Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 164

 

 

 

 

 

 

  2018           02            12                                           164

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0192/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О ад холбогдох эрүүгийн 1708 0204 60008 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: О Монгол Улсын иргэн, 1969 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, охин, зээ нарын хамт амьдардаг, иргэний бүртгэлийн лавлагаагаар ___________тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.О нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 25-25 тоот хашааны гадна 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн Г.Б толгой, нүүрэн тус газруудад цохиж, өшиглөх зэрэг үйлдлээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Оаас: Мэдүүлэг гаргахгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1708 0204 60008 дугаартай хэргээс:

 

1.Хохирогч Г.Бын мөрдөн байцалтад 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны 25 дугаар гудамжинд Ч гэдэг хүнтэй юм яриад зогсож байсан чинь тус гудмаар хоёр эрэгтэй хүн зодолдоод явж байсан. Тухайн хоёр залуу хажууд ирээд зодолдохоор нь би салгасан. Тэгсэн нөгөө хоёр залуугийн нэг нь “чи муу юу гээд байгаа юм бэ” гээд миний шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тэгэхээр нь би араас нь дагаж яваад “чи яагаад намайг цохиж байгаа юм бэ?” гэж хэлсэн Тэгэхэд миний хамарнаас цус гарсан байсан. Тэр залууг дагаж яваад тус гудамжны үзүүрт байсан хүүхдийн тоглоомын саад дээр яваад очиход нөгөө залуу намайг газар унагаад миний толгой дээр дэвсчихээд тэгээд яваад өгсөн. Тэгэхээр нь би цагдаа түргэн хоёр дуудсан. Намайг зодсон залууг би танихгүй. Ямар шалтгааны улмаас зодсоныг мэдэхгүй байна. Хамар яс цуурсан, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, гэмтлүүд тогтоогдсон. Би гомдолтой байна. Эмчилгээнд зарцуулагдсан зардлаа нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг [1],

 

2.Гэрч Ш.Чийн мөрдөн байцаалтад 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Г.Б манай хашааны үүдэнд ирээд надтай уулзсан. 16 цагийн үед байж байсан чинь ертөнцийн зүгээр зүүн талаас бид хоёрын зогсож байгаа газар руу  2 залуу муудалцаад ирж явсан. Тэгээд бид хоёр тэр хоёр залууг тоглож байгаа юм болов уу гэж бодоод байж байсан чинь ойртож ирээд муудалцаад, хоорондоо зодолдоод, нэг залуу нь бид нар дээр ирсэн. Нөгөө залуу буюу Г.Быг зоддог Д.О гэх залуу нь гудамж уруудаад яваад өгсөн. Тэгээд бид хэд зогсож байтал Д.О нь буцаж ирээд нөгөө залуутайгаа барьцалдаад авсан. Тэгсэн Г.Б тэр хоёрыг салгатал Д.О гэх залуу нь Г.Быг үгийн зөрүүгүй зүүн талын шанаа руу нь цохиод, Г.Б газар унаад өгсөн. Тэгээд нөгөө 2 залуу уруудаад явсан. Тэгээд би гэр рүүгээ явж байсан чинь манай хашааны харалдаа хүүхдийн тоглоомын талбай дээр Г.Б зодуулчихсан байдалтай зогсож байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Би хүүхдийн тоглоомын газрын тэнд Г.Быг яаж зодсоныг хараагүй. Тэнд байсан хүүхдүүд “энэ ахыг унагаж байгаад толгой дээр нь дэвсээд зодсон” гэж ярьж байсан. Би тухайн хүүхдүүдийг танихгүй... Г.Бын хамар нь далийж мурийсан, нүүр нь шалбарсан, хөл нь эвгүй болоод хөл дээрээ зогсож чадахгүй байсан...” гэх мэдүүлэг [2],

 

3. Гэрч Э.Навчийн мөрдөн байцаалтад 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн “...О нь дүүгийн модны цехед мужаан хийдэг. Урьд ял шийтгэгдэж байгаагүй ...” гэх мэдүүлэг [3]

 

4. Д.Оын яллагдагчаар мөрдөн байцаалтад 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мэдүүлсэн:

“...2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай хүү М хүү Т ийн сэвлэг үргээх ажиллагаа болж, гэртээ согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглээд зүс таних А гэх залуутай хамт гэрээсээ гараад явсан. А гэх залуу “намайг гөлөгөө” гэхээр нь би “над шиг гөлөг хаана харсан юм бэ” гээд маргалдаад явж байсан чинь гудамжны үзүүрт хоёр хүн таарсан. Тэгсэн А гэх залуу нөгөө хоёр залуу дээр яваад очихоор нь би явж байгаад эргэж хараад явъя гэж хэлтэл А явахгүй, “гөлөгөө” гэсэн чинь цаана зогсож байсан залуу чулуу шидээд, А бас миний араас чулуу шидээд байсан. Тэгсэн нөгөө танихгүй залуугийн шидсэн чулуу миний нуруу болон баруун хөлний шилбэний хэсэгт онохоор нь би буцаж очоод нөгөө залууг нь хоёр удаа хацар руу нь алгадсан. Тэгээд би зүгээр гэр рүүгээ яваад өгсөн. Миний одоогийн өгсөн мэдүүлэг үнэн зөв мэдүүлэг юм. Өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгт худлаа мэдүүлэг өгсөн. Би А гэх залуутай ноцолдоогүй хэрэлдээд явж байсан. Мөн миний араас А болон надад зодуулсан гээд байгаа залуу хоёр чулуу шидсэн. Би тэр залууг хоёр удаа алгадсан. Тэгэхэд нөгөө залуу газар унасан, тэгэхэд өвдгөнд үүссэн гэмтлүүд нь үүссэн байх гэж бодож байна. Би тухайн залууг өшиглөсөн зүйл байхгүй. Намайг хоёр удаа алгадахад үүссэн гэмтлүүд гэж бодож байна. Миний биед учирсан гэмтэл байхгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би хохирол гарвал барагдуулна...” гэх мэдүүлэг [4],

 

5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13159 тоот:

“...1.Г.Б-н биед тархи доргилт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтэл нь нэг бус удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. /Шинжээч М.Энхтайван/...” гэсэн дүгнэлт [5],

 

6. Шүүгдэгч Д.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа [6], ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас [7], Д.Маас “Д.Оын цалинг тодорхойлсон тодорхойлолт [8],  хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа [9]  зэрэг нотлох баримтуудыг талууд шинжлэн судалсан болно.    

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Д.О нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан үедээ гэрээсээ гарч, хамт явж байсан “А” гэх хүнтэй гудамжинд “над шиг гөлөг чи хаанаас харсан юм” гэж маргалдсан байна. Энэ маргааныг гудамжинд харж зогссон хохирогч Г.Б тэдний үйлдлийг таслан зогсоохоор чулуу шидэхэд Д.О нь хохирогч Г.Быг шанаа хэсэг рүү нь гараараа цохих, газар унагааж толгой дээр нь дэвсэх зэргээр зодсон үйл баримт тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Д.О нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 25-25 тоот хашааны гадна 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэн Г.Быг толгой, нүүрэн тус газруудад нь цохих, газар унагаж дэвсэх зэргээр шууд санаатай үйлдлээр түүний эрүүл мэндэд тархи доргилт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

-Хохирогч Г.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 25 дугаар гудамжинд Ч гэдэг хүнтэй юм яриад зогсож байсан чинь... хоёр залуу хажууд ирээд зодолдохоор нь би салгасан. Тэгсэн нөгөө хоёр залуугийн нэг нь “чи муу юу гээд байгаа юм бэ” гээд миний шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохисон... тэгэхэд миний хамарнаас цус гарчихсан байсан... нөгөө залуу намайг газар унагаад миний толгой дээр дэвсчихээд тэгээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг [10],

-Гэрч Ш.Чийн мөрдөн байцаалтад өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед Г.Б манай хашааны үүдэнд ирж надтай уулзаад байж байсан чинь ертөнцийн зүгээр зүүн талаас ...2 залуу муудалцаад ирж явсан ба... нэг залуу нь бидэн дээр ирсэн. Нөгөө залуу нь буюу Д.О ...гудамж уруудаад явсан. Тэгтэл Д.О нь буцаж ирээд нөгөө залуутайгаа барьцалдаад авсан. Г.Б тэр хоёрыг салгатал Д.О гэх залуу нь Г.Быг үгийн зөрүүгүй зүүн талын шанаа руу цохиж, Г.Б газар унасан. ...Г.Бын хамар нь далийж мурийсан, нүүр нь шалбарсан, хөл нь эвгүй болоод хөл дээрээ зогсож чадахгүй байсан...” гэх мэдүүлэг [11],

-Шүүгдэгч Д.Оын “яллагдагчаар өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр... гэртээ согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглээд гэрээсээ гарсан. ...А гэх залуу “намайг гөлөгөө” гэхээр нь би “над шиг гөлөг хаана харсан юм бэ” гээд маргалдаад явж байхад гудамжны үзүүрт хоёр хүн таарсан. А гэх залуу нөгөө хоёр залуу дээр яваад очихоор нь би түүнийг явъя гэтэл А явахгүй гөлөгөө гэсэн, цаана нь зогсож байсан залуу чулуу шидээд, А бас миний араас чулуу шидээд байсан. Тэгсэн нөгөө танихгүй залуугийн шидсэн чулуу миний нуруу, баруун хөлний шилбэний хэсэгт онохоор нь би буцаж очоод нөгөө залууг хоёр удаа хацар руу нь алгадсан... Тэр залуу газар унасан. Тэгэхэд тэр залуугийн өвдгөнд үүссэн гэмтлүүд үүссэн байх...” гэх мэдүүлэг [12],

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13159 тоот дүгнэлт [13] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Оын үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Д.О нь араас чулуу шидлээ гэх шалтгаанаар хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О нь гэм буруугийн талаар, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.

Шүүгдэгч Д.Оын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бын бие махбодид хөнгөн хохирол учирсан ба хохирогч Г.Б нь эмчилгээний зардалд гарсан 500.000 төгрөгийн нэхэмжилнэ гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн боловч холбогдох нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй тул хохирогч Г.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас Д.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хохирогчид бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж, онц харгис хэрцгий аргаар тохуурхан доромжилж үйлдсэн гэж хүндрүүлэх нөхцөл байдлыг тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 850.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг,  

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэндуламаас улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар “бие махбодын, сэтгэл санааны, шаналал, зовиур үүсгэж, онц харгис, хэрцгий аргаар, тохуурхан доромжилж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх санал гаргасныг зөвшөөрөхгүй. Учир нь тухайн гэмт хэрэг гарахад хохирогч нь миний үйлчлүүлэгчийн араас чулуу шидсэн буруутай үйлдэл нөлөөлсөн байна. Мөн шүүгдэгч Д.О нь тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан түүнд хамгийн доод хэмжээгээр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгуулийн ялыг 12 сарын хугацаанд төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

Шүүх шүүгдэгч Д.Оад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.О нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын Лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Д.Оад ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлогыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Д.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Д.Оын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Г.Б нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Оад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 

 

 


[1] Хавтаст хэргийн 5-6 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.

[3] Хавтаст хэргийн 34 дүгээр тал.

[4] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 14 дүгээр тал.

[6] Хавтаст хэргийн 17 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 22 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 36 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 23 дугаар тал.

[10] Хавтаст хэргийн 5-6 дугаар тал.

[11] Хавтаст хэргийн 10-11 дүгээр тал.

[12] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.

[13] Хавтаст хэргийн 14 дүгээр тал.