| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2018/0030/э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2018-03-21 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 34
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Улсын яллагч Ц.Сайнхүү
Хохирогч Л.Б, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Иргэний нэхэмжлэгч Д.С
Шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ
Гэрч Г.Б /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овгийн П-н Л-д холбогдох 17160001900054 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, ... өдөр Говь-Алтай аймгийн ... сумд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 2, ээжтэйгээ хамт, Говь-Алтай аймгийн ... оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, сумын алдарт уяач цолтой, Т овогт П-н Л, РД: .... гэв.
П.Л нь 2017 оны 07 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Говь- Алтай аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрт иргэн Л.Б-г зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч П.Л-н 2017 оны 07 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Ц гэх хүний Алтан гадас одонгийн мялаалга наадмаас тарж яваад Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрт иргэн Л.Б-г зодож, түүний эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд шарх, хамрын нуруунд зулгаралт, баруун нүдний болорын мултрал, баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний болор авах мэс заслын дараах байдал, баруун нүдний алимны торлогийн урагдлын дараах сорвижил, баруун нүдний шилэнцэрийн цус хуралт, баруун нүдний хараагүйдэл буюу хөдөлмөрийн чадварыг тогтонги их хэмжээгээр /35-100 хувь/ алдагдуулах гэмтлийн хүнд зэргийн хохирол учруулсан үйлдэл нь хүний хуулиар хамгаалагдсан халдашгүй байх эрхэд халдсан, мөн эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч П.Л гэм буруутай болох нь:
Шүүгдэгч П.Л-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Бид хэд уулзсан. Хөдөө гараад явах гэж байхад бид нар дээр Л.Б ирсэн. Бид нар нэгнийгээ таньдаг болохоор уулзаад зогсож байсан. Архи, ундаагаа Л.Б-т өгчихөөд Т, Б хоёр анх маргалдаж эхэлсэн. Би урд нь мотоцикль дээр гараараа дарсан зогсож байхад Т-г эхнэр нь ирээд дагуулаад явсан. Би Л.Б-ыг чи яагаад ингээд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Л.Б намайг цохиж авахад Ба-тай хоёулаа мотоциклио унагаад зодолдоод Б-ын нүд нь хавдсан байсан. Б тойроод явсан араас нь Ба дагаад явсан. Ба-н эхнэр урд тэр хоёр чинь зодолдоод салахгүй байна гээд араас нь би явж очсон. Намайг очиход Л.Б дээр суучихсан байсан боль яагаад байгаа юм гэхэд босч ирээд намайг цохиж авсан. Л.Б дээшээ гүйгээд явсан. Араас нь чи яаж байгаа юм нүд ийм болчихлоо гээд дуудахад Л.Б эргэж ирээгүй. Эр-тай цуг очиход хашаан дотор үг хэлэхийн зуургүй миний өмнөөс цохиж авсан. Тэгээд миний хоёр нүд хоёулаа хавдаад бид нар зодолдож байхад Ба ирсэн байсан. Үүдэн дээр гараад цусаа угаагаад бид нар явсан. ...Л.Б бид хоёр зодолдож байсан. Араас Ба, Ээ хоёр орж ирсэн. Доор байхад Л.Б нүдэндээ сорив аваагүй байсан. Дээд айлын хашаанд очоод бид хоёр зодолдож байхад нүдэндээ гэмтэл авсан. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хүний нүд ийм болгосондоо гэмшиж байгаа. Мотоциклийн эвдрэлийг хэн учруулсаныг мэдэхгүй байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлж тусалж дэмжиж явна гэж уулзсан байгаа. Хөгшин ээжтэй амьдардаг учраас ялын хэмжээг мөнгөн торгуулиар оногдуулж өгнө үү. ” гэсэн мэдүүлэг,
Л.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг зөв. П.Л, Ээ, С, Т, Т-н эхнэр, Ж-н эхнэр энэ хүмүүстэй уулзсан. Таньдаг хүмүүс байсан учраас зогссон. Өмнө нь Ба-ын аавын наадам болсон байсан болохоор би тэр наадам дээр очиж цол дуудсан. Намайг цол дуудаад өгөөч гэж дуудсан юм. Тэр талаар яриад байж байснаа гэнэт Т согтуурхаад байсан. Тэгэхээр нь би ахын дүү боль юу болсон юм гэсэн чинь чи хэзээ ах болчихсон юм гэсэн. П.Л миний өмнө архи бариад зогсож байсан. Чи тийм том юм уу гээд тал талаас эд нар дайрсан. Араас нэг нь цохиод авахаар нь урд байсан П.Л-ийг цохисон. Мотоцикль дээр байж байхад эд нар тал талаас цохисон. Мотоциклиос татаж унагаасан. Би мотоциклиос унаад зугтсан. Тэгэхэд хоёр удаа зугтсан. Мотоциклиос унаад зугтаж байхад араас Ж хөөгөөд бариад авсан. Би зодолдмооргүй байна гэсэн. Ж миний хөлнөөс зуураад тавиагүй. Тэгээд Л, Ээ хоёр ирсэн, би саарал футволктой явсан. Ээ миний футволкны араас боогоод хойш нь татаж унагасан. Тэнд хэсэг эд нар хэсэг намайг зодсон. Араас футволкноос боогоод оёдол нь сэтэрсэн байгаа. Хэсэг ухаан балартаад босоод ирсэн П.Л миний өмнө зогсож байсан. Өмнө нь байгаа хүнээ цохичихоод би дээшээ зугтсан. Зугтаад сумын захиргааны араар гараад зугтаж байгаад эргээд харахад эд нар мотоцикльтой хөөгөөд ирж байсан. Орох газар байхгүй би гүйгээд эцээд зодолдох сөхөөгүй болсон. Тэгээд амиа хамгаалахын тулд онгорхой байгаа айлын хашаа руу орсон. Араас мотоцикльтой айлын хашаа руу орж ирсэн. Би цаад өөд нь зугтаж гарах гэж оролдсон. Гүйгээд эцсэн байсан тул хашаа руу гарч чадаагүй баригдсан. Тэгээд эд нар хэсэг хугацаанд нүд чихгүй нүдсэн. Эн багшийн залуу гарч ирээд болиоч хүн аллаа гээд салгасан. Би босч ирээд өндийгөөд ирэхэд бас нэг хүн өшиглөсөн. Тэр хүн өшиглөсөн миний нэг нүд харахгүй хавдсан байсан. Ахиад бас өшиглөсөн тэгээд нүүр, нүд, хамар амнаас цус гоожоод салсан. Цаашид нөхөн төлөгдөхгүй боломжгүй эрүүл мэндээрээ хохирсон учраас гомдолтой байна. Намайг хохироосон хүмүүс эмчилгээний зардал өгсөн. Үүнээс хойш байнга эмнэлгийн хяналтанд байх ёстой, эмчилгээнд явах ёстой гэж олон удаа хэлсэн. Намайг хохироосон ч гэсэн цаашид эмчилгээ хийлгэх, туслалцаа үзүүлэх бодолгүй байгаа юм шиг санагдсан. Одоогийн байдлаар хэрэглэсэн эм бүтээгдэхүүн, уламжлал, анагаах ухаанаар эмчлүүлсэн зардал нотлох баримтын хүрээнд 3.828.868 төгрөгийн зардал гарсан байгаа. Надад 5.000.000 төгрөгийг Ба шилжүүлсэн, 500.000 төгрөгийг Эр шилжүүлсэн. Мотоциклийн эвдрэл шүүгдэгчид хамааралгүй. Ж, Т, Л эрэгтэйчүүд нь намайг хөөгөөд явсан. Мотоциклийн эвдрэлийг би хувьдаа эмэгтэйчүүд учруулсан байх гэж бодож байгаа. Ба-н эхнэр, Т-н эхнэр нар үлдсэн тэд нар учруулсан байх... Сая уулзаад хохирол төлнө цаашид гарах эмчилгээний асуудал дээр тусалж дэмжинэ гэж хэлсэн. Хохиролд 6.000.000 төгрөг өгнө гээд одоо шилжүүлж өгч байгаа. Цаашид эмчилгээнд явахад байнга тусална гэж хэлж байна. Энэ хүний ялаас хөнгөлж торгуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Д.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “7 дугаар сарын 24-ний өдрөөс 7 дугаар сарын 25-нд шилжих шөнө байсан байх би тэр өдөр дуудлагад явж байсан. Тэгээд гэртээ унтаж байхад шөнийн 00 цаг өнгөрөөд миний утас дуугарсан, утсаа авахад манай багийн эмч Л.Б залгаад дүүг нь алах нь гээд дуудлага өгсөн. Чи хаана байгаа юм бэ гэхэд би захиргааны хашааны энд байна гэсэн дуудлага надад өгсөн. Очоод үзэхэд Л.Б газар хэвтсэн футволк нь норсон хажууд нь салгасан гээд байгаа гэрчээр орж байгаа Бу, Пү гээд залуу хоёр гурван залуу портерт суулгах гээд байж байсан. Би очоод өөрийнхөө жижиг тэрэгтэй эмнэлэг дээр оруулж ирээд цусыг нь цэвэрлэхэд нүднийхээ дээр язралтай, нүд нь хавдсан тэр орой удаагүй байсан учраас хаагдаагүй байсан. Тэгээд би даралтыг нь үзээд бүх үзлэгээ хийхэд бусад талаас өөрчлөлт байхгүй, хамар, нүд нь тэгшрээд хавдсан нэг талын нүд нь хавдаагүй байсан. Нүдийг нь үзэхэд хүүхэн хараа гэрлийн урвалдаа оролцоод болор нь тухайн үед хэвийн байдалтай байсан. Тэгээд би өвчин намдаагаад эмнэлэг дээр хоночих гээд өглөө дахиад ирээд үзье гэхэд өглөө 5-6 цагийн үед эхнэр нь яриад аваад явсан байсан. Өөрөө эмч хүн юм чинь гайгүй юм байлгүй гэж байтал өдөр манай нэг сувилагч ярьснаа Б-н нүд болохгүй байна гэнээ гэхээр нь дуудаад авч ирээд үзэхэд эвэрлэг нь бүдгэрээд цайрсан байсан тул би яаралтай Улаанбаатар хот явж үзүүл гэсэн зөвлөгөө өгсөн. Тэр үед мотоцикль нь тэнд байсан. Би харанхуй байсан учраас хүнээ аваад явсан. Мотоциклийг нь араас салгасан хоёр банди нь унаж ирээд эмнэлгийн ард талын хашаанд хийсэн байсан. Одоогоор буцааж хэвийн байдалд нь оруулсан гэсэн мэдээ өгөөгүй байгаа. Тухайн үед шөнө байсан. Маргааш өглөө нь үзсэн чинь хойд дугуй нь хагарсан, мотоциклийн толгойг нь хагалсан байсан. 2016 оны 6 сард Эрүүл мэндийн яамнаас манай 6 багийн эмчид өгсөн шинэ мотоцикль байсан. Улсын эд хөрөнгө юм чинь буцааж бүрэн бүтэн хүлээж авъя гэсэн бодолтой байна...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Бу-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Шөнө 1 өнгөрч байхад манай хашаанд 2, 3 хүн чарлалдаад орж ирсэн. Би гайхаад юу болоод байгаа юм бол гээд гарахад хашааны буланд 3 хүн байсан 2 нь зодолдоод байх шиг байсан. Нэг нь салгах гээд үзэж байх шиг байсан. Машинтай хүмүүс ирээд зодолдохоо болиод хашаанаас гарсан. Л.Б гэдэг хүн хашааны буланд доошоо суусан байсан. П.Л гэдэг хүн 2, 3 цохиод авах шиг болсон” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч П.Л-ийн мөрдөн байцаалтын мэдүүлсэн “...Б хашааруу авирах гээд цоройж байсан. Би татаж буулгаад бид 2 хашаанд зодолдсон. Тэгээд зодолдож байхад Ба орж ирээд чи яаж байгаа юм гээд Б-луу хэлэхэд миний нүд ийм болчихлоо гээд нүдээ дараад суугаад байсан... удаан зодолдоогүй Б бид хоёр гар хөлөөрөө цохилцож зодолдсон. Б нүд гээд доошоо суучихсан. Тэгж байтал Ба, Эр нар гаднаас орж ирсэн. Тэгэхээр би цохиод л гэмтэл учруулсан байх. Хүлээн зөвшөөрч байна. Бүлэглэж бол зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх 144-рт/,
Гэрч Л.Г-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 25- ны үдээс орой би хөдөөнөөс ирээд манай дүү Б хүнд зодуулсан гэж мэдсэн. Тэгээд би Б-ын гэрт очтол Ээ, Л хоёр Б-ынд ирсэн тэгээд Л нь би өшиглөсөн гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 70-рт/,
Гэрч Ц.Эр-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б, Ба-д хөөгдсөн байдалтай ертөнцийн зүгээр зүүн хойшоо гүйж явсан... Л гүйгээд хашааруу орсон. Араас нь Ба гүйж ирээд хашааруу орсон. Намайг хашааруу ороход Б нүдээ дараад доошоо суучихсан байсан. Нүднээс цус гарсан гараараа дараад сууж байсан. Тэрийг хараад би хөөё больцгооё. Наадах чинь нүднээс нь цус гарчихаж гээд нөгөө хоёрыгоо дагуулаад гарсан. Би гар хүрээгүй... Ба-тай зууралдаад цохилцсон... Ба нь надтай зэрэг шахам орсон учраас Б-ыг зодсон гэж бодохгүй байна....” гэсэн мэдүүлэг /хх 136-рт/,
Гэрч Ц.Ба-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Б-тай ганцаараа бол цохилцох нь цохилцсон. Нүдрүү нь би цохиогүй... Л, Б нар хашаанд зодолдоод байж байхад би хашааных нь гадаа ирсэн. Тэгээд би хашааруу ороход Б, Л нар зодолдож байсан... Эн-н хашаанд намайг очиход Л Б-тай зодолдоод салж байсан. Тэгэхэд Б нүдээ дарсан байсан. Тэр үед Л л Б-ын нүдэнд гэмтэл учруулсан байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хх 140-рт/,
2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1110 дугаартай шинжээч Т.Номинцэцэг, Т.Чимэг-Очир, М.Энхтайван нарын бүрэлдэхүүнтэй гаргасан “...1. 2. Л.Б-ын биед баруун нүдний зовхинд шарх, хамрын нуруунд зулгаралт, баруун нүдний болорын мултрал, баруун нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний болор авах мэс заслын дараах байдал, баруун нүдний алимны торлогийн урагдлын дараах сорвижил, баруун нүдний шилэнцэрийн цус хуралт, баруун нүдний хараагүйдэл бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. 5. Иргэн Л.Б-ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги их хэмжээгээр /35-100 хувь/ алдагдуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. Нүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр баруун нүдний гэмтлийн дараах хараагүйдэл, торлогийн урагдал, сорвижил, хүүхэн харааны өргөсөл илэрч байна. 7. Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2017.08.08-ны өдөр гаргасан шүүх эмнэлгийн 219 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна. 8. Л.Б-ын ирүүлсэн эмнэлгийн материалд хуучин нүдний гэмтэл болон хараагүй байсан гэх талаар тусгагдаагүй байна...” гэсэн дүгнэлт /хх 122-123-рт/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хх-16-19/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-20-22/, эд мөрийн баримт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
Хохирогч Л.Б-ын өмгөөлөгч Ж.Дорждэрэм нь “...Улсын яллагч Л-ийг хохирогчийн нүдэнд гэмтэл учруулж нүдийг нь сохроход хүргэсэн гэж үзэж байгаа. Нүдийг нь өшиглөхөөс өмнө тухайн нүд хаагдсан байсан. Тэр нь хэргийн материалд хохирогчийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр нотлогдож байгаа. Нүдэнд хүнд зэргийн гэмтэл учрахад бусдын цохисон үйлдэл нөлөөлөхөөр тийм гэмтэл байх магадлалтай...” гэсэн нь Ц.Ба-ын “...Б-тай ганцаараа бол цохилцох нь цохилцсон. Нүдрүү нь би цохиогүй...”, хохирогч Л.Б-ын “...өндийгөөд босоод ирэхэд бас нэг хүн өшиглөсөн тэр нь Л, маргааш өглөө нь Л өөрөө хэлсэн..”, шүүгдэгч П.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Б бид хоёр гар хөлөөрөө цохилцож зодолдсон. Б нүд гээд доошоо суучихсан. Тэгж байтал Ба, Эр нар гаднаас орж ирсэн. Тэгэхээр би цохиод л гэмтэл учруулсан байх” гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байна гэж үзлээ.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Л-ийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч П.Л-ийг дээрх зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч П.Л-ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-ийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч П.Л нь хохирогчид 11.507.000 төгрөг төлсөн байх ба хохирогч Л.Б нь “...хэрэглэсэн эм бүтээгдэхүүн, уламжлалт, анагаах ухаанаар эмчлүүлсэн зардал нотлох баримтын хүрээнд 3.828.868 төгрөгийн зардал гарсан байгаа...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч П.Л-ийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж үзэх үндэслэл болж байна.
Шүүхээс шүүгдэгч П.Л-ийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.
Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хохирогч Л.Б-ын “сая уулзаад хохирол төлнө цаашид гарах эмчилгээний асуудал дээр тусалж дэмжинэ гэж хэлсэн. Хохиролд 6.000.000 төгрөг өгнө гээд одоо шилжүүлж өгч байгаа. Цаашид эмчилгээнд явахад байнга тусална гэж хэлж байна. Энэ хүний ялаас хөнгөлж торгуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэсэн болон хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн “...Энэ хүн хоригдохгүй эрх чөлөөтэй нийгэмшээд байж байх юм бол цаашид гарах хохирогчийн эмчилгээний зардалд нэмэр болох байх гэж бодож байна. Иймд торгуулийн ял оногдуулж цаашид гарах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн хүсэлтийг хангаж мөн шүүгдэгчийн ам бүл 2, хөгшин настай ээжийн хамт амьдардаг зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-д торгуулийн ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.Л нь “мотоциклийн эвдрэлийг хэн учруулсаныг мэдэхгүй байна”, хохирогч Л.Б нь “Мотоциклийн эвдрэлийг би хувьдаа эмэгтэйчүүд учруулсан байх гэж бодож байгаа. Ба-ын эхнэр, Т-н эхнэр нар үлдсэн тэд нар учруулсан байх” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул иргэний нэхэмжлэгч Д.С нь техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр хохирогч Л.Б-ын унаж явсан ногоон өнгийн мотоцикльд учирсан хохирлын 65.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж өгөх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан, шүүгдэгч П.Л нь уг хэргийг согтуугаар үйлдсэн ба Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болон шүүгдэгч П.Л-ийн хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч П.Л нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 11.507.000 төгрөг төлсөн, хохирогч нь хойшид гарах эмчилгээний зардлаа, иргэний нэхэмжлэгч нь гэм буруутай этгээдээс хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус тус нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт П-н Л-ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-ийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.Л-д оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг эхний жил 4.000.000 /дөрвөн сая/, дараагийн 2 жилд тус бүр 3.000.000 /гурван сая/ төгрөгийг тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Л-д танилцуулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөх өнгийн өмд, саарал өнгийн цамцыг устгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч П.Л-ийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч П.Л нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 11.507.000 төгрөг төлсөн, хохирогч нь хойшид гарах эмчилгээний зардлаа, иргэний нэхэмжлэгч нь гэм буруутай этгээдээс хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус тус нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА