| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2025/0183/З |
| Дугаар | 128/ШШ2025/0224 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2025/0224
2025 03 31 128/ШШ2025/0224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: М******* ББСБ ХХК /РД:*******/,
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны ахлах референт, улсын байцаагч Э.Э*******,
Маргааны төрөл: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан зээлийн үйл ажиллагааны журам зөрчсөн гэх зөрчилд шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Э*******, хариуцагч Э.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л*******, М.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Ө.Ерлан хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. Санхүүгийн зохицуулах хорооны ахлах референт, улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Иргэн С.С Санхүүгийн зохицуулах хороонд “ апплейкэшн ашиглан авсан зээлийг өдөрт нь төлж болохгүй байдал буюу зээлийг заавал ашиглах төлөх мэтээр дарамж үүсгэж байна” гэх гомдол 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргаж, улсын байцаагч М.******* дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж,
2.2. Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 5.9 дэх заалтаар М******* ББСБ ХХК-д Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан зээлийн үйл ажиллагааны журам зөрчсөн зөрчилд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дүгээр шийтгэлийн хуудсаар 200,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1. Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: “М******* ББСБ ХХК нь банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааг өөрийн "*******" цахим систем /application/-ийн тусламжтайгаар явуулдаг байгууллага юм. Өөрөөр хэлбэл харилцагч өөрийн санхүүгийн асуудлаа богино хугацаанд, цахимаар шийдвэрлэх боломжийг олгох зорилготой үйл ажиллагаа явуулж байна.
Манай банк бус санхүүгийн байгууллагын харилцагч иргэнээс Санхүүгийн зохицуулах хороонд хандаж "...******* цахим системийн тусламжтай М******* ББСБ ХХК-аас авсан зээлээ буцаан төлөх гэсэн боловч зээл авсан өдөрт нь буцаан төлж болохгүй гэсэн хариуг өгсөн. Зээлдэгч авсан зээлээ хүссэн үедээ төлөх эрхийг хязгаарлаж байна..." гэх гомдлыг гаргасан байсан. Гомдлын дагуу Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар М******* ББСБ ХХК-д 200,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан.
Санхүүгийн зохицуулах хорооны ахлах референт, улсын байцаагч Э.Э******* 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар М******* ББСБ ХХК-ийг торгохдоо манай компанийг Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 5.9-д заасан зөрчлийг гаргасан гэж үзсэн. Тодруулбал, М******* ББСБ ХХК-ийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д "Зээлдэгч зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө хэдийд ч зээлийн гэрээний үүргээ бүхэлд нь болон хэсэгчлэн гүйцэтгэж болно." заасныг зөрчсөн гэж үзэж, тус үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 5.9-д заасан зөрчлийн шинжтэй гэж дүгнэсэн.
Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй", 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ" гэж тус тус заасан. Гэвч улсын байцаагчаас М******* ББСБ ХХК-ийг үйлдсэн гэж үзсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 5.9-д заагдаагүй байх бөгөөд Зөрчлийн тухай хуульд ч зөрчил гэж үзсэн зохицуулалт байхгүй байна.
Дээрхээс дүгнэн үзвэл Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагчаас М******* ББСБ ХХК-д оногдуулсан шийтгэл нь зөрчлийн шинжгүй, өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт заасан "Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаатай холбогдсон журам Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбогдсон журамд заасан үүргээ биелүүлээгүй, зээлийн хүү бодох, тооцох аргачлалыг зөрчсөн" үйлдэл биш байхад хуулийг төсөөтэй хэрэглэж шийтгэл ногдуулсан нь хууль бус юм.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооны ахлах референт, улсын байцаагч Э.Э*******ын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..М******* ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, “*******” аппликэйшнээр дамжуулж зээл олгодог. Зээл, зээлийн эрх нээх гэрээний дагуу зээлдэгчээс тухай бүрд гаргасан зээлийн хүсэлтийг үндэслэж зээл олгодог ба зээлийн гэрээнд зээл авсан өдрөө буцаан төлөх боломжгүй гэх заалтыг оруулсан байдаг. Энэ нь системийн өндөрлөгөөтэй холбоотой. Системийн өндөрлөгөө нь тухайн зээл олгосон өдрийн 00:00 цагт хийгдээд, хүү тооцогдож явдаг. Эхний өдрөөс бусад өдрүүдэд зээлээ төлж болно. Үүнтэй холбоотой зээлдэгчээс Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Гомдлын үндэслэлдээ “...Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зээлдэгч зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө хэдийд ч зээлийн гэрээний үүргээ бүхэлд нь болон хэсэгчлэн гүйцэтгэж болно гэж заасныг, мөн Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.11.1, 3.11.6 дахь заалтуудыг зөрчсөн” гэсэн байдаг. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.11.1-д “зээл төлүүлэх зорилгоор зээлдэгчид аливаа хэлбэрээр хууль бус дарамт шахалт үзүүлэх”, 3.11.6-д “зээлдэгчид хуурамч ташаа мэдээлэл өгөх, төрөгдүүлэх шаардлага тавьж болохгүй” гэж заасан байдаг ба манай талаас зээлдэгчдээ зээл төлүүлэх зорилгоор ямар нэгэн хууль бус дарамт, шахалт үзүүлдэггүй ба энэ талаар улсын байцаагчаас нэмэлт тодруулга авсан юм байхгүй, зээлийн гэрээнд 24 цагийн дараа төлж болохоор зааж, энэ нөхцөлөө зээлдэгчид танилцуулснаар зээл олгодог, зээлдэгчийг төрөгдүүлсэн үйл ажиллагаа явуулаагүй. Зээлийн гэрээнд нөхцөлөө тусгаж, зээлдэгчтэй тохиролцсон учир төрөгдүүлсэн гэж үзэхгүй байгаа. Хуульд заасан “хэдийд ч төлж болно” гэсэн заалтад нийцэхгүй ч зээлээ төлөх эрхийг зөрчөөгүй.
Дээрх үндэслэлээр гаргасан гомдолд Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг зөрчсөн үйлдэл нь Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар батлагдсан “Хүү тооцоолохтой холбоотой мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал”-ыг зөрчсөн гэж үзэж 200,000,000 төгрөгийн торгууль оногдуулсан.
Дээрх аргачлал нь зээлийн хүүг тооцоолохтой холбоотой байдаг. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтыг Санхүүгийн зохицуулах хороо баталдаг. Харин банк, эрх бүхий хуулийн этгээдийн олгож байгаа зээлийн хүүгийн тооцооллын талаарх аргачлалыг Монгол банкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар баталдаг. Хүү тооцоолох аргачлалыг зөрчсөн гэж торгууль оногдуулахдаа аргачлалыг яаж зөрчсөн талаар улсын байцаагч зөрчлийн тэмдэглэл болон хариу тайлбартаа ирүүлээгүй байна. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.1-д заасан зорилгод нийцэхгүй.
Хариуцагчийн тайлбараас харахад зээл олгогдсоны дараа буюу маргаашаас нь эхэлж хүү тооцно гэж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн харилцаа нь Иргэний хуулиар зохицуулагддаг. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно” гэж зааснаар зээл олгож, олгосноор ашигласан хугацаанд хүү тооцож эхэлнэ.” гэв.
3.3. Гомдол гаргагчийн өмгөөлөгч тайлбартаа: “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан зөрчлийг хуулийн этгээд гаргасан гэдэгт маргахгүй байгаа. Төрийн захиргааны байгууллага нь өөрөө журмаа тодорхой журамлаж өгөөгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 5.9 дэх заалт нь Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаатай холбогдсон журамд заасан үүргээ биелүүлээгүй бол торгох заалт. Зээлийн үйл ажиллагаатай холбоотой журам гэхээр Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 160 дугаар тогтоолоор батлагдсан журмыг хэлээд байна. Энэхүү журмын 3 дугаар зүйлийн 3.11.6-д “зээлдэгчид хуурамч, ташаа мэдээлэл өгсөн” гэж байгаа. Зээлдэгчид хуурамч, ташаа мэдээлэл өгсөн шинжээр нь үзвэл бодит байдлыг нуун далдалсан буюу бодит бус мэдээллээр хангахаар байна. Зээлийн гэрээний 4.1-д “тухайн өдөртөө төлөх боломжгүйг” заасан. Энэ гэрээний заалтаа танилцуулж гэрээ байгуулсан. Урьдчилаад төлөх боломжгүйг гэрээнд тодорхой заасан нь нуун далдалсан зүйлгүйг нотолно, зээлдэгч энэ нөхцөлийг зөвшөөрч зээлийн харилцаанд орсон.
Зөрчлийн тухайн хуулийн 1.4-т хуулийг төсөөтэй хэрэглэхгүй, 1.3-т хариуцлага зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчмыг заасан. Хохирол гэх 1 хоногийн зээлийн хүү нь 542 төгрөг, гэтэл үүнийг зөрчил гэж үзэж оногдуулсан хариуцлагын хэмжээ нь хохирлоосоо хэд дахин давсан 200,000,000 төгрөг байна. Зөрчлийн тухай хуулийн 2.1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан. Шийтгэл оногдуулсан Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 5.9-д яг ямар үүргээ биелүүлээгүй нь зөрчлийн шинжтэй байгааг нь тусгайлан заасан зүйл байхгүй, “... журмыг биелүүлээгүй бол” гэсэн ерөнхий заалт Хариуцагч зээлийн хүү тооцох хугацааг тайлбарлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгээр тайлбарлаж байна. Энэхүү заалт нь хувийн эрх зүйд хамаарахгүй, төрийн захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах зохицуулалт. Хоёр этгээд хоорондоо харилцан тохиролцож гэрээ байгуулж байгаа тохиолдолд Иргэний хуулийн хугацаа тоолох зохицуулалтыг баримтална.
Бидэнд ойлгуулснаар улсын байцаагчаас Монгол банкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар баталсан хүү тооцох журмыг зөрчсөн гэж хариуцагч талаас тайлбарлаж байна. Гомдол гаргагч зээлийн хүү төлөхгүй гэж гомдол гаргаагүй. Гомдлоос үзвэл “зээлийг авсан өдөр төлж болох уу, үгүй уу, энэ нь зөрчил мөн үү, биш үү” гэдэгт маргаж байна. Тэгэхээр шийтгэлийн хуудас нь өөрөө бодит үнэнд тохирсон хууль ёсны байх шаардлагаа хангахгүй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үйлдэл нь Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийн аль алинд хамаарахгүй байна. Ийм учраас шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуульд нийцэхгүй, хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй учраас хүчингүй болгож өгнө үү.” гэв.
3.4. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Санхүүгийн зохицуулах хороонд иргэн С.Сгаас 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн гомдолд тус иргэн нь “"" апплейкэшн ашиглан зээл авч, буцаан төлөх гэсэн боловч авсан зээлээ өдөрт нь төлж болохгүй гэсэн хариуг өгсөн, мөн мобикомоос 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр холбогдож та зээлээ авсан өдрөө төлөх ямар ч боломжгүй гэж хэлсэн. Дээрх зээлдэгчийн зээлээ хүссэн үедээ төлөх эрхийг хязгаарлаж байгаа явдал нь дараах хууль, журамд нийцэхгүй байна. Үүнд:
1. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай 25.1-т "Зээлдэгч зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө хэдийд ч зээлийн гэрээний үүргээ бүхэлд нь болон хэсэгчлэн гүйцэтгэж болно" гэжээ;
2. Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 160 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан "Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам"-ын 3.11 дүгээр зүйлийн 3.11.1, 3.11.6-т заасныг зөрчиж, зээлийг заавал ашиглаж төлөх мэтээр дарамт үүсгэж, хуулийн зөрчилтэй асуудал биш мэтээр мэдээллийн төөрөгдөлд оруулж байна. Иймд хуульд нийцэхгүй үйл ажиллагааг зогсоолгож, Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2 болон 4-т заасан зөрчлийн шинжийг шалгаж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авч шалгаад холбогдогч М******* ББСБ ХХК-ийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 "Зээлдэгч зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө хэдийд ч зээлийн гэрээний үүргээ бүхэлд нь болон хэсэгчлэн гүйцэтгэж болно", Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 160 дугаар тогтоолын 3.11, 3.11.6 дахь заалтыг тус тус зөрчсөн байж болзошгүй гэж үзэн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 11.5.2 дахь хэсгийг үндэслэн дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгах явцад холбогдогч М******* ББСБ ХХК нь Улсын Ерөнхий Прокурорын газарт тус зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдлыг гаргасан байдаг.
Гомдлын дагуу Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Тус татгалзах тогтоолд “... эрх бүхий албан тушаалтнаас Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 160 дугаар тогтоолын 3.11, 3.11.6 дахь заалтыг тус тус зөрчсөн нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 11.5.2 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 5.9-т Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаатай холбогдсон журам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбогдсон журамд заасан үүргээ биелүүлээгүй, зээлийн хүү бодох, тооцох аргачлалыг зөрчсөн зөрчлийг хуульчилсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10-т Банкнаас олгох зээлийн үйл ажиллагаатай холбогдсон журмыг Монгол банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаатай холбогдсон журмыг Санхүүгийн зохицуулах хороо баталж, хэрэгжилтэд нь хяналт тавина." гэж заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 160 дугаар тогтоолоор “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам"-ыг баталсан. Уг журмыг зөрчсөн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 5.9-т заасан зөрчлийн шинжтэй байна." гэж тогтоосон.
Мөн холбогдогч М******* ББСБ ХХК нь Улсын ерөнхий прокурорт гомдол гаргасныг Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Оийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан.
Улмаар 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр холбогдогч М******* ББСБ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А., Б.******* нараас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасныг удирдлага болгон мэдүүлэг авсан болно.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийх явцад холбогдогч болон гэрчээс авсан мэдүүлэг, холбогдогчоос гаргуулан авсан “зээл, зээлийн эрх нээх гэрээ”, М******* ББСБ ХХК-ийн “цахим мөнгө” гэсэн тамга бүхий дансны хуулга, зээл төлсөн баримтаар холбогдогч М******* ББСБ ХХК нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т "Зээлдэгч зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө хэдийд ч зээлийн гэрээний үүргээ бүхэлд нь болон хэсэгчлэн гүйцэтгэж болно", Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А-106/298 хамтарсан тушаалаар баталсан "Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал"-ыг зөрчсөн болох нь нотлогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 5.9 дахь хэсэгт “Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаатай холбогдсон журам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбогдсон журамд заасан үүргээ биелүүлээгүй, зээлийн хүү бодох, тооцох аргачлалыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тухайн зөрчил гаргасан үйлдлээс олсон орлогыг хурааж хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заасны дагуу 200,000 нэгж буюу 200,000,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан болно.
Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна" гэж заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд холбогдох арга хэмжээг авсан болно.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-т "дараах тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна. 1.1-т хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн..." 2.2 дугаар зүйлийн 1-т "прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. 1.1-т зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах..." зэргийг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, прокурорт хянуулан, холбогдогчийн мэдүүлэг,, холбогдогчоос гаргуулан авсан "зээл, зээлийн эрх нээх гэрээ", М******* ББСБ ХХК-ийн “цахим мөнгө” гэсэн тамга бүхий дансны хуулга, зээл төлсөн баримт зэрэг нотлох баримтад үндэслэн гаргасан зөрчилд шийтгэл оногдуулан зөрчлийн хэргийг дуусгасан.
Иймд гомдол гаргагч М******* ББСБ ХХК-иас гаргасан "2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай" гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хүү бодох аргачлалын 2 дугаар зүйлийн 2.3-т заасан зээлийн хүү бодох давтамж нь хагас жилээр бол зээлийн хүүг хоёрт, улирлаар бол зээлийн хүүг дөрөвт, сараар бол зээлийн хүүг арван хоёрт, өдрөөр бол зээлийн хүүг гурван зуун жаран тавд хувааж хуанлийн хуваарийн дагуу ашигласан хоногоор тооцно. Зээлийн хүү гэж Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасныг ойлгоно гэж заасныг зөрчсөн гэж үзсэн.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйл ажиллагааны журам баталсан, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 160 дугаар тогтоолоор баталсан журмын 3 дугаар зүйлийн 3.11.6-д заасныг буюу Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг зөрчиж 24 цагийн дотор төлж болохгүй гэсэн заалт зээлийн гэрээнд оруулсан, мөн “” апплейкэшнд тус тохиргоог оруулж зээлвэгчийг төөрөгдүүлсэн зөрчлийг гаргасан гэж үзсэн. Үүнийг нотлох нь хүү тооцох аргачлалд хүүг өдрөөр болон цагаар биш хоногоор тооцно гэсэн зохицуулалтууд байгаа учраас Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 5.9-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмыг зөрчсөн байна гэж үзсэн. Үндсэн зохицуулалт нь хоногоор зээлийн хүүг тооцож төлнө гэж байгаа. Хоногоор төлөх боломжгүй гэх тохиргоог хийж түүнийгээ зээлийн гэрээнд оруулсан байгаа нь зөрчил болж байгаа юм. Хоног нь 24 цаг. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу тухайн үйл явдал болж дууссанаас хойш цаг, минут, хоног, сар, жилээр тооцно. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны баталсан хүү тооцох аргачлалаар хоногоор тооцно гэж байгаа. Тэгэхээр тухайн хоног буюу 24 цаг өнгөрсний дараа хүү тооцох боломжтой байна. Зээлийг тухайн өдөр төлөх боломжийг олгоогүй, зээлийн гэрээнд хуульд нийцээгүй заалт оруулсан. Мөн апплекэйшн дээрээ тухайн өдөр төлөх боломжгүй тохиргоог хийсэн нь төрөгдүүлсэн нөхцөл байдлыг бий болгож, Зээлийн үйл ажиллагааны журмын 3.11.6-д зааснаар зээлдэгчид тайлбарлаагүй, төөрөгдүүлсэн гэж үзэж шийтгэл оногдуулсан. Прокуророос зөрчлийн хэрэг үүсгэхтэй холбоотойгоор хяналт тавьсан. тухайн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлд хамаарахгүй, 11.8 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарна гэж прокурор үзсэн.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт болон зөрчлийн хэрэгт хуульд заасан журмаар цуглуулсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
1.1. М******* ББСБ ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд бөгөөд “” // гүйлгээний цахим систем /application/-ээр С.С гэх иргэн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 14:10 цагт 500,000 төгрөгийн зээл авч, 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10:50 цагт үндсэн зээл 500,000 төгрөг, 1 хоногийн хүү 542 төгрөг, нийт 500,542 төгрөгийг буцаан төлж зээлийг хаасан.
1.2. Иргэн С.С Санхүүгийн зохицуулах хороонд 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “******* апплейкэшнээр зээл авч, тухайн өдөртөө буцаан төлөх гэтэл “авсан зээлээ өдөрт нь төлөх боломжгүй” гэж, зээлдэгчийн зээлээ хүссэн үедээ төлөх эрхийг хязгаарлаж байгаа нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 "Зээлдэгч зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө хэдийд ч зээлийн гэрээний үүргээ бүхэлд нь болон хэсэгчлэн гүйцэтгэж болно", Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 160 дугаар тогтоолоор батлагдсан "Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам"-ын 3.11 дүгээр зүйлийн 3.11.1, 3.11.6-д заасныг зөрчиж, зээлийг заавал ашиглаж төлөх мэтээр дарамт үүсгэж, хуулийн зөрчилтэй асуудал биш мэтээр мэдээллийн төөрөгдөлд оруулж байна, ... Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2, 4-т заасан зөрчлийн шинжийг шалгуулах, хохирлыг арилгуулах” гомдол гаргаж,
1.3. Санхүүгийн зохицуулах хорооны ахлах референт, улсын байцаагч Э.Э******* 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2-т зааснаар зөрчлийн хэрэг нээж, М******* ББСБ ХХК-ийг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 160 дугаар тогтоолоор батлагдсан "Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам"-ын 3.11 дүгээр зүйлийн 3.11, 3.11.6 дахь заалтыг зөрчсөн байж болзошгүй гэж шалгаад 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дүгээр шийтгэлийн хуудсаар тус компанийг “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25.1 дэх хэсгийг зөрчсөн” нь тогтоогдсон хэмээн Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 5.9 дэх заалтаар 200,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
2. Гомдлын үндэслэлд холбогдох болон хариуцагч зөрчлийг шалгаж шийдвэрлэхдээ хэрэглэсэн хууль, тогтоомжид,
2.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Зээлдэгч зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө хэдийд ч зээлийн гэрээний үүргээ бүхэлд нь болон хэсэгчлэн гүйцэтгэж болохоор”,
2.2. Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 160 дугаар тогтоолоор баталсан Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журмын 3.11-д “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ 3.11.1. “зээл төлүүлэх зорилгоор зээлдэгчид аливаа хэлбэрээр хууль бус дарамт шахалт үзүүлэхгүй”, 3.11.6 “зээлдэгчид хуурамч ташаа мэдээлэл өгөх, төөрөгдүүлэхгүй”,
2.3. Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2-т “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар”, 4-т “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгч хуульд заасан шаардлагыг хангаагүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар”, мөн 11.8 дугаар зүйлийн 5.9-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаатай холбогдсон журам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбогдсон журамд заасан үүргээ биелүүлээгүй, зээлийн хүү бодох, тооцох аргачлалыг зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тухайн зөрчил гаргасан үйлдлээс олсон орлогыг хурааж хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар” тус тус заажээ.
3. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр гомдлын шаардлагыг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
3.1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл эс үйлдэхүйг зөрчилд тооцох бөгөөд зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно. Өөрөөр хэлбэл зөрчил гэж үзэх үйлдэл, эс үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хүрээнд ойлгоно, тусгай ангид заасан үйлдлийн шинжийг хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно.
3.2. Гэтэл маргаан бүхий шийтгэлийн хуудсаар торгуулийн шийтгэл хүлээлгэсэн Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 5.9 дэх “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаатай холбогдсон журам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбогдсон журамд заасан үүргээ биелүүлээгүй, зээлийн хүү бодох, тооцох аргачлалыг зөрчсөн бол” гэсэн заалтад шийтгэлийн хуудаст зөрчил гэж тодорхойлсон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг зөрчсөн үйлдэл хамаарахгүй байна.
Өөрөөр хэлбэл зөрчил гэж үзсэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг зөрчсөн гэх үйлдлийг шийтгэлийн хуудаст баримталсан 200,000,000 төгрөгийн санкци бүхий Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.8 дугаар зүйлийн 5.9-д зөрчил гэж заагаагүй байна.
3.3. Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт зөрчилд тооцон хуульчлагдсан хэм хэмжээний акт нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн үйл ажиллагаатай холбогдсон журам, зээлийн хүү бодох, тооцох аргачлал байх бөгөөд, тэдгээрээс холбогдох заалтыг үзвэл,
3.3.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 дахь хэсгээр эрх олгосноор Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 160 дугаар тогтоолоор баталсан Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.11.6-д “банк бус санхүүгийн байгууллага нь зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ зээлдэгчид хуурамч ташаа мэдээлэл өгөх, төөрөгдүүлэхгүй байх” нөхцөл заасан,
3.3.2. Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгээр эрх олгосноор Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А-106/298 дугаар хамтарсан тушаалаар баталсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлалын 2.3-т “Хүү бодох давтамж нь хагас жилээр бол жилийн хүүг 2-т, улирлаар бол жилийн хүүг 4-т, сараар бол жилийн хүүг 12-т, өдрөөр бол жилийн хүүг 365-д хувааж хуанлийн хуваарийн дагуу ашигласан хоногоор тооцно. “Хүү" гэж Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6-д заасныг ойлгоно.” хэмээн тодорхойлжээ.
3.4. Зөрчлийн хэрэгт болон энэ хэрэгт нотлох баримтаар авагдсан талуудын хооронд 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан дугаартай зээлийн гэрээнд “зээлийн хэмжээ, хугацаа, хүү, хүү тоолох хугацаа”-г тодорхой заасны дээр 4.1-д “зээл авсан өдрөө буцаан төлөх боломжгүй”-г тусгасан, зээлдэгч гэрээний энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаас үзвэл Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.11.6 дахь “зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ зээлдэгчид хуурамч ташаа мэдээлэл өгөх, төөрөгдүүлэхгүй байх” заалтыг М******* ББСБ ХХК зөрчөөгүй, зээлдэгчийг төөрөгдөлд оруулсан гэж үзэхгүй.
3.5. Зээл авсан иргэний гомдолд Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.11.1 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэл шалгуулахаар тусгасан ч хариуцагч зөрчлийн хэрэг нээхдээ ч, зөрчлийг шалгаж шийдвэрлэхдээ ч энэ зөрчилд холбогдуулж шалгаагүй тул уг заалтыг зөрчсөн эсэхийг зөрчилд холбогдогчийн гомдлоор хэргийг хэлэлцэхдээ шүүх дүгнэх нь талуудын зарчимд нийцэхгүй.
3.6. Хэрвээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг /тодорхойгүй байдлаар хуульчилсан/, тухайлбал гомдол болон шийтгэлийн хуудаст зөрчил гэж бичсэнчлэн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн бол Зөрчлийн тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж, ... зөрчсөн... ” хэсгээр зүйлчлэх байсан, нөгөөтээгүүр энэ зөрчил ч дараах байдлаар тогтоогдохгүй байна.
3.6.1. Энэхүү маргаан нь зээлдэгч авсан зээлээ тухайн өдөртөө буцаан төлөх боломжийг хязгаарласан “” // гүйлгээний цахим систем /application/-ийн тохиргоо нь холбогдох хуулиар банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээлийн үйлчилгээ авсан зээлдэгчид олгосон “гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө хэдийд ч зээлийн гэрээний үүргээ бүхэлд нь болон хэсэгчлэн гүйцэтгэж болох” боломжийг хууль бусаар хязгаарласан үйлдэл эсэхтэй холбогдоно.
3.6.2. Зээлдэгч авсан зээлээ тухайн өдөртөө буцаан төлөх боломжийг хязгаарласан “” // гүйлгээний цахим систем /application/-ийн тохиргоо нь энэ тохиолдолд гомдол гаргасан зээлдэгч иргэнд ямар сөрөг үр дагавар, хохирол, эрхийн зөрчил үүсгэсэн байж болох талаас нь үзвэл тэрээр 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 14.10 цагт авсан 500,000 төгрөгийн зээлийг 11 дүгээр сарын 29-ний өдрийн 10.50 цагт төлөхдөө 542 төгрөгийн хүү төлсөн, өөрөөр хэлбэл зээл авсан 11 дүгээр сарын 28-ны өдөртөө багтааж буцаан төлөөгүйгээс үүдэж 1 хоногийн хүү 542 төгрөг төлснөөс өөрөөр эрх зүйн үр дагавар үүсээгүй, үүссэн гэж маргаагүй.
3.6.3. Энэхүү зээл олгосон өдрөө буцаан төлөх боломжийг хязгаарласан тохиргоо нь системийн өндөрлөгөөтэй холбоотой, системийн өндөрлөгөө нь тухайн зээл олгосон өдрийн 00:00 цагт хийгдэж тухайн зээлд хоногийн хүү тооцогддог хэмээн зөрчлийн хэрэгт холбогдогч М******* ББСБ ХХК тайлбарласан, ийм шалтгаан байгаатай хариуцагч маргаагүй, харин ийнхүү зээл авсан өдрөө буцаан төлөх боломжийг хязгаарлах замаар зээлийн хүүг хоногоор тооцож авч буйг “хүү тооцох аргачлал”-д нийцэхгүй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Зээлдэгч зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө хэдийд ч зээлийн гэрээний үүргээ бүхэлд нь болон хэсэгчлэн гүйцэтгэж болно” гэснийг болон Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 160 дугаар тогтоолоор баталсан Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.11.6-д “зээлдэгчид хуурамч ташаа мэдээлэл өгөх, төөрөгдүүлэхгүй байх” гэснийг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 5.9-д заасан зөрчилд тооцсон гэж тайлбарладаг.
3.6.4. Дээрхээс үзвэл гомдол гаргасан зээлдэгч болон хариуцагч /энэ үйл ажиллагаанд хяналт хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан/ зээлийг авсан өдөртөө буцаан төлж хаах боломжийг хязгаарласнаас зээлийн хүүг хоногоор тооцож төлөх үүрэг үүсгэсэнтэй маргаж, энэ нь хууль болон зээлийн үйл ажиллагааны журам, хүү тооцох аргачлалыг зөрчсөн гэж үзжээ. Өөрөөр хэлбэл зээлийн хүү хэдийнээс тоологдох талаар талууд өөр өөр ойлголттой, энэ нь энэхүү маргаан үүсэх гол учиг байна.
3.6.5. Хариуцагчийн “24 цаг өнгөрсний дараа хүү тооцох боломжтой, тухайн өдөртөө зээлийг буцаан төлөхөд хүү тооцож төлөх үүрэг үүсэхгүй” хэмээх тайлбартаа үндэслэсэн Захиргааны ерөнхий хуулийн хугацаа тодорхойлох 33 дугаар зүйлийн 33.3 дахь “... үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас тоолох” зохицуулалт нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хэрэглэгдэх хэм хэмжээ бөгөөд хууль зүйн үр дагавар бүхий аливаа хугацааг тодорхойлох олон аргын нэг юм.
3.6.6. Энэ маргаанд хамаарах зээлийн гэрээний харилцаа хувийн эрх зүйн хүрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд үүссэн бөгөөд гэрээний нөхцөл, үүрэг үүсэх хугацааг тодорхойлохдоо Иргэний хуулийн тусгай зохицуулалтыг хэрэглэнэ. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно, хугацаа тоолох арга журмаа талууд гэрээгээр тогтоох нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцнэ.
3.6.7. Зээлийн гэрээний хүү тоолж эхлэх хугацааг тодорхойлоход зээлийг олгогдсон гэж үзэх, зээлийг ашигласан хугацаа гэх ойлголт ач холбогдолтой байна.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1. “Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлнэ”, 19.2. “Зээлдүүлэгч нь зээлийн ... хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэх үүрэгтэй.”, 19.3. “Зээлдүүлэгч нь зээлийн ... хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно.”, 19.5. “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно.”, 21 дүгээр зүйлийн 21.1. “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно.” гэснээс үзэхэд зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлж, зээлдэгч түүнийг захиран зарцуулах эрх үүссэнээр зээл олгосон хугацааг тоолж эхлэх бөгөөд зээлийг ашигласан хугацаанд хүү тооцно, хүүг хоногоор тооцохоор, хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолохоор, хугацаа тоолох арга журмаа талууд гэрээгээр тогтоохоор байна.
Талуудын хооронд 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан дугаартай зээлийн гэрээнд “зээлийн хэмжээ, хугацаа, хүү, хүү тоолох хугацаа”-г тодорхой заасан байдаг.
3.6.8. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлалын 2.3-т “Хүү бодох давтамж нь ... өдрөөр бол жилийн хүүг 365-д хувааж хуанлийн хуваарийн дагуу ашигласан хоногоор тооцно, “хүү" гэж Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасныг ойлгоно.”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д "хүү" гэж гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгийг ашигласны хариу төлбөр буюу үнийг ойлгохоор тодорхойлжээ.
3.6.9. Зөрчлийн хэрэгт болон энэ хэрэгт авагдсан дансны хуулгаас үзвэл зээлдэгчийн дансанд зээлийн мөнгөн хөрөнгө 500,000 төгрөгийн орлого 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14:10 цагт орж, 14:11 цагт банк хоорондын гүйлгээ хийж 500,000 төгрөгийн зарлага гарснаар зээлдэгч зээлийг бодитоор ашигласан байх тул зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлж, зээлдэгч түүнийг захиран зарцуулах эрх үүссэнээр зээл олгогдсон, зээлийг ашигласан гэж үзэж зээлийг ашигласан хугацаанд хүү тооцсон, хүүг хоногоор тооцсон М******* ББСБ ХХК-ийн үйлдэл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1. “Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлнэ”, 19.5. “Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно.”, 21 дүгээр зүйлийн 21.1. “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно.” гэсэнд нийцсэн, өөрөөр хэлбэл Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй байна.
3.6.10. Ийнхүү зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлж, зээлдэгч түүнийг захиран зарцуулах эрх үүссэнээр зээл олгогдсон, зээлийг ашигласан гэж үзэх тул, мөн зээлийг ашигласан хугацаанд хүү тооцохоор, хүүг хоногоор тооцож болохоор хуулиар тогтоосон, мөн талууд зээлийн гэрээгээр тохирсон тул зээлдэгч зээл авсан 11 дүгээр сарын 28-ны өдөртөө багтааж зээлээ буцаан төлсөн тохиолдолд ч зээлийн хүү 1 хоногоор тооцож төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй тул зээл авсан өдөрт нь буцаан төлөх боломжийг хязгаарласан тохиргоо нь зээлдэгч иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн гэх үндэслэлгүй юм.
3.7. Түүнчлэн зээлдэгч иргэн гомдол гаргахдаа зөрчилд арга хэмжээ авахуулахаас гадна, өөрт учирсан гэх хохирлыг арилгуулахыг хүссэн байхад хариуцагч нь зээлдэгч иргэнд зөрчил гэж үзсэн үйлдлийн улмаас хохирол учирсан эсэхийг, зээлийн үйл ажиллагаа эрхлэгч этгээд зөрчлийн үйлдлээр хууль бусаар орлого олсон эсэхийг шалгаж тогтоогоогүй, хохирлыг шийдвэрлээгүй байх бөгөөд хэрвээ зээл авсан өдөрт нь зээлийг буцаан төлөх боломжгүйгээс зээл ашигласан хугацаанд 1 хоногийн хүү төлсөн /542 төгрөг/ дүнгээр зээлдэгчид хохирол учирсан гэж үзвэл 542 төгрөгийг буцаан төлүүлж хохирлыг арилгуулаагүй. Зөрчилд тооцож шийтгэл оногдуулж зүйлчилсэн Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 5.9 дэх заалт нь “... учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, тухайн зөрчил гаргасан үйлдлээс олсон орлогыг хурааж ... торгох шийтгэл оногдуулах” санкцтай байхад хэрэглээгүйгээс үзвэл уг зөрчилд тооцсон үйлдлээс учирсан гэх хохирол, нөхөн төлбөр, олсон хууль бус орлого тогтоогдоогүй байна.
3.8. Ийнхүү дээрх үндэслэлүүдээр Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 5.9 дэх заалтын зөрчил тогтоогдоогүй байхад, түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг зөрчсөнөөс зээлдэгч иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөндөөгүй байхад М******* ББСБ ХХК-ийг 200,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцээгүй гэж шүүх үзлээ.
Өөрөөр хэлбэл Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.11.6-д “зээлдэгчид хуурамч ташаа мэдээлэл өгөх, төөрөгдүүлэх” гэснийг зөрчсөн үйлдэл тогтоогдоогүйн дээр, зээлийг авсан өдөрт нь буцаан төлөх боломжийг хязгаарлаж Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг зөрчсөн гэх /гэрээний нөхцөл, системийн тохиргооноос үүдэлтэй/ гомдолд дурдсан “500,000 төгрөгийн зээлийн 1 хоногийн хүүнд 542 төгрөг төлөхөд хүргэсэн” гэх үйлдэлтэй, уг үйлдлийг зөрчилд тооцон оногдуулж буй 200,000,000 төгрөгийн торгуулийн шийтгэл нь хэмжээний хувьд огт дүйцэхгүй байгаа нь зөрчил гэж үзсэн үйлдэлд оногдуулах шийтгэл, зөрчил гэж үзсэн үйлдлийн шинж, түүнээс учирсан гэх хохирлын хэр хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд огтоос нийцээгүй.
4. М******* ББСБ ХХК-ийн зээлийн үйлчилгээний “” // гүйлгээний цахим систем /application/-ийн зээл авсан өдрөө зээлийг эргүүлэн төлөх боломжгүй тохиргоо, зээлийн гэрээний нөхцөл нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх "Зээлдэгч зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө хэдийд ч зээлийн гэрээний үүргээ бүхэлд нь болон хэсэгчлэн гүйцэтгэж болно" гэсэнд нийцээгүй гэж үзвэл энэ нь зөвхөн тухайн тохиолдолд л хамааралтай бишийг анхаарч, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгож, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо оролцож стандарт гэрээ, зээлийн үйлчилгээний системийн тохиргоог өөрчлүүлэх замаар хууль тогтоомж, хэм хэмжээний актын зохицуулалтыг нэг мөр зөв хэрэгжүүлэхээр байна.
5. Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 160 дугаар тогтоолоор баталсан Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журмыг тус хорооны 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 67 дугаар тогтоолоор хүчингүй болгосон бөгөөд шийтгэлийн хуудсаар зөрчлийг шалгаж шийдвэрлэх хугацаанд журам хүчин төгөлдөр үйлчилж байсныг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.2 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 11.8 дугаар зүйлийн 5.9, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6, 19 дүгээр зүйлийн 19.5, 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан М******* ББСБ ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны ахлах референт, улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагч М******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА