Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2025/0101

 

 

 

 

 

    2025        01           31                                    128/ШШ2025/0101      

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******    

Хариуцагч: Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.М*******    

Дүгнэлтийн шаардлага: Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.М*******ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай. 

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч Б.С*******, хариуцагч Б.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У******* нар оролцов.       

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Дүгнэлт гаргагчаас “Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.М*******ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлагаар маргаж байна.     

2.Маргааны үйл баримтын талаар дурдвал:     

2.1.Нийтийн тээврийн бодлогын газрын дарга нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож буй ачаа тээврийн авто машинуудад хяналт, шалгалт хийх тухай удирдамж”-ыг баталсан байна.

2.2.Дээрх удирдамж гарсантай холбоотойгоор хэлтсийн дарга нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Автотээврийн хяналтын улсын байцаагч, албан хаагч нарын ажлын хуваарь”-ыг мөн баталжээ.

2.3.Хариуцагч эрх бүхий албан тушаалтан Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.М******* нь дээрх удирдамж, хуваарийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 04-ний Хан-Уул дүүрэгт албан үүрэг гүйцэтгэж, дээрх байдлаар албан үүрэг гүйцэтгэхдээ маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 02******* дугаар шийтгэлийн хуудсыг бичсэн байна.  

2.4.Дээрх шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч Ц.Г*******ийг хяналт, шалгалтаас зайлсхийсэн зөрчлийг гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу 100 нэгж буюу 100,000 /зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.5.Тус шүүх дүгнэлт гаргагчаас “Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.М*******ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий дүгнэлтийг хүлээн авч 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.         

3.Дүгнэлт гаргагч дүгнэлтийн шаардлагын үндэслэлдээ: “Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С******* би, Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.М******* нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд илрүүлсэн "...эрх бүхий албан тушаалтан дохиход зогсоогүй хяналт шалгалтаас зайлсхийсэн." хялбаршуулсан журмаар шалган, гэх зөрчлийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 02******* дугаартай шийтгэлийн хуудсаар Ц.Г*******ийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 100 нэгжээр буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн Н** дугаартай материалыг шалгалтын явцад хянав. Зөрчлийг шалгасан материалд авагдсан, эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэл (1- р хуудас), Ц.Г*******оос 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр холбогдогчоор авсан "...урд яваа тээврийн хэрэгслийг зогс гэж байна гэж ойлгосон..." гэх мэдүүлэг (2-3-р хуудас), эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл (4-р хуудас), 02******* дугаартай шийтгэлийн хуудас (5-р хуудас), Ц.Г*******ийн жолоочийн үнэмлэхийн хуулбар (6-р хуудас) зэрэг баримтаар:

Жолоодох эрхийн үнэмлэхтэй Ц.Г*******ийг тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхад зогсоож чадаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалтад “Хяналт шалгалт” гэж иргэн, хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/, түүнчлэн үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, үзүүлж байгаа ажил, үйлчилгээ хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг дүгнэхэд чиглэсэн хянан шалгах арга хэмжээний цогцолборыг" ойлгохоор заасан байна. Гэвч Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар Ц.Г*******ийг хэзээ, хаана, ямар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхад, аль байгууллагын ямар эрх бүхий, хэн гэдэг албан тушаалтан, ямар үндэслэл шаардлагаар зогсох шаардлага тавьсан нь тодорхойгүй, тогтоогдоогүй байна. 

Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь жолоочийг тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхад "зогс" гэх шаардлагыг биелүүлээгүй үйлдлийг Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд хяналт шалгалтаас зайлсхийсэн гэж дүгнэсэн үндэслэлгүй, улмаар Ц.Г*******т Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй болсон байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна" гэсэн, мөн "Зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн", "Тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байх" гэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, "Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ" гэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон, Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.М*******ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №02******* дугаартай шийтгэлийн хуудсаар Ц.Г*******т Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.  

4.Дүгнэлт гаргагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Эрх бүхий албан тушаалтнаас гаргаж өгсөн 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын сарын 14-нийг хүртэлх хугацаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийх чиг үүрэг байсан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 12 дугаар сарын 04-ний өдөр н.М******* байцаагчийн хуваарьтай байсан нөхцөл байдлыг харуулсан баримтыг хариуцагч гаргаж өгч байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байсныг нотоллоо. Энэ удирдамжийн шалгах ёстой асуудал нь ачаа, түгээлт болон хүргэлтийн автомашинуудыг хөдөлгөөнд оролцож байхад холбогдох хууль болон дүрэмд заасан стандарт шаардлагыг мөрдөж ажиллаж байгаа эсэх дээр хяналт шалгалт хийх байгаад байгаа юм. н.Г*******ийн хувьд ачаа түгээлтийн хүргэлтийн үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тогтоогдох ёстой. Гэтэл н.Г******* гэдэг хүн ямар автомашин жолоодоод байгаа талаар нотлох баримт байхгүй. Эрх бүхий албан тушаалтан өнөөдрийн хурал дээр том ачааны машин байсан гэж байгаа болохоос энэ талаар нотлох баримт байхгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар хяналт шалгалтаас зайлсхийсэн гэдэг байдлаар шийтгэл оногдуулаад байгаа. Төрийн хяналт шалгалтаас зайлсхийхийн тулд хамрагдах үүрэг бүхий этгээд байх ёстой. Н.Г*******ийн хувьд төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд байсан эсэх талаарх нотлох ажиллагаа хийгдээгүй. Тухайн нөхцөлд зам дээр автотээврийн хяналтын улсын байцаагч ч юм уу, байгаль орчны байцаагч юм уу, замын байцаагч зохицуулалт хийж байх эрх хэмжээг замын хөдөлгөөний дүрэмд заасан хэдий ч н.Г*******ийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодоод замын хөдөлгөөнд оролцож байсан иргэн байгаа. Замын хөдөлгөөнд оролцож байхад зогсох дохио өгч байгаа үйлдэл дээр зогсоогүй явж байгаа үйлдэл нь 14.7.23-д заасан цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч шалгаж шийтгэх харьяалалтай зөрчил байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна. н.Г*******ийн хувьд ачаа түгээлтийн үйл ажиллагааг эрхэлдэг этгээд байж байж тэр үйл ажиллагаанд нь холбогдох хууль журмын дагуу явагдаж байгаа эсэх дээр нь хяналт шалгалт хийгдэх нөхцөл байдал байгаа. Гэтэл хяналт шалгалт хийгдэх чиглэл байхгүй байхад урьдчилсан сэргийлэх шалгалтын хүрээнд зогс гэсэн дохиог зөрчсөн гэдгээрээ автотээврийн хяналтын улсын байцаагч шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль тогтоомж хэрэгжээд 7 жил болж байгаа. 7 жилээс өмнө салбар салбарын эрх бүхий албан тушаалтнууд шийтгэл оногдуулаад, шийтгэлээ оногдуулсан хуудасныхаа урд тэмдэглэл прокурорт гомдлоор хянагддаг байсан. Зөрчлийн тухай хууль тогтоомж шинэчлэгдээд энэ салбар, салбарын эрх бүхий албан тушаалтны шийдэж байгаа зөрчил шалгаж шийдвэрлэх ажиллагаа хүний эрхийг зөрчиж үндэслэхгүйгээр шийтгэл оногдуулж байгаа хууль бус үйлдлийг цаг үе нийгэмтэйгээ зохицоод Зөрчлийн тухай хууль тогтоомжид өөрчлөлт орсон. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6.1-т зааснаар эрх бүхий албан тушаалтнаас зөрчил шалгах ажиллагаа явуулахаар бол прокурорын нэгдсэн бүртгэлд заавал бүртгүүлж байх ёстой. Бүртгэлд бүртгүүлээгүй бол хууль бус ажиллагаа учраас бүхэлдээ хүчингүй болоод шийдвэр гаргаж байх ёстой гэдэг байдлаар бүртгүүлээгүй асуудлыг хүртэл хүчингүй болгохоор дүгнэлт прокуророос бичдэг.

Эрх бүхий албан тушаалтнаас энэ зөрчлийн хялбаршуулсан журмаар шалгаад шийтгэл оногдуулж байгаа юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6.1.2-т зааснаар хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэх гурван үндэслэл байх ёстой. Сайн дураараа эрх зөрчил үйлдсэн этгээд зөрчлөө хүлээн зөвшөөрөх ёстой, энэ үндэслэлийн гол суурь болоод байгаа нь зөрчил үйлдэгдсэн нь нотлох баримтаар тогтоогдож байх ёстой, үүний дараа хялбаршуулах ёстой. Мэдүүлэг нь хууль зөрччихсөн, хөтөлсөн, тулгасан, мэдүүлгээс өөр нотлох баримтгүй, үүнийг хүлээн зөвшөөрсөн гэдэг байдлыг хялбаршуулж шийдэж байгаа. Холбогдогчийн хувиас хууль, эрх зүйн мэдлэггүй хүний хувьд тухайн үед зогсоогүй учир 100 мянган төгрөгөө төлсөн үйл баримт байгаа байх. Автотээврийн хяналтын улсын байцаагч замын хөдөлгөөнд оролцож байгаа энгийн тээврийн хэрэгслийг зогсоогүй үйлдлийн төлөө 11.2-т зааснаар шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэшгүй, хууль бус байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд шийтгэл оногдуулах үндэслэлүүдийг тодорхой хуульд заасан. Тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон байх ёстой. Нотлох баримт 4.14.1-т зааснаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдчихсэн байж шийтгэл оногдуулна. Оногдуулж байгаа шийтгэл нь Зөрчлийн тухай хуульд заасан, зөрчил гэж тооцсон энэ үйл баримт дээр шийтгэл оногдуулах энэ хуулийн заалтуудыг зөрчсөн учраас эрх бүхий албан тушаалтны Ц.Г******* гэх иргэнд 11.2-т зааснаар шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.” гэв.

5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр жолооч Ц.Г******* нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Hyundai маркийн HD-270 загварын 6** У** улсын дугаартай ачааны автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ тусгай дуут дохиогоор тоноглогдсон, "АВТО ТЭЭВРИЙН ХЯНАЛТ" гэсэн бичиглэлтэй хяналт, шалгалтын 0** У** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, албаны таних тэмдэг бүхий дүрэмт хувцсаа бүрэн өмсөн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.М*******ийг хяналт, шалгалт хийх зорилгоор тээврийн хэрэгсэл рүү дохиурыг чиглүүлэн зааж зогсох дохио өгөхөд зогсоогүй явсан үйлдэл гаргасан. Автотээврийн хяналтын улсын байцаагч автотээврийн салбарын үйл ажиллагаанд тавих захиргааны хяналтыг хэрэгжүүлэхдээ Автотээврийн тухай хуульд заасны дагуу дор дурдсан эрхийг эдэлдэг.

20.1.Автотээврийн салбарын үйл ажиллагаанд тавих захиргааны хяналтыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, автотээврийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.

22.1.3.хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэхдээ автотээврийн хэрэгслийг түр зогсоож шалгах бөгөөд шаардлагатай гэж үзвэл тухайн автотээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэх, талон, тээвэрлэлтийн баримт бичгийг уг зөрчлийг шийдвэрлэж дуустал түр хураах

22.2. Автотээврийн хяналтын улсын байцаагч нь дүрэмт хувцас, ялгах тэмдэг хэрэглэх бөгөөд хянан шалгах үүргээ гүйцэтгэхэд шаардагдах техник хэрэгслээр хангагдана. Жолооч нь Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу дор дурдах үүргийг хүлээдэг.

3.3. Зохицуулагч, цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа, автотээврийн болон байгаль орчны хяналтын улсын байцаагч энэ дүрмийн 8.16-д заасны дагуу зогсох дохио өгвөл жолооч тээврийн хэрэгслээ зогсоож, энэ дүрмийн 3.1, 3.2-т заасан бичиг баримт болон шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл, тээж яваа ачаа, бусад зүйлийг зохих журмын дагуу шалгуулна. Тайлбар: Дээр дурдсан эрх бүхий ажилтан тухайн жолоочийн хүсэлтийн дагуу түүнд албаны үнэмлэхээ үзүүлэх үүрэгтэй.

8.16. Зохицуулагч дохиураа (эсхүл гараараа) тээврийн хэрэгсэл рүү чиглүүлэн зааж дохих, эсхүл чанга яригч хэрэгслээр шаардвал уг тээврийн хэрэгслийн жолооч зохицуулагчийн заасан газарт буюу замын тухайн хэсэгт бусдын хөдөлгөөнд саад болохооргүй тохиромжтой байрлал сонгож зогсоно.

3.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримттай байна:

а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй);

6/ тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ;

в/ жолоочийн даатгалын баталгаа;

г/ холбогдох хууль, эрх зүйн актад заасан ачааны болон бусад баримт бичиг

д/ «Тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн» таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл жолоодоход тулгуур эрхтний бэрхшээлтэйг нотлох бичиг баримт.

3.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт олон улсын хөдөлгөөнд оролцох механиюксан тээврийн хэрэгсэл нь тухайн бүртгэсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна жолооч нь дараахь бичиг баримттай байна:

а/ замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ;

6/ Монгол Улсын хилээр тухайн тээврийн хэрэгслийг түр хугацаагаар нэвтрүүлсэн тухай гаалийн байгууллагын тэмдэглэгээ бүхий баримт

в/ Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримт бичиг.

Тайлбар: Тээврийн хэрэгслийн ялгах тэмдэг нь бүртгэлийн дугаарын тэмдэг дотор байж болно. Hyundai маркийн HD-270 загварын 6** У** улсын дугаартай ачааны автомашины жолооч Ц.Г*** нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ зөрчин Автотээврийн хяналтын улсын байцаагчийг дохиураа тээврийн хэрэгсэл рүү чиглүүлэн зааж дохиход зогсоогүй цааш явсан үйлдэл гаргасан, энэ үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг эсэргүүцээгүй, зөвшөөрсөн, маргаан үүсгээгүй тул хялбаршуулсан журмаар хянаж гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1. дэх хэсгийн 1.1-т хяналт шалгалтаас зайлсхийсэн; бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, торгоно. гэж заасныг үндэслэн хариуцлага тооцсон нь үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.   

6.Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний хувьд хянан шалгалтын ажлыг зохион байгуулахдаа удирдамжийн дагуу Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хуулиас урьдчилан сэргийлэх зорилгоор гэж удирдамж гаргадаг. Удирдамж дээр ийм зөрчилтэй тээврийн хэрэгслүүдийг зогсоогоод шалгая гэж гаргадаггүй. Бид нар замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийг гаднаас нь хараад тухайн тээврийн хэрэгсэл зөрчилгүй гэдэг нь зарим нь гэрэл дохиогоороо илт мэдэгдэнэ, зарим нь мэдэгддэггүй учраас зогсоогоод шалгадаг. Тухайн тээврийн хэрэгслийг шалгахад бүхээгтэй, чиргүүлтэй тээврийн хэрэгсэл байсан. Прокурорын хэлж байгаагаар тухайн тээврийн хэрэгсэл ямар нэгэн борлуулалт, түгээлтэд явсан, яваагүй гэдэг асуудал ярьж байна. Тухайн үед би хялбаршуулсан журмаар асуудлыг шийдвэрлэхдээ тухайн холбогдогчоос мэдүүлгийг аваад, та тухайн үед ингээд явж байсан, эрх бүхий албан тушаалтны дохиогоор яагаад зогсоогүй гэдэн байдлаар асуултаа асуугаад тухайн хүн зөвшөөрсөн учраас хялбаршуулсан журмаар шийдэх боломжтой гэж үзсэн. Удирдамжийн дагуу тэвштэй бүх тээврийн хэрэгслийг шалгаад явна гэж заасан байгаа. Амьжиргаанаас эхлээд бүх тээврийн хэрэгслийн шалгадаг.” гэв.   

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дүгнэлт гаргагч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч дүгнэлт гаргагчийн дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

2.Дүгнэлт гаргагчаас “... Хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь маргаан бүхий шийтгэлийг хуудсаар холбогдогчийг торгохдоо Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг зөрчсөн тул шийтгэлийн хуудас хүчингүй болох үндэслэлтэй.” гэж, Хариуцагчаас “...Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогч нь өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн учир зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, уг ажиллагаа нь холбогдох хууль, тогтоомж зөрчсөн зүйл байхгүй шийтгэлийн хуудас үндэслэлтэй.” гэж тус тус маргажээ.

3.Дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гаас Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.М*******ид холбогдуулан “Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.М*******ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийн шаардлага гаргасан бөгөөд шүүх дээрх шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

4.Нийтийн тээврийн бодлогын газрын дарга нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Нийслэлийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож буй ачаа тээврийн авто машинуудад хяналт, шалгалт хийх тухай удирдамж”-ыг баталсан байна.

5.Дээрх удирдамж гарсантай холбоотойгоор хэлтсийн дарга нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Автотээврийн хяналтын улсын байцаагч, албан хаагч нарын ажлын хуваарь”-ыг мөн баталжээ.

6.Хариуцагч эрх бүхий албан тушаалтан Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.М******* нь дээрх удирдамж, хуваарийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 04-ний Хан-Уул дүүрэгт албан үүрэг гүйцэтгэж, дээрх байдлаар албан үүрэг гүйцэтгэхдээ маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 02******* дугаар шийтгэлийн хуудсыг бичсэн байна.   

7.Дээрх шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч Ц.Г*******ийг хяналт, шалгалтаас зайлсхийсэн зөрчлийг гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу 100 нэгж буюу 100,000 /зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

8.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл.“Хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журам”, 5.1.“Хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэж ангилна.”, 5.2.“Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:” 5.2.4.“шалгалтын хүрээ, шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, объектын нэр;” гэж тус тус заажээ.

9.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, орон нутагт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийхээр байх бөгөөд удирдамжтайгаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн хяналт шалгалтыг шалгуулагч объектыг тодорхойлон хийхээр байна.

10.Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч нь нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн удирдамжтайгаар Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээврийн үйлчилгээ эрхлэн явуулж буй 694 иргэн, 5802 аж ахуй нэгж, байгууллагуудын тээврийн хэрэгсэл болон жолоо нарын хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг явуулсан нь  Төрийн хяналт шалгалтын хуулийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

11.Автотээврийн тухай хуулийн 20 дугаар зүйл.“Тээвэрлэлтийн үйл ажиллагаанд төрийн хяналтыг хэрэгжүүлэх тогтолцоо”, 20.1.“Автотээврийн салбарын үйл ажиллагаанд тавих захиргааны хяналтыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, автотээврийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.”, 20.2.Автотээврийн салбарт захиргааны хяналтыг хэрэгжүүлэх байгууллага, улсын байцаагч нь автотээврийн үйлчилгээнд мөрдөж байгаа хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын биелэлтэд хяналт тавьж, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, буруутай үйлдлийг илрүүлж таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авах үүрэгтэй ажиллана.”, 22 дугаар зүйл.“Автотээврийн хяналтын улсын байцаагчийн эрх”, 22.1.“Автотээврийн хяналтын улсын байцаагч нь дараахь эрх эдэлнэ:”, 22.1.1.“энэ хуулийн 21-д заасан чиглэлийн дагуу хяналт, шалгалт хийж захиргааны хяналтыг хэрэгжүүлэх;.”, 22.1.3.“хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэхдээ автотээврийн хэрэгслийг түр зогсоож шалгах бөгөөд шаардлагатай гэж үзвэл тухайн автотээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэх, талон, тээвэрлэлтийн баримт бичгийг уг зөрчлийг шийдвэрлэж дуустал түр хураах;” гэж тус тус заажээ.

12.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, автотээврийн хяналтын улсын байцаагч нь автотээврийн үйлчилгээнд мөрдөж байгаа хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмын биелэлтэд хяналт тавьж, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, буруутай үйлдлийг илрүүлж таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авах үүрэгтэй байна энэ үүргээ хэрэгжүүлэхдээ автотээврийн хэрэгслийг түр зогсоож шалгах бөгөөд шаардлагатай гэж үзвэл тухайн автотээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэх, талон, тээвэрлэлтийн баримт бичгийг уг зөрчлийг шийдвэрлэж дуустал түр хураах эрхтэй байна.

13.Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйл.“Төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчих”, 1.“Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд:”, 1.1.“хяналт шалгалтаас зайлсхийсэн;”,1.2.“дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.

14.Хуулийн дээрх заалтаас үзвэл, хяналт шалгалтаас зайлсхийсэн хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгохоор байна.

15.Зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаанд зөрчлийн холбогдогч Ц.Г******* өгсөн тайлбартаа “...Асуулт:2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 10:24 минутад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 6** У** улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий албан тушаалтан зогс гэж дохиход яагаад зогсоогүй вэ? гэхэд. Хариулт:Урд яваа тээврийн хэрэгслийг зогс гэж байна гэж ойлгосон. Асуулт:Таны жолоодож явсан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцож байхад ойлгомжтой урд зогсож байхад танд ойлгомжгүй байна уу. Хариулт:Үгүй зогсох гэж байгаад зогсож амжаагүй явсан. Асуулт:Цагдаагийн албан хаагч, Байгаль орчны улсын байцаагч, Автотээврийн хяналтын улсын байцаагч дохиход зогсож тээврийн хэрэгслийн бичиг баримт, мөн өөрийн жолооны үнэмлэхээ шалгуулах үүрэгтэйг мэдэх үү. Хариулт:Мэднэ миний буруу, дахиж ийм зөрчил гаргахгүй. Асуулт:Та зогсоогүй явсан нь хяналт шалгалтаас зайлсхийсэн гэдгээ ойлгож байна уу. Хариулт:Тийм.” гэжээ.

16.Зөрчлийн холбогдогч Ц.Г******* нь маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан 100,000 төгрөгийн торгуулийг холбогдох дансанд нь төлсөн байна.

17.Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, зөрчлийн холбогдогч Ц.Г******* нь хяналт шалгалтаас зайлсхийсэн зөрчлийг гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

18.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйл.“Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх”, 1.“Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ:”, 1.2.“зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол;” гэж зааснаас үзвэл, зөрчлийн холбогдогч нь зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болохоор байна.

19.Маргаан бүхий тохиолдолд, зөрчлийн холбогдогч Ц.Г******* нь зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болох нь зөрчлийн холбогдогч тайлбар, торгуулийг төлсөн дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актаар шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.

20.Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гаас Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.М*******ид холбогдуулан гаргасан “Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.М*******ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гаас Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.М*******ид холбогдуулан гаргасан “Нийтийн тээврийн бодлогын газрын автотээврийн хяналтын улсын байцаагч Б.М*******ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.   

2.Прокурор нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.    

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ГАНБАТ