| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2131002870049 |
| Дугаар | 2022/ДШМ/46 |
| Огноо | 2022-08-16 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2022/ДШМ/46
С.*******ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор А.Энхтуяа
нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж шийдвэрлэн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2022/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр С.*******ид холбогдох эрүүгийн 213*******02870049 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
******* ******* овогт *******гийн *******, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн, 30 настай, **эгтэй, *** боловсролтой, **** мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл ***** хамт Улаанбаатар хот, ******* дүүрэг, **** дүгээр хороо ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД: ********/;
Шүүгдэгч С.******* нь 2021 оны 09 дүгээр сарын 15-ны орой 22 цагийн орчим Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумаас Сүхбаатар сумын чиглэлд улсын дугаартай “Тоёота Пробокс” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас Б.гийн жолоодож явсан “Keeway tx-200” маркийн мотоциклийг мөргөн, Б.гийн эрүүл мэндэд нь хүндэвтэр, А. эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: С.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндээд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан шүүгдэгч С.*******ид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэн,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн өдрөөс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлд зааснаар хохирогч Б.д 450,000 төгрөг, А.д 800,000 төгрөг нөхөн төлснийг дурьдаж, хохирогч нар нь өөрт учирсан эмчилгээний цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн, Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг тус бүр нээлттэй үлдээж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.
Прокурор А.Энхтуяа 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай эсэргүүцэлдээ: Шийтгэх тогтоолыг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтанд “ Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн өдрөөс эхлэн тоолсугай” гэж тусгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т заасан “...эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэсэн заалтыг буруу хэрэглэж, хуульд заагаагүй хэлбэрээр буюу тэнссэн хугацаа эхэлсэн үеэс тоолохоор тогтоосон нь үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтанд "... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолж...“ гэсэн зөвтгөсөн өөрчлөлт тус тус оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гээд шүүх хуралдаанд эсэргүүцлээ дэмжиж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүх шүүгдэгч С.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2.2, 2.3-д зааснаар шүүгдэгчид хуульд заасан хорих ялыг 01 жил 06 сарын хугацаагаар оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор эсэргүүцэлдээ: ”...шүүхээс шүүгдэгчид хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасч шийдвэрлэхдээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэн нэмэгдэл ялыг тоолж эхлэх хугацааг тэнссэн үеэс тоолохоор хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтанд "... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолж...“ гэсэн зөвтгөсөн өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
Давж заалдах шатны шүүхээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байхад анхан шатны шүүх хуульд заагаагүй хэлбэрээр буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа юм.
Түүнчлэн дээрх шийтгэх тогтоолын биелэлт буюу шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялын биелэлт, тэнссэн хугацаанд оршин суугаа газар ажил сургуулиа өөрчилсөн нөхцөлд хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсэн боловч шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллах байгууллагыг заагаагүй нь мөн ойлгомжгүй болсон байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Мөн шийтгэх тогтоолд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн мотоциклийн их гэрлийн хагархайг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, түүнийг Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар зааж, түүнийг устгахыг Цагдаагийн газрын эд мөрийн баримтыг устгах комисст даалгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дүгээр заалт, түүнийг дагалдан гарсан Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, бусад үнэ бүхий зүйлийг шүүхэд хүлээн авах, хадгалах, шилжүүлэх, буцаан олгох, устгах журам болон Эрүүгийн хэрэг хөтлөлтийн стандарт зөрчигдөж байгааг анхаарч цаашид энэ төрлийн алдааг давтахгүй байхыг анхааруулав.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2, 5, 8 дахь заалтуудад тус тус өөрчлөлт оруулж, прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/87 дугаартай шийтгэх тогтоолын
2 дахь заалтыг:
“2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/-н сарын хугацаагаар тэнсэж, уг ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,
5 дахь заалтыг:
“5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч С.*******ид оногдуулсан 02 жилийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай” гэж,
8 дахь заалтыг:
“8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар Цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 20-28 СЭЗ улсын дугаар бүхий мотоциклийн урд гэрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүлээн авч устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.
2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ