдлаа та хоёр ажиллаас гар гээд бид хоёрын цалинг бодож өгөөд ажлаас гаргасан. Тэгээд бид хоёр нэг шил архи аваад ажлынхаа хажууд хувааж уучихаад..Б-ын гэрт очоод нэг шил архи хувааж уугаад сууж байтал Б чамаас болоод би ажилгүй болчихлоо гээд хүрэн иштэй отверткаар миний духны дээд хэсэгт цохиод намайг өшиглөөд байсан. ...дух руу отверткаар цохих үед духанд шарх үүссэн. Зүүн гар луу төмрөөр цохих үед зүүн гарын шуу зулгарч хавдсан юмаа... ” гэжээ. /хав 21/

 

Гэрч Н.Г мэдүүлэхдээ: “...би 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гадуур явж байсан чинь хамт барилга дээр ажиллаж байхдаа танилцсан найз П, Б 2 хамт байна хүрээд ир гэж Б надруу утсаар залгаж дуудсан Тэгэхээр нь би дуудсан газар болох баруун 4 замын Хаан банкин дээр яваад очсон чинь Б, П 2 архи уусан гайгүй нэг их согтоогүй байсан. тэгээд бид 3 уулзаад Б-ын түрээслэж амьдардаг байранд нь очоод Б замдаа 0,75 литрийн Ерөөл архи аваад бид нар байранд нь очиж хувааж уусан тэгэхдээ архиа задлаад нэг нэг татсан чинь Б, П-руу чамаас болж ажлаасаа халагдлаа гэж уурлаад П-ийн гуяруу тверткаар шаасанд П-ийн халаасанд байсан гар утсыг нь цохиж дэлгэцийг нь хагалж эвдэлсэн байсан. тэгэхээр нь би болиоч гээд салгасанд Б цаашаа эргэнгүүтээ газар байсан ус буцалгагчны суурийг аваад П-ийн дух хэсэгт цохисонд П-ийн духнаас цус гарсан тэгэхээр нь би 2 тийш салгаад П-ийг аваад явсан. Б гэртээ үлдсэн...” /хх 28/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 13483 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.П-ийн биед духанд шарх, зүүн шуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хав 30/

Эд зүйлийн үнэлгээ /хх 34/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хав 44/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хав 38/

Хохирогчийн гомдол саналгүй гэх баримтууд /хх 58-60/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч С.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны  нутаг дэвсгэрт Б.П-той маргалдан улмаар зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн бөгөөд хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 58-60/ байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокуророос шүүхэд ирүүлжээ.

 

Хохирогч Б.П-нь мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Б-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хав 58-60/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэдгээ мэдүүлсэн байна.

Шүүгдэгч С.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                                               

Шүүгдэгч С.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Б.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хав 21 хуу/, шинжээчийн 13483 тоот дүгнэлт /хх 30 хуу/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул С.Б-ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан шүүгдэгч С.Б-т 480,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ.

 

          Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 480 /дөрвөн зуун наян/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480,000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 7 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Б- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ