Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 2019/ДШМ/64

 

Г.Цогтбаатарт холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 Даргалагч,

 Ерөнхий шүүгч                     Б.Батзориг

Шүүгчид                    Г.Давааренчин                                  

                                       Д.Буянжаргал

  Оролцогчид

  Прокурор                                Т.Нансалмаа

Шүүгдэгч                                 Г.Цогтбаатар                  

Шүүгдэгчийн өмгөөлөгч      М.Гансүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 238 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эмээлт овогт Гилдээгийн Цогтбаатарт холбогдох эрүүгийн 1831003390050 дугаартай, 2 хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Яллагдагчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1969 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг Жавхлант сум Бумбат 1 дүгээр баг Улаанчулуутын 1-1 тоотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл байхгүй бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Эмээлт овогт Гилдээгийн Цогтбаатар РД:/МУ-69111377/

          Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Г.Цогтбаатар нь 2018 оны 05 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Хөшөөтийн ам” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Анхан шатны шүүх Г.Цогтбаатарт холбогдох хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 238 дугаартай шүүгчийн захирамжаар:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эмээлт овогт Гилдээгийн Цогтбаатарт холбогдох 1831003390050 24тоот эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.Нансалмаа 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай прокурорын эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Прокурорын зүгээс шүүгчийн захирамжийг дараах үндэслэлүүдээр хууль ёсны бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд :

1. Хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд мөрдөгч цагдаагийн дэслэгч Э.Хашбатын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол авагдсан бөгөөд уг тогтоолын Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад Хэрэг бүртгэлтийн 183100339 дугаартай хэрэгт тус аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч ...-д дүгнэлт гаргуулахаар даалгасугай гэж, тогтоолын төгсгөл хэсэгт оролцогч Г.Цогтбаатар гэж нэр гарын үсгээ бичсэн, хавтаст хэргийн 68 дугаар хуудсанд Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Энхбатын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 46/1-3870 дугаартай Аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Отгонхүү танаа гэсэн эрүүгийн 183100339 дугаартай хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай албан бичиг, хавтаст хэргийн 69 дүгээр талд О.Болд-Эрдэнийн дүгнэлт гаргахад татгалзах зүйл байхгүй талаарх тэмдэглэл тус тус авагдаж, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи уул, уурхайн хяналтын улсын байцаагч О.Болд-Эрдэнэ нь тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргасан байхад “шүүх шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар хэнийг томилсон нь тодорхойгүй байхад, О.Болор-Эрдэнэ гэх хүн шинжээчийн дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй, шинжилгээ хийхдээ оролцогч нарын эрхийг хангаагүй, шинжээчийн эцэг, эхийн нэр боловсролын болон эрдмийн зэрэг, мэргэжлийн цол, албан тушаал зэрэг шинжээчийн дүгнэлтэд заавал тусгах шаардлага хангагдаагүй, мөн тусгай мэдлэг шаардагдах хэргийн газрын үзлэг хэмжилтийг мөрдөгч дангаараа гаргасан нь үндэслэлтэй эсэх, мөн хэргийн газрын үзлэгээр шинжээч нь дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй эсэх гэж дүгнэлт хийж хэргийг буцаасан нь шүүгч хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шинжээч дараах үндэслэл байвал шинжээчээр  оролцож болохгүй “...шинжилгээ хийлгэх тухай тогтоолд тавьсан асуулт шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсхүл тавьсан асуултад шинжлэх ухааны арга, хэрэгсэл ашиглан хариулах боломжгүй бол” шинжээч шинжилгээ хийх, дүгнэлт гаргахаас татгалзаж томилсон шүүх, прокурор, мөрдөгчид энэ тухай даруй мэдэгдэнэ гэж заасан. Энэхүү заалтыг хэрэгжүүлж ажиллах зорилгоор мөрдөгч 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр О.Болд-Эрдэнээс мэдүүлэг авахад хуульд заасан шинжээчээр оролцож болохгүй үндэслэл байхгүй, харин хуулийн хүрээнд үнэн зөв дүгнэлт гаргахаа баталж мэдүүлэг өгсөн болох нь хавтаст хэргийн 69 дүгээр талд авагдсан болно. Мөн түүнчлэн яллагдагчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7 ширхэг техник, тоног төхөөрөмжийн үнэлгээг гаргуулахаар мөрдөгч 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ашид билгүүн ХХК-д даалгаж, уг ХХК нь хөрөнгийн үнэлгээг ҮОУС-ыг баримтлан өөрсдийн мэдлэг туршлага, хийсэн судалгаандаа үндэслэн мөрдөгчөөс ирүүлсэн тогтоолын хавсралт болон гэрэл зураг, техникийн баримт бичгүүдийг үндэслэн үндэслэлтэй дүгнэлт гаргасан болох нь хавтаст хэргийн 81-104 дүгээр талд авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. Яллагдагч Г.Цогтбаатарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн шинжтэй, өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулсан л бол төгссөн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байхад анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтүүд нь яллагдагчийн гэмт буруутай эсэхийг тогтооход учир дутагдалтай байна гэж дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатнь шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 238 дугаартай шүүгчийнсзахирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичиж,давж заалдах шатны шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж  оролцов.

Яллагдагчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Прокурор бодит байдлаас зөрүүтэй зүйл яриад байна, анхны хэргийн газрын үзлэгийг мөрдөгч дангаараа хийсэн байдаг, ингэж хийхдээ байршил цэгүүдийг тусгай мэдлэгийн хүрээнд хийж чадсан юмуу гэдэг нь ойлгомжгүй. ...шүүгчийн захирамжид дурдсан энэ тоног төхөөрөмжүүд түрээсийх, үүнийг Цогтбаатар ямар нэгэн шаардлагаар биш өөрөө нотлох баримтаар авчирч өгдөг, гэтэл хавтас хэрэгт авагдсан үнэлгээг тогтоож өгсөн. Үнэлгээнүүдийг тогтоохдоо ямар техник тоног төхөөрөмж ажилж байсан юм, эвдэрсэн байсан юм уу, үгүй юм уу, өөрсдөө очиж үзээгүй байж ийм байсан гэж зураг компьютероос гаргаж ирээд, түүнийг нь яаж үнэлээд байгаа юм ойлгомжгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Г.Цогтбаатар нь 2018 оны 05 дугаар сараас 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг “Хөшөөтийн ам” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэгт үйлдсэнд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцааж, яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжэээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэсэн байна.

Хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Т.Нансалмаагийн  2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаартай прокурорын эсэргүүцэлийн дагуу Г.Цогтбаатарт холбогдох эрүүгийн 1831003390050 дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн 10 дугаар сарын 15-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол”-оор Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын байгаль орчны улсын байцаагчийг томилж, улмаар уг тогтоолыг шинжээч Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн Хяналтын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч О.Болд-Эрдэнэ болон Х.Батцэнгэл, Г.Цогтбаатар нарт танилцуулан, шинжээчээс түүний тусгай мэргэжил, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж, тухайн хүн шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсны эцэст /1-р хх-ийн 69-70-р ху/ 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 18-05-038/51 дугаартай  шинжээчийн дүгнэлт, түүний агуулга /71-76-р ху/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлтэнд тавих хуулийн шаардлага хангасан байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүх дүгнэлт үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК нь мөрдөгчийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолын дагуу эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн техникүүдийн хувийн хэрэг, эзэмшигчдийн мэдээлэл болон бусад баримтуудыг үндэслэн “Хөрөнгийн үнэлгээний тухай” Монгол улсын хууль,  Үнэлгээний олон улсын стандарт-2017 болон түүнд нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актуудын баримтлан дүгнэлт гаргасан бөгөөд  тухайн үед ямар техникүүдээр үйл ажиллагаа явуулж байсан болохыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн  238 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 238 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Г.Цогтбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                 ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                                                                  Д.БУЯНЖАРГАЛ