Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2019/ДШМ/79

 

Д.Туяа, Д.Энхбаатар, Б.Баяндэлгэр, Д.Ганбат

С.Атарсайхан, С.Нарангэрэл, Б.Сампилноров нарт

 холбогдох  эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                     Б.Батзориг

Шүүгчид                Г.Давааренчин                                  

     Д.Буянжаргал

   Оролцогчид

Прокурор                                Г.Энхмаа

 Шүүгдэгч                              С.Атарсайхан

Шүүгдэгч                              Б.Сампилноров

Шүүгдэгч                              Д.Туяа                                  

Шүүгдэгчийн өмгөөлөгч      Т.Батчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч      С.Сувдаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч      Ч.Мөнгөнцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 199 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дамдинжамцын Туяа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иөншөөбү овогт Доржготовын Энхбаатар, Хошууд овогт Бардуугийн Баяндэлгэр, Боржигон овогт Дэрэмийн Ганбат, Дархчууд овогт Сүхбаатарын Атарсайхан, Дархчууд овогт Сүхбаатарын Нарангэрэл, Харган овогт Баатарын Сампилноров нарт холбогдох эрүүгийн 1832000590139 дугаартай,  3 хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

-Монгол Улсын иргэн, 1968 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, Бэлтгэл судлал мэргэжилтэй, “Шижир хишиг” нөхөрлөлийн ахлагч ажилтай, Сэлэнгэ аймгийн Мандал сум Баянсуудал 3-р баг Рашаантын 28 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дамдинжамцын Туяа./РД:МР68081703/

-Монгол Улсын иргэн 1971 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сум 7-р баг Нарангийн 4 тоотод оршин суух хаягтай, у3,1,25,лсаас авсан гавъяа шагналгүй,бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Иеншөөбү овогт Доржготовын Энхбаатар. /РД: МЭ71071777/

-Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал 3-р баг 1 Хараагийн 25 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хошууд овогт Бардуугийн Баяндэлгэр. /РД: 0076011777/

-Монгол Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Тарни 8-р баг Шивэрт гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дэрэмийн Ганбат.  /РД: МЭ73060675/

-Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо 10-84 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МБ:84082315/ Дархчууд овогт Сүхбаатарын Атарсайхан.

-Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р баг 3-р хэсэг 10-03 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Дархчууд овогт Сүхбаатарын Нарангэрэл.  /РД: МБ82122232/

-Монгол Улсын иргэн, 1980 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг Тээрмийн 01-06 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Харган овогт Баатарын Сампилноров.  /РД: НХ80011818/

Яллагдагч Д.Туяа нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргатай 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ”-ний 3.1.4 дэх хэсэгт заасан “гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөлийн гишүүн бус этгээдийг ажиллуулахгүй байх” гэсэн заалт буюу хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нэр бүхий нөхөрлөлийн бус иргэдээр хууль бусаар ашигт малтмал олборлуулж ашиг олох зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг Ноёт-Уул гэх газарт байрлах “Шижир хишиг” нөхөрлөлийн бичил уурхайд нэвтрүүлж, уурхайд хууль бусаар нөхөрлөлийн бус иргэд тэсэлгээ хийлгэсний улмаас 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б.Анхбаяр, Л.Батбаяр нар чулуун нурангид дарагдаж нас барсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Яллагдагч Д.Энхбаатар, Д.Ганбат, Б.Баяндэпгэр, С.Атарсайхан,  С.Нарангэрэл, Б.Сампилноров нар нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь хэсэгт заасан “тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг хувь хүн олж авах, худалдах, хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах” гэсэн заалтыг зөрчиж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Д.Ганбат, Б.Баяндэлгэр нартай бүлэглэн хууль бусаар олж аван, нэр бүхий нөхөрлөлийн бус иргэдтэй нийлж, хууль бусаар ашигт малтмал олборлож ашиг олох зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутагт Ноёт-Уул гэх газарт байрлах “Шижир хишиг” нөхөрлөлийн бичил уурхайд тэсэлгээ хийлгэсний улмаас 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Б.Анхбаяр, Л.Батбаяр нар чулуун нурангид дарагдаж нас барсан гэх гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх Д.Туяа, Д.Энхбаатар, Б.Баяндэлгэр, Д.Ганбат, С.Атарсайхан, С.Нарангэрэл, Б.Сампилноров нарт холбогдох хэргийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 199 дугаартай шүүгчийн захирамжаар:

-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дамдинжамцын Туяа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иөншөөбү овогт Доржготовын Энхбаатар, Хошууд овогт Бардуугийн Баяндэлгэр, Боржигон овогт Дэрэмийн Ганбат, Дархчууд овогт Сүхбаатарын Атарсайхан, Дархчууд овогт Сүхбаатарын Нарангэрэл, Харган овогт Баатарын Сампилноров нарт холбогдох 1832000590139 дугаартай эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт буцааж,

-хэргийг прокурорт очтол Д.Туяа, Д.Энхбаатар, Б.Баяндэлгэр, Д.Ганбат, С.Атарсайхан, С.Нарангэрэл, Б.Сампилноров нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаартай прокурорын эсэргүүцэлд: Сэлэнгэ Мандал  сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр яллагдагч Д.Туяа, Д.Энхбаатар Б.Баяндэлгэр, Д.Ганбат, С.Атарсайхан, С.Нарангэрэл, Б.Сампилноров нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, Ц.Баасанжав, С,Сувдаа, Ч.Мөнгөнцэцэг, С.Оюунцэцэг нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсэн хэлэлцүүлэг явуулж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шийдвэрийг гаргасан. Шүүгчийн захирамжийн үндэслэл нь: “...Тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих, тэдгээрийн хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааг хангах, хууль бус хэрэглээг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заажээ. Өөрөөр хэлбэл Яллагдагч Д.Энхбаатар, Б.Баяндэлгэр, Д.Ганбат С.Атарсайхан, С.Нарангэрэл, Б.Сампилноров нарыг прокурорын зүгээс буруутгаж яллаж буй дээрхи хуулиудад тэсэрч дэлбэрэх бодисын талаар “Үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, мөн Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис” гэж тус тус хэрэглээ, зориулалт, шинж чанараар нь өөр өөр нэр томъёогоор хуульчилан заажээ. Иймд яллагдагч Д.Энхбаатар, Б.Баяндэлгэр, Д.Ганбат, С.Атарсайхан, С.Нарангэрэл, Б.Сампилноров нарын тухайн хэрэг болох үед олж авсан, хэрэглэсэн гэх тэсэрч дэлбэрэх бодис нь яг ямар бодис байсан, мөн байлдааны зориулалтгай, үйлдвэрлэлийн зориулалттай аль нь болох, түүний шинж чанар, бүтэц, тэсрэх нөхцөл яаж бүрэж бий болдог /тэсэлгээ хийхэд ямар ямар эд зүйл шаардлагатай/, хэрхэн яаж ажиллуулж тэсэлгээ хийгддэгийг холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нарийн тогтоолгох шаардлагатай ба үүнтэй уялдуулан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго гэм буруугийн хэлбэр, яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг тогтоох зэрэг мөрдөн шалгаж ажиллагааг гүйцэтгэсний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ...” гэсэн байна.

 Шүүгчийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэн дараах тайлбарыг гаргав. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд тэсэрч дэлбэрэх бодис эд мөрийн баримтаар тооцож хураан аваагүй, мөн тухайн үед “Шижир хишиг” нөхөрлөлд ажиллаж байсан иргэд тэсэлгээ хийсэн талаар мэдүүлээгүй зэргээс дүгнэхэд Шижир хишиг нөхөрлөлд яг ямар нэр төрлийн тэсэлгээний бодис хэрэглэсэн болохыг тогтоох, үүнийг нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Яллагдагч Д.Знхбаатар, Б.Баяндэлгэр, Д.Ганбат, С.Атарсайхан, С.Нарангэрэл, Б.Сампилноров нар нь ашигт малтмал олборлох зорилгоор тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар олж авсан, ашигласан болох нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан Онцгой байдлын ерөнхий газар уул уурхайн аврах ангийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №174 дугаартай “Тэсэрч дэлбэрэх бодис ашигласан тухай” шинжээчийн дүгнэлт, Гэрч А.Нямдаваагийн “...Энхбаатар ах түүний бригадын хүмүүс болон Д.Туяа эгч тэсэлгээ хийсэн гэж битгий хэлээрэй. Эгч нь угаасаа дууслаа дээр нь тэсэлгээ хийсэн гээд эгчид нь нэмэгдэж магадгүй битгий хэлээрэй гэж хэлсэн. Уг нь Энхбаатарын бригад тэсэлгээ хийсэн юм...” гэсэн мэдүүлэг, М.Дуламсүрэнгийн “...2019 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө харин тэсэлгээ хийж байгаа сонсогдож, доргиж мэдрэгдэж байсан. Өглөө нь Г.Мөнхбат ах Энхбаатарт хэлсэн чинь нэг их тоохгүй байсан...” гэсэн мэдүүлэг, Ж.Баярсайханы “...Очироо гэх хүн тухайн тэсэлгээний бодисны хугацаа нь дууссан тэсрэх юм болов уу даа гэж байсан. Тэгсэн Л.Батбаяр, С.Атарсайхан нар Зүүнхараад очсоны дараа энэ бодис чинь тэсэрсэнгүй дахиад олоод өгөөч гэж байсан...” гэсэн мэдүүлэг, Д.Эрдэнэцогтын “...Нүхнээс 3 залуу гарч ирээд тэгээд төд удалгүй бүүр доор тэсэрч байгаа бололтой чимээ сонсодож байсан...” гэсэн мэдүүлэг, Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “...3 гэсэн дугаартай С.Нарангэрэлийг зааж 2018 оны 04 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 03 цагийн орчимд тэсэлгээ хийсэн хүн байна бусад 2 хүнийг нь байгаа эсэхийг мэдэхгүй байна... тэсэлгээний бодис ороосон гэх 2 дугаартай Б.Сампилноров гэх хүн байсан гэж зааж байв..." гэсэн тэмдэглэл болон яллагдагч нарын өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон Анхан шатны шүүх хэргийн дээрх нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр гагцхүү тэсэрч дэлбэрэх бодисыг хэн тэсэлсэн, хаанаас хэнээс олж авсан асуудалд үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь үндэслэлгүй байна. Яллагдагч Д.Энхбаатар, Б.Баяндэлгэр, Д.Ганбат, С.Атарсайхан, С.Нарангэрэл, Б.Сампилноров нар нь мөрдөн байцаалтын шатанд тэсэрч дэлбэрэх бодис олж авах, худалдан борлуулах, ашиглах эрхгүй болох нь тогтоогдсон. Мөн тэдний гэмт хэрэг үйлдсэн санаа сэдэлт зорилго нь ашигт малтмал олборлох зорилготой байсан ба ингэхдээ бичил уурхайд Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” журмын 3.2.7. тэсэлгээний ажлыг тэсэлгээний ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх гэсэн журмыг зөрчиж тэсэлгээ хийсний улмаас буюу болгоомжгүйгээр 2 хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Иймд яллагдагч Д.Туяа, Д.Энхбаатар, Б.Баяндэлгэр, Д.Ганбат, С.Атарсайхан, С.Нарангэрэл, Б.Сампилноров нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн №199 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлэл бичив.гэжээ.

Шүүгдэгч Д.Туяа давж заалдах шатны шүүх хуралдаанд аргасан тайлбартаа: Манай уурхайд хоёр хүний амь хохирсонд би үнэхээр их харамсаж байна. Засаг даргын байгуулсан гэрээний 3.1.4-д бичил уурхай нөхөрлөлийн бус этгээдийг уурхайп оруулсан гэж ял өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ хэрэгт хэн нь ямар оролцоотой, хэн нь тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэсэн эсэх, хэн хэнийх нь оролцоог нарийн тогтоогоогүй бүгдийг нь хамруулан буруутган зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй юу гэсэн өмгөөлөгчийн хувьд саналтай байна. Анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Сувдаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн гэмт хэргийг хэн  үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, нотлогдвол зохих зүйл зэрэг нь нотлогдоогүй байна. Иймд шүүгчийн захирамж үндэслэлтэй учир прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй гэсэн саналтай байна гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Батчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 20.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар тэсэрч дэлбэрэх бодис нь аль төрөлд хамаарч байгаа, ямар хор аюулын шиж чанартай зэрэг ажлуудыг тодруулах шаардлагатай гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: ...Хэргийн газрын үзлэгт хийхэд тухайн тэсэрч дэлбэрэх бодисыг эд мөрийн баримтаар хураан аваагүй, одоо тэсэрч дэлбэрэх бодис нь ямар зориулалтай вэ гэдгийг тогтоогоогүй нөхцөл байдалтай. Үүнийг нөхөн гүйцэтгэх боломжгүй. Прокуророос буруутгаж буй гол үндэслэл нь тэсэрч дэлбэрэх бодис дэлбэрснээс болж хоёр хүний амь нас хохирсон. Буруутгаж байгаа хүмүүсийн захиргааны хэм хэмжээ болон хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь нас хохирсон. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.Энхбаатар, Б.Баяндэлгэр, Д.Ганбат, С.Атарсайхан, С.Нарангэрэл, Б.Сампилноров нар нь мөрдөн байцаалтын шатанд тэсэрч дэлбэрэх бодисыг олж авсан, ашиглах эрхгүй этгээд гэдэг нь тогтоогдсон. Тэсэрч дэлбэрэх бодисыг ямар зорилгоор авсан бэ гэхээр ашигт малтмал олборлох зорилгоор тухайн бодисыг авсан болох нь тогтоогддог. Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа тэсэлгээний ажлыг тухайн ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлнэ гэсэн заалтыг зөрчсөн нөхцөл байдал харагддаг. Өөрсдөө хууль бусаар тэсэрч дэлбэрэх бодисыг олж аваад тэсэлгээний ажил хийн, хүний амь нас хохирсон нөхцөл байдал үүссэн учир, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хэргийг шинжлэн судлаад шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 08 длугаар сарын 07-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцлийн дагуу Д.Туяа, Д.Энхбаатар, Б.Баяндэлгэр, Д.Ганбат, С.Атарсайхан, С.Нарангэрэл, Б.Сампилноров нарт холбогдох эрүүгийн 1932000590139 дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэстэй, захирамжинд заасан ажиллагааг зохих хуулийн дагуу явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотловол зохих байдлуудыг тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл яллагдагч нарын тухайн хэрэг болоход тэсэлсэн гэх тэсэрч дэлбэрэх бодис нь ямар зориулалтай  ямар бодис байсан, хэрхэн тэсэлдэг, тэсэлгээ хийхэд ямар нэмэлт зүйл шаардлагатай болохыг холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоох нь зайлшгүй ач холбогдолтой, хэрэгт тэсэрч дэлбэрэх бодис эд мөрийн баримтаар хураагдаагүй хэдий ч энэ байдлыг хэргийн материал болон яллагдагч, гэрч нарын мэдүүлэгт тулгуурлан тогтоох боломжтой байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д заасан хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээний дагуу яллагдагч нарын хэрэгт шүүгчийн захирамжинд заасан үндэслэлээс гадна дор дурьдсан ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай гэж үзлээ.

Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1-д ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ... гэсэн заалтыг зөрчиж шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай ямар нэгэн эрх зүйн актгүйгээр Онцгой байдлын ерөнхий газар уул уурхайн аврах ангийн захирагч хурандаа Г.Буянтогтох нь 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 174 тоот “тэсэрч дэлбэрэх бодис ашигласан тухай” дүгнэлт /1-р хавтас,181-182 хуудас/ гаргасан байх ба уг дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байх тул дээрхи зөрчлийг арилгаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байна.

Уг шинжээчийн дүгнэлт нь шинжилгээ хийлгэх эрх зүйн актгүйгээр гарсанаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2, 27.4, 27.6 дугаар зүйлүүдэд заасан хуулийн заалтуудыг зөрчиж гаргасан дүгнэлт болохыг дурьдах нь зүйтэй.

Түүнчлэн яллагдагч нарт холбогдох хэрэгт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа зөрчигдсөн эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж, хөдөлмөр хамгаалалын улсын байцаагч С.Баяраа дүгнэлт /1-р хавтас,173-176 хуудас/ гаргасан байх ба уг дүгнэлт нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх эсэх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаарх шинжээчийн дүгнэлт нь яллагдагч нарын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэлтэй хамааралтай эсэх талаар зайлшгүй дүгнэлт хийх шаарлагатай гэж үзлээ.

Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 199 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын  2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 05 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газарт очтол Д.Туяа, Д.Энхбаатар, Б.Баяндэлгэр, Д.Ганбат, С.Атарсайхан, С.Нарангэрэл, Б.Сампилноров нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                       Д.БУЯНЖАРГАЛ