Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 66

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн хөтлөн,

улсын яллагч Т.Жаргалсайхан,

шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Ц.Цад холбогдох эрүүгийн 17100095000080 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Монгол улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, NSPN ХХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт Ц.Ц

 

Холбогдсон хэргийн талаар   

 

Шүүгдэгч Ц.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Будда Виста” хотхоны гадна талд Ц.Ц нь тус хотхоны харуул ажилтай Б.Быг хаалга онгойлгож өгсөнгүй гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ц.Цаас: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

      Хохирогч Б.Бын:  “...Би “М-Армор” ХХК-д биечлэн хамгаалагчаар 2016 онд орсон юм. Ингээд өчигдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 09 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Будда Виста” хотхон дотор “Хөдөлгөөнт” нэртэй постод харуулын үүрэг гүйцэтгэсэн. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 02 цаг 50 минутын орчимд пост дээрээ байж байтал гаднаас үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирсэн. Гэтэл өнөөх хоёр хүний эрэгтэй нь над дээр хүрч ирээд намайг “хөөе, пизда минь хотхоны хаалга нээж өгөхгүй яасан юм бэ” гэж над руу дайрсан. Ингээд намайг хэсэг доромжилж байгаад намайг зодох гээд хөөсөн. Тухайн үед уг эрэгтэй нь архи, согтууруулах ундаа нэлээд хэрэглэсэн байсан. Тэгэхээр нь би өнөөх хүнээс зугтаад явж байтал түүнд гүйцэгдэн зүүн гараараа миний баруун нүдний орчим хамар руу гараараа нэг удаа шалтгаангүй цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/

Гэрч Л.Угийн: “...Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Будда виста” хотхоны гадаа таксигаар хүргүүлээд буусан. Тэгээд манай нөхөр түрүүлж буугаад би таксиныхаа мөнгийг өгчихөөд араас нь очтол үүдний хамгаалагч залуутай манай нөхөр Ц.Ц нь зодолдоод газар унаад дээр доороо ороод байж байхаар нь юу болоод байгаа юм, боль” гээд тэр хоёрыг салгасан. Тэгтэл хамгаалагч залуу цагдаад дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирээд манай нөхөр Ц.Цыг эрүүлжүүлэх байранд хонуулсан. Тухайн үед би нөхрөөсөө юу болсон талаар асуухад надад хариулах ч тэнхэл байгаагүй. Тэгээд маргааш нь эрүүлжүүлэх байрнаас өглөө нь нөхрийгөө аваад “чи яагаад өчигдөр байрны хамгаалагч залуутай зодолдсон юм” гэж асуухад “би өчигдөр болсон асуудлын талаар юу ч санахгүй байна” гэж хэлсэн. Тэгээд “Будда виста” хотхоны хамгаалагч залуугаас юу болсон талаар асуухад “Танай нөхөр чинь согтуу гаднаас орж ирчихээд агсан тавьсан” гэж хэлсэн. Цагдаа нар явсны дараа хамгаалагч залуу  танай нөхөр миний хамарыг ийм болгочихлоо...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн №15035 дугаартай дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “... 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай найз Гантулгын хурим болоод уг арга хэмжээнд эхнэр Ундармаагийн хамт “Мираж” нэртэй ресторанд очиж цайллаганд нь оролцоод шөнийн 00 цагийн үед тус ресторанаас гарч эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Будда виста” хотхонд оршин суудаг эгч Туулын гэрээс 2 хүүхдээ авах гэж очсон. Уг хотхонд ороод эгчийнхээ байрны гадна ирээд тус байрны хамгаалагчтай маргалдаад нэг мэдэхэд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирчихсэн. Намайг цагдаа нар эрүүлжүүлэх байранд хонуулсан. Ерөнхийдөө тэр орой ресторанаас гараад эгчийнхээ гэр лүү явж байгаад архи уусан байсан учир салхинд цохиулаад нэлээн согтоод зарим болсон зүйлийг санахгүй байгаа юм. Дараа нь манай эхнэр надад хэлэхдээ “Чи байрны гадна ирээд хамгаалагч залуутай хаалга үүд нээж өгсөнгүй гэх шалтгаанаар муудалцаад зодолдсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/

 

Шүүгдэгчийн  хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаяг, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Ц.Цад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

           Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

     Шүүгдэгч Ц.Ц нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Будда Виста” хотхоны гадна талд Ц.Ц нь тус хотхоны харуул ажилтай Б.Быг “хаалга онгойлгож өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Бын мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/, гэрч Л.Угийн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн №15035 дугаартай дүгнэлт

  1. Б.Быг биед хамрыг нуруунд сорви гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-ийн 33 дугаар хуудас/ гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэргийн шүүгдэгч Ц.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Ц.Цыг хохирогч Б.Бын биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч Ц.Цыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Б.Бт гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 300.000 төгрөгийг төлж барагдуулсан, гомдол саналгүй /хх-ийн 56 дугаар хуудас/ тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Цыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

         Шүүгдэгч Ц.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурдаж байна.