| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 1931001680087 |
| Дугаар | 2019/ДШМ/74 |
| Огноо | 2019-08-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2019/ДШМ/74
Г.Гантулга, А.Баяраа нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Г.Давааренчин
Д.Буянжаргал
Оролцогчид
Шүүгдэгч Г.Гантулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЗ/321 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бортуулай овогт Ариуханы Баяраа, Монголмууд овогт Гэзэгтэйн Гантулга нарт холбогдох эрүүгийн 1931001680087 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 39 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр багийн 2 дугаар хэсгийн 249 тоотод оршин суух хаягтай, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд:
-Сум дундын 20 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 2 сарын хорих ял,
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Бортуулай овогтой Ариуханы Баяраа, /РД:ОЛ80101270/
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 29 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4-үүлээ, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 9 дүгээр баг Шанд 61 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух хаягтай боловч одоо Говил багийн гэр хороолол 3-24 тоотод амьдарч буй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд:
-Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор 2001 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,
-Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
-Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2019/шцт/141 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус ял шийтгүүлсэн Монголмууд овогтой Гэзэгтэйн Гантулга, /РД:О390072014/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.Баяраа Г.Гантулгатай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 03 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 201Б тоотод оршин суух Ш.Энхцэцэгийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 2.492.900 төгрөгийн эд зүйл хулгайлсан,
Шүүгдэгч Г.Гантулга нь А.Баяраатай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 03 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 201Б тоотод оршин суух Ш.Энхцэцэгийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 2.492.900 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх Г.Гантулга, А.Баяраа нарт холбогдох хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 321 дугаартай шүүгчийн захирамжаар:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бортуулай овогт Ариуханы Баяраа, Монголмууд овогт Гэзэгтэйн Гантулга нарт холбогдох 1931001680087 тоот хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцааж,
-Яллагдагч А.Баяраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, Г.Гантулгад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг Прокурорын газарт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлд: ...Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, үүнийг шүүхийн хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих зүйл заалтыг зөрчсөн гэж прокурорт буцааж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Шүүгчийн захирамжид “Яллагдагч Г.Гантулга нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хэрэгтээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгагдаж байх үедээ А.Баяраатай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 03 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр баг 2 дугаар хэсгийн 201Б тоотод оршин суух Ш.Энхцэцэгийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 2,492,900 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэх үйл баримт болжээ. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж шийдвэрлэх нь яллагдагч Г.Гантулгын эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул энэхүү 2 үйлдлийг нэгтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв...” гэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ. Яллагдагч Г.Гантулга нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хэрэгтээ Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлсэн ба Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйлдсэн гэмт хэргийг өмнөх ял шийтгүүлсэн гэмт хэрэгтэй нэгтгэн шалгахад гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй, яллагдагчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу нэгтгэж шийдвэрлэх боломжтой байх тул Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ШЗ/321 дугаартай шүүгчийн захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтыг удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Жич: Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/141 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Гантулга, түүний өмгөөлөгчийн гомдлоор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Г.Гантулга нарт холбогдох хэргийг хэлэлцээд, гомдпыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд прокурор оролцох саналыг гаргаж байна гэжээ.
Шүүгдэгч Г.Гантулга даюж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө гэмт хэрэг хийсэн. 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр цагдан хоригдсон. Тэр үед надаас анх гэрчээр мэдүүлэг авсан. Надад хэргийн материал танилцуулаагүй, дахин мэдүүлэг аваагүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан. Шүүгдэгч нь гэмт хэрэгт шалгагдаж байхдаа гэмт хэрэг үйлдсэн тул үргэлжилсэн гэмт хэрэг гэж үзэн нэг шийтгэх тогтоолоор шийдэх боломжтой. Улсын дээд шүүхээс энэ гэмт хэрэг яаж шийдэгдэж ирэхийг мэдэхгүй байна. Прокурор анхнаасаа энэ гэмт хэргийг нэгтгээд, эрх үүргийг нь тайлбарласан бол өнөөдрийг хүртэл ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан гэж үзэж байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Баярхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Гантулгын хувьд хуулиар олгогдсон эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй, өмгөөлөгчтэй байцаалт өгөх эрхийг нь хангаагүй, хэргийн материалтай танилцуулаагүй. Иймд Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А.Баяраа нь Г.Гантулгатай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 03 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 201Б тоотод оршин суух Ш.Энхцэцэгийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 2.492.900 төгрөгийн эд зүйл хулгайлсан, шүүгдэгч Г.Гантулга нь А.Баяраатай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 03 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 201Б тоотод оршин суух Ш.Энхцэцэгийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 2.492.900 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт үйлдсэнд Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг аймгийн Прокурорын газар буцааж, А.Баяраад урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Г.Гантулгад урьд авсан цагдан хорих таслаан сэргийлэх арга хэмжээг хэргийг Прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийн дагуу Г.Гантулга, А.Баяраа нарт холбогдох эрүүгийн 1931001680087 дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:
Г.Гантулга нь А.Баяраатай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 03 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 201Б тоотод оршин суух Ш.Энхцэцэгийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 2.492.900 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт үйлдэхээс өмнө Г.Ганболдтой бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Чулуутын 39-В тоотод оршин суух Т.Алтансувдын байшингийн цоожийг эвдлэн нэвтэрч Монел маркийн зурагт, зургийн аппарат, 2 ширхэг гар утас, эмэгтэй хүний хүрэм, мөнгөн гинж, ээмэг, монетон ээмэг зэрэг эд хөрөнгө хулгайлж 2.390.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №2019/ШЦТ/141 тоот шийтгэх тогтоолоор 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлжээ.
Шүүгдэгч Г.Гантулгын А.Баяраатай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 10-ны шөнө 03 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхааны 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 201Б тоотод оршин суух Ш.Энхцэцэгийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж 2.492.900 төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдэл нь шүүхээр ял шйтгүүлсний дараа илэрсэн боловч энэ гэмт хэргийг өмнөх ял шийтгүүлсэн гэмт хэрэгтэй нэгтгэн шалгахад гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй бөгөөд шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмын дагуу нэгтгэн шийдвэрлэх боломжтой байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 321 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 321 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч А.Баяраад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Г.Гантулгад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Д.БУЯНЖАРГАЛ