| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Буянжаргал |
| Хэргийн индекс | 1902001470148 |
| Дугаар | 2019/ДШМ/77 |
| Огноо | 2019-10-30 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2019/ДШМ/77
Б.Чинзоригт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч,
Ерөнхий шүүгч Б.Батзориг
Шүүгчид Г.Давааренчин
Д.Буянжаргал
Оролцогчид
Шүүгдэгч Б.Чинзориг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батсайханы Чинзоригт холбогдох эрүүгийн 1902001470148 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар төмөр замын 1 дүгээр ангийн 11 дүгээр хэсэгт замчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Мандал сум, 6 дугаар баг, Ноёдын 42 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батсайханы Чинзориг /РД: М382112539/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Чинзориг нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг, Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Даваат” гэх газар зөвшөөрөлгүйгээр 13.158 метр куб мод бэлтгэж, байгаль экологид 675,005 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх Б.Чинзоригт холбогдох хэргийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд 128 дугаартай шийтгэх тогтоолоор:
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Батсайханы Чинзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Батсайханы Чинзоригт 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэн,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Чинзоригийн цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Чинзориг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан,
-Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, мөн хуулийн 2 дахь хэсгийн 1, 4 дэх хэсгийн 1-д тус тус зааснаар ялтан Б.Чинзориг нь энэ гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол болох 675,005 /зургаан зуун далан таван мянга таван/ төгрөгийг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,025,015 /хоёр сая хорин таван мянга зрван таван/ төгрөг төлж барагдуулсан болохыг дурьдан,
-Энэ хэрэгт хураагдсан 86-09СБА улсын дугаартай, зил-131 маркийн тээврийн хэрэгслийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанаас чөлөөлж, шүүгдэгч Б.Чинзоригт буцаан олгуулахаар
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас хураагдсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа 4 м урттай 26 ширхэг шинэс мод, мөн Мөрдөн байцаах албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “дружба” нэртэй 1 ширхэг хөрөөг тус тус худалдан борлуулж, улсын орлогод оруулахаар зааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх Ц.Насанбат 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 50 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: Нийслэлийн прокурорын газрын өрөнхий прокурорын орлогч Ц.Насанбат би, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолыг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч танилцахад Б.Чинзориг нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг Ерөө сумын 2 дугаар баг "Даваат” гэх газар зөвшөөрөлгүйгээр 13.158 м/куб мод бэлтгэж, байгаль экологид 675005 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Б.Чинзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулжээ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэхээр байна. Учир нь: Прокуророос Б.Чинзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар “...хууль бусаар мод бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн байхад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Б.Чинзоригийг хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Мөн тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “энэ хэрэгт хураагдсан 86-09 СБА улсын дугаартай, 3ил-131 маркийн тээврийн хэрэгслийг Б.Чинзоригт буцаан олгосугай” гэж заасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан “хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ” ямар үндэслэлээр хэрэглэхгүй болсон талаараа “тодорхойлох” хэсэгтээ хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Иймд Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар дүгнэлтдээ: ...Дээд шатны прокурор эсэргүүцэл бичихдээ тухайн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзсэн. Учир нь шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хууль бусаар мод бэлтгэснээр яллах дүгнэлт үйлдсэн байхад хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэснээр тооцож гэм буруутай гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэгт авагдсан хүрээнд хэргийг шийдвэрлэнэ гэсэн зүйл заалтыг зөрчсөн байна. Энэ гэмт хэрэгт хураагдсан 86-09 СБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Чинзоригт буцаан олгож байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрхэн хэрэглэж буй нь тодорхой бус, үндэслэх хэсэгт дүгнэлт хийгээгүй нь хууль ёсны шаардлага хангаагүй байна гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Чинзориг нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг, Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Даваат” гэх газар зөвшөөрөлгүйгээр 13.158 метр куб мод бэлтгэж, байгаль экологид 675,005 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэнд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Б.Чинзоригийг дээрхи хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжээр торгох ялаар шийтгэж, уг ялыг 3 сарын дотор төлөхийг үүрэг болгон, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 50 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр Б.Чинзоригт холбогдох эрүүгийн 1902001470148 дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:
Б.Чинзориг нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Одгарав /хх-ийн 103-104-р ху/, гэрч Д.Отгонбаяр /хх-ийн 111-112-р ху/, Б.Отгонбат /хх-ийн 109-110-р ху/, Н.Буяндэлгэр /хх-ийн 114-115-р ху/, И.Алтанцэцэг /хх-ийн 118-119-р ху/, 24.6 /хх-ийн 150-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Байгал орчин, аялал жуулчлалын яамны Ойн судалгаа, хөгжлийн төвөөс гаргасан шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 123-128-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Нийслэлийн Прокурорын Газрын хяналтын прокурорын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолоор Б.Чинзоригийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, байцаалт авчээ.
Улмаар 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №146 дугаартай яллах дүгнэлтээр Б.Чинзоригийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймаг, Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Даваат” гэх газар зөвшөөрөлгүйгээр 13.158 метр куб 26 ширхэг шинэс мод бэлтгэж, байгаль экологид 675,005 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэхээр тогтоож, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт Б.Чинзоригийг “хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй” гэсэн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 1 дүгээр заалтаар
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Батсайханы Чинзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэн заалтыг зөрчсөн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Чинзоригийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 86-09 СБА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн авто машиныг Б.Чинзориг 2018 оны 11 дүгээр сард Д.Батболдоос 8.000.000 /найман сая/ төгрөгөөр худалдан авсан гэх боловч тухайн тээврийн хэрэгслийг албан ёсоор худалдах худалдан авах гэрээ хийсэн эсэх нь тодорхойгүй, гэрээ хийсэн болон тээврийн хэрэгслийн үнийг төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, уг авто машин Д.Батболдын эзэмшилд байгаа болох нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-ийн 26-р ху/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 29-р ху/ зэрэг баримтуудаар нотлогдож байх тул анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Б.Чинзоригт буцааж олгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Учир нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно...” гэж заасны дагуу Б.Чинзоригийн гэмт үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох 86-09 СБА улсын дугаартай ЗИЛ-131 маркийн авто машины жинхэнэ эзэмшигч хэн болох, ямар үндэслэлээр тухайн тээврийн хэрэгслийг шүүгдэгчид буцаан олгож байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн
1.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна...,
4.Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.
5.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ...” гэсэн заалтуудыг зөрчсөн байх ба шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-д ...хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах ... гэж заасны дагуу давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл, ялыг өөрчлөхгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах эрхтэй боловч шүүгдэгчид албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулах эрсдэлтэй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар хэргийг зөвтгөн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
Иймд Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 50 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 128 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.
2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Б.Чинзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Д.БУЯНЖАРГАЛ