Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2025/0059

 

 

 

 

   2025         01           20                                    128/ШШ2025/0059       

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,    

Нэхэмжлэгч: Д.М*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б*******, Ш.Б*******

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С*******, Б.Б  

 

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А дугаар захирамжийг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б*******, Ш.Б*******, хариуцагчийн итгэмжлэлдсэн төлөөлөгч Б.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.  

2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:          

2.1.Анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А дүгээр захирамжаар маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ойн булагт байрлах нэгж талбарын 18, 18, 18, 18 дугааруудтай тус бүр 700 м.кв газруудыг Э.Х*******, О.А, Ж.М, Б.М нарт эзэмшүүлжээ.   

2.2.Нэхэмжлэгч Д.М******* нь 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэн Э.Х*******, О.А, Ж.М, Б.М нартай маргаан бүхий нэгж талбарын 18, 18, 18, 18 дугаарууд бүхий газруудын газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээнүүдийг байгуулсан байна.    

2.3.Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь дээрх гэрээнүүд болон нэхэмжлэгч Д.М*******ын гаргасан хүсэлт зэргийг үндэслэн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” А дүгээр захирамжаар маргаан бүхий газруудыг зуслангийн зориулалтаар нэхэмжлэгч Д.М*******т 5 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

2.4.Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А******* дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.М*******ын газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан байна.  

2.5.Дээрх захирамжийг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанаас нэхэмжлэгч Д.М*******т маргаан бүхий газруудад 00, 00, 00, 00 дугаартай гэрчилгээг тус бүр бичиж олгожээ.   

2.6.Нэхэмжлэгч Д.М******* нь дээрх байдлаар маргаан бүхий газраа эзэмшиж байхад нь маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.  

2.7.Тус шүүх нэхэмжлэгчээс “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.           

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: "Д.М******* миний бие Чингэлтэй дүүргийн 2*** дүгээр хорооны нутаг, "Ойн булаг" гэх нэртэй газарт байрлах нэгж талбарын 15 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-22 дугаартай, 699 м.кв талбай бүхий газар, нэгж талбарын 15 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-22 дугаартай, 700 м.кв талбай бүхий газар, нэгж талбарын 15 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-22 дугаартай, 699 м.кв талбай бүхий газар, нэгж талбарын 15 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-22 дугаартай, 700 м.кв талбай бүхий газар зэргийн хууль ёсны эзэмшигч нь бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А******* тоот шийдвэрийг үндэслэн гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар, 15 жилийн хугацаатай надад эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд 2023.03.23-ны өдөр хуульд заасан журмын дагуу тус тус олгогдсон болно.

Гэтэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023.10.31-ний өдрийн А дугаар захирамжаар миний эзэмшлийн дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгосныг миний бие байгаль орчны улсын байцаагч н.Б 2024.06.07-ны өдөр мэдлээ. Уг захирамжийг эс зөвшөөрч хуульд заасан журмын дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие өөрийн эзэмшлийн гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай газар дээрээ зуслангийн байшин барих зорилгоор 2023 оны 04 дүгээр сараас эхлэн байшингийн суурь тавих ажлыг эхлүүлсэн. Гэтэл тухайн үед байгаль орчны улсын байцаагч О.О******* зүгээс бодит байдлыг тодруулахгүйгээр иргэн Д.М******* намайг нийтийн эдэлбэрийн газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулах зорилгоор барилгын ажил эхлүүлсэн мэтээр ойлгож, зохих зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийг ашигласан гэх үндэслэлээр буюу Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1-т заасны дагуу 150.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.

Үүнийг эс зөвшөөрч миний бие шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.17-ны өдрийн 128/ШШ2023/0626 дугаар шүүхийн шийдвэрээр эзэмшил газар дээрээ байшингийн суурь ухсаныг газрын хэвлийг дур мэдэн ашигласан гэж үзэх үндэслэлгүй гэж үзээд улсын байцаагч О.О******* 2023.06.15-ны өдрийн 4 *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Улсын байцаагч О.О******* энэхүү хууль бус үйлдлийн улмаас миний бие өөрийн эзэмшлийн газар дээрээ зуслангийн байшин барих ажлаа гүйцэтгэж чадаагүй 2023 оны намар ажил зогссон бөгөөд 2024 оны хавраас эхлэн дахин байшингийн суурь тавих ажлаа эхлүүлсэн. Миний бие эдгээр газрыг 2015 онд Ж.М, О.А, Э.Х*******, Б.М нараас "Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу тухайн үеийн зах зээлийн ханшаар нь төлбөрөө 100 хувь төлөөд худалдан авч байсан. Энэхүү газар нь зуслангийн бүсийн газар, миний бие зуслангийн зориулалтаар газар эзэмшдэг бөгөөд аливаа хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааг огт явуулаагүй бөгөөд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасны дагуу газраа зориулалтын дагуу ашиглах үүднээс зуслангийн байшин барих ажлыг эхлүүлсэн, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 49.3.5-т заасанчлан газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхдээ нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй, бусдын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, байгаль орчинд болон нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа огт явуулаагүй бөгөөд цаашид ч явуулах үндэсгүй юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д "бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах", 13 дугаар зүйлийн 13.2-т "Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно" 26 дугаар зүйлийн 26.1-т "Захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор тус тус заасан. Гэтэл Д.М******* миний эзэмшлийн дээрх газар эзэмших эрхийг надад мэдэгдэлгүйгээр хүчингүй болгож, захиргааны акт гарсан талаар эзэмшигч надад огт мэдэгдээгүй, захиргааны актыг надад гардуулаагүй. Миний бие 2024 оны 05 дугаар сараас эхлэн дахин зуслангийн байшингийнхаа ажлыг эхлүүлээд явж байтал байгаль орчны улсын байцаагч н.Б******* зүгээс холбогдож танай газар эзэмших эрхийг дээрээс хүчингүй болгосон энэ талаарх баримтыг нь явуулъя гээд миний 99*** дугаарын Viber луу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023.10.31-ний өдрийн А дугаар захирамжийг Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023.11.02-ны 18/1*** тоот албан бичгийн хамт 2024.06.07-ны өдөр надад ирүүлсэн. Ингээд миний бие захирамжтай танилцаад гэрчилгээ хүчингүй болгосныг анх мэдсэн бөгөөд энэхүү захирамж гарсныг мэдсэн өдрөөс хойш хуульд заасан хугацаанд буюу 2024.06.21-ний өдөр захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын зүгээс гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаар хариуг 2024.07.19-ний өдөр өгсөн тул ийнхүү хуулийн дагуу шүүхэд хандаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д "Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны акт мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасан. Гэтэл уг захиргааны актыг гаргасан Чингэлтэй дүүргийн Засаг дарга /тамгын газрын/-ын зүгээс надад энэ талаар огт мэдэгдээгүй гэнэт миний үйл ажиллагаа явуулхыг зогсоохыг шаардаж байгаа нь миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна.

Иймд Д.М******* миний эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг, "Ойн булаг" гэх нэртэй газарт байрлах нэгж талбарын 15, 15, 15, 15 дугаар бүхий, гэр, орон сууцны хашааны газрын зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023.10.31-ний өдрийн А дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч Д.М*******ын зүгээс Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг, ойн булаг гэх нэртэй газарт байрлах нэгж талбарын 15, 15, 15, 15 дугаартай 700 метр квадрат талбай бүхий газрыг тус бүр эзэмших хууль ёсны эзэмшигч нь юм. Эдгээр газрыг нэхэмжлэгчийн зүгээс 2015 онд Ж.М, О.А, Э.Х*******, Б.М нараас газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу тухайн үеийн зах зээлийн ханшаар нь төлбөрөө 100 хувь төлөөд худалдаж авч байсан. Үүнээс хойш Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А******* тоот шийдвэрийг үндэслээд гэр орон сууцын хашааны газрын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар нэхэмжлэгч Д.М*******т эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хуульд заасан журмын дагуу тус тус олгогдсон. Гэтэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А дугаартай захирамжаар эдгээр газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгосныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн эзэмшлийн газартаа зуслангийн байшин барих зорилгоор 2023 оны 04 дүгээр сараас эхлэн байшингийн суурь тавих ажлыг эхлүүлсэн байгаа.

Тухайн үед Байгаль орчны улсын байцаагч н.О******* зүгээс тухайн үеийн бодит байдлыг нь тодруулахгүйгээр иргэн Д.М*******ыг нийтийн эдэлбэрийн газарт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна, газрын зохих зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийг ашигласан гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1-т заасны дагуу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан. Энэ шийтгэлийг хүлээн зөвшөөрөөгүй. Тухайн үед нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 0*** дугаартай шүүхийн шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газар дээрээ байшингийн суурь ухсаныг газрын хэвлийг дур мэдэн ашигласан гэж үзэх нь үндэслэлгүй гэж үзээд улсын байцаагч н.О******* шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон. Улсын байцаагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн зүгээс өөрийн эзэмшлийн газар дээрээ зуслангийн байшин барих ажлаа гүйцэтгэж чадаагүй. 2023 оны намар ажил зогссон. 2024 оны хавраас эхлээд дахин байшингийн суурь тавих ажлыг эхлүүлсэн байдаг. Байшингийн суурь тавих ажлыг эхлүүлэх явцдаа газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжид заасны дагуу нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй, бусдын эрх ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл, үйл ажиллагааг огт явуулаагүй. 2020 оны 05 дугаар сараас дахин зуслангийн байшингийнхаа ажлыг эхлүүлэх явцад Байгаль орчны улсын байцаагч н.Б*** гэдэг хүний зүгээс нэхэмжлэгчтэй холбогдож "танай газар эзэмших эрхийг дээрээс хүчингүй болгосон байна, энэ талаарх баримтыг нь явуулъя" гээд нэхэмжлэгчийн 99**** дугаартай вайбер руу нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А дугаар захирамжийг явуулсан байдаг. Энэ захирамжийг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 8/1** тоот албан бичгийн хамт 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн вайбер руу нь явуулж мэдэгдсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 06 дугаар сарын 07-оны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болсныг мэдсэн. Мэдсэн өдрөөс хойш хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Ингэж хариуг хүлээн аваад хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргаад явж байгаа. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны дугаар сарын 31-ний өдрийн А дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв. 

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Д.М*******ын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Засаг даргыг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Эрх зүйн маргаан шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэн Б.С******* миний бие оролцож байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1.Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” А/2** дугаар захирамжаар иргэн Э.Х*******, О.А, Ж.М, Б.М нар тус дүүргийн 1* дүгээр хорооны Ойн булаг гэх нутаг дэвсгэрт байрлах 700 м.кв гарыг гэр бүлийн зуслангийн хэрэгцээний зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, гэрчилгээ олгогдсон.

2.Мөн дээрх захирамжаар иргэн Б.О*** тус дүүргийн 1* дүгээр хорооны Яргайтын нутаг дэвсгэрт байрлах 600 м.кв гарыг гэр бүлийн зуслангийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, гэрчилгээ тус тус олгогдсон байна.

3.Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн "Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” А/2** дүгээр захирамжаар иргэн (Э.Х*******, О.А, Ж.М, Б.М) нараас иргэн Д.М******* нь холбогдох хууль тогтоомжийг баримтлан хуульд заасан зохих журмын дагуу хууль ёсоор шилжүүлсэн.

4.Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А******* дугаар захирамжаар Д.М*******т тус дүүргийн 1* дүгээр хорооны "Ойнбулаг" нутаг дэвсгэрт нийт 2100 м.кв газрыг зуслангийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.

5.Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн чиглэлийн дагуу Ойн булагт ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд мод, бут сөөгийг огтолж сөрөг нөлөө үзүүлсэн гэх үндэслэлээр холбогдох хуулийг баримтлан Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А дугаар захирамжаар хүчингүй болгосон.

Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А дугаартай захирамж нь хуульд заасан хууль зүйн урьдчилсан нөхцөл нь бодит нөхцөл байдлыг хангасан гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.   

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар дээр Нийслэлийн Геодези зураг зүйн газраас, Нийслэлийн Байгаль орчны газраас хяналт шалгалтын ажлыг зохион байгуулаад дараах асуудлаар нэхэмжлэгч иргэн Д.М*******ын газар эзэмших эрхийг цуцлах талаар чиглэл өгсөн байдаг. Үүний дагуу захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаа хууль дээдлэх зарчимд үндэслэж ойлгомжтой, тодорхой, зорилгодоо нийцсэн байх хууль зүйн шаардлагын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох А дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.М*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн урьдчилсан нөхцөл нь бодит нөхцөл байдлыг хангасан гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон. Тухайн захирамжийн хууль зүйн үндэслэл бүхий хуулийн заалтуудын ерөнхий тайлбарыг дурдвал Нэгжийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т хуулиар олгосон асуудлаар Засаг даргад захирамж гаргах бүрэн эрх олгогдсон. Үүний дагуу захирамжийг батлан гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, 49 дүгээр зүйлийн 49.3.5-д заасан заалтууд нь захиргааны байгууллага нь өмнө гаргасан хууль бус шийдвэрээ засах эрхтэй ба маргаан бүхий газар нь бүхэлдээ ойн сан бүхий газарт хамаарч байгаа тул нийслэл хотын иргэдийн нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх гэсэн агуулгаар нийтийн эрх ашиг хамгаалах зорилгоор гаргасан. Мөн захирамжийн хууль зүйн үндэс болох Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6-д заасан ерөнхий тайлбар нь мөн хуулийн 31 дүгээр зүйлд ой дотор байгаа бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургах шаардлагатай талбай бүхий орчныг хэлэх бөгөөд нэхэмжлэгч талын маргаан бүхий газар нь мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр ой тэлэх ургах талбайд хамаарч байгаа гэдэг нь хэрэгт баримтаар авагдсан.

Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д уг зохицуулалт нь захиргааны байгууллагад эрх олгосон зохицуулалт байх бөгөөд захиргааны байгууллагын шийдвэр нь хууль зөрчсөн буюу ойн сан бүхий газарт цаашид газар олгох эрхийг таслан зогсоох зорилгоор авсан байгаа. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны Нийслэлийн ногоон бүсийн ашиглалт хамгаалалтын журмыг батлах тухай 141 дүгээр тогтоолын 8.4-т ногоон бүсэд зуслангийн зориулалтаар газар олгохдоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ дүгнэлтийг үндэслэнэ гэж заасан. Мөн журмын 12.1.5-д энэхүү бүсэд зөвшөөрөлгүйгээр барилга байгууламж барихыг хориглосон. Иймд захиргааны байгууллагын хууль ёсны шийдвэргүй, шийдвэр нь баталгаажиж гараагүй байхад газар ухсан, нийтийн эдэлбэрийн газар дээр хориглосон үйл ажиллагаа явуулсан урьдчилсан нөхцөл байдал бүрдэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.   

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

2.Нэхэмжлэгчээс “... Миний бие мод, бут, сөөгийг огтолж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн үйлдэл хийгээгүй байхад дээрх үндэслэлээр миний газрын газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.” гэж, Хариуцагчаас “... Маргаан бүхий газрууд нь бүхэлдээ ойн сан бүхий газартай давхцалтай байсан тул хариуцагч нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу хууль бус шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.   

3.Нэхэмжлэгч Д.М*******аас Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.    

4.Анх Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” А дүгээр захирамжаар маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ойн булагт байрлах нэгж талбарын 18, 18, 18, 18 дугааруудтай тус бүр 700 м.кв газруудыг Э.Х*******, О.А, Ж.М, Б.М нарт эзэмшүүлжээ.

5.Нэхэмжлэгч Д.М******* нь 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэн Э.Х*******, О.А, Ж.М, Б.М нартай маргаан бүхий нэгж талбарын 18, 18, 18, 18 дугаарууд бүхий газруудын газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай гэрээнүүдийг байгуулсан байна.     

6.Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь дээрх гэрээнүүд болон нэхэмжлэгч Д.М*******ын гаргасан хүсэлт зэргийг үндэслэн 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн нэр шилжүүлэх тухай” А дүгээр захирамжаар маргаан бүхий газруудыг зуслангийн зориулалтаар нэхэмжлэгч Д.М*******т 5 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

7.Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А******* дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.М*******ын газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгасан байна.   

8.Дээрх захирамжийг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанаас нэхэмжлэгч Д.М*******т маргаан бүхий газруудад 00, 00, 00, 00 дугаартай гэрчилгээг тус бүр бичиж олгожээ.    

9.Нэхэмжлэгч Д.М******* нь дээрх байдлаар маргаан бүхий газраа эзэмшиж байхад нь маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

10.Маргаан бүхий дээрх захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, 49.3.5, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэл болгосон байх бөгөөд нэхэмжлэгч Д.М******* нь ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд мод, бут, сөөгийг огтолж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн гэх үндэслэлүүдээр газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

11.Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйл.“Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, үйлдлийг таслан зогсоох.”, 61.1.Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заажээ.

12.Хуулийн дээрх заалтаас үзвэл, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүй нь газрын тухай хууль болон газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол төрийн байгууллага, албан тушаалтан хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох эрхтэй байна.

13.Ойн тухай хуулийн 8 дугаар зүйл.“Хамгаалалтын бүсийн ой, түүний дэглэм.” 8.6.“Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.” гэж зааснаас үзвэл, ойн сан бүхий газарт иргэдэд гэр бүлийн зориулалтаар газар эзэмшүүлэх нь хориотой байна.

14.Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2/1** дугаар албан бичгээс үзвэл, маргаа бүхий 15, 15, 15, 15 нэгж талбарын дугааруудтай газрууд нь бүхэлдээ ойн сан бүхий газартай давхцалтай байх бөгөөд энэ үйл баримттай хэргийн оролцогч нар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

15.Гэхдээ хариуцагч нь маргаан бүхий 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд мод, бут, сөөгийг огтолж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн гэх үндэслэлүүдээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.

16.Учир нь Нийслэлийн байгаль орчны хяналтын газраас нэхэмжлэгч Д.М*******ыг маргаан бүхий газартаа зуслангийн байшингийн суурь ухсан асуудлыг шалгаж, Газрын хэвлийн тухай хууль зөрчиж, газрын хэвлийг дур мэдэн ашигласан зөрчил үйлдсэн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

17.Нэхэмжлэгч Д.М*******аас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргаж, тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2023/0*** дугаар шүүхийн шийдвэрээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

18.Нэхэмжлэгч Д.М******* нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр маргаан бүхий газарт байшингийн суурь ухаж, торлог устгасан үйлдэлдээ 300,000 төгрөгөөр торгуулж, нөхөн төлбөрт 7,343,724.00 төгрөгийн нөхөн төлбөр төлж, 20 ширхэг мод барьсан байна.

19.Дээрхээс үзвэл, маргаан бүхий тохиолдолд нэг зөрчилд нэг хариуцлага хүлээнэ гэсэн үндсэн зарчим үйлчлэхээр байх бөгөөд нэхэмжлэгч нь байшингийн суурь ухаж, торлог устгасан үйлдэлдээ хариуцлага хүлээсэн байх тул маргаан бүхий захиргааны актаар мод, бут, сөөгийг огтолсон гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэв.

20.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл.“Захиргааны үйл ажиллагааны зарчим”, 4.1.“Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.”, 4.2.“Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.8.“хууль ёсны итгэлийг хамгаалах.”, Тайлбар:“Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. ... .” гэж заажээ.

21.Хуулийн дээрх заалтаас үзвэл, захиргааны үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд хохирол учрахаар бол хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмаар иргэн, хуулийн этгээдийн эрх хамгаалагдахаар байна.

22.Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх нь дээрх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмаар хамгаалагдахаар байна.

23.Тодруулбал, маргаан бүхий газрууд нь хэдийгээр ойн сан бүхий газарт бүхэлдээ хамаарч байгаа хэдий ч газар эзэмших нь анх нэхэмжлэгчид үүсээгүй, иргэн Э.Х*******, О.А, Ж.М, Б.М нарт үүссэн, эдгээр иргэдээс нэхэмжлэгч нь маргаан бүхий газруудыг худалдаж авсан, хариуцагч худалдах худалдах авах гэрээг үндэслэн нэхэмжлэгчид газар эзэмших эрхүүдийг шилжүүлсэн, хариуцагч нь мөн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А******* дугаар захирамжаар газар эзэмших эрхүүдийг сунгасан зэрэг нь хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид маргаан бүхий газруудын эзэмших эрхтэй холбоотой асуудлаар итгэлийг төрүүлсэн байх бөгөөд эрх нь хуулиар хамгаалагдана гэж үзэхээр байна.

24.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь маргаан бүхий газруудыг хөрөнгө зарцуулж худалдаж авсан, мөн тухайн газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахаар гэрээ байгуулж хөрөнгө зарцуулсан байх тул нэхэмжлэгчийн маргаан бүхий газруудыг эзэмших эрх нь хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмаар хамгаалагдахаар байна гэж үзэв.

25.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.М*******аас Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106,3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,  Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А дугаар захирамжийг хүчингүй болгосугай.    

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ГАНБАТ