| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2023/1049/З |
| Дугаар | 128/ШШ2025/0095 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2025/0095
2025 01 28 128/ШШ2025/0095
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, шүүгч Б.Адъяасүрэн, шүүгч У.Бадамсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Т*******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э*******
Хариуцагч: Нийслэлийн Замын хөгжлийн газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Э*******, Г.Г, Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтыг дурдвал
2.1.Нэхэмжлэгч С.Т******* нь 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн Замын хөгжлийн газарт авто замын зургийн инженер, авто замын инженер, Замын материал, шинжилгээний лабораторийн эрхлэгч, Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн ахлах инженер, Зам барилгын хяналтын хэлтсийн авто замын хяналтын мэргэжилтэн, Материал шинжилгээ, туршилт судалгааны хэлтсийн Материалын мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж ирсэн байна.
2.2.Нэхэмжлэгч С.Т******* нь 2009 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрийн албан ерөнхий шалгалтад оролцон тэнцэж, 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийг өргөж, төрийн захиргааны жинхэнэ албан тушаалтан болжээ.
2.3.Төрийн албаны зөвлөл нь нэхэмжлэгчийн D******* дугаартай “Авто замын инженер” мэргэжлийн дипломыг үндэслэн нэхэмжлэгчийг төрийн албан ерөнхий шалгалтад бүртгэсэн байна.
2.4.Дээрх байдлаар нэхэмжлэгч С.Т******* нь хариуцагч Нийслэлийн Замын хөгжлийн газарт Материал шинжилгээ, туршилт судалгааны хэлтсийн Материалын мэргэжилтнээр ажиллаж байхад нь маргаан бүхий Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “С.Т*******ийг ажлаас халах тухай” Б дугаар тушаалаар ажлаас нь халжээ.
2.5.Тус шүүх С.Т*******ээс гаргасан “Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэл гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Миний бие 1987-1990 оны хооронд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын боловсролын яамны техник мэргэжлийн сургуулийг 90*** дипломын дугаартай Бульдозер, скрепер грейдорын машинистын мэргэжлээр 4 дүгээр зэрэгтэй онц сайн дүнтэй төгссөн. Улмаар БНМАУ-ийн Зам, тээврийн яамны Булган аймгийн Өлзийт дэх Авто, тээврийн техникумын захирлын 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1** дугаар тушаалаар авто замын 2 дугаар ангид элсэн суралцаад эхэлж байх явцад 1991 онд тус сургуулийн Авто зам анги нь Өвөрхангай аймгийн Мэргэжлийн сургалтын үйлдвэрийн төвд Булган аймгийн Өлзийт сум дахь Авто тээврийн техникумын захирлын 1991 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1** тоот тушаалаар шилжин суралцсан. Тус сургуулийг 1993 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 93*** дипломтой авто замын барилгын техникч мэргэжлээр онц сайн дүнтэй төгссөн. Миний төгссөн Өвөрхангай аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 1995 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа болж бакалаврын зэрэгтэй дээд боловсролын сургалтын баримт олгох эрхтэй болсон. Иймд тус сургуулийг 1993 онд төгсөж, нийт үргэлжилсэн сургалтаараа 6 жил суралцсан миний бие 2007 онд тус сургуулийн сургалт эрдэм шинжилгээ хариуцсан нарийн бичгийн дарга Б.О хандаж дүйцүүлсэн бакалаврын зэрэг олгож болох эсэх асуудлыг судалж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэлт гаргасны дагуу миний холбогдох баримт бичгүүдийг судалж Д*** дугаартай бакалаврын дипломыг олгосон байдаг. Харин 2012 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бүртгэлгүй байна хэмээн хураан авсан. Гэтэл 2023 оны 07 дугаар сард Шинжлэх ухаан технологийн их сургуулиас олгосон 2007 оны дипломтой холбоотойгоор асуудал үүсэж эхэлсэн. Миний бие тэр үед нь буюу 2023 оны 07 сард Шинжлэх ухаан технологийн их сургууль дээр биечлэн очиж асуудлыг тодруулах гэсэн боловч хичээл сургалт зогссон ээлжийн амралт эхэлсэн үе таарсан. 2023 оны хичээлийн шинэ жил эхлэнгүүт би дахин Шинжлэх ухаан технологийн их сургуулийн сургалтын цахим шилжилтийн захирал хандахад бүртгэлгүй дипломоос үүдсэн асуудал байгаа бид танд дахин олгоход татгалзах зүйлгүй хэмээн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2/483 тоотоор хариу өгсөн байдаг. Нийслэлийн замын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б нь хэн, хаана, хэзээ хуурамч гэдгийг тогтоосон тухай баримт байхгүйгээр миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж ажлаас чөлөөлсөн тул 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б дугаар тушаалыг хүчингүйд тооцож, тус газрын материал шинжилдгээ, туршилт судалгааны хэлтсийн материалын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж холбогдох бичилтийн мэдээллийн санд оруулахыг даалгаж өгнө үү. гэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Замын хөгжлийн газарт ажиллаж байсан нэхэмжлэгчийг хуурамч дипломтой гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлчихсөн байдаг. Гэтэл хуурамч дипломтой гэж чөлөөлсөн үндэслэлийг хариуцагч тогтоохдоо зөвхөн Шинжлэх ухаан технологийн их сургууль руу бичиг явуулаад, Шинжлэх ухаан технологийн их сургуулиас диплом нь бүртгэлгүй байна гэсэн хариу ирснийг үндэслэж хуурамч дипломтой гэдэг үндэслэлээр ажлаас нь чөлөөлчихсөн байдаг. Ингэхдээ хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны шийдвэр бодит байдалд тохирсон байх ёстой гэдэг зарчмыг алдагдуулсан, захиргаа нотлох зарчмыг хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр хариуцагчийг буруутгаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш хариуцагч эрүүгийн цагдаад өгсөн байдаг, мөн Шинжлэх ухаан технологийн их сургуулиас дахин лавлагаа авч дипломын бүртгэлгүй байгааг хариуцагчид нэхэмжлэгчтэй холбоотой биш тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор тухайн нөхцөл байдал үүссэн гэдэг бодит нөхцөл байдлууд илэрсэн. Хариуцагчийн нотлох зарчмаа хэрэгжүүлээгүй үйл ажиллагаанаас үүдэж маш удаан хугацаанд ажилгүй байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн дипломын асуудал тодорхой болсон, ямар нэгэн байдлаар хуурамчаар үйлдээгүй нь тогтоогдсон учир хариуцагчийн гаргасан маргаан бүхий Б дугаар тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
Давж заалдах шатын шүүхийн магадлалд дурдагдсан, анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод буцаасан 2.4, 2.5, 2.6-д заасан үйл баримтууд Боловсрол шинжлэх ухааны яамны 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 4 дугаар албан бичиг, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2*** албан бичгүүдээр тодорхой болсон учраас эргэлзээтэй нөхцөл байдлууд арилсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Иргэн С.Т*******ийн Боловсролын гэрчилгээг шалгах болсон шалтгаан: Төрийн албан хаагчийн мэдээллийн цахим систем болох "Хуний нөөцийн удирдлагын мэдээллийг тогтолцоо цахим систем"-ын засан сайжруулалттай холбоотой 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 01 дугаар сарын хооронд нийт төрийн албан хаагчдын мэдээллийг албан хаагч нэг бүртэй тулгалт хийж, ажилласан жил, боловсролын мэдээлэл, цэргийн алба хаасан эсэх, бусад бүх мэдээллийг оруулж, хур системээс давхар татан тулгаж, мэдээллийн зөрүүг арилгах арга хэмжээг зохион байгуулж ажилласан. Үүний дагуу нийт албан хаагчдын хувийн хэрэг дэх мэдээллийг бүрэн оруулж ажиллахад иргэн С.Т*******ийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас 2007 онд олгосон D******* дугаартай дээд боловсролын гэрчилгээг системд оруулж уншуулахад бүртгэгдэхгүй буюу "ХУР-с татсан" гэх тэмдэглэгээ гарахгүй байсан.
Дээд боловсролын D******* дугаартай гэрчилгээг ХУР системээс татагдахгүй байгааг тодруулсан байдал: Төрийн албан хаагч болон төрийн албаны эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл гэж үзээд тухайн зөрүүтэй асуудлыг тодруулахаар 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 2*** дугаартай албан бичгийг Монгол Улсын шинжлэх ухаан технологийн их сургуулийн захиргаанд хандсан. Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 03*** дугаартай албан бичиг ирүүлж, тус албан бичиг "С.Т******* нь тус их сургуулийн төгсөгчдийн нэгдсэн санд бүртгэлгүй болно." гэж ирүүлсэн. Төрийн албаны зөвлөлд хандаж тодруулсан байдал: Төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох эрх бүхий байгууллага болох төрийн албаны зөвлөлд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 2*** дугаартай албан бичгээр хандаж, чиглэл хүссэн. Үүний дагуу 2023 оны 07 сарын 05-ны өдөр 01/*** дугаартай албан бичиг ирүүлсэн. Тус албан бичигт 1. Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 2/*** дугаартай албан бичгээр "... С******* Т*******ийн D******* дугаартай Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн "Авто замын барилга" техникийн ухааны бакалаврын дипломын бүртгэл тус яамны Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем болон яамны архивын санд хадгалагдаж буй Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2007 оны төгсөгчдийн диплом олголтын мэдээ болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн төгсөгчдийн мэдээлэлд (https://must.edu.mn/mn/alumni) бүртгэгдээгүй, 20*** дугаартай Үндэсний техникийн дээд сургуулийн дипломд бичигдсэн Авто замын барилгын инженер мэргэжил нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 2*** дугаар бичигдсэн "Автозамын барилгын инженер" мэргэжил нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Дээд боловсролын сургалтын байгууллагад бэлтгэх ерөнхий мэргэжлийн чиглэл, индекс зааснаар D*** индекстэй, диплом дахь мэргэжлийн чиглэл, индекс нь тухайн үед мөрдөгдөж байсан мэргэжлийн чиглэл, индексээс зөрүүтэй байх тул Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А*** дугаар тушаалаар батлагдсан Дээд боловсролын байна." гэсэн хариуг ирүүлсэн. Сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл, индекстэй дүйцүүлэх боломжгүй. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлөөс дараах чиглэлийг ирүүлсэн. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараахь нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно" гэж, 22.1.2 дахь заалтад "дээд боловсролтой байх;" гэж тус тус хуульчилсан.
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хууль дээдлэх, адил тэгш байх зарчмаас гадна дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх. С.Т******* нь 2009 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн D******* дугаартай бакалаврын дипломыг ашиглаж төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцсэн болох нь дээрх бичгийн нотлох баримтаар урьдчилсан байдлаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын Их хурал Засгийн газраас дэвшүүлсэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх бодлого, чиглэлийг баримтлах. "Уг асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн гэмт хэргийн шинжтэй эсэхийг эцэслэн тогтоолгож, түүнд олгосон цалин хөлсийг төрд учруулсан хохиролд тооцуулан, төрийг хохиролгүй болгох ажлыг зохион байгуулан ажиллах нь зүйтэй" гэж чиглэл өгсөн. Иргэн С.Т*******ийн эрхийг хүндэтгэж тайлбар авсан тухай: Дээрх Төрийн албаны зөвлөлөөс ирсэн 01/*** дугаартай албан бичгийн дагуу 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр С.Т*******тэй уулзаж, асуудлыг танилцуулж, халах арга хэмжээ авах болсон тухай мэдэгдэж ажилласан бөгөөд тайлбар ирүүлэхийг хүссэн. Үүний дагуу С.Т******* нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тайлбар, залруулга өгсөн.
С.Т******* нь бүртгэлгүй D******* дугаартай гэрчилгээгээр төрийн албаны шалгалтад бүртгүүлэн, орж тэнцсэн тухайд: С.Т******* нь 2009 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн D******* дугаартай бакалаврын дипломыг ашиглаж төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад бүртгүүлэн, тэнцсэн, томилогдсон гэдгийг 1. С.Т*******ийн Шинжлэх ухаан технологийн их сургуулиас олгосон гэх D******* дугаартай бакалаврын дипломыг Шинжлэх ухаан технологийн их сургууль нь өөрөө бүртгэлгүй гэж тодорхойлсон. 2. Боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьдаг Боловсрол, шинжлэх ухааны яам ШУТИС-ийн төгсөгчдийн бүртгэлд бүртгэлгүй байна гэж тодорхойлсон байдаг. Төрийн албаны зөвлөлөөс ирсэн 01/*** дугаартай албан бичиг болон хууль тогтоомжийн холбогдох заалтыг баримтлан тушаал гаргасан тухайд ШУТИС-ын 03** дугаартай албан бичиг, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 01/*** дугаартай албан бичиг, түүнд хавсаргагдсан Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны 2/*** дугаартай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудад тулгуурласан. Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 оны 17-ны өдрийн ХЭГ** дугаартай чиглэл, Төрийн албаны зөвлөлөөс ирсэн 01/*** дугаартай албан бичиг зэргийг баримтлан, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Б дугаартай ажлаас халах тушаал гаргасан тул, тус ажлаас халах шийдвэр нь хуульд бүрэн нийцэж гарсан болно. Авто замын салбартаа олон жил ажилласныг хүндэтгэж, төрийн албанд 2009 онд шалгалтад тэнцэж, томилогдон ажилласан хугацаанд иргэн С.Т*******д олгосон цалин хөлсийг төрд учруулсан хохирол гэж үзэж нэхэмжлээгүй, мөн дээд боловсролын дипломыг хууль хяналтын байгууллагаар шалгуулаагүй орхисон байсныг газрын зүгээс Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу төрд учруулсан хохирол болох ажилласан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэхийг үүгээр илэрхийлж байна.” гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Засгийн газрын “Шүүр” ажиллагааны хүрээнд Нийслэлийн авто замын хөгжлийн газар дотооддоо ажиллаж байгаа албан хаагчдын дипломын бүртгэлийг хур системтэй хийсэн. Хур системтэй хийж байх явцад нэхэмжлэгчийн Төрийн албаны шалгалт өгөхдөө мэдүүлсэн дипломын дугаар нь хур системээс гарахгүй байсан. Эрх бүхий байгууллагад хандсан, эрх бүхий байгууллагад хандахаас өмнө Шинжлэх ухааны технологийн их сургуульд 2,3 удаа албан бичгээр хандсан. Шинжлэх ухаан технологийн их сургуулиас энэ диплом бүртгэгдээгүй байна гэсэн хариу өгсөн. Дараагаар нь хариуцагчийн зүгээс Төрийн албаны зөвлөлд хандсан. “Шүүр” ажиллагааны хүрээнд тодорхой ажил хийлээ, манай байгууллагын албан хаагчийн дипломын дугаар гарч ирэхгүй байна, Шинжлэх ухааны технологийн их сургуулиас тодруулга авахад бүртгэгдээгүй байна гэсэн хариу хэлээд байна, бид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ гэх утга бүхий албан бичгийг Төрийн албаны зөвлөл рүү явуулсан. Төрийн албаны зөвлөлөөс Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Б гэх хүнд 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01******* гэсэн албан бичгээр хариу ирүүлсэн байдаг.
Албан бичигт энэ нөхцөл байдлыг шалгаж үзлээ, энэ хүрээнд Төрийн албаны төв байгууллагын зүгээс Боловсролын яамнаас тодруулга авсан. Боловсрол, шинжлэх ухааны яамны төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 2******* дугаар албан бичгээр 2007 онд төгссөн гээд байгаа танай албан хаагчийн диплом байхгүй байна, Монгол улсад ийм диплом байхгүй байна гэсэн албан бичиг ирлээ, Тэгэхээр, гэмт хэргийн шинжтэй байна, төрийн албаны шалгалт өгөх журам, тухайн асуудлыг зохицуулсан эрх зүйн баримт бичгийг зөрчсөн байна гэсэн хариу ирсэн. Нэхэмжлэгч 2007 онд Төрийн албаны шалгалтад орсон байдаг. Ингэхдээ Авто замын инженер гээд D******* гэсэн дугаартайгаар төрийн албаны шалгалт өгөх бүртгэлийн хуудсан дээрээ мэдүүлсэн байдаг. Төрийн албаны зөвлөлөөс бүртгэлийн хуудас дээр бүртгэгдсэн D******* дугаарт диплом Монгол улсад байхгүй байна гэдгийг Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга ирүүлчихлээ, тэгэхээр гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна, тодруул, ийм диплом байхгүй гэдгийг Төрийн албаны төв байгууллага урьдчилсан байдлаар тогтоочихлоо, холбогдох арга хэмжээг ав гэсэн чиглэл өгсөн. Албан бичгийн хүрээнд Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргаас 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б тушаалаар нэхэмжлэгчийг төрийн албанд эргэж орох эрхгүйгээр 3 жилийн хугацаанд ажлаас халсан. Төрийн албаны хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д төрийн албаны шалгалт өгөх харилцааг зохицуулсан журмыг зөрчсөн бол төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хална гээд зохицуулчихсан. Бид Төрийн албаны төв байгууллагын өгсөн чиглэл, Төрийн албаны хуулийн дагуу нотлох баримт бүрдүүлээд, сонсох ажиллагаа явуулаад, холбогдох хууль тогтоомжид заасан арга хэмжээг нь хэрэгжүүлээд нэхэмжлэгчийг хуулийн хүрээнд ажлаас нь халсан.” гэв.
Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7.“Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно.” гэж зааснаар хэргийн оролцогчийн зөвшөөрснөөр түүнийг эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчээс “... Миний бие 2009 онд төрийн албан ерөнхий шалгалтад оролцохоо хуурамч диплом үйлдэж оролцсон үйлдлийн гаргаагүй байхад дээрх үндэслэлээр ажлаас халсан нь үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... нэхэмжлэгч С.Т******* нь 2009 онд төрийн албан ерөнхий шалгалтад оролцохоо хуурамч диплом үйлдэж оролцсон болох нь Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/** дугаартай албан бичгээр тогтоогдсон тул маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй.” тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч С.Т*******ээс Нийслэлийн Замын хөгжлийн газарт холбогдуулан “Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах.” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Нэхэмжлэгч С.Т******* нь 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн Замын хөгжлийн газарт авто замын зургийн инженер, авто замын инженер, Замын материал, шинжилгээний лабораторийн эрхлэгч, Засвар ашиглалтын хяналтын хэлтсийн ахлах инженер, Зам барилгын хяналтын хэлтсийн авто замын хяналтын мэргэжилтэн, Материал шинжилгээ, туршилт судалгааны хэлтсийн Материалын мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж ирсэн байна.
5.Нэхэмжлэгч С.Т******* нь 2009 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрийн албан ерөнхий шалгалтад оролцон тэнцэж, 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргийг өргөж, төрийн захиргааны жинхэнэ албан тушаалтан болжээ.
6.Төрийн албаны зөвлөл нь нэхэмжлэгчийн D******* дугаартай “Авто замын инженер” мэргэжлийн дипломыг үндэслэн нэхэмжлэгчийг төрийн албан ерөнхий шалгалтад бүртгэсэн байна.
7.Дээрх байдлаар нэхэмжлэгч С.Т******* нь хариуцагч Нийслэлийн Замын хөгжлийн газарт Материал шинжилгээ, туршилт судалгааны хэлтсийн Материалын мэргэжилтнээр ажиллаж байхад нь маргаан бүхий Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “С.Т*******ийг ажлаас халах тухай” Б дугаар тушаалаар ажлаас нь халжээ.
8.Дээрх тушаал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35.1 дэх заалт, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01/** тоот албан бичиг, газрын дүрмийн 7.1.2 дахь заалтыг тус тус үндэслэл нэхэмжлэгч С.Т*******ийг төрийн албаны ерөнхий шалгалтад хуурамч дипломтой оролцсон нь тогтоогдсон гэх үндэслэлээр төрийн албанд 3 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан байна.
9.Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл.“Хориглох зүйл”, 34.1.“Төрийн жинхэнэ албаны шалгалт авах журмыг зөрчих, уг үйл ажиллагаатай холбоотой хуурамч тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно.”, 35 дугаар зүйл.“Хариуцлага”, 35.1.“Энэ хуулийн 34.1, 35.2-т заасныг зөрчсөн төрийн албан хаагчийг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр хална.”, 35.2.“Төрийн жинхэнэ албаны шалгалт авах журмыг зөрчсөн этгээдийг энэ хуулийн 33.9-д заасан Шалгалтын зөвлөлийн бүрэлдэхүүнд дахин оруулахгүй.” гэж тус тус заажээ.
10.Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, дээрх хуулийн зохицуулалтууд нь төрийн жинхэнэ албаны шалгалтад шалгуулагч этгээдүүдэд хамааралгүй зохицуулалтууд байх бөгөөд харин шалгалтыг зохион байгуулагч төрийн жинхэнэ албан хаагчид тавих хориглолт, шалгалтыг авах журмыг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид хүлээлгэх хариуцлагатай холбоотой зохицуулалтууд байх тул дээрх хуулийн заалтуудыг үндэслэн тухайн тохиолдлын шалгуулагч этгээд буюу нэхэмжлэгч С.Т*******д хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй болсон байна.
11.Мөн маргаан бүхий захиргааны акт нь Төрийн албан зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/** дугаар албан бичгийг үндэслэл болгосон байх бөгөөд уг албан бичигт: “... С.Т******* нь 2009 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн D******* дугаартай бакалаврын дипломыг ашиглаж төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцсэн болох нь дээрх бичгийн нотлох баримтаар урьдчилсан байдлаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсын их Хурал, Засгийн газраас дэвшүүлсэн авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх бодлого, чиглэлийг баримтлах.
Уг асуудлыг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн гэмт хэргийн шинжтэй эсэхийг эцэслэн тогтоолгож, түүнд олгосон цалин хөлсийг төрд учруулсан хохиролд тооцуулан төрийг хохиролгүй болгох ажлыг зохион байгуулан ажиллах нь зүйтэй. ...” гэжээ.
12.Дээрх албан бичгийн агуулгаас үзвэл, нэхэмжлэгч С.Т******* нь 2009 онд төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орохдоо Боловсрол, шинжлэх ухааны яамны дээд боловсролын удирдлага мэдээллийн системд бүртгэлгүй D******* дугаартай бакалаврын дипломыг ашиглан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцсэн байж болзошгүй урьдчилсан нөхцөл тогтоогдож байх тул хууль хяналтын байгууллагад шилжүүлэн гэмт хэргийн шинжтэй эсэхийг эцэслэн тогтоолгох талаар саналыг хүргүүлсэн байна.
13.Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйл.“Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах”, 1.“Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж зааснаас үзвэл боловсролын дипломыг хуурамчаар үйлдэж, түүнийг хуурамч болохыг мэдсээр байж ашиглавал эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээхээр байна.
14.Хариуцагч Нийслэлийн Замын хөгжлийн газраас маргаан бүхий асуудлаар буюу нэхэмжлэгч С.Т*******ийг хуурамч диплом ашигласан байж болзошгүй асуудлыг шалгуулахаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргажээ.
15.Дээрх гомдлыг шалгасан материалыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас хянаад 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 1*** дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.
16.Уг тогтоолд “... Иймд С.Т******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан” гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй хийгээгүй байх тул хэрэг бүртгэлтийг хааж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.” гэжээ.
17.Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч С.Т*******ийг дээд боловсролын дипломыг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг нь мэдсээр байж ашигласан зэрэг үйлдлийг хийгээгүй байна гэж үзэхээр байна.
18.Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2/473 дугаар албан бичигт:“С*** овогтой Т*** нь (Й****) нь ШУТИС-ийн харьяа Өвөрхангай аймаг дахь Технологийн сургууль (хуучин нэрээр Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв)-д шаталсан сургалтаар 6 жил суралцаж 1993 онд Автозамын барилгын дипломын зэрэг эзэмшсэн байна.
2007 онд ШУТИС-ийн харьяа Өвөрхангай аймаг дахь Технологийн сургуулиас дээрх 6 жилийн сургалтын агуулгыг дүйцүүлэн D******* тоот бакалаврын диплом олгосныг дахин хянан магадлаж тухайн түвшинд дүйцүүлэх тохиолдолд зарим агуулгыг нэмж судлах шаардлагатай гэж үзэн уг дипломыг бүртгэлд оруулаагүй байна.
Улмаар С.Т*******д Авто замын барилгын мэргэжлээр олгосон 93/*** тоот дипломын агуулга нь ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн авто замын барилга хөтөлбөрийн “*” диплом буюу дэд бакалаврын агуулга дүйцэж байгааг хянаж баталгаажуулсан болно.” гэжээ.
19.Дээрх албан бичгийн агуулгаас үзвэл, маргаан бүхий D******* дугаартай бакалаврын дипломыг нэхэмжлэгч С.Т******* нь өөрөө хуурамчаар үйлдээгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулиас олгосон болох нь тогтоогдож байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан маргаан бүхий захиргааны акт үндэслэлгүй байна гэж үзэв.
20.Нэхэмжлэгчийн “... урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах.” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;
21.Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4.“Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.“Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй;”, 43.2.7.“ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах;”, 127 дугаар зүйлийн 127.1.“Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж тус тус заажээ.
22.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан төрийн жинхэнэ албан хаагчийн урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор байх бөгөөд цалин хөлсд ноогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлж, шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй байна.
23.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Т*******ээс Нийслэлийн Замын хөгжлийн газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах.” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
24.Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7.“Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно.” гэж зааснаар хэргийн оролцогчийн зөвшөөрснөөр түүнийг эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Т*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, 41 дүгээр зүйлийн 41.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Т*******ийг урьд эрхэлж байсан Нийслэлийн Замын хөгжлийн газрын материал шинжилгээ, туршилт судалгааны хэлтсийн материалын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг маргаан бүхий акт гарсан 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Нийслэлийн Замын хөгжлийн газрын материал шинжилгээ, туршилт судалгааны хэлтсийн материалын мэргэжилтний албан тушаалд ажиллуулж эхлэх хүртэл хугацаагаар тооцон, өмнө нь авч байсан дундаж цалин хөлсийг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч Нийслэлийн Замын хөгжлийн газарт даалгасугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Замын хөгжлийн газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН