Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 463

 

Б.Тад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 470 дугаар магадлалтай, Б.Тад холбогдох 1709025500402 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганхуягийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Олхонууд овогт Б.Т нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Тыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 91 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Таас 10.797.700 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Лт олгуулах, нэхэмжлэлээс 25.883.450 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “91 хоног” гэснийг “211 хоног” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Г.Ганхуяг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганхуяг гарсан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Хоёр шатны шүүхээс шүүгдэгч Б.Тыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа юм.

1.Шүүхээс шүүгдэгч Б.Тыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо ШШҮХ-ийн шинжээч нарын 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 934 дүгээр дүгнэлтээр "...Талийгаачид учирсан гэмтэл нь амь нас аврагдах боломжгүй, үхэлд хүргэх хүнд гэмтэл" гэснийг үндэслэсэн байна. Түүнчлэн уг 934 дугаартай дүгнэлтээр ШШҮХ-ийн шинжээч эмч Ц.Ганболдын гаргасан 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 79 дугаартай эхний дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн байдаг. 79 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Ц.Ганболдын мэдүүлэг зэргээс үзэхэд “Талийгаачийн толгойд их хэмжээний цус хуралдсанаас шалтгаалж, тархины комд орж нас барсан байна” гэж дүгнэжээ. Гэмтлийн эмнэлэгт талийгаачид хагалгаа хийгээд баруун чамархайн зулай хэсэгт байрлах 10.2х3.7 см хэмжээтэй цус хуралтыг авч, тархины дарагдлыг чөлөөлсөн байдаг. Үүнээс гадна шинжээч эмч Ц.Ганболд мэдүүлэхдээ “Талийгаачид учирсан гэмтэл нь амь нас аврагдах боломжтой эсэхийг тогтоох боломжгүй." гэжээ. Гэтэл 934 дугаартай дүгнэлтээр “Талийгаачид учирсан гэмтэл нь амь нас аврагдах боломжгүй, үхэлд хүргэх хүнд гэмтэл” гэж дүгнэсэн нь дээрхи 2 дүгнэлт хоорондоо зөрүүтэй, аль нь үнэн, аль нь үндэслэлтэй болох нь эргэлзээтэй, нэг нэгийгээ үгүйсгэсэн байдаг.

2.Гэмтлийн эмнэлгийн эмч, гэрч Э.Э мэдүүлэхдээ "Хугацаа алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх нь амь нас аврах ... зэрэгт нөлөөлдөг.” гэжээ. Хэргийн материалаас үзэхэд 2017 оны 12 дугаар сарын 12-ны орой 20.57 цагаас 21.32 цагийн хооронд талийгаач Э.Б нь гэмтэл авсан байх магалдлалтай байдаг. Гэтэл энэ цаг хугацаанаас хойш талийгаач Э.Бийг дараа өдрийн буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны оройг хүртэл түүнд ямар ч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхгүйгээр хэд хэдэн айлаар зөөвөрлөн авч явж байсан. Ингэж цаг хугацаа алдсанаас талийгаач тархины комд орсон, улмаар нэг хоногийн дараа хагалгаанд оруулсан, хагалгаагаар тархины дарагдлыг чөлөөлсөн байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л өргөдөлдөө “...Гэмтлийн эмнэлэгт очиход эмч Энхтүвшин талийгаач Э.Бийг хугацаа алдаж ирсэн байна гэж хэлсэн” гэж бичсэн байсан. Мөн “Ард-17” дэлгүүрийн камерын бичлэгээр шүүгдэгч Т, гэрч Б нар талийгаач Э.Бийг өргөх гээд даахгүй биеийн баруун хэсгээр нь түүнийг унагасан дүрс бичлэг байдаг. Дээрхи үйл баримт, нотлох баримтуудаас үзэхэд талийгаач Э.Б нь хүнд гэмтлийн улмаас нас барсан гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-дахь заалтад зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хэргийн баримтаар шүүгдэгч Б.Тын үйлдэлд хүнийг санаатай алах гэсэн гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр тогтоогдоогүй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Т нь амь хохирогч Э.Бд шууд үхэлд хүргэх хүнд гэмтэл учруулсан болох нь хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч олон удаа зөөвөрлөснөөс үүдэж амь насыг нь аврах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж байгаа боловч тухайн шинжээч нарын өгсөн мэдүүлэг, бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлтүүдээр тухайн үед амь насыг аврах боломжгүй гэмтэл үүссэн байна. Шүүгдэгч Б.Тын үйлдэл болон талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь шууд шалтгаант холбоотой байна. Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага оногдуулсан тул шийтгэх тогтоол болон магадлалыг хэвээр үлдээх саналтай” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганхуягийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Тад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Б.Т нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ард-17” хүнсний дэлгүүрийн орчим хамт архи ууж байсан Э.Бтай маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт цохиж зодсоны улмаас Э.Б нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ухаангүй байдалтай Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн тархины мэс засалд орж, эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, 12 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуульчлагдаагүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганхуягийн гаргасан “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүхэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 102 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 470 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Ганхуягийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                                ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                                ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН                                   

                                                                                                                     Д.ГАНЗОРИГ

                                                                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН