| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2025/0032/З |
| Дугаар | 128/ШШ2025/0138 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2025/0138
2025 02 17 128/ШШ2025/0138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ө*******” ХХК
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Х*******
Хариуцагч: Сангийн сайд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.А*******, Д.Г*******
Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” 1** дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Г*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А*******, Д.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс “Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” 1** дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтыг дурдвал
2.1.Нэхэмжлэгч “Ө*******” ХХК-ийн захирал Ч.Ч*******ыг үргэлжилсэн үйлдлээр Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан ЭМ дугаартай тендерт 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр оролцохдоо эрх олгосон баримт бичиг буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт баригдсан 5 давхар 10 айлын “Б*******” орон сууцыг барьж ашиглалтад оруулсан гэх улсын комиссын акт хуурамчаар үйлдэн ашигласан, мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн засварын ажлын ДУАОНӨ*******дугаартай тендерт 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр оролцохдоо хуурамч НӨАТ-ын баримт ашигласан болохыг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШТ/2** дүгээр шийтгэх тогтоолоор тогтоожээ.
2.2.Дээрх шийтгэх тогтоолоор үндэслэн Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “хяналт шалгалтын тухай” 0* дугаар дүгнэлтийг бичсэн байна.
2.3.Нэхэмжлэгч “Ө*******” ХХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.10 дахь хэсэгт зааснаар дээрх дүгнэлтэд гомдол гаргаагүй байх бөгөөд дүгнэлт хүчин төгөлдөр болсон байна.
2.4.Хариуцагч Сангийн яамны 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Хариу өгөх тухай” 02******* дугаар албан бичигт:“... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас “Ө*******” ХХК-тай холбогдуулан 2024 оны 02 дугаартай дүгнэлтийг гаргасан бөгөөд дээрх хуулийн 56 дугаар зүйлийн 56.10 дахь хэсэгт зааснаар тус компани улсын байцаагчийн дүгнэлттэй холбоотойгоор худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гомдол гаргах боломжит ажлын 10 өдөр, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2 дахь хэсэгт зааснаар гомдол хянан шийдвэрлэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргах боломжтой гурван сарын хугацаа дуусгавар болж уг асуудлаар гомдол, маргаан үүсэх боломжтой хугацаа дуусгавар болсон тул худалдан авах ажиллагааны улсын байцаагч хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.1 дэх заалтад зааснаар тус компанийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлснээр 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1** дугаар тушаалаар тус компанийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад гурван жилийн хугацаагаар бүртгэсэн болно.” гэжээ.
2.5.Тус шүүх “Ө*******” ХХК-аас гаргасан “Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” 1** дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлээр Сангийн сайдад холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын байцаагчийн саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор аж ахуй эрхлэгчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад гурван жилийн хугацаагаар бүртгэх шийдвэрийг гаргана"-гэж заасан. Манай компанийг хянан шалгасан улсын байцаагчийн дүгнэлт 2024 оны 01 сарын 26-ны өдөр гарсан боловч тухайн дүгнэлт гарснаас хойш 9 сарын дараа "Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай" 1** дугаартай тушаал гаргасан нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д "Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно" гэж заасан бөгөөд захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хуулиар тогтоосон хугацааг зөрчих нь эрх зүйн зөрчилд хамаардаг тул дээрх Сангийн сайдын тушаалын хавсралт хэсгээс манай компанид холбогдох хэсэг нь эрх зүйн зөрчилтэй захиргааны актад хамаарахаар байна. Энэхүү эрх зүйн зөрчилтэй захиргааны актаас хамаарч манай компанийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, худалдан авах ажиллагаанд оролцох боломжгүй болсон тул Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн "Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай" 1** дугаартай тушаалын хавсралт хэсгээс манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл барилга барих, барилгын засварын ажил хийж гүйцэтгэх чиглэлээр ажиллаад нийтдээ 32 удаагийн тендер шалгарч шалгарч тендерийнхээ ажлыг стандартын дагуу гүйцэтгээд Улсын комисст хүлээлгэж өгсөн. Улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0* дугаартай дүгнэлтэд дурдагдаад байгаа 2 тендерийн тухайд ажлаа бүрэн хийж гүйцэтгээд ашиглалтад өгчихсөн, ашиглагч компаниас доголдол, чанарын шаардлагын талаар ямар нэгэн шаардлага, албан бичгийг ирүүлж байгаагүй. Сангийн яамны тушаал болон байцаагчийн дүгнэлтэд шалгарсан тендерийн ажлаа дутуу хийсэн талаар дурдаагүй. Өөрөөр хэлбэл шалгарсан тендертээ хийж гүйцэтгэх ёстой ажлаа бүрэн хийсэн, энэ асуудлаар талууд маргадаггүй. Манай зүгээс 2 үндэслэлээр маргадаг. Нэгдүгээрт эрүүгийн журмаар хариуцлага хүлээчихсэн байхад нэмж жагсаалтад бүртгэж байгаа нь өөрөө үндэслэлгүй гэдэг байдлаар маргаж байгаа.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн56 дугаар зүйлийн 56.5.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2** дугаартай шийтгэх тогтоол гарчихсан. Уг шийтгэх тогтоолд заасны дагуу нэхэмжлэгч компани нь хариуцлагаа хүлээгээд торгуулиа төлчихсөн. Мөн хэргийн улмаас учирсан хохирол тогтоогдоогүй талаар шүүхийн шийдвэрт тодорхой дурдсан байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 56.6 дахь хэсэгт улсын байцаагчийн бүрэн эрхийг тусгасан байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 56.6 дахь хэсэгт заасан улсын байцаагчийн бүрэн эрхэд эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах, хууль зөрчсөн зөрчлийг арилгах, хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлт гаргаж эрх бүхий байгууллагад нь хүргүүлэх, гэрээний үүргийн гүйцэтгэлд гарсан алдааг залруулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх гурван бүрэн эрхийг тусгачихсан байгаа. Энэ гурван бүрэн эрхийг уншаад үзэхээр улсын байцаагч нь хяналт шалгалт явуулаад эдгээрийн аль нэгийг нь гаргах ёстой гэдэг агуулга харагдаад байгаа. Уг хэргийн тухайд улсын байцаагч хяналт шалгалт хийхээс нь өмнө Дархан-Уул аймагт уг хэргийг нь шалгаад хариуцлага хүлээлгэх шийдвэр гарч хариуцлагыг нь хүлээлгэж, биелүүлсэн ажиллагаа болсон байгаа.Процессын хувьд өрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 56.6 дахь хэсэгт заасан дүгнэлтийг улсын байцаагч гаргах ёстой байсан боловч дүгнэлт гарахаас нь өмнө Дархан-Уул аймагт тухайн хэргийг нь шалгаад ийм нөхцөл байдал үүсчихсэн байгаа буюу процессын хувьд түрүүлээд явчихсан боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 56.6.2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авагдах ёстой байсан. Эрүүгийн хуулийн 6.1.4 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарласнаас бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй , 1.3 дугаар зүйлд шударга ёсны зарчим, 1.5 дахь хэсэгт нь нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэж заасан байна. Өөрөөр хэлбэл хууль зөрчсөн үйлдэлдээ хариуцлагаа хүлээж дуусгавар болсон байхад холбогдуулаад нэмээд гурван жилийн хугацаагаар эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх хариуцлага оногдуулж байгаа нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль зөрчсөн үйлдэл болж байна гэж үзэж байна.
Захиргааны акт захиран тушаасан агуулгатай байдаг учраас иргэдийн эрх ашгийг ямар нэгэн байдлаар заавал хөндөж байдаг. Иймд захиргаа, иргэдийн эрх чөлөө, эд хөрөнгөд зөвхөн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд халдах ёстой буюу хуулиар зөвшөөрөөгүй бүхнийг хориглоно гэдэг зарчим захиргааны үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа. Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.2 шуурхай тасралтгүй байх, 4.2.4 үр нөлөөтэй байх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг нь тусгасан. Үүний дагуу Монгол Улсын Сангийн сайдын маргаж байгаа 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай 1** дугаар тушаал хуульд нийцсэн байх ёстой. Эдгээрийг зөрчих ёсгүй, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн байвал сайдын 1** дугаартай тушаал эрх зүйн зөрчилтэй хүчингүй болох захиргааны акт болгох ёстой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт байцаагчийн саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор аж ахуй эрхлэгч тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад 3 жилийн хугацаагаар бүртгэнэ гэж байгаа. 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0* дугаартай дүгнэлтийн дүгнэх хэсгийн 3.2 дахь хэсэгт төрийн захиргааны төр байгууллагад хүргүүлж байна гэж дурдсан байна. Өөрөөр хэлбэл байцаагчийн дүгнэлт гарсан даруйд Сангийн яаманд хүргэгдсэн.
Сангийн яам захиргааны байгууллага нь үйл ажиллагаанд баримтлах шуурхай, тасралтгүй байх зарчим болон 56.8 дахь хэсэгт заасан ажлын 15 хоногийн хугацааны дотор буюу 2024 оны 02 дугаар сард уг шийдвэрийг гаргах ёстой байсан. Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад 3 жилийн хугацаагаар бүртгэхэд Сангийн сайдын тушаал гарснаас хойш 3 жилийн хугацааг тоолох үр дагавартай. Гэтэл Сангийн сайд 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гарсан дүгнэлтээ үндэслээд 2024 оны 10 дугаар сарын 17-нд буюу 9 сарын дараа тушаал гаргаж байгаа нь хуульд заасан хугацааг зөрчсөн, нэхэмжлэгч этгээдийн эрх зүйн байдлыг нь дордуулсан, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл гэж харж байна. Захиргааны байгууллагад холбогдуулаад гомдол гаргаж байгаа этгээд гомдол гаргах хугацаандаа гомдлоо гаргаагүй бол гомдол гаргах эрх нь дуусгавар болдог шиг энэ нөхцөл байдал ч захиргааны байгууллага хуульд заасан хугацаандаа тушаал гаргаагүй байгаа учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах тухай хуулийн 56.8 дахь хэсэгт заасныг үндэслээд Сангийн сайдын 1** дугаартай тушаалын “Ө*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Ө*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн сайдад холбогдох захиргааны хэрэгт "Монгол Улсын Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1** дугаартай "Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай" тушаалын хавсралт хэсгээс өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
"Ө*******" ХХК-ийг Дархан-Уул аймгийн орон нутгийн өмчийн газраас зарласан ЭМ дугаартай "Эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөл /Дархан-Уул, Хонгор сум/ болон ДУАОНӨГ******* дугаартай "Хүүхдийн эмнэлгийн их засвар /Нэгдсэн эмнэлэг/" гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцохдоо хуурамч баримт бичиг ирүүлснийг шүүхээс тогтоосон гэх мэдээллийн дагуу Худалдан авах ажиллагааны улсын байцаагч хяналт шалгалтын ажиллагаа явуулж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтад заасан нөхцөл үүссэн болохыг 2024 оны 02 дугаартай дүгнэлтээр тогтоосон. Худалдан авах ажиллагааны байцаагчийн дээрх дүгнэлт хүчин төгөлдөр байгаа бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.1 дэх заалтад "энэ хуулийн 56.5-д заасан тохиолдолд оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах;" гэж, мөн зүйлийн 56.8 дахь хэсэгт "Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын байцаагчийн саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор аж ахуй эрхлэгчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад гурван жилийн хугацаагаар бүртгэх шийдвэрийг гаргана." гэж тус тус заасны дагуу тушаал гаргаж тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн.
Түүнчлэн Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1** дугаартай "Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай" тушаалтай холбогдуулан нэхэмжлэгч этгээдээс Сангийн сайдад гомдол гаргалгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана" гэж заасны дагуу шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байгааг анхаарч үзнэ үү. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.5-д заасны дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь өөрөө тухайн хуулийн 56.5-д заасан нөхцөл байдал үүссэн эсэх дээр дүгнэлт гаргадаг. Уг дүгнэлт гаргаж байгаа зорилго нь нийтийн өмч хөрөнгө буюу татвар төлөгчдийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авахад хариуцлагатай, чадавх бүхий компаниудыг сонгон шалгаруулах үндсэн гол зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд дүгнэлтийг гаргадаг. Нэхэмжлэгч компани нь уг шаардлагад нийцэхгүй байсан талаарх дүгнэлтийг улсын байцаагч гаргасан. Уг дүгнэлттэй холбогдуулж нэхэмжлэгчээс маргасан зүйл байдаггүй буюу тухайн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Тухайн дүгнэлтийг үндэслээд Сангийн сайд тухайн компаниудын эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлах зорилготой тушаал гаргадаг. Энэхүү зорилгынхоо хүрээнд гаргасан нэхэмжлэгчид холбогдох хэсэг ч зорилгодоо нийцсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Гардуулсан, хугацаа хэтэрсэнтэй холбоотой асуудалтай холбоотой нотлох баримт хариуцагч талд байхгүй байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Нэхэмжлэгчээс “... Гаргасан зөрчилдөө нэхэмжлэгч компанийн захирал эрүүгийн хариуцлага хүлээсэн байхад давхардуулан компанийг тендерт оролцох эрхийг хязгаарласан нь үндэслэлгүй мөн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул маргаан бүхий захиргааны акт үндэслэлгүй.” гэж, хариуцагчаас “... Нэг зөрчилд давхардуулан шийтгэл оногдуулсан зүйл байхгүй.Учир нь нэхэмжлэгч компанийн захирал нь нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн үйлдэлдээ Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээсэн.Харин компани нь тендерийн хуулийг зөрчиж хуурамч нотлох баримт үйлдэн тендерт оролцсон үйлдэлдээ тендерийн хуулийн дагуу тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан нь үндэслэлтэй.Мөн Тендерийн хуульд хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргах хугацааг нарийвчлан зохицуулаагүй тул улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээж аваад маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хууль зөрчөөгүй.” гэж тус тус маргажээ.
3.Нэхэмжлэгч “Ө*******” ХХК-аас хариуцагч Сангийн сайдад холбогдуулан “Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” 1** дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
4.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.“Улсын байцаагч оролцогчтой холбоотой дараах нөхцөлийн талаар дүгнэлт гаргана:”, 56.5.1.“худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн;” гэж заажээ.
5.Хуулийн дээрх заалтаас үзвэл, тендерт оролцогч нь ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг бүрдүүлэн оролцсон нь тогтоогдвол энэ талаар улсын байцаагч дүгнэлт бичихээр байна.
6.Нэхэмжлэгч “Ө*******” ХХК-ийн захирал Ч.Ч*******ыг үргэлжилсэн үйлдлээр Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан ЭМ дугаартай тендерт 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр оролцохдоо эрх олгосон баримт бичиг буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багт баригдсан 5 давхар 10 айлын “Б*******” орон сууцыг барьж ашиглалтад оруулсан гэх улсын комиссын акт хуурамчаар үйлдэн ашигласан, мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн засварын ажлын ДУАОНӨ*******дугаартай тендерт 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр оролцохдоо хуурамч НӨАТ-ын баримт ашигласан болохыг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШТ/2** дүгээр шийтгэх тогтоолоор тогтоожээ.
7.Дээрх шийтгэх тогтоолоор үндэслэн Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “хяналт шалгалтын тухай” 0* дугаар дүгнэлтийг бичсэн байна.
8.Уг дүгнэлтэд “... ДҮГНЭХ НЬ: 3.Хяналт шалгалтын хүрээнд тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн дараах дүгнэлт гаргаж байна.
3.1.“Ө*******” ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож байна.
3.2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 56 дугаар зүйлийн 56.6.1 дэх үндэслэн “Ө*******” ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг санхүү, төвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүрүүлж байна.
3.3.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 56 дугаар зүйлийн 56.10 дахь хэсэгт зааснаар энэ дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо ажлын 10 өдрийн дотор худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гаргах эрхтэй.” гэжээ.
9.Нэхэмжлэгч “Ө*******” ХХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.10 дахь хэсэгт зааснаар дээрх дүгнэлтэд гомдол гаргаагүй байх бөгөөд дүгнэлт хүчин төгөлдөр болсон байна.
10.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.“Улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 56.6.1.“энэ хуулийн 56.5-д заасан тохиолдолд оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах;”, 56.8.“Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн улсын байцаагчийн саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор аж ахуй эрхлэгчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад гурван жилийн хугацаагаар бүртгэх шийдвэрийг гаргана.” гэж тус тус заажээ.
11.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, улсын байцаагч нь хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг зөрчсөн тендерт оролцогчийг тендерт шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах эрхтэй байх бөгөөд Сангийн сайд улсын байцаагчийн саналыг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор жагсаалтад гурван жилийн хугацаагаар бүртгэх шийдвэрийг гаргахаар байна.
12.Маргаан бүхий тохиолдолд, улсын байцаагч нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар дүгнэлт гарсантай холбоотойгоор нэхэмжлэгч “Ө*******” ХХК-ийг тендерт шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгүүлэх саналыг хариуцагч Сангийн сайдад хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч нь маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1** дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэжээ.
13.Хариуцагч Сангийн яамны 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Хариу өгөх тухай” 02******* дугаар албан бичигт:“... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас “Ө*******” ХХК-тай холбогдуулан 2024 оны 02 дугаартай дүгнэлтийг гаргасан бөгөөд дээрх хуулийн 56 дугаар зүйлийн 56.10 дахь хэсэгт зааснаар тус компани улсын байцаагчийн дүгнэлттэй холбоотойгоор худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гомдол гаргах боломжит ажлын 10 өдөр, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2 дахь хэсэгт зааснаар гомдол хянан шийдвэрлэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргах боломжтой гурван сарын хугацаа дуусгавар болж уг асуудлаар гомдол, маргаан үүсэх боломжтой хугацаа дуусгавар болсон тул худалдан авах ажиллагааны улсын байцаагч хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.1 дэх заалтад зааснаар тус компанийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлснээр 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар тушаалаар тус компанийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад гурван жилийн хугацаагаар бүртгэсэн болно.” гэжээ.
14.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6.1-д худалдан авах ажиллагааны улсын байцаагч төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд санал гаргах хугацааг тодорхой тогтоож хуульчлаагүй байх бөгөөд Сангийн яамны 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02******* дугаар албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгч “Ө*******” ХХК-д улсын байцаагчийн дүгнэлтэд гомдол гаргах боломжоор хангасан гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.
15.Дээрхээс дүгнэвэл, худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн саналыг үндэслэн гаргасан маргаан бүхий Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1** дугаартай тушаалын нэхэмжлэгч “Ө*******” ХХК-д холбогдох хэсэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
16.Нэхэмжлэгч компанийн захирлаар ажиллаж байсан Ч.Ч******* нь нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн үйлдэлдээ Эрүүгийн хуульд заасан хариуцлага, нэхэмжлэгч “Ө*******” ХХК нь тендерт оролцохдоо хуурамч нотлох баримт ашиглан оролцсон үйлдэлдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд хариуцлагыг тус тус хүлээж байгаа нь нэг зөрчилд давхардуулан шийтгэл оногдуулсан гэх үндэслэлд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.
17.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Ө*******” ХХК-аас хариуцагч Сангийн сайдад холбогдуулан гаргасан “Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” 1** дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.6.1, 56.8-д заасныг тус тус баримтлан “Ө*******” ХХК-аас хариуцагч Сангийн сайдад холбогдуулан гаргасан “Сангийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх тухай” 1** дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ