Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 302/ШШ2025/00169

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын *******т оршин суух, утас ********, А.К;

Хариуцагч: Б аймгийн Ө сумын *******т үйл ажиллагаа явуулах, Б аймгийн Засаг дарга /Е.З, утас:********/,

Нэхэмжлэлийн шаардлага: Мөнгөн тусламж 42,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.Каас хариуцагч Б аймгийн Засаг даргад холбогдуулан мөнгөн тусламж 42,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч А.К нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие 2023 оны 05 дугаар сараас Аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 15-нд чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэрт гарсан. 2024 оны 11 дүгээр сарын 15-нд чөлөөлөгдөж 15 хоног амралтын мөнгө гаргуулан 11 дүгээр сард бүтэн цалин гарсан тул тэтгэврээ 12 дугаар сарын 01-ээс тогтоолгосон юм.

1.2.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дах заалтад улс төрийн алба хашиж байгаад өндөр насны тэтгэвэрт гарвал 12 сарын мөнгөн тусламж олгоно гэсэн заалтын дагуу мөнгөн тусламж хүртэх эрх үүсэж байгаа юм. Уг асуудлыг Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хандахад та 12 сарын тусламж авах ёстой гэсэн хариуг Аймгийн Засаг даргад албан тоотоор мэдэгдсэн юм. Гэвч 2025 оны төсөв батлагдах үед тусламжийн мөнгийг Засаг дарга Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал оруулсан боловч төлөөлөгчид улс төржүүлж батлаагүй байна.

Иймд хуулийн дагуу авах ёстой 12 сарын мөнгөн тусламж 42.000.000 төгрөгийг Аймгийн Засаг даргаас гаргуулж өгөхийг хүсье гэсэн байна.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд бичгээр гаргасан тайлбарт:

2.1.Аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан А.Кын мөнгөн тусламжийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь заалтын дагуу тооцоож Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хоёрдугаар хуралдаанд 2025 оны орон нутгийн төсөв хэлэлцэх үед санал оруулсан боловч Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нараас хасах санал гарч 2025 оны төсөвт ороогүй болно. Иргэн А.Кын мөнгөн тусламж болох 42,000,000,000 төгрөгийг холбогдох хууль журмын дагуу олгоход татгалзах зүйлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч А.Кын нэхэмжлэлтэй, хариуцагч Б аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчид мөнгөн тусламж 42,000,000 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4.Хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна

5.Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Б аймгийн Засаг дарга нь мөнгөн тусламж 42,000,000 /дөчин хоёр сая/ төгрөгийг нэхэмжлэгч А.Кад төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МАНГИЛИК