| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00107/и |
| Дугаар | 150/ШШ2025/00089 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 150/ШШ2025/00089
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн * сум *-р баг өөрийн байр хаягт байрлах Сэлэнгэ аймгийн * (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,
Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 116,022 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багт байрлах Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын тамгын газрын нэг цонхны үйлчилгээний хажууд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн орчимд иргэн *ийг тамхи татаад зогсож байхад иргэн * нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирж маргаан үүсгэж улмаар түүний бие эрх чөлөөнд халдсан зөрчилд холбогдон шалгагдсан байна.
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтсээс *ын гаргасан зөрчилд 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар №0290868, дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулж 100 нэгж буюу 100.000 төгрөгөөр торгож шийдвэрлэжээ.
Уг зөрчлийн улмаас хохирсон иргэн болох * нь өөрийн биеийг эмчлүүлэх зорилгоор 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн *өөс 116,022 төгрөгийн яаралтай тусламж үйлчилгээ авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 116,022 төгрөгийн нэхэмжлэл гаргуулан авсан байна.
Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/1884 дугаартай албан бичгээр “Сэлэнгэ аймгийн * газарт хянагдаж байгаа болон шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгох ажилд хуульд заасан чиг үүргийнхээ дагуу туслалцаа үзүүлнэ үү” гэсэн хүсэлтийг прокурорын газарт ирүүлсэн.
Төрийн байгууллагын дээрх хүсэлтийг прокурор хүлээн авч, судалж үзэхэд, эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлэх бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж байна.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх”-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж тус тус хуульчилжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.”,
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.”
Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана.” гэж тус тус заасны дагуу прокурор нь төрийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ.
Иймд *аас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 116,022 төгрөгийг гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэн *аас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 116,022 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү.
Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү..” гэжээ.
Хариуцагч * нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие * нь эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 116,022 төгрөгийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 31-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн * нь хариуцагч *ад холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 116,022 төгрөг гаргуулах төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь хариуцагч *ын “...Миний бие * нь эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 116,022 төгрөгийг төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбар, Хас банкны төлбөрийн баримт зэргээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн *ын нэхэмжлэлтэй, хариуцагч *ад холбогдох Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 116,022 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч *аас улсын тэмдэгтийн хураамжийн 50% болох 2,275 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн *ын нэхэмжлэлтэй, хариуцагч *ад холбогдох Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 116,022 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар хариуцагч *ын төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 2,275 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН