Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 657

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал, нэхэмжлэгч Д.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, түүний өмгөөлөгч Т.Ц нарыг оролцуулан иргэн Д.Зын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Дгийн З

Хаяг: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, тоот

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Хаяг: Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж, Засгийн газрын II байр

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны алба

Хаяг: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө

Гуравдагч этгээд: Дийн О

Хаяг: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Сын 2- тоот

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-256 тоот тушаалын Д.Оад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, С 2- тоот хаягтай газрын гэрчилгээг Д.З надад олгуулахыг хариуцагчид даалгуулах.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Иргэн Д.Зын нэр дээр олгосон, нэгж талбарын 18******* дугаартай кадастрын зургийг илт хууль бус болохыг тогтоолгох.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.З би энэхүү тушаалаар Д.Оад “С”-ын 2-ын хаягтай газрын гэрчилгээг олгосныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр дээрх заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

“С”-ын 2-ын хаягтай газрыг Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар манай гэр бүлийн хэрэгцээнд олгосон бөгөөд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших 0183527-т тоот гэрчилгээ, дүүргийн газрын албанаас баталгаажуулсан кадастрын зурагтай.

“С”-ын 2-ын хаягтай газар нь Хан-Уул дүүргийн Иргэний шүүх хуралдааны 2011 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 509 дүгээр шийдвэр, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 520 дугаар шийдвэрүүдээр миний газар гэдгийг баталгаажуулж өгсөн болно.

Сүүлийн жилүүдэд олон айл өрх нэмэгдэж ирсэн ба бүгд л газраа эзэмшиж авах хүсэлтэй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор иргэдэд газар олгох нь зөв боловч түүнийг олгосон субъект нь биш байна гэсэн хувилбар гаргаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-256 дугаар тушаал гарган эхний ээлжинд дүүргийн Засаг даргын захирамжид байсан 237 өрхийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сольж өгөх, мөн шинээр газар ашиглах гэрчилгээ олгох ажлыг явуулж байна.

Энэ ажлын явцад алдаа гарч дүүргийн Засаг даргын захирамж, газрын гэрчилгээ, мөн газрын албаны баталгаажуулсан кадастрын зураг, иргэний болон захиргааны 3 шатны шүүхээр баталгаажсан манай газрыг Д.Оад олгосон байна.

Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-256 дугаар тушаалын хавсралтын 183 дугаар мөрөнд байгаа Харнууд овогт Дийн Оад газрын гэрчилгээ олгосон заалтын хүчингүй болгож, “С”-ын 2-ын хаягтай газрын гэрчилгээг манайд олгуулахыг тус тус даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд иргэн Д.З Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А/256 тоот тушаалын хавсралтад байгаа Д.Оад газар олгосон заалтыг хүчингүй болгох, Хан-Уул дүүргийн “С”-ын 2- хаягтай газрын гэрчилгээг миний нэр дээр гаргуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

1. Хан-Уул дүүргийн Засаг дарга нэхэмжлэгч Д.Зт 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байна. Гэвч энэ шийдвэр нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн учраас Хан-Уул дүүргийн засаг дарга 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/209 дүгээр захирамжаар хүчингүй болгосон байна.

2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших зохицуулалт байхгүй бөгөөд зөвхөн тодорхой зориулалт, болзол, хугацаатайгаар ашиглах зохицуулалттай.

3. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 520 дугаар шийдвэрт “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамж нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн зохицуулалттай нийцэхгүй байгаа боловч энэ захирамжийн Д.Зт холбогдох хэсэг нь иргэн Б.Ц*******гийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэж заажээ. Д.Зыг хууль ёсны газар ашиглагч мөн гэж шийдвэрлээгүй бөгөөд харин ч Засаг даргын газар эзэмших эрх олгосон захирамж нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцэхгүй байна гэж шийдсэн байна.

4. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 509 дүгээр шийдвэр нь иргэн Б.Ц*******г газар чөлөөлж өгөхийг даалгасан шийдвэр байна. Харин шийдвэртээ иргэн Д.Зыг хууль ёсны газар эзэмшигч болох нь тогтоогдож байна гэж дурдсан нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 520 дугаар шийдвэрийг буруу ойлгож хэрэглэсэн, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжийг хууль ёсны гэж эндүүрсэн байна. Мөн газар ашиглах, эзэмших шийдвэр гаргасан захиргааны байгууллагын эрх зүйн акттай холбоотой маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш юм.

5. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А/256 дугаар тушаал нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд гарсан шийдвэр бөгөөд иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн зэрэг алдаа, дутагдал байхгүй болно. Иймд иргэн Д.Зын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх ирүүлсэн хариу тайлбар болон бие даасан шаардлагадаа: “Нэхэмжлэгч Дөшөд овгийн Дгийн Зын нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юмаа. Манай гэр бүл 2008 оноос “С”-ын 2- хаяган дээр амьдарч байгаа.

Нэхэмжлэгч Д.Зт олгосон газар “С”-ын ******* нь энэ гудамжны зүүн үзүүрт, “С”-ын 2-46 тоот баруун үзүүрт, хоорондоо 300 метр зайтай байдаг.

2008 оны 7 дугаар сарын сүүлчээр манай эхнэр Д.О манай нутгийн ах Д.Зт газаргүй хоосон гэрчилгээ байна гэсэн түүнийгээ зарна гэж сонслоо гээд ирсэн. Тэгээд Д.Зтай уулзахад “миний газар ХААИС-ийн инженерийн сургуулийн газартай давхцаад бас Г.Х******* /С 2-1 хаягт оршин суугч/ хэрүүл хийгээд миний гэрчилгээг Хан-Уул дүүргийн газрын албаны газар зохион байгуулагч М.Н******* өгөхгүй байна, чамд М.Н*******г таньдаг хүн байна уу гэж асууж байсан.

2009 оны 7 дугаар сард нийслэлийн газрын албаны ерөнхий нягтлан Алтанцэцэгт устгуулахаар өгсөн байсныг Чингэлтэй дүүргийн газрын албанаас Д.Э би авч Д.Зт өгсөн. Энэ үед Д.З Засаг даргын 224 дүгээр захирамж кадастрын зураггүй юм чинь яаж ч хувиргаж болно гэж байсан.

Иймд 2008 оны Хан-Уул дүүргийн Засаг даргын 224 дүүргийн захирамж кадастрын зураггүйгээс Д.З мэт олон хүнийг маргаан үүсгэхэд хүргэсэн”,

“Нэхэмжлэгч Д.З нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн” гэх бөгөөд уг захирамжаар олгосон газрын хаяг нь Хан-уул дүүргийн, дүгээр хороо, Соёмбо ******* гэх хаягтай боловч нэгж талбарын 18******* дугаартай кадастрын зургаар бол гуравдагч этгээд Д.Оад ашиглуулахаар олгосон Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмбо 2- хаягт байрлах газартай давхцаж байгаа гэж маргаж байна.

Дүүргийн Засаг даргын дээрх захирамж нь мөн Засаг даргын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/209 дүгээр захирамжаар хүчингүй болсон боловч уг нэгж талбарын дугаар бүхий кадастрын зургийг баримтлан нэхэмжлэгч нь гуравдагч этгээдэд олгосон газрыг нэг газар гэж үзэж, ийнхүү шүүхээр маргаж байгаа тул төрийн захиргааны байгууллагын хууль зөрчиж олгосон дээрх нэгж талбарын дугаар бүхий кадастрын зураг нь үр дагавар үүсгэсээр байна.

Түүнчлэн Газрын тухай хуульд зааснаар бол тусгай хамгаалалттай газар нутагт Засаг дарга иргэнд газар эзэмшүүлэх эрхгүй бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар иргэнд зөвхөн ашиглуулахаар холбогдох сайдын тушаалаар олгодог байхад ийнхүү газар эзэмшүүлсэн, цаашлаад иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд нь зөвхөн Засаг даргын 224 дүгээр захирамжийг /кадастрын зураггүйгээр/ үндэслэсэн нь хууль зөрчсөн ба захиргааны актууд нь үр дагавар үүсгэж, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

Дээрх нэгж талбарын 18******* дугаартай кадастрын зураг нь иргэний хэргийн шүүхийн шийдвэрээс хойш 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хийгдсэн байдаг.

Иймд Хан-Уул дүүргийн өмч, газрын харилцааны албанаас Д.Зын нэр оны дээр олгосон, нэгж талбарын 18******* дугаартай газрын кадастрын зургийг илт хууль бус болохыг тогтоолгохоор бие даасан шаардлага гаргаж байна” гэжээ. 

Нэхэмжлэгч Д.З гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “Бие даасан шаардлага гаргагч Д.О, Д.Э нар хэзээ ч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин сууж байгаагүй.

1. 18******* дугаартай кадастрын зургаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “С”-ын 2- газрыг зөвхөн Засаг даргын захирамжаар надад эзэмшүүлээгүй, мөн энэ зургийг үндэслэн иргэний шүүхийн гурван шатны, захиргааны хэргийн мөн гурван шатны шүүх миний газар мөн гэж тогтоож өгсөн билээ.

Гэтэл шүүхийн шийдвэртэй энэ газрыг хорооныхонтой хуйвалдан хаягийн тодорхойлолт гаргуулж (авлигагүйгээр тодорхойлолт гаргуулах аргагүй юм) улсын бүртгэлийн газраар үнэмлэх хэвлүүлэн авсан байна.

“С”-ын 2- газрыг дээр гаргуулсан хаягаа ашиглан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалд оруулан луйвардах ажлаа эхлүүлсэн нь тодорхой байгаа юм.

2. Шүүх “С”-ын 2-, “С”-ын ******* гэсэн хаягууд нь нэг газрынх мөн гэдгийг тогтоож, Д.Зын газар хэмээн 2011 онд Монгол Улсын нэрийн өмнөөс надад хүлээлгэн өгсөн билээ.

Гэтэл Д.О, Д.Э нар 2015 онд дөрвөн жилийн дараа луйврын аргаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалд оруулан түүнийгээ Монгол Улсын шүүх засаглалын дээгүүр тавьж, миний газрыг луйвардан авахаар улайрч байна.

Нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг дахин авч хэлэлцэх хууль байхгүй, харин түүнийг хэрэгжүүлэх ёстой билээ. Шүүхийн шийдвэрт авагдсан бүх материалыг дахин авч хэлэлцэх эрхийг Д.Э, Д.О нарт хэн олгосон юм бэ? Эд нар шүүхээс дээгүүр улсууд болж байгаа юм уу? Иймээс 18******* дугаартай кадастрын зургийг хууль бус гэж тогтоолгох нь зүйд нийцэхгүй байна” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны алба гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Д.Зын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт иргэн Д.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эийн бие даасан шаардлагатай танилцаж дараах хариуг хүргүүлж байна.

Хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо С 2 гудамж 1б тоот хаяг, нэгж талбарын 18******* дугаартай иргэн Дгийн З /РД:*******/-ын ашиглах эрх бүхий кадастрын зурагт тэмдэглэгдсэн огноо нь тус албаны мэдээллийн сангаас 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хэвлэгдсэн огноо болно.

Өнөөдрийн байдлаар дээрх нэгж талбар нь тус албаны мэдээллийн санд бүртгэлгүй байгаа боловч манай алба нь хууль бус гэх боломжгүй юм. 

Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд тус нэгж талбар анх бүртгэгдэж байсан болон, хэрхэн устгагдсан талаар Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт хандаж шинжээчийн дүгнэлт гаргуулна уу” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар, маргаан бүхий газрын үзлэг болон гэрчүүдийн мэдүүлэг, бодит нөхцөл байдлыг дүгнэн, хэлэлцэж нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Зт Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр захирамжаар  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Сын ******* тоотод 0.03 га газар эзэмших эрх олгогджээ. Улмаар энэхүү газар эзэмших эрхийг Хан-Уул дүүргийн Засаг дарга 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/209 дүгээр захирамжаар  хүчингүй болгосон байна.

Харин гуравдагч этгээд Д.Оад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-256 дугаар тушаалаар  Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, С 2- тоот хаягт 318.7 м.кв газар ашиглах эрх олгогджээ. Нэхэмжлэгч Д.З “...ийнхүү Д.Оад ашиглуулахаар олгосон газрыг би дүүргийн Засаг даргын 2008 оны 224 дүгээр захирамжаар эзэмшиж байсан байхад Д.Оад эзэмшүүлсэн нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн...” гэх үндэслэлээр маргаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-256 тоот тушаалын Д.Оад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, С 2- тоот хаягтай газрын гэрчилгээг Д.З надад олгуулахыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Шүүх хэргийг хянаад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Сын ******* тоот хаяг болон Сын 2- тоот хаягууд нь өөр өөр газарт байршилтай, давхцалгүй гэдгийг дараах үндэслэлээр дүгнэлээ. 

Нэхэмжлэгч Д.З анхнаасаа С ******* тоот газрыг эзэмших хүсэлтэй байсан, түүнийхээ ч дагуу хүсэлтээ гарган газар эзэмшүүлэх захирамж гаргуулсан. Гуравдагч этгээдийн тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээс дүгнэхэд ******* тоот газар нь хэргийн 1 дүгээр хавтсын 81, 100, 126 дугаар хуудсанд дүрслэн үзүүлсэн, 1 давхар улаан тоосгон барилгын орчмын газар байжээ. 

Нэхэмжлэгч Д.Зын Хан-Уул дүүргийн Газрын алба болон Богдхан уулын хамгаалалтын захиргаанд хандан гаргасан 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хүсэлтэд  цохолт хийсэн тус хорооны Засаг даргаар ажиллаж байсан Ц.Лхагвасүрэн гэрчийн мэдүүлэгтээ  “Маргаан бүхий газар нь Сын 2- тоот хаягтай, ...2010 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолтод ******* гэж бичих ёстой байж л дээ. Миний буруу байсан байна, ******* гэх хаягийг би олгосон” гэж, ******* тоот хаягийг план зурагт зааж үзүүлснээс дүгнэхэд Ц.Лхагвасүрэн хавтаст хэргийн 126 дугаар хуудаст дүрслэгдсэн газрыг Д.Зт эзэмшүүлэхээр цохолт хийсэн байна.

2007 оноос 2013 оны хооронд Хан-Уул дүүргийн Газрын албанд газар зохион байгуулагчаар ажиллаж байсан М.Н******* 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн тайлбартаа  “...Д.Зын өөрийнх нь зааж санал болгосон газар нь бусдын эзэмшил буюу ХААИС-ын газартай давхцаж байсан санагдаж байна. Тиймээс газар эзэмших эрхийн гэрчилгээг нь олгоогүй байх”, мөн гэрчийн мэдүүлэгтээ  “...*******, 2- хаягууд нь нэг газар дээр байх боломжгүй” гэжээ. 

Сын 2-1 тоотод оршин суугч Г.Х******* гэрчийн мэдүүлэгтээ  “...Газрын мэргэжилтэн Н******* гэдэг залуу Д.Зын нэр дээр С 2-1 гэсэн хаягтай гэрчилгээ өгч байсан. Би тэрийг хараад “Яагаад манай газартай давхцуулаад Д.Зын нэр дээр гэрчилгээ олгож байгаа юм бэ” гэж тухайн үеийн газрын албаны дарга Б******* даргатай уулзаж байсан. Б******* дарга “яагаад энэ хүний газар дээр давхцуулж гэрчилгээ олгоод байгаа юм” гээд Н*******тэй уулзсан. Н******* миний нүдэн дээр С 2-1 гэх хаягтай Д.Зын гэрчилгээг ураад хогийн саванд хийж байсан, ...“Яагаад манай газартай давхцуулаад газар авах гээд байгаа юм бэ” гэхэд Д.Зын авгай Ц******* С 2-2 тоот хашааны хойд талын улаан тоосгон байшин байгаа газрыг заагаад “энэ манай газар шүү дээ. Танай газраас хамаагүй хойно, танайхтай ямар ч хамааралгүй” гэж ярьж байсан. Энэ газар бол Хөдөө аж ахуйн сургуулийн Механикийн тэнхимийн харьяа газар юмаа. Энэ гараж, улаан тоосгон байшинг ноднин жил барьсан” гэсэн байна. 

Нэхэмжлэгч тал “Захиргааны болон Иргэний хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр С *******, 2-, 1-40 гэх хаягуудыг нэг байршилд, давхцалтай гэдгийг тогтоож дүгнэсэн” гэх тайлбарын тухайд.

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 509 дүгээр шийдвэрт “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Сын ******* тоот, 2- тоот, 1-40 гэх хаягууд нь өөр өөр боловч байршлын хувьд нэг газар болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Хан-Уул дүүргийн газрын албаны 2011 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 09/119, 09/126 тоот бичиг, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 224 тоот захирамж, 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 192 тоот шаардах хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна” гэжээ. 

Энэхүү шүүхийн шийдвэрээр ийнхүү дүгнэх үндэслэл болсон Хан-Уул дүүргийн Газрын албаны 2011 оны 09/126 дугаар албан бичигт  “Сын ******* хаягтай газар, тухайн маргалдаж байгаа Б.Ц*******гийн Сын 1-40 гэсэн хаягтай газар нь нэг байршил юм”, 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 192 дугаар шаардах хуудаст “11 дүгээр хороо, Зайсангийн 5 дугаар хэсэг, Сын 2--д зөвшөөрөлгүй буусан” гэж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 09/119 дугаар албан бичигт  “Тухайн үед гэрчилгээг гараар бичдэг байсан бөгөөд 1б нь шиг харагдаж байсныг засварлаж албаны тэмдэг дарсан” гэсэн. Энэ нь эдгээр нотлох баримтууд нь нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн, хоорондоо логик холбоогүй, магадгүй санаатай болон санамсаргүй байдлаар алдаатай бичигджээ гэж дүгнэхээр байна. Учир нь дээр дурдсан 09/119 дугаар албан бичигт “Тухайн үед гэрчилгээг гараар бичдэг байсан бөгөөд 1б нь шиг харагдаж байсныг засварлаж албаны тэмдэг дарсан” гэж бичсэн байтал бодит байдал дээр гэрчилгээн дээрх хаягийг “1б”-г “” болгож засварласан байдаг. 

Харин Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 520 дугаар шийдвэрт “Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд бүгд дээрх 2 өөр хаяг бүхий газар нь байршлын хувьд нэг газар мөн болохыг мэдүүлж, хаяг нь 2 өөр байдлаар олгогдсон боловч “маргаан бүхий газар” нь 1 болохыг зөвшөөрч, энэ талаар маргаагүй болно” гэжээ. Энэ нь *******, 2- тоот хаягуудыг 1 газар байна гэж дүгнэсэн явдал биш бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй гэдгийг л дурдсаныг тэмдэглэх нь зүйтэй юм. 

Нэхэмжлэгч Д.Зт олгосон 0183527 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээн  дээрх С ******* гэх хаягийг 2- гэж засварлан дээр нь газрын албаны тэмдэг дарж, эрх бүхий албан тушаалтны ямар нэгэн шийдвэр, тушаал гаргахгүйгээр үнэт цаас болох газар эзэмших эрхийн гэрчилгээг завсарласан нь ойлгомжгүй бөгөөд хэдийгээр газрын албаны тэмдэг дарагдсан хэдий ч үүнийг хууль ёсны дагуу хийгдсэн үйлдэл гэж үзэх дүгнэх боломжгүй байна.

Гуравдагч этгээдийн тайлбар болон хэргийн бусад нөхцөл байдал, хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад болсон үйл явдлыг дараах байдлаар дүгнэж байна. Нэхэмжлэгчийн Сын ******* тоот хаягт эзэмшсэн газар нь ХААИС-ын газартай давхцалтай байсны улмаас Д.З нь захирамжаар олгогдсон газраа бодитоор эзэмших боломжгүй болж, газар эзэмших эрхийн гэрчилгээ нь гарсан боловч олгогдохгүй байжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э иргэн Б.Ц*******тай маргаан бүхий газартай холбоотойгоор 2008 оноос маргаж, газраа булаацалдаж байсан нь прокурорын тогтоол болон эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоор нотлогдож байна. Тиймээс Д.Э, Д.З нар ******* тоот газрыг эзэмшүүлсэн дүүргийн Засаг даргын захирамжийг 2- тоот газрынх гэж, газрын гэрчилгээ, кадастрын зурагт техник алдаа гарсан гэж холбогдох баримтыг бүрдүүлэн Захиргааны болон Иргэний хэргийн шүүхүүдэд нотлох баримтаар өгч Д.Зын талд шүүхийн шийдвэр гаргуулж, Б.Ц*******г маргаан бүхий газраас чөлөөлүүлсэн байна.

Ийнхүү Д.Зын ******* тоотод газар эзэмшүүлсэн захирамж, гэрчилгээг Д.О, Д.Э нар худалдан авч, нэр шилжүүлэн бүртгүүлэхээр болсон бөгөөд Д.Оаас Д.Зт үнийг нь төлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар  тогтоогддог. 

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд “...нэхэмжлэгч Д.Зын газар нь ХААИС-ын газартай давхцалтай гэх үндэслэлээр эзэмших эрхийн гэрчилгээг хурааж аван олгохгүй байсныг Д.Э миний бие хөөцөлдөн авч өгсөн...” гэх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эийн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас ирүүлсэн төлбөр төлсөн баримтаар  тогтоогдож байна. Тус төлбөрийн баримтад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э гарын үсэг зурсан байгааг шүүх анхаарч үзсэн болно. 

Гуравдагч этгээд Д.О нь 2008 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш одоог хүртэл С 2- хаягт бүртгэлтэй байгаа нь, нэхэмжлэгч Д.З нь 2008 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хугацаанд С ******* тоот хаягт бүртгэлтэй байсан нь холбогдох лавлагаагаар  тогтоогдож байна. Маргаан бүхий газрын үзлэгээр С 2-1, 2-2, 2-4 тоот газрууд нь хавтаст хэргийн 81 дүгээр хуудаст авагдсан зураг дээр тодорхойлсны дагуу байрлалтай байхад харин С ******* тоот хаягийг С 2-4 тоот хаягийн баруун талд олгосон байх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. 

Нэхэмжлэгч Д.З маргаан бүхий газарт хэзээ ч амьдарч байгаагүйгээс гадна тус хаягт бүртгэлтэй байгаагүй, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 224 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар нь маргаан бүхий газартай давхцалгүй тул Д.Зын нэр дээр ашиглалтын гэрчилгээ гаргах үндэслэлгүй байна. Бодит байдал дээр Сын 2- тоот хаягт Д.О, Д.Э болон Б.Ц******* нарын хэн нь түрүүлж буусан, амьдарч байсан эсэхийг зөв шударгаар тогтоосны үндсэн дээр хэнд нь ашиглалтын гэрчилгээг гаргаж өгөхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлд Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг заасан бөгөөд 27 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, ... тогтоох”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана”, мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 15.1.1-д “байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, байгаль орчинд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус заажээ.

Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-256 тоот тушаалын Д.Оад холбогдох хэсгийг түдгэлзүүлж, нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж шийдвэрлэв.

Ингэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны 17 дугаар тэмдэглэлийн  7.6-д “хуулийн дагуу зөвшөөрөл аваагүй боловч тусгай хамгаалалттай газар нутагт удаан хугацаагаар суурьшин амьдарч байгаа иргэдийн газар ашиглах эрхийн асуудлыг судалж шийдвэрлэх”-ийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга нарт даалгасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-256 дугаар “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” тушаал гарсныг анхаарах нь зүйтэй юм. Учир нь Хан-Уул дүүргийн 4, 11, Зайсангийн ам, Арцатын ам буюу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд удаан хугацаанд оршин сууж, газар ашиглаж байгаа иргэдийн газрыг бүртгэлжүүлж гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг салбарын сайдын 2015 оны 6 дугаар сарын 12-ний өдөр А/235 дугаар тушаалаар  байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг нь “...удаан хугацаагаар суурьшин амьдарч байгаа иргэдийн газар ашиглах эрхийн асуудлыг судалж шийдвэрлэх” гэсэн Засгийн газраас баримталж буй бодлогод нийцүүлэн ажиллаж, асуудлыг шийдвэрлэх ёстой. 

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд 18******* нэгж талбарын дугаар бүхий иргэн Д.Зт эзэмшүүлсэн газрын кадастрын зураг нь кадастрын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлгүй, өмнө нь хэзээ ч бүртгэлтэй байгаагүй болох нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 1/381 дүгээр албан бичиг , Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны алба 2016 оны 09/574 тоот албан бичиг , 09/1524 тоот албан бичгүүдээр тогтоогдож байна. 

Мөн Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2016 оны 9/1469 дүгээр албан бичигт дурдсанаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Дархан цаазат газар бүхий /Зайсангийн ам/ нутаг дэвсгэрт байх С хэсгийн кадастрын зураг тус албаны мэдээллийн санд бүртгэлгүй байдаг бөгөөд 18******* нэгж талбарын дугаар бүхий кадастрын зураг хэрхэн хийгдэж, газрын албаны мэргэжилтэн, дарга гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан болох нь ойлгомжгүй байна. 

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2008 оны 224 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Дархан цаазат газар бүхий нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгогдсон 237 иргэнээс зөвхөн Д.З 18******* нэгж талбарын дугаар бүхий кадастрын зурагтай, тэр нь мэдээллийн санд байхгүй, хариуцагч Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны алба кадастрын зургийг хэрхэн гаргасан тухайгаа хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа тайлбарлаж чадахгүй байгаагаас дүгнэхэд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.2 “Бичгээр гарсан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй”, 47.1.3 “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж зааснаар 18******* нэгж талбарын дугаар бүхий иргэн Д.Зт эзэмшүүлсэн газрын кадастрын зургийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.11, 106.3.12, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Заас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-256 тоот тушаалын Д.Оад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, С 2- тоот хаягтай газрын гэрчилгээг Д.З надад олгуулахыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-256 тоот тушаалын Д.Оад холбогдох хэсгийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн  107.6-д заасныг баримтлан нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлсний үндсэн дээр хуульд заасан журмын дагуу дахин шинэ акт гаргах замаар энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-256 тоот тушаалын Д.Оад холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2, 47.1.3-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн Д.Зын нэр дээр олгосон, нэгж талбарын 18******* дугаартай кадастрын зургийг илт хууль бус болохыг тогтоосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 70200 төгрөгийг гаргуулж, гуравдагч этгээд Д.Оад олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүл дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Н.ДОЛГОРСҮРЭН