Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 150

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Урангуа,

Улсын яллагч Н.Дамбадаржаа,

Шүүгдэгч Т.А, түүний өмгөөлөгч А.А,

Хохирогч Э.Т, түүний өмгөөлөгч Г.С нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймагт төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, ах, дүү нарын хамт улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т.А /РД:......../.

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т.А нь 2017 оны 12 дугаар сарын 10-наас 2017 оны 12 дугаар сарын 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сии” баарны гадна иргэн Э.Т-ын толгой руу пивоны шил болон гараараа тус бүр 2 удаа  цохиж биемахбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.А мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар үнэн зөвөөр ярьсан учраас шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хохирогчид 800,000 төгрөгийн хохирол төлсөн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Т мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө найз Л, Д, Г нарын хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Си нэртэй бааранд орсон. Тамхи татахаар гадаа гартал танидаг дүү Балжид нь хажуудаа нэг охинтой хамт зогсож байсан ба хоёр охин нэг залуутай муудалцсан байдалтай зогсож байсан. Би очоод Балжидад “наадах чинь жаахан хүүхдүүд байна явъя битгий хэрүүл уруул хийгээд бай явъя” гэж хэлээд явах гэтэл тэр хоёр охин Балжидтай хэрүүл уруул хийгээд байхлаар нь би тэр залууд хандаж “чи эрэгтэй юм байж наад хоёр хүүхдээ аваад яваач” гэж хэлээд Б-ыг дагуулаад баарлуу алхаж байтал араас нөгөө залуу барьж зогсож байсан пивоны шилээр толгойн тус газар нэг удаа эргэж хартал толгойн духны хэсэгт нэг удаа цохиод зугатаахаар нь барьж авсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн” гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч Э.Т мэдүүлэхдээ:  “2017 оны 12 дугаар сарын 10-ны орой 23 цагийн орчим найз Лхагважав, Дагва-Очир, Гантүшиг нарын хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Си нэртэй бааранд орсон. Бааранд ороод нэг нэг пиво уусан. Бааранд байж байгаад би тамхилах гээд 02 цаг өнгөрч байх үеэр гартал баарны үүдний баруун талд миний танидаг дүү Балжид нь хажуудаа нэг охинтой хамт зогсож байсан ба хоёр охин нэг залуутай муудалцсан байдалтай зогсож байсан. Би очоод Балжидад “наадах чинь жаахан хүүхдүүд байна явъя битгий хэрүүл уруул хийгээд бай явъя” гэж хэлээд явах гэтэл тэр хоёр охин Балжидтай хэрүүл уруул хийгээд байхлаар нь би тэр залууд хандаж “чи эрэгтэй юм байж наад хоёр хүүхдээ аваад яваач” гэж хэлээд Балжидыг дагуулаад баарлуу алхаж байтал араас нөгөө залуу барьж зогсож байсан пивоны шилээр толгойн тус газар нэг удаа эргэж хартал толгойн духны хэсэгт нэг удаа цохитол шил нь хагарсан. Би түүнийг бариад автал тэр залуугаа гар хөлөөрөө нүүрлүү цохиж байгаад зугатаагаад явчихсан. Би хамт явж байсан охиныг барьж аваад “намайг цохисон залуу хаана байна” гэхэд машинд суучихсан байгаа гээд зааж өгсөн. Би түүний сууж байсан машин дээр очоод “гараад ир” гэхэд урдаас салаавч өгөөд том дуугараад чадахгүй пизда минь гээд байсан. Удалгүй тэр залуу машинаас буугаад ирсэн. Би тэр залуутай “яаж байгаан” гээд зогсож байтал тэр залуу гар алдуулаад зугатаасан. Би араас нь хөөгөөд дэгээдэж унагаагаад барьж авсан. Тэгээд баарны урд талын Түц налуулаад тэр залууг зогсоож байсан. Балжидаар цагдаа дуудуулсан. Мөн Балжидаар бааранд байсан хоёр найзыгаа дуудуулсан. Удалгүй найз охин Гантүшиг, Дагва-Очир, Лхагважав нар гарч ирсэн... ” гэжээ. /хх 6-7/

 

Дахин байцаалтад хохирогч Э.Т мэдүүлэхдээ: “...Би биедээ гэмтэл авсанаас хойш шүдний дэлгэмэл зураг 20.000 төгрөг, Шүүх шинжилгээний хүрээлэнд дүгнэлт гаргуулахад 8,000 төгрөг, толгойны зураг авахуулахад 120,000 төгрөг, нүүрний зураг авахуулахад 60,000 төгрөг болсон одоо цаашид үүдний шүдээ эмчилгээ буюу эмплант хийлгэхэд 2,000,000 төгрөгөөр хийлгэнэ тэгэхээр эмчилгээний мөнгөө гаргасан зардалтайгаа нэхэмжилж байна.Эмчилгээний мөнгө болон хохирлоо барагдуулах юм бол гомдол санал байхгүй...” гэжээ. /хх 35/

 

Гэрч А.Б мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны орой найз Гэрлээтэй хамт Си нэртэй бааранд орсон. Уг бааранд ороод сууж байгаад бүжиглэж байх үедээ үл таних нэг охинтой маргалдсан. Тэр охинтой хамт баарнаас гараад баарны үүдэнд маргалдаад зогссон. Тухайн үед тэр охинтой хамт бас нэг охин, нэг залуу явж байсан. Гэрлээ удалгүй баарнаас гараад ирсэн. Тухайн үед 02 цаг өнгөрч байсан юм. Тэр бааранд хуурай ах Э.Т тааралдсан байсан. тэгээд нөгөө охинтой маргалдаад байж байтал Туруунболд ах хүрч ирээд надтай маргалдаж байсан охинтой хамт байсан залууг “чи энэ хоёр найзыгаа авч яв” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу Т-д ахтай маргалдаад байсан. тэр залуу нилээн согтуу байсан ба гартаа пивоны шил барьчихсан пиво ууж байсан. тэгээд ах Туруунболд намайг оръё гээд дагуулаад баарлуу алхах үед Т ахын араас нөгөө залуу барьж байсан пивоны шилээр толгойруу нь цохичихоод зугатаасан. Т-д араас нь хөөгөөд барьж авч ирсэн. Тэгж байтал Т-д ахын найз охин хүрч ирээд нэг юм газраас аваад тэр залууруу шидчихсэн. Тэр зүйл нь тэр залуугийн баруун талын шанааны хэсэгт оносон. Яг юу авч шидсэнийг анзаараагүй. Удалгүй цагдаа нар хүрч ирээд тэд нарыг аваад явсан...” гэжээ./хх 12/

 

Насанд хүрээгүй гэрч Б.Г мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 10-ны орой 23 цагийн үед найз залуу Т, найз Лхагважав, Дагва-Очир нарын хамтаар Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Си нэртэй бааранд орсон. Тус бааранд ороод надаас бусад нь нэг нэг шил пиво уусан. 02 цаг өнгөрч байх үеэр найз залуу Т тамхи татахаар баарнаас гарсан. Би бааранд хоёр найзтайгаа хамт байж байтал Т-ын танил дүү Балжид орж ирээд “Т-д хүнд цохиулчихлаа” гэж хэлсэн. Би баарнаас гүйгээд гартал баарны үүдэнд байдаг түцний дэргэд Туруунболд нэг танихгүй залууг хувцаснаас нь зуураад бариад зогсож байсан. Т-ын нүүр царай нь битүү цус болчихсон, цамц нь цус болчихсон байсан. Би айж уйлаад эхлээд залууг өшиглөх гэж оролдоход Т-д намайг цохиулаагүй. Би тэгэхээр нь газарт байсан хагархай шилийг аваад тэр залууруу шидсэн боловч тэр залуу бултаад түцний хана оносон. Тэгж байтал удалгүй цагдаа ирсэн...” /хх 13/

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаартай дүгнэлт: 1. Э.Т-н биед тархи доргилт, дух, уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн дээд 1-р шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 20 хуу/

 

Томографийн шинжилгээ /хх 21/

Хохирлын нийт 208,000 төгрөгийн баримтууд /хх 28-30/

Иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41, 40/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Т.А нь 2017 оны 12 дугаар сарын 10-наас 2017 оны 12 дугаар сарын 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Си” баарны гадна иргэн Э.Т толгой руу пивоны шил болон гараараа тус бүр 2 удаа  цохиж биемахбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд хохирогч Э.Т /хх 6-7/, /хх 35/, гэрч А.Б /хх 12/, насанд хүрээгүй гэрч Б.Г /хх 13/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 105 дугаартай дүгнэлт /хх 20/, томографийн шинжилгээ /хх 21/, хохирлын нийт 178,000 төгрөгийн баримтууд /хх 28-30/, иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 41, 40/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлууд нотлогдсон байх тул шүүгдэгч Т.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Т.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид баримтаар нэхэмжилсэн төлбөрийг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           

            Шүүхээс шүүгдэгч Т.А торгох ялыг 2018 оны 6 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тогтоосон ба торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхаарууллаа.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 800,000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдав.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А нь торгох ялыг 2018 оны 6 дугаар сарын 01-ний дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 800,000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

 

            5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            6. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.А урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                      ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ