| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2025/00017/И |
| Дугаар | 302/ШШ2025/00139 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 302/ШШ2025/00139
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б аймгийн Б сумын 03 дугаар багт оршин суудаг, утас *********, Ш.А,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ************-т үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ******** дугаартай, Н.Г (дарга М.А, утас *****)
Хүсэлтийн шаардлага: С Яамны харьяа Б-н С 1 дүгээр фермд малчнаар 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл, мөн тус С 1 дүгээр фермд малчнаар 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, мөн Б сумын Г компанид малчнаар 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан байдлыг тус тус тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек.
(Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар хүсэлт гаргагч Ш.А, түүний өмгөөлөгч С.А, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүсэлт гаргагч өөрийг нь оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөх талаар хүсэлт гаргасан, өмгөөлөгч С.А болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ш.А шүүхэд гаргасан хүсэлтэд С Яамны харьяа Б-н С 1 дүгээр фермд малчнаар 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл, мөн тус С 1 дүгээр фермд малчнаар 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, мөн Б сумын Г компанид малчнаар 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан байдлыг тус тус тогтоолгохыг хүссэн. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Миний бие Б аймгийн Б сумын төрсөн ба Б-н сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байгаад, тус сангийн аж ахуй хувьчлагдсаны дараа хувиараа мал маллаж амьдарч байна.
Миний бие 1986 оны 06 дугаар сард 8 дугаар ангийг төгсөөд хөдөө Б сумын С Цэцэгт гэдэг газарт С 1 дүгээр фермд мал малласан. Анх аав Шгийн туслах малчнаар 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаад 1988 оны 09 дүгээр сарын 29-нд цэргийн албанд яваад Ардын армийн 276 дугаар ангид алба хааж 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр халагдаж гэртээ ирсэн.
1.2.Миний бие цэргээс халагдаж ирээд тус ангийн аж ахуйд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ний өдөр хүртэл малчнаар ажилласан. Б-н С даргын 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн С даргын 30 дугаар тушаалаар Б-н Сангийн аж ахуй нь хувьчлагдаж хэд хэдэн компани болж хуваагдсан. Ингэж хэд хэдэн хэсэг болж хувьчлагдахад малчид бидэнд өвөлжөө, мал аж ахуйн хэрэгслийг хувьд өгч намайг нэг компанид шилжүүлсэн. Намайг аль компанид шилжүүлснийг мэдээгүй боловч хамт мал малласан хүмүүс намайг Г компанид хуваарилагдсан гэсэн. Тухайн үед байгуулагдсан 4-5 компани бүгд 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дампуурч таарцгаасан. Энэ үед миний бие хувьчилж авсан малаа аваад Б сумын Цагаан хөшөө гэдэг газарт хувиараа мал маллаж амьдарч байсан.
1.3.Миний анх малчнаар томилсон болон цэрэгт явахаар болоод чөлөөлсөн тушаалууд нь архиваас гараагүй, цэргээс халагдаж ирсний дараах зарим тушаалууд архиваас гарсан байсан тул малчны журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна.
Иймд холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн миний С Яамны харьяа Б-н С 1 дүгээр фермд малчнаар 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл, мөн тус С 1 дүгээр фермд малчнаар 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, мөн Б сумын Г компанид малчнаар 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Хүсэлт гаргагчаас Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгосон Батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн №*** дугаартай лавлаагаа, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олгосон Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б сумын С даргын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 238 дугаартай Шагнах тухай тушаал хавсралтын хамт, Б сумын С даргын 1987 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 172 дугаартай Цугларалтад оролцуулах тухай тушаал хавсралтын хамт, Б сумын С даргын 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал хавсралтын хамт, Б-н С даргын 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 92 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаал 1,2,3,-р хавсралтын хамт, 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б аймгийн Б сумын А компани хувьчилсан хөрөнгийн дэлгэрэнгүй тооцоо, хамт малчнаар ажилласан К.Ж, Л.С нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3.Шүүхийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 43 дугаартай албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12/62 дугаар албан бичгээр Ш.А, түүний эхнэр А.С нарын ХААТР маягтуудын хуулбар, мөн Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаартай Архивын лавлагаа, мөн тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 44 дугаартай албан бичгийн дагуу Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаартай Архивын лавлагаа, мөн гэрч К.Жын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагдсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч Ш.А хүсэлтийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагч Ш.А дараах үндэслэлээр хүсэлтийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие С Яамны харьяа Б-н С 1 дүгээр фермд малчнаар 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл, мөн тус С 1 дүгээр фермд малчнаар 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, мөн Б сумын Г компанид малчнаар 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан боловч малчнаар томилсон болон цэрэгт явахаар болоод чөлөөлсөн тушаалууд нь архиваас гараагүй, цэргээс халагдаж ирсний дараах зарим тушаалууд архиваас гарсан байсан тул малчны журмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй хохирч байна. Иймд миний С Яамны харьяа Б-н С 1 дүгээр фермд малчнаар 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл, мөн тус С 1 дүгээр фермд малчнаар 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, мөн Б сумын Г компанид малчнаар 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6.1.Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Б сумын С даргын 1987 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 172 дугаартай Цугларалтад оролцуулах тухай тушаалаар цугларалтад оролцох эрчүүдийг 06 дугаар сарын 22-оос эхлэн ажлаас түр чөлөөлсөн ба хавсралтын нэрсийн жагсаалтын 10-д Ш.А-малчин гэж бичигдсэн байна.
6.2.Б-н С даргын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 238 дугаартай Шагнах тухай тушаалаар ....малчид, ногоочид, үтрэмийн ажилчид, мэргэжилтнүүд, хадланчдын дунд зарласан уралдааны болзлыг дүгнэж төл бойжуулах болзлыг биелүүлсэн 51 малчинд 15300 төгрөгөөр шагнасан ба хавсралтын нэрсийн жагсаалтын 16-д А, А нарын нэр бичигдсэн байна.
6.3.Хүсэлт гаргагч Шгийн А 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, Ардын армийн 276 дугаар ангид алба хааж, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэргийн албанаас халагдсан нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр олгосон Батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа-аар нотлогдож байна.
6.4.Б-н С даргын 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 92 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаалаар САА-н малчнаар ажиллаж байсан нэр бүхий ахлах, туслах 334 малчдыг 1991 оны 02 дугаар сарын 23-аас эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, таван жилийн хугацаатай түрээсийн гэрээгээр ажиллахаар хэлэлцэн тохиролцоод гэрээний үүрэгт гарын үсэг зурсан нэр бүхий малчдыг 1991 оны 02 дугаар сарын 25-аас эхлэн түрээсийн гэрээгээр ажиллуулсан байна.
Энэхүү Б-н С даргын 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 92 дугаартай тушаалын 2 дугаар хавсралт Ажлаас чөлөөлөгдсөн 1-р фермийн малчид-ын нэрсийн жагсаалтын 46-д Ш.А малчин, 48-д Ш.А малчин гэж бичигдсэн, мөн 2 дугаар хавсралт 1-р фермийн түрээсийн болон энгийн гэрээгээр мал авсан малчдын нэрсийн жагсаалт-ын 125-д Н.Ш, 126-д Ш.А, 127-д Ш.А нарын нэр бичигдсэн байна.
6.5.Б сумын С даргын 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Аж ахуйн нэгдлийн хуулиар САА задарч дөрвөн компани болж хуваагдсаныг үндэслэн орон тооны зохион байгуулалтын өөрчлөлтөөр С малчид, ажилчдаас давамгайлах эрхээр компаниудад гишүүнээр элссэн түрээсийн гэрээтэй 1-р фермийн малчин 287,...бүгд 1347 хүнийг 1992 оны 02 дугаар сарын 10-аас эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж шинээр байгуулагдсан компанийн мэдэлд шилжүүлэн, Г, Жулдыз, Ахарал, Жемист компаниудад гишүүнээр элссэн нэрсийн жагсаалттай 1, 2, 3, 4-р хавсралттай баталсан ба хавсралтын нэрсийн жагсаалтын 48-д Ш.А-малчин гэж бичигдсэн байна.
6.6.Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 45 дугаартай Архивын лавлагаа-нд: Тус хэлтсийн архивд Б сумын Г компани нь 1992, 1993, 1994 онд шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар нийгмийн даатгалын газарт ирүүлж тооцоо хийгээгүй болохыг тодорхойлсон байна.
Мөн Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 18 дугаартай Архивын лавлагаа-нд: Тус хэлтсийн архивд Б сумын А компани нь 1992, 1993, 1994 онд шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар нийгмийн даатгалын газарт ирүүлж тооцоо хийгээгүй болохыг тодорхойлсон байна.
6.7.Хүсэлт гаргагч Ш.Атай хамт малчнаар ажиллаж байсан К.Ж шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгт: Миний бие 1972 онд цэрэгт татагдаад 1975 онд цэргээс халагдаж ирсний дараа Б-н сангийн аж ахуйд 1 дүгээр фермд малчнаар тус сангийн аж ахуй 1992 онд хувьчлагдах хүртэл, мөн Г компанид 1994 оныг дуусталх хугацаанд малчнаар ажилласан. Тухайн үед Ш.А мөн адил надтай хамт Б-н С 1 дүгээр фермд болон Г компанид малчнаар ажилласан болно. Манайх Ш.Ан эцэг Шгийнхтай айл сахалт суудаг байсан тул түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ. Ш.А 8 дугаар анги төгсөөд 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдөр илгээлтээр Б-н сангийн аж ахуйд туслах малчнаар ажиллах болсон ба 1988 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр цэрэгт татагдах хүртэл тус сангийн аж ахуйд ажиллаж байсан. Дараа нь Ш.А 1990 оны 10 дугаар сарын 10-ны өдөр цэргээс халагдаж ирсний дараа аав нь болох Шгийн туслах малчнаар үргэлжлүүлэн ажилласан. Улмаар Б-н Сангийн аж ахуй 1992 онд хувьчлагдах үед Ш.А нь ягаан хувьцаагаар малаа, цэнхэр хувьцаагаар хашаа хороог хувьчилж аваад 1994 оныг дуустал Г компанид ажиллаж байсан. Ш.Ан эцэг Ш эхэндээ хонь, ямаа голцуу малладаг байсан ба сүүлийн 2 жил гаруй хугацаанд сарлаг малласан. Тухайн үед Г компани захирал М.Сонгыбай гэдэг хүн байсан гэсэн байна.
Хүсэлт гаргагч Ш.Атай хамт малчнаар ажиллаж байсан Л.Сы нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: Миний бие 1975 оноос 1993 оны хооронд Баян-Өлгий аймгийн Б-н Сангийн аж ахуйд малчин байхад Шгийн А 1 дүгээр фермд 1986 оны 7 дугаар сарын 01-ээс 1988 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр болон 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 03 дугаар сар хүртэл тус Сангийн аж ахуйд мал малласан гэсэн байна.
6.8.Хүсэлт гаргагч Ш.А нь А компанид малчнаар ажилласан болохыг нотлох баримт байхгүй ба Б-н С 3 дугаар фермд Хуанбай А гэдэг ижил нэртэй хүн мөн малчнаар ажиллаж байсан тухай баримтууд хэрэгт авагдсан байгаа.
Иймд хэрэгт авагдсан 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б аймгийн Б сумын А компани хувьчилсан хөрөнгийн дэлгэрэнгүй тооцооны нэрсийн жагсаалтад бичигдсэн А нь эцгийн нэр бичигдээгүй тул хүсэлт гаргагч Ш.А гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байгаа ба гэрч К.Ж мэдүүлэгтээ хүсэлт гаргагч Ш.А Б-н Сангийн аж ахуй хувьчлагдсан дараа Г компанид ажилласан гэсэн тул энэхүү баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
6.9.Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12/1305 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч Ш.Ан 1988 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №********* буюу ХААТР-1 (А) маягтын 14.Ажилладаг байгууллага гэдэгт: бусад эх үүсвэрээр; эрхэлдэг ажил гэдэгт: ажилгүй гэж бичигдсэн байна.
Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12/1305 дугаар албан бичигт мэдээллийн сангаас шүүн үзэхэд тус иргэний 1986-1990 оны хооронд төрсөн хүүхдүүд бүртгэлгүй гэсэн байна.
6.10.Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн №*** дугаартай лавлаагаа-нд Ш овогтой А нь 1990 оны 11 дүгээр 01-ний өдрөөс 2000 оны 09 дүгээр 31-ний өдрийг дуусталх хугацаанд нөхөн даатгалын хуульд хамрагдсан гэсэн байна.
Мөн хүсэлт гаргагч Ш.А нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олгосон Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт-од дурдагдсан үйл баримт цаг хугацаа огнооны хувьд энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй болно.
6.11.Дээрх хавтаст хэрэгт авагдсан хууль ёсны бичгийн нотлох баримтуудад хүсэлт гаргагч Ш.Ан нэрийг А, А гэж дуудлагаар янз бүрээр бичигдсэнийг хүсэлт гаргагч Ш.Ад 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр олгосон Монгол Улсын Иргэний үнэмлэхэд бичсэнээр Харахас байым овогт Шгийн А гэж шүүхийн шийдвэрт зөвтгөн бичих нь зүйтэй байна.
7.Хүсэлт гаргагч Ш.А Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Ш.А С Яамны харьяа Б-н С 1 дүгээр фермд малчнаар 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл, мөн тус С 1 дүгээр фермд малчнаар 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилласан болох нь нотлогдож байна.
Б-н С даргын 1991 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 92 дугаартай тушаалаар 1991 оны 02 дугаар сарын 25-аас эхлэн 5 жилийн түрээсийн гэрээгээр ажиллуулж, улмаар Б-н С даргын 1992 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 30 тушаалаар давамгайлах эрхээр компаниудад гишүүнээр элссэн түрээсийн гэрээтэй 1-р фермийн малчин Ш.А нь Г компанид шилжүүлсэн үйл баримт болон гэрч К.Жын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Ш.А Б сумын Г компанид малчнаар 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан болох нь тогтоогдож байна.
Харин хүсэлт гаргагч Ш.А нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн илгээлтээр Б-н сангийн аж ахуйд малчнаар томилогдсон эсэхийг нотлох баримт байхгүй байна, мөн мөн гэрч К.Ж Ш.А илгээлтээр мал дээр гарч эцэг Шгийн туслах малчин болсон гэх боловч энэ нь хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул түүний 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Ш.А С Яамны харьяа Б-н С 1 дүгээр фермд малчнаар 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл, мөн тус С 1 дүгээр фермд малчнаар 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, мөн Б сумын Г компанид малчнаар 1992 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан болохыг тус тус тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Ш.Ан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК