Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2019/ДШМ/91

 

Жу Жүнгын /CHO JUNGKEUN/-д холбогдох  

эрүүгийн хэргийн тухай

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч,

Ерөнхий шүүгч                     Б.Батзориг

Шүүгчид               Г.Давааренчин                                  

Д.Буянжаргал

Оролцогчид

Прокурор                                Г.Энхмаа

Хохирогч                                Б.Хулан

Хохирогчийн өмгөөлөгч      Ц.Энхтуяа

Шүүгдэгч                                 Жу Жүнгын

Шүүгдэгчийн өмгөөлөгч      Ц.Батзаяа

Орчуулагч                            Б.Солонго

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдаанаас гаргасан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жу Жүнгынд /CHO JUNGKEUN/ холбогдох эрүүгийн 1932000940125 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн, БНСУ-ын Пусан хотод 1979 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, солонгос хэлний багш мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 8 дугаар гудамжны № 326 тоотод түр оршин сууж байгаа, Солонгос улсын Пусан хотын Сан чан мин 4-504 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ САМ ЮҮК мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд багш ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Жу Жүнгын /СНО JUNGKEUN /РД:70906061113621/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Жу Жүнгын нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Тоёота ланд круйзер 100 маркийн 15-14УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг Хустайн даваа гэх газарт Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1,13.2 /а заалтуудыг зөрчин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалд өөдөөс ирж явсан 66-08 ОРО улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаснаас иргэн Б.Хулан, Ц.Очир, Э.Галсандоной нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Жу Жүнгынд холбогдох хэргийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 125 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Жу Жүнгын /СНО JUNGKEUN/-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Жу Жүнгын /СНО JUNGKEUN/-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Жу Жүнгын /СНО JUNGKEUN/  нь 600000 төгрөгийн торгох ялыг 02 сарын хугацаанд 2 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар Жу Жүнгын /СНО JUNGKEUN/  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

-Хохирогч Б.Хулан, бага насны хохирогч Ц.Очир нар нь 2.078.036 төгрөгийн хохирол нэхэмжилснээс бүрэн хангагдсан, хохирогч Э.Галсандоной нь 2.810.000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс 281.000 төгрөгийн хохирол хангагдаж 2.529.000 төгрөгийн хохирлыг хэлэлцэхгүйгээр орхисон, иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Ауюш нь 5.251.700 төгрөгийн хохирол нэхэмжилснээс 2.560.300 төгрөгийн хохирол хангагдаж 2.691.400 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгосон, иргэний нэхэмжлэгч З.Билгүүн нь 736.000 төгрөгийн хохирол нэхэмжилснээс бүрэн хангагдсан, иргэний нэхэмжлэгч Ө.Зоригтбаатар нь 212.700 төгрөгийн хохирол нэхэмжилснээс бүрэн хангагдсан, иргэний нэхэмжлэгч Хос капитал ХХК нь 8.133.000 төгрөгийн хохирог нэхэмжилснээс бүрэн хангагдсан болохыг тус тус дурьдан, ...Жу Жүнгын /СНО JUNGKEUN/ -д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.Хулан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хохирогч Б.Хулан би Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13ны өдрийн 2019/ШЦГ/125 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Б.Хулан миний бие 2019 оны 05 сарынн 21-ний өдөр Улаанбаатар хотоос Орхон аймагруу орохоор 6608 ОРО дугаартай соната-7 маркийн машинтай Баруунхараа өнгөрөөд явж байхад эсрэг урсгалаас том оврын ачааны машин ирж явсан. Тэгтэл тэр машины араас нэг машин гарч ирээд гүйцэд түрүүлэх үйлдэл хийсэн. Тэгээд маш хүчтэй мөргөлдөх шиг болсон. Ухаан алдсан бололтой нэг сэрэхэд миний хүү хажууд ам нь ангайсан байдалтай ухаангүй байсан. Гэтэл уг ослыг Солонгос улсын иргэн, БНСУ-ын Пусан хотод амьдардаг Жу Жүнгын гэх эрэгтэй хүн үйлдсэн ба жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь тоёота ланд круйзер 100 маркийн 15-14 УНД улсын дугаартай машин байсан. Уг ослын улмаас миний биед зүүн атгаал яс далд сэлтэрсэн хугарал.  баруун доод араа шүдний эмтрэл баруун шилбэ, эрүүнд цус хуралт гэмтэл зэрэг хүндэвтэр гэмтэл, 2 настай хүү Ц.Очирын биед баруун дунд чөмөгний ясны хугарал, тархи доргилт, баруун сарвуунд зулгаралт зэрэг хүндэвтэр гэмтэлүүд тогтоогдсон. Өнөөдөрийн байдлаар хүү бид 2 хоёулаа одоо ч эдгээгүй хүний асаргаанд байна. Би хичээл сургуульдаа явахад бэрхшээлтэй 1 жилийн дараа хадаасаа авхуулна. Хүүг минь харах хүн байхгүй мөн асаргаатай. Мөнхийн эмнэлгийн үүд сахисан л хүмүүс байна. Гэтэл Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх нь хохирогч бидэнд учирсан хохиролыг бодитой тооцож хууль ёсны үнэлэлт дүгнэлт өгөөгүйд маш их гомдолтой байна. Мөн одоо ч хөдөлмөрийн чадвартай болж чадахгүй байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13ны өдрийн 2019/ШЦГ/125 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин анхан шатны шүүх хурлыг хийлгүүлж өгнө үү гээд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2019 оны 05 дугаар сарын 27-нд хагалгаанд ороход намайг жилийн дараа хадаасаа авахуул гэж хэлсэн. Жилийн дараа хадаасаа авахуулахад энэ хүн гараад явчихна. Энэ хэргийн улмаас бүхэл бүтэн нэг гэр бүлийн амьдрал сүйрсэн. Би өөрөө оюутан тул ажил хийх боломжгүй байсан. Харин манай нөхөр ажил хийгээд амьдралаа авч явдаг байсан. Миний гар өвдөөд байхаар нь 2019 оны 09 дүгээр сард эмчид үзүүлэхэд “2 хадаас чинь гарч ирээд мэдрэлийн судсыг чинь дараад байна. Наад хоёрыгоо авахуулахгүй бол гар чинь хөдлөхгүй байнга өвдөнө. Тиймээс авахуулах шаардлагатай” гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 11 дүгээр сарын 13-нд хоёр хадаасаа авахуулсан. Манай хүүхдийн баруун талын хөлний дунд чөмөг нь хугарсан. /хөлнийх нь зургыг харуулав/ Хөл нь дээр, доор болсон бөгөөд алхаж чадахгүй байгаа. Эмч нар манай хүүхдийн өсөлтийн цэгийг дайрсан байж магадгүй тул осолтой гэж хэлсэн. Энэ хүн зөвхөн 600,000 төгрөгөөр торгуулаад өнгөрсөн болохоор анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Нөхөр маань  байнга хүний асрамж, хараа хяналтанд орохоор болчихоод байгаа. Тиймээс нөхөртөө болон хүүхэддээ дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюуш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний гэмтлийг хөнгөн гэж тогтоосон. Нурууны зургаа авахуулахад дискний бэртэлтэй гэж гарсан. Гэмтлээ эмчлүүлсэн боловч ямар ч үр дүн гараагүй. Тиймээс ахин шинжээч томилуулах хүсэлтэй байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...дахин шинжээч томилуулах хүсэлттэй байгааг үндэслээд хэргийг прокурорт буцааж хохирогч нар, иргэний нэхэмжлэгчийн гэмтлийн зэрэг тогтоолгож өгөхийг хүсч байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн хувьд ял шийтгэлийг бага оногдуулсан мөн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэх хоёр үндэслэлээр гомдол гаргасан гэж ойлголоо. Ял шийтгэлийн хувьд анхан шатны шүүх үндэслэлтэй зөв шийдвэрлэсэн. Учир нь шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй, шүүхээс шийдсэн хэмжээнд тухайн шүүх хуралдаанд завсарлага авч бүрэн төлж барагдуулсан зэрэг хувийн байдлуудыг харгалзаад хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд прокурорын саналын дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. ... Хохирогч нарт цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Тиймээс гомдол гаргахаас илүү иргэний журмаар эмчилгээтэй холбоотой баримтуудаа бүрдүүлээд нэхэмжлэл гаргасан бол хохирогч нарын хувьд цаг хожих байсан юм гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч нь үйлдсэн хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, завсарлага авч шүүхээс тогтоосон хохирлыг хохирогч нарт нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял шийтгэлийг оногдуулсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:           

Шүүгдэгч Жу Жүнгын нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Тоёота ланд круйзер 100 маркийн 15-14УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орохоор замын хөдөлгөөнд оролцон явахдаа Сэлэнгэ аймаг Баянгол сумын Баян 2 дугаар багийн нутаг Хустайн даваа гэх газарт Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1,13.2 /а заалтуудыг зөрчин гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ эсрэг урсгалд өөдөөс ирж явсан 66-08 ОРО улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаснаас иргэн Б.Хулан, Ц.Очир, Э.Галсандоной нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэнд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Жу Жүнгын /CHO JUNGKEUN/-ыг дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, түүнийг Монгол Улсын хилээр гаргахыг хориглосон №52 дугаартай захирамжийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дараа хүчингүй болгохоор  тус тус зааж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Хохирогч Б.Хулангийн давж заалдах гомдлын дагуу Жу Жүнгын /CHO JUNGKEUN/-д холбогдох эрүүгийн 1932000940125 дугаартай хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Давж заалдах шатны шүүхэд хохирогч Б.Хулангийн гомдлын үндэслэлийнхээ талаар мэдүүлсэн “...Би 2019 оны 05 дугаар сарын 27-нд хагалгаанд ороход намайг жилийн дараа хадаасаа авахуул гэж хэлсэн. Энэ хэргийн улмаас бүхэл бүтэн нэг гэр бүлийн амьдрал сүйрсэн. Миний гар өвдөөд байхаар нь 2019 оны 09 дүгээр сард эмчид үзүүлэхэд “2 хадаас чинь гарч ирээд мэдрэлийн судсыг чинь дараад байна. Наад хоёрыгоо авахуулахгүй бол гар чинь хөдлөхгүй байнга өвдөнө. Тиймээс авахуулах шаардлагатай” гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 11 дүгээр сарын 13-нд хоёр хадаасаа авахуулсан. Манай хүүхдийн баруун талын хөлний дунд чөмөг нь хугарсан. Хөл нь дээр, доор болсон бөгөөд алхаж чадахгүй байгаа. Эмч нар манай хүүхдийн өсөлтийн цэгийг дайрсан байж магадгүй тул осолтой гэж хэлсэн. Энэ хүн зөвхөн 600,000 төгрөгөөр торгуулаад өнгөрсөн болохоор анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Нөхөр маань байнга хүний асрамж, хараа хяналтанд орохоор болчихоод байгаа. Тиймээс нөхөртөө болон хүүхэддээ дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг,

иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюушийн давж заалдах шатны шүүхэд мэдүүлсэн “...шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний гэмтлийг хөнгөн гэж тогтоосон. Нурууны зургаа авахуулахад дискний бэртэлтэй гэж гарсан. Гэмтлээ эмчлүүлсэн боловч ямар ч үр дүн гараагүй. Тиймээс дахин шинжээч томилуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан хохирогч Б.Хулан болон түүний хүү Ц.Очир, иргэний нэхэмжлэгч Б.Цэнд-Аюуш нарын биед хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэрэгт  дүгнэлт хийж үзэхэд ослын улмаас эдгээр иргэдийн биед учирсан хохиролыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй байж болох нөхцөл байдал байх бөгөөд дээр дурьдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын биед учирсан хохирлыг тогтоох шинжилгээг дахин хийсний эцэст хэргийг шийдвэрлэх нь шүүгдэгч, хохирогч, хэргийн оролцогчдын хэн алины хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой, Эрүүгийн хуулийн зорилго болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Жу Жүнгын /CHO JUNGKEUN/-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                            Г.ДАВААРЕНЧИН

                                                                                  Д.БУЯНЖАРГАЛ