Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч А.Алтанхуяг, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Иргэдийн төлөөлөгч Ц.Х,

Улсын яллагч А.Намдаг,

Шүүгдэгч Н.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Н-д холбогдох ....дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  урьд Сүхбаатар дүүргийн шүүхээс 2010 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 234.2, 153.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих, Баянгол дүүргийн шүүхээс 2012 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114.1, 145.2, 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй Н.Н/РД:....../.

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон Буйлдинг” төвийн орчим архины шилний 13 см урттай хүзүү хэсгийн хагархайг зэвсгийн чанартай хэрэглэж иргэн Б.Х, Б.Х нарт хүч хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж довтолон Б.Х “Самсунг нөте-4” маркийн гар утсыг авсны улмаас 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Яллагдагчаар Н.Н мэдүүлэхдээ: “...нөгөө хоёр хүүхэд байрны орцны үүдэнд зогсохоор нь очоод нөгөө архины шилээ гаргаж ирээд ахдаа наад гар утсаа өг гэтэл нэг нь үгүйээ болохгүй ээ ахаа гэхээр нь би нөгөө гар утсыг нь авах гэтэл нөгөө дүү нь байж болох арай жоохон миний гараас татахаар нь би гарыг нь тавиулах гээд нөгөө ахынх нь гарын зүссэн юм. Тэгээд би гар утсыг нь аваад нөгөө 2 хүүхдээс зугатаагаад гадаадууд ордог хоолны газар ороод сууж байтал цагдаа нар орж ирээд намайг барьсан юм. ...Би сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө худлаа мэдүүлэг өгсөн юм. Надтай ямар ч танил 2 хүн явж байгаагүй. ...Би цагдаа дээр байцаагчидаа бүртгүүлж явж байгаад сүүлдээ хоригдож магадгүй гээд оргож зугатаасан юм. Тэгээд би гадуур орцоор хоноглож хог түүж амьдарч байсан...” гэжээ. /хх 61/

Насанд хүрээгүй хохирогч Б.Х мэдүүлэхдээ: “2017 оны 9 дүгээр сарын 15-ны 12 цагийн орчимд хичээлээ тараад ээжийнхээ ажилруу явсан тэгээд нэг ах сургуулийн хашаанаас хойш дагаад яваад байсан. Тэгээд “ROKMON”-ны хажуу талын Сөүлын гудамжны зам дээр тэр ах шил барьж гарч ирээд миний гаранд тулгаад гар утсаа өг гэсэн. Мөн миний гэдэсрүү цохисон. Тэгээд мөн тэр архины шилээрээ миний хоолойнд тулгасан. Тэр бас миний төрсөн дүү Х бас гарыг нь юм гаргаж ирээд зүссэн тэгээд тэр залуу надаас миний гар утсыг булааж аваад явсан...” гэжээ. /хх 7-8/

“...2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр би өөрийн төрсөн дүү Б.Х хамт хичээлээ тараад сургуулиасаа ээжийн ажил болох Төмөр замын удирдах газар луу явж байтал нэг эрэгтэй хүн араас дагаад байхаар би дүүгээ дагуулаад зугатааж холдсон. Тэгсэн чинь нөгөө ах утсаар яриад бид 2-ын араас гүйсэн. Тэгээд бид 2-г барьж аваад халаасанд байсан гар утсаа өг гээд гартаа хагархай архины шил барьчихсан айлгаж байсан. Тэгэхээр нь би өөрийн гар утсаа өгөхгүй гэтэл нөгөө ах утсаа өгөхгүй бол ална шүү гэсэн. Тэгсэн чинь нөгөө ах архины шилийг миний хоолойнд тулгаад куртикны халаасанд байсан гар утсыг авахаар нь би гар утсаа өгөхгүй гээд зууралдсан чинь нөгөө архины шилээрээ миний баруун гарын бугуйн гадна хэсэгт зүссэн. Тэгсэн чинь хажуунаас хүмүүс гарч ирээд нөгөө хүнийг аваад цагдаад өгсөн..” гэжээ. /хх 18/

Насанд хүрээгүй хохирогч Н.Н мэдүүлэхдээ: “2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр би өөрийн төрсөн ах Н.Н хамт хичээлээ тараад сургуулиасаа ээжийн ажил болох Төмөр замын удирдах газар луу  явж байтал нэг эрэгтэй хүн араас дагаад байхаар би дүүгээ дагуулаад зугатааж холдсон. Тэгсэн чинь нөгөө ах утсаар яриад бид 2-ын араас гүйсэн. Тэгээд ах Хасбаяр бид 2 байран дунд руу ортол араас ирээд орцны үүдэнд барьж аваад ахыг гар утсаа гаргаж өг лалар минь гээд гартаа хагархай шил бариад байсан. Тэгэхээр нь би нөгөө ахын нуруу руу цохисон чинь намайг барьж аваад шилээрээ баруун гарын долоовор хурууг зүссэн чинь бага зэрэг цус гарсан. Тэгээд нөгөө хүн Н.Н ахын хоолой руу хагархай шилийг тулгаад гар утсаа өг гээд гар утсыг нь аваад зугатаасан. Тэгсэн чинь тэнд байсан нэг ах нөгөө ахын араас хөөгөөд барьж авсан...” гэжээ. /хх 22/

Гэрч Н.Н мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс над руу залгаад танай хүү Нямдорж дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж байсан тэгээд би Нямдоржийг хүлээн авч байсан. Тэгээд байцаагч дээрээ би өөрийн биеэр дагуулж өдөр болгон бүртгүүлж байгаад 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ажил дээрээсээ байцаагчтай очиж уулзлаа гэж яваад одоог хүртэл гэртээ ирж хоноогүй байна. Би нийлдэг найз нарыг нь мэдэхгүй. Надтай хамт барилгын компани дээр арматурчин хийдэг байсан. Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гээд шалгагдаад хоригдож байгаад 2012 онд Өршөөлийн тухай хуульд хамрагдаад суллагдаж байсан...” гэжээ. /хх 26-27, 28-29/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 11748 дугаартай дүгнэлтэнд: 1. Б.Х-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх 35/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 11747 дугаартай дүгнэлтэнд: 1. Б.Х-ын биед баруун гарын бугуйнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. /хх 36/

Төрсний гэрчилгээний хуулбар /хх 23,24/

Гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 12/

Эд зүйлийн үнэлгээ /хх 66/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 69, 72/

Шийтгэх тогтоол /хх 75-76, 77-81/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рокмон Буйлдинг” төвийн орчим архины шилний 13 см урттай хүзүү хэсгийн хагархайг зэвсгийн чанартай хэрэглэж иргэн Н.Н нарт хүч хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж довтолон Н.Н ын “Самсунг нөте-4” маркийн гар утсыг авсны улмаас 450,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Б.Х /хх 7-8/, /хх 18/, насанд хүрээгүй хохирогч Н.Н /хх 22/, гэрч Н.Н /хх 26-27, 28-29/, яллагдагчаар Н.Н /хх 61/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 11748, 11747 дугаартай дүгнэлт /хх 35, 36/, төрсний гэрчилгээний хуулбар /хх 23, 24/, гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 12/, эд зүйлийн үнэлгээ /хх 66/, иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 69, 72/, шийтгэх тогтоол /хх 75-76, 77-81/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

            Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Н.Нямдорж нь архины шилний хагархайг зэвсгийн чанартай хэрэглэж насанд хүрээгүй хохирогч Б.Х, Б.Х нарт хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж довтолон эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Н.Н  хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд бага насны хүүхдийн эсрэг буюу биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

            Хохирогч нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт хэрэгт хавсаргаагүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлийг устгахаар тогтов.

 

            Шүүгдэгчийн гэмт хэргээ хүлээн мэдүүлж байгаа хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулах хорих ял эдлүүлэх дэглэмийг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Н.Н архины шилний хагархайг зэвсгийн чанартай хэрэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Н.Н  5 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н  цагдан хоригдсон 54 хоногийг эдлэх ялаас хасч тооцсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Н  эдлэх ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилний 13 см урттай хүзүү хэсгийн хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Н.Н  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд ялтан, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ