Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 302/ШШ2025/00177

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг хүлээн зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,

Нэхэмжлэгч: **********-гт үйл ажиллагаа явуулдаг, Р ХХК /РД:**********, захирал Б.Ж/,

Хариуцагч: **************-т үйл ажиллагаа явуулдаг, У ХХК /РД:*******, захирал Б.Е/,

Нэхэмжлэлийн шаардлага: Шатахууны үнэ 6,897,130 төгрөг, алданги 3,448,565 төгрөг, нийт 10,345,695 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Р ХХК-ийн хариуцагч У ХХК-нд холбогдуулан шатахууны үнэ 6,897,130 төгрөг, алданги 3,448,565 төгрөг, нийт 10,345,695 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.У ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №9 дугаартай хүсэлтийн дагуу талуудын хооронд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 24 дугаартай Нефтийн бүтээгдэхүүнийг өдөр тутам дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу хариуцагч тал 2024 оны 6-р сарын 09-13-ны өдөр хооронд 6,897,130 төгрөгийн үнэ бүхий нефтийн гаралтай бүтээгдэхүүн худалдаж авсан. Манай компанийн зүгээс худалдан авагч У ХХК-аас төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч одоо болтол төлбөрөө төлөхгүй байна.

1.2.Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн дээр алданги нэмж нэхэмжилж байна. Гэрээний 4.3-т зааснаар хэрэглэгч төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. 2024 оны 7-р сарын 11-ний'өдрөөс 2025 оны 01-р сарын 29-ний өдөр хүртэл 203 хоног хэтрүүлсний алдангыг тооцоход 7,000,587 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иэр тооцоход алданги нь 3,448,565 төгрөг болж байна гэжээ.

Иймд хариуцагч У ХХК-аас гэрээний үүрэгт 6,897,130 төгрөг, алданги 3,448,565 төгрөг нийт 10,345,695 төгрөг гаргуулж өгнө үү.

2.Хариуцагч У ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбартаа:

2.1.Р компаниас 6,897,130 төгрөгийн шатахууныг Ногооннуур сумын хавцлын замыг У ХХК-ийн гэрээгээр авсан ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллах үед авсан юм. У ХХК-ийн захирал Б.Е ажлаа хийлгүүлчхээд хийсэн ажлын хөлсийг аймгийн ЗДТГ-аас бүрэн авчхаад одоо болтол бидэнд өгөх мөнгөө өгөөгүй байгаагаас Р ХХК-ийн шатахууны үнийг төлж барагдуулалгүй өр төлбөртэй болж байгаад харамсаж байна.

2.2.Манай У ХХК-ийн зүгээс У ХХК-ийг өнөөдрөөс эхэлж иргэний хэргийн шүүхэд өгч байгаа тул энэхүү төлбөрийг 2 сарын дотор төлж барагдуулах болохоо мэдэгдэж байна.Түүнээс өмнө манай талаас санхүүжилт орж ирсэн боломжоор төлж байх болно.

Иймд энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсье гэсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Нэхэмжлэгч Р ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У ХХК холбогдох шатахууны үнэ 6,897,130 төгрөг, алданги 3,448,565 төгрөг, нийт 10,345,695 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 10,345,695 төгрөгийг нэхэмжлэгч Р ХХК-нд төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ тухай тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

4.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,482 төгрөгийн тал нь болох 90,241 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 90,241 төгрөг, мөн хариуцагч У ХХК-аас 90,241 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч У ХХК нь шатахууны үнэ 6,897,130 төгрөг, алданги 3,448,565 төгрөг, нийт 10,345,695 /арван сая гурван зуун дөчин таван мянга зургаан зуун ерэн таван/ төгрөгийг нэхэмжлэгч Р ХХК-нд төлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Р ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,482 төгрөгийн тал нь болох 90,241 /ерэн мянга хоёр зуун дөчин нэгэн/ төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас 90,241 /ерэн мянга хоёр зуун дөчин нэгэн/ төгрөг, мөн хариуцагч У ХХК-аас 90,241 /ерэн мянга хоёр зуун дөчин нэгэн/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Р ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч У ХХК сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.МАНГИЛИК